Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2014/0036

 

2014 оны 01 сарын 16 өдөр                    Дугаар 36                        Улаанбаатар хот

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Д.Баатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, Б.Д, Д.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 470 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Б-ын нэхэмжлэлтэй, Тагнуулын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 146 дугаар тогтоолыг биелүүлээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин орлоготой тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тагнуулын ерөнхий газрын Есдүгээр газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Б-ыг түүний өргөдлийн дагуу 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс тус газрын орон тоонд байдаггүй, түр бий болгосон захиргаа, удирдлагын зөвлөх менежерээр томилсон байдаг. Иймээс түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй. Мөн дээрх үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн 146 дугаар тогтоолыг биелүүлээгүй нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.3, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9-д заасныг баримтлан Тагнуулын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 146 дугаар тогтоолыг биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах” шаардлага бүхий Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагаас хальж Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 146 дугаар тогтоолыг хянан үзээд хууль тогтоомжид нийцээгүй байна хэмээн буруутгаж, энэ үндэслэлээрээ миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Хариуцагч /ТЕГ/ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 146 дугаар тогтоолын талаар ямар нэгэн гомдол гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д заасны дагуу шүүхэд хандаагүй нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн хэрэг мөн. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх нэгэнт хуулиар журамласан хугацаа дуусгавар болсон, хариуцагч гомдол гаргаагүй атал өөрийн санаачлагчаар тэрхүү шийдвэрийг татан хянаж, буруутгасан нь хууль зөрчсөн байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгохдоо Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг нэг үндэслэл болгожээ. Өөрөөр хэлбэл Тагнуулын ерөнхий газрын даргын 2012 оны 6/295 дугаар тушаал хууль зөрчөөгүй, хариуцагчийн Төрийн албаны зөвлөлийн уг тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаагүй нь ч, уг тогтоолыг биелүүлээгүй нь ч хууль дээдлэх зарчмыг баримталсан "хууль зөрчөөгүй эс үйлдэл" гэж үзсэн байна. Шүүх ийнхүү Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй нэхэмжлэгчийн эс үйлдлийг зөвтгөж байгаагаараа харин ч хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна. Хариуцагч тухайн шийдвэрийг хуль бус гэж үзэх эрхтэй боловч зөвхөн ингэж үзсэнээрээ Төрийн албаны хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д заасан "Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй" гэсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д зааснаар ""...уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах" боломжийг ашиглах ёстой. УИХ-ын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам"-д ч эдгээр заалтууд тусгагдсан бөгөөд төрийн албатай холбоотой аливаа маргааныг гагцхүү Төрийн албаны тухай хууль, УИХ-аас баталсан дээрх журмаар шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан.

Тухайн шийдвэр хууль бус гэдгийг маргагч аль нэг тал нь биш харин дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсвэл шүүх тогтоох ёстой. Иймээс Төрийн албаны тухай хууль болон бусад хуулийг биелүүлээгүй хариуцагчийг харин ч хууль дээдлэх зарчмыг баримталсан хэмээн зөвтгөж буй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 сарын 07-ны өдрийн 470 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.Б-аас Тагнуулын ерөнхий газрын даргад холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 146 дугаар тогтоолыг биелүүлээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, тухайн тогтоолыг биелүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 146 дугаар тогтоолоор Тагнуулын ерөнхий газрын даргын 2012 оны Б/295 дугаар тушаалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцож, тухайн тушаалыг хүчингүй болгохыг Тагнуулын ерөнхий газрын даргад даалгажээ.

Тагнуулын ерөнхий газрын даргын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн МН/104 дүгээр тушаалаар Тагнуулын ерөнхий газрын 9 дүгээр газарт “Захиргаа, удирдлагын зөвлөх менежер” гэсэн орон тоо нэмэгдсэн, уг албан тушаалд Д.Б 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад өөрийнхөө хүсэлтээр 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авсан боловч Тагнуулын ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар “захиргаа, удирдлагын зөвлөх менежер”- орон тоонд дахин томилогдож ажилласан. Улмаар 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн МН/12 дугаар тушаалаар байгууллагын орон тооны бүтцийг өөрчлөх үед “захиргаа, удирдлагын зөвлөх менежер”-ийн орон тоог хассан ч Тагнуулын ерөнхий газрын дарга хүсэлтийг нь харгалзан Д.Б-ын цалин, нэмэгдлийг үргэлжлүүлэн олгон, ажил үүргийг нь гүйцэтгүүлсээр ирсний эцэст 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/295 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байна.

Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл болохоор Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан бөгөөд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан эрх үүссэнээр Д.Б өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг авснаар төрийн албанаас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл бүрдсэнээс гадна ажиллаж байсан албан тушаал нь байгууллагын орон тооны бүтцээс хасагдсан байхад түүнийг үргэлжлүүлэн ажиллуулж байсан нь хуульд нийцэхгүй.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтын агуулгаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх эсвэл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргахаар, хүсэлтийг эрх бүхий албан хаагч шийдвэрлэхдээ төрийн албанаас чөлөөлөх эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийн аль нэгийг гаргахаар байхад Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Б-ыг өндөр насны тэтгэвэрт гаргаж, нэг удаагийн тэтгэмжийг олгосон атлаа үргэлжлүүлэн төрийн жинхэнэ албанд ажиллуулсан нь буруу байжээ.

Тиймээс Д.Б-ыг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан баталгаагаар хангагдана гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч албан тушаалтны Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан анхан шатны шүүх Тагнуулын ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/295 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 146 дугаар тогтоол зэрэгт дүгнэлт өгсний үндсэн дээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүх маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зүйл, заалтыг баримталсан байгааг зөвтгөсөн агуулгатай өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 470 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын баримталсан хуулийн зүйл, заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39 дүгээр зүйлийн 39.6, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.