Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/213

 

2018 оны 11 сарын 28 өдөр

2018/ШЦТ/00213

Хэрлэн

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0314/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      М.Сайнболд,

Улсын яллагч                                                                 Я.Сансар,

Шүүгдэгч                          Г.Ц

Оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Домол овогт Гомбожавын Цад холбогдох 1839004580222 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 04 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Ганга нуур” гэх цайны газарт иргэн Ж.Цийг гар утас авсан гэх шалтгаанаар түүнтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 08-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 04 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Ганга нуур” цайны газарт иргэн Ж.Цийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

  1. Хохирогч Ж.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Цэнхэрмандал сумын "Ганга нуур” гэх цайны газарт би Ц гэх хүнд зодуулсан. Ц гэх хүн манай найз Уранцэцэгтэй 5 жил орчим хамт амьдарч байгаа. Тэр хоёр "Ганга нуур” гэх хоолны газрыг 3 сарын өмнөөс түрээслээд ажиллаж байгаа. Тэгээд 2 сарын өмнө намайг манай Уранцэцэг гэх найз дуудаад манай хоолны газарт ажиллаад өгөөч гэж гуйгаад байхаар нь Замын-Үүдээс очиж ажиллаад өдийг хүрсэн. Гэтэл тухайн өдөр 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед би хоолны зааланд зурагт үзээд сууж байхад манай найз Уранцэцэг 1 ширхэг 0.5 литрийн хэмжээтэй архи ууя гэж хэлсэн. Тэгээд тэр шил архийг бид хоёр уусан. Тэр архинаас Цад өгөөгүй болохоор тэгвэл би гарч уулаа гэж хэлээд гараад нэлээн удаж байгаад 1 шил архитай орж ирсэн. Орж ирчихээд миний утас алга гээд гарсан. Тэгээд над руу чи миний утсыг авсан байна гээд намайг зодож, боож унагаасан. Тухайн үед гаднаас Оюунаа, Сансараа гэх 2 хүн орж ирж Цийг надаас салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх 10- 12 тал/
  2. Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 22 цагийн үед "Ганга нуур” гэх хоолны газарт хүмүүс хэрэлдээд, орилолдоод байсан. Тэгээд би яваад ороход Ц, Ц хоёр хэрэлдэж байсан. Ц нь Ц гэх хүнийг гар утас хулгайлчихлаа гэж хувцасны халаасыг нь нэгжээд дараа нь зодож толгойгоор нь газар мөргүүлж ухаан алдсан үед нь толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөж байхад нь би галын дэгээ төмрөөр гуя хэсэгт нь цохисон. Ц нөгөө эмэгтэйг зодож би зогсоож дийлэхгүй байхад гаднаас Сансараа гэх залуу орж ирж Цыг авч гарсан...” гэх мэдүүлэг /хх 13 тал/
  3. Гэрч Ц.С мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 09 дүгээр сарын эхээр яг өдрийг нь тодорхой сайн санахгүй байна орой ажлаа тараад явж байхад "Ганга нуур” гэх цайны газарт хэрүүл маргаан болоод байгаа юм шиг байсан. Ортол Ц нь Ц гэх эгчийг зодож байсан. Би зодож байхыг нь харчихаад Ц ахыг салгаж авч гарсан...” гэх мэдүүлэг /хх 17 тал/
  4. Гэрч Б.Т мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 11 цагийн орчимд ажил дээрээ байж байхад Ж.Ц гэх хүн бусдад зодуулсан гэж ирсэн. Тэгээд би Ж.Цийн биед үзлэг хийхэд толгойн 2 шанаа хэсэгт хавантай, эрүү, хацар, 2 нүд хэсгээрээ хөхрөлттэй, үе мөчид хэсэг, хэсэг газарт хөх няц болсон биеийн даралтыг үзэхэд даралт их, чихнээс нь цус гарсан байсан. Ажил олгогч хүнд зодуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 20-21 тал /
  5. Анх үзсэн эмчийн тодорхойлолт /хх 7 тал /
  6. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 420 дугаартай:

-Ж.Цийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын хажуу хэсэг уг болон нүүрний зүүн шанаа, эрүү, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн өвдөгний дотор дээд хэсгийн их хэмжээний зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай шинжийг агуулаагүй хөнгөн гэмтэлд хамаарна.

-Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 26 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний болон замын зардал, ажилгүй байсан хугацааны цалин зэргийг нэхэмжилсэн боловч холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч нь өөрт учирсан хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Д овогт Г-н Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Цад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200 000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цад оногдуулсан 800 000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба хохирогч нь өөрт учирсан хохирол, зардлыг нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Д . ГА НЗ О Р ИГ