Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2018/00004/и |
Дугаар | 5 |
Огноо | 2018-01-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 5
2018 оны 01 сарын 10 өдөр Дугаар 153/ШШ2018/00005 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт оршин суух, ПЖ62071811 регистрийн дугаартай, Арслан овогт Ламсангийн Даянжавын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Даянжав, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Даянжав нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977 онд 7-р анги төгссөн. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1977 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тэмээчнээр ажиллаж байсан. Би 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Одоо шүүхээр 1977 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Даянжав нь 1977 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Л.Даянжавын 01318951 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1333 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын Ө.Ламсангийн нэр дээрх 1977-1985 оны, Л.Даянжавын 1986-1992 оны 70-р дансны хуулбар,
-Х.Батнасангийн “би 1971 онд цэргийн албанд явж 1974 онд цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1-р бригадад малчнаар 1992 он хүртэл ажилласан. Л.Даянжавын эцэг, эх нь нэгдлийн малчин хүмүүс байсан. Тэрээр Баясгалант амьдрал нэгдлийн 1-р бригадад насаараа мал малласан. Л.Даянжав нь сумын алдарт уяач хүн” гэх мэдүүлэг,
-Н.Баасанжавын “би 1968 онд 8 жилийн сургуулийг төгсөөд малчин болсон. 1970-1973 онд цэргийн алба хаасан. Л.Даянжав нь эцэг эхийн хамт мал маллаж байгаад илгээлтээр хөдөө гарч малчин болсон. Одоо хүртэл Л.Даянжав мал маллаж байгаа” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч Л.Даянжав нь 1977 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох цалингийн баримтууд нь эцэг Ө.Ламсангийн нэр дээр гарч ирсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1333 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Л.Даянжавын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар Л.Даянжав нь 1979 оноос цэрэгт явах хүртэл буюу 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн цэргээс халагдсан хугацаа буюу 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Харин Л.Даянжав нь 1977 оны 06 дугаар сараас 1978 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэгээр нотлогдохгүй байх тул энэ хугацаанд ажиллаж байсан баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Даянжав нь хэрэгт 1983 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргасан байх бөгөөд уг дэвтрийн эх хувийг шүүхээс шаардахад гаргаж өгөөгүй, тус дэвтэр дээрх овог, нэрийн бичээс нь гаргагдахгүй, унших боломжгүй болсон байх бөгөөд хүсэлт гаргагч Л.Даянжавын хөдөлмөрийн дэвтэр мөн эсэх нь тодорхойгүй байна. Иймд хэрэгт авагдсан 1983 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Арслан овогт Ламсангийн Даянжавын 1979 оноос 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Л.Даянжав нь 1977 оны 06 дугаар сараас 1978 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА