| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00512/и |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 11
2018 оны 01 сарын 16 өдөр Дугаар 153/ШШ2018/00011 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн төлөөлөгч Л., хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажилд ороод 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тоот Засгийн газрын тогтоолын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/ дугаартай Засаг даргын тамгын газрын даргын тушаалын дагуу Санхүүгийн алба байгуулагдахад орон нутаг, Засаг даргын тамгын газар, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын болоод ажлын дутагдал, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь хийж, идэвх санаачилгатай ажиллаж ирсэн.
Гэтэл ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Л. нь хууль зүйн үндэслэлгүйгээр 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж үүрэгт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг болон Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Аудитын тайлангаар “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгсөн. Төсвийг хэтрүүлэн зарцуулсан нь төсвийн байгууллагын менежерүүдэд хамааралтай байдаг. сангаас хийсэн шалгалтын гол үндэслэл нь эдийн засгийн ангиллыг зөрүүлж гүйлгээ хийсэн гэдэг шаардлага тавьсан. Манай Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын орон тоо нэмэгдсэнээс болж цалингийн сан хэтэрсэн. Цалингийн сангийн дутуу мөнгийг өөр мөнгөнөөс гаргасан учир зөрчилтэй гүйлгээ болсон. Дүнгийн хурал хийж байх үед би энэ тухай хэлсэн. Орон тоогоо цөөлөхгүй бол энэ зөрчил арилахгүй гэж хэлсэн. сангаас шалгалт хийгдэж байхад миний нэр ороогүй байсан. Гэтэл н. дарга миний нэрийг оруулсан байсан.
Би дарга нарын гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ 2016 оны 3 сарын 14-ний өдөр тайлан тушаагаад явж байхад Ховд аймгийн ******* сумаас ярьж эдгээр гүйлгээнүүдийг чинь ярьж хийлгэсэн. Санхүүгийн тооцоолохын программ хаагдчихаад сүүлд нь тайлан тушааж байхад дутуу баримт байж магадгүй гэж бодоод багийн иргэдийн нийтийн хурлын тамгыг би гуйгаад аваад явсан байсан.
Мөн 2016 оны 3 сарын 18-ны өдөр би тайлан тушаагаад аймагт байсан. 2017 оны 3 сарын 24-ний өдөр хүртэл би томилолтоор ажилласан. Би буудлын мөнгөгүй болоод энэ талаараа танилцуулаад ******* сумаас төрийн сангийн мэргэжилтнээр гүйлгээг хийлгүүлсэн. Гарын үсэг зуруулаагүй байж байгаад санхүүгийн баримтын бүрдэл дутуу болохоор би 2017 оны 3 сарын дундуур нөхөж зурсан.
Дараа нь Засаг дарга Д.Ган-Эрдэнэ солигдоод явчихсан байсан. Шатахууны мөнгийг Тамгын газрын дарга зурахгүй байсан. Гүйлгээ хийгдсэний дараа зурагдаагүй үлдсэн хэд хэдэн гүйлгээ байсан. Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гарах тусламж гэдэг зардлаас 300,000 төгрөг өгөхөөр Засаг даргын өөрийнх нь захирамж гарсан. Тухайн хүн нь элэг нь өвдөж байсан учир эмчилгээний төлбөрт 300,000 төгрөг гарсан. Энэ баримтууд нь тайланд хавсаргасан байгаа.
Мөн манайх засмал зам тавиуллаа гээд ажилтнуудыг хүлээж авч, хоол унд, малыг гэдэг хүнээс авч зарцуулсан байдаг. Дараа нь гэдэг хүн нэхэмжлэлээ өгөөд гүйлгээг хийсэн. Үүнийг Тамгын газрын дарга Л. зөвшөөрсөн учир би гүйлгээг хийсэн. Дараа нь зурагдаагүй үлдсэн гарын үсгийг би тайлан тушаахдаа зурсан.
2016 оны 7 сарын 28-ны өдөр Тамгын газрын дарга Л. ээлжийн амралттай байсан. Байгууллагын засварт 850000 төгрөгийг өөрийн аав *******ийн Мандахын улаан хад нэртэй данс руу шилжүүлсэн. Энэ нь наадмын талбайн засварт орсон мөнгө. 2015 оны намар наадмын талбайн хашаа шуурганд унасан. Блокыг Базар гэдэг хүнээс авсан. Базар гэдэг хүн өөрөө аж ахуйн нэгжгүй учир надаас мөнгө гаргаж өгөөч гэж гуйхаар нь би аавынхаа аж ахуй нэгжийн данс руу гаргаж өгсөн.
Малын ашиг шим гэдэг данс руу 2,000,000 төгрөг орсон. 2,030,000 төгрөг бол Д. даргын нөөц хөрөнгөнөөсөө гаргуулсан мөнгө. Энэ нь мянгат малчдын гарын бэлэгт зарцуулсан мөнгө юм.
Иймд Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Л. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.******* нь 2013-2014 онд Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор, 2014 оноос Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэрээр ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, төсвийн тодотгол, мэдээ тайлан, хугацаатай албан бичиг, шилэн дансны мэдээлэл зэргийг удаа дараа хоцроож, 2014, 2016, 2017 онуудад төсвийн хүрээний тодотголоо хугацаанд нь тушаагаагүй, төсвийн шууд захирагчийн зөвшөөрөлгүй 2015, 2016, 2017 онуудад гүйлгээ хийсэн. Мөн аймагт хариуцсан байгууллагуудынхаа санхүүгийн тайлангаа удаа дараа хязгаарлалттай тушааж, аймгийн аудит, санхүү төрийн сангаас ирсэн шалгалтад зөрчил дутагдалтай шалгуулж албан шаардлага зөвлөмжөөр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй.
Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бичиг баримтын бүрдүүлэлт хангалтгүй, мемориалын гүйлгээ зөрчилтэй хийсэн зэрэг зөрчил дутагдалтай ажилласан тул цаашид Б.*******ыг тухайн албан тушаалд ажиллуулах боломжгүй юм.
Б.*******ыг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь аймгийн Аудитын газраас шалгуулсан тайлангийн дүгнэлтүүд, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс ирсэн 04 сарын 19-ний өдрийн шалгалтын дүн юм. Зөрчилтэй гүйлгээ буюу хууль бус гүйлгээ хийсэн учир урьдчилан өөрт нь мэдэгдэж, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Зөрчилтэй гүйлгээнүүдийг 2017 оны сарын 30-ны өдөр сумын Мал эмнэлэг үржлийн нэгжийн “Малын ашиг хоршоо”-ны эзэн П. 2015, 2016 онд урьдчилан сэргийлэх зардлаа бүрэн гүйцэд авч чадсангүй гэж хүсэлт гаргаж, дутуу санхүүжилтийг олж өгнө үү гэсэн. Засаг дарга 2017 оны 7 сарын 5-ны өдөр өргөдлийг төрийн сангийн мэргэжилтэн н.Байгалмаад цохсон байдаг. н.Байгалмаа 2017 оны 7 сард ээлжийн амралттай байж байгаад 8 сарын эхээр ажилдаа орсон. 8 сард ажилд ороод өргөдлийг шийдэх болоход аймгийн холбогдох газрын мэргэжилтэн Энх-Амгалан ээлжийн амралттай байгаад 9 сарын 1-ний өдөр Энх-Амгаланг ажилдаа ороход хариу өгсөн байдаг. Хариуг нь өргөдөл гаргагч П. хүлээн зөвшөөрөхгүй над руу ахиж ярьсан. Би Улаанбаатарт байсан. Эргэж хянаж өгөөч гэсэн. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны Санхүүгийн баримтын гүйлгээг үзсэн. Үзэж байхад зөрчилтэй гүйлгээнүүд илэрсэн. 2017 оны 9 сарын эхээр би Б.*******тай уулзаж ажлаас чөлөөлнө гэж хэлэхэд чөлөөлдгөөрөө чөлөөл би шүүхэд хандана гэсэн. Тэгээд би 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Аймгийн Засаг даргын захирамж, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан бичиг ирж 2017 оны 09 сарын 01-ний өдрийн дотор хариуцлага тооцож, хариуг ирүүл гэсэн байсан. Нийт сумдын нягтлангийн ажлыг дүгнээд дүгнэлт нь ирсэн. Би ээлжийн амралтаа дуусгаад 2017 оны 8 сарын сүүлээр шалгаж, нягтлан бодогч Б.*******ад арга хэмжээ авсан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь 2013 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-28/, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/ дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-25/, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-4/, Б.Cын дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-6/ болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Эдгээр баримтуудаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, ажилтан Б.******* нь тус байгууллагад 2013 оноос хойш ажиллаж байсныг нотолж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг.
Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай тушаал гаргаж ажилтан Б.*******ыг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх заалтуудыг тус тус үндэслэжээ.
Харин ажил олгогч нь энэхүү тушаалдаа ажилтан Б.*******ыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохыг дурдаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” гэж тус тус заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтаас үзэхэд ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон байх ёстой. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх ёстой.
Хариуцагчийн төлөөлөгч Л. нь ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “санхүүгийн тайлан хязгаарлалттай гарсан, гүйлгээ хийсэн баримтууд дээр эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан, Малын ашиг хоршооны эзэн П.аас гаргасан өргөдөл зэргийг үндэслэн ажилтан Б.*******ыг ажлаас чөлөөлөх болсон” гэж тайлбарлалаа.
Эдгээр үндэслэлүүдийг тус тусад нь авч үзвэл:
1.Санхүүгийн тайлан хязгаарлалттай гарсан гэх үндэслэл: Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгийн 2016 оны санхүүгийн тайлан “хязгаарлалттай” санал дүгнэлттэй гарсан, 2016 оны ******* сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн тайлан “хязгаарлалттай” санал дүгнэлттэй гарсан, 2015 оны ******* сумын орон нутгийн санхүүгийн тайлан “хязгаарлалттай” санал дүгнэлттэй гарсан болох нь ******* сумын Цэцэрлэгийн 2016 оны санхүүгийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-37-47/, ******* сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2016 оны санхүүгийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-48-68/, ******* сумын орон нутгийн 2015 оны санхүүгийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-69-82/ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “санхүүгийн тайлангийн аудит гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг холбогдох олон улсын стандартын дагуу шалган дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөхийг хэлнэ” гэжээ. Иймд Ховд аймгийн Аудитын газраас Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт хийгдсэн санхүүгийн тайлангийн аудитыг эрх бүхий байгууллагын хяналт шалгалт гэж үзэх боломжтой юм.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч байна” гэж, мөн хуулийн 16.5-д төсвийн шууд захирагч нь төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна.
Энэхүү заалтаас үзэхэд төсвийн шууд захирагч буюу Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга байгууллагын төсвийн зарцуулалтад нь хяналт тавьж, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах эрх, үүрэгтэй байна. Энэхүү эрх, үүргээ төсвийн шууд захирагч буюу Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга өөрөө хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах ёстой байна.
Нөгөө талаас Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгийн 2016 оны санхүүгийн тайлан “хязгаарлалттай” санал дүгнэлттэй гарсан аудитын дүгнэлтийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны ******* сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн тайлан “хязгаарлалттай” санал дүгнэлттэй гарсан аудитын дүгнэлтийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2015 оны ******* сумын орон нутгийн санхүүгийн тайлан “хязгаарлалттай” санал дүгнэлттэй гарсан аудитын дүгнэлтийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус тус гаргасан байхад эдгээр тайланг үндэслэн ажил олгогчоос ажилтанд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтад нийцэхгүй байна.
2.Гүйлгээ хийсэн баримтууд дээр эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан гэх үндэслэл: Ажилтан Б.******* нь:
-2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр санхүүгийн тооцоолох төв рүү 66,000 төгрөгийн гүйлгээ хийхдээ Засаг дарга Д.Ган-Эрдэний гарын үсгийг дуурайлган зурж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тамгыг дарсан,
-2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Монрос зарья 635,000 төгрөгийн гүйлгээ хийхдээ Засаг дарга Д.Ган-Эрдэний гарын үсгийг дуурайлгаж зурж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тамгыг дарсан,
-2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 290,000 төгрөгийн гүйлгээ хийхдээ Тамгын дарга Л.ын гарын үсгийг дуурайлган зурж, багийн даргын тамга дарсан,
-2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны өөрийн хувийн данс руу 380,000 төгрөгийн гүйлгээ хийхдээ Засаг дарга Д.Ган-Эрдэний гарын үсгийг дуурайлгаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тамга дарсан,
-2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд НИК рүү 437,050 төгрөг шилжүүлэхдээ Засаг дарга Д.Ган-Эрдэний гарын үсгийг дуурайлган зурж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамгыг дарсан,
-2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Ш.Амгаланбаатарын данс руу 300,000 төгрөг хийхдээ Засаг дарга Д.Ган-Эрдэний гарын үсгийг дуурайлган зурж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тамга дарсан,
-2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр багийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.гийн данс руу 495,000 төгрөгийн гүйлгээ хийхдээ Тамгын газрын дарга Л.ын гарын үсгийг дуурайлган зурж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамгыг дарсан,
-2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн төрсөн эцэг Т.*******ийн эзэмшлийн Мандахын улаан хад нэртэй аж ахуйн нэгжийн данс руу 855,000 төгрөгийн гүйлгээ хийсэн, Мандахын улаан хад нэртэй аж ахуйн нэгжийн эзэмшигч Т.******* нь нэхэмжлэгч Б.*******ын эцэг мөн болох зэрэг нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1546 дугаартай албан бичгээр ирүүлсэн Төрөл садангийн тухай лавлагаа /хх-160-161/, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-124-125/, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зарлагын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-126/, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-127/, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 437,050 төгрөгийн төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-128/, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 300,000 төгрөгийн төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-129/, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 495,000 төгрөгийн төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-130/, Хаан банкны Ховд салбарын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 741 дугаартай албан бичгээр ирүүлсэн Мандахын улаан хад хоршооны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-157-158/ болон шүүх хуралдаан хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “Б.******* нь санхүүгийн гүйлгээ хийхдээ миний болон өмнө ажиллаж байсан засаг дарга Д.Ган-Эрдэний гарын үсгийг дуурайлган зурж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамга дарсан” гэх тайлбар, нэхэмжлэгчийн “би санхүүгийн гүйлгээ хийхдээ Л. болон Д.Ган-Эрдэнэ дарга нарын гарын үсгийг зурж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамга дарсан” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэвч ажилтанд эдгээр зөрчлүүдийг гаргаснаас хойш 6 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл ногдуулах эрхийг ажил олгогчид олгосон байхад энэхүү хугацааг өнгөрсний дараа арга хэмжээ тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Л. нь ажилтан Б.*******ын дээрх үйлдлийн талаар Б.*******ыг ажлаас чөлөөлсний дараа Ховд аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан болох нь Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбараар /хх-220/ нотлогдож байна.
3.Малын ашиг хоршооны эзэн П.ын өргөдлийн талаар: 2017 оны дугаар сарын 28-ны өдрийн тус өргөдөл нь мал эмнэлгийн нэгжүүдийн үйлчилгээний дутуу олгогдсон хөлсийг шийдвэрлүүлэхээр гаргасан өргөдөл болох нь хэрэгт авагдсан 2017 оны дугаар сарын 28-ны өдрийн Малын ашиг хоршооны эзэн П.ын өргөдлөөр /хх-204-2/ нотлогдож байна.
Энэхүү өргөдлийг үндэслэн ажилтанг ажлаас чөлөөлсөн үндэслэлийн нэг болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан заалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ нь ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх үндэслэлд хамаарахгүй байна.
Ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ажилтны гаргасан гэх зөрчил нь үйлдсэн цаг хугацаа, илэрсэн хэлбэр /үйлдэл, эс үйлдэхүйн/-ийн хувьд тодорхой байхаас гадна ажил олгогч уг зөрчлийг шалгаж тогтоосон байх шаардлагатай юм. Ингэснээр шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа, хөдөлмөрийн гэрээний заалтууд, зөрчлийн шинж чанар зэргийг харьцуулан дүгнэх боломжтой болох юм. Сахилгын зөрчил гаргасныг нотлох, уг зөрчлийг гаргасан болон илрүүлснээс хойш шийтгэлийг хугацаанд нь ногдуулсан гэдгээ ажил олгогч нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.
Хариуцагчийн төлөөлөгч Л. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би ээлжийн амралттай байсан бөгөөд 09 дүгээр сард ажилд ороод Б.*******ын зөрчлийг илрүүлсэн, мэдсэн” гэх боловч энэхүү тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ нь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-20/, түүний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-21/, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/1859 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-22/ зэргээр няцаагдаж байна.
Учир нь эдгээр захирамж, албан бичиг нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарсан байхад ажил олгогч тушаалаа 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргаж ажилтанг ажлаас чөлөөлсөн байна.
Мөн ажил олгогч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга нь ажилтан Б.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй харин үр дүнгийн гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан болох нь хэрэгт авагдсан Үр дүнгийн гэрээ /хх-104-110/, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж, 24 дүгээр зүйлийн 24.3-д “хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заажээ.
Иймд Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******ыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.*******ын ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хэрэгт авагдсан Б.*******ын нийгмийн даатгалын дэвтэр /хх-5-6/-ийг үндэслэн тооцоход сүүлийн гурван сарын дундаж цалин тогтмол 687,961 төгрөг байх бөгөөд нэг өдрийн дундаж цалинг тооцоход 687,961: 21,5 = 31,998 төгрөг байна.
Б.*******ын ажилгүй байсан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацааг тооцоход нийт 4 сар 2 өдөр буюу энэ хугацаа дахь олговрыг тооцвол: (687,961 х 4)+(31,998 х 2) = 2,815,840 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ад олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч түүний нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгож, мөн хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 2,815,840 төгрөгийн олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 60,003 төгрөг гаргуулан сангийн дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Хэрэгт авагдсан дараах баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно. Үүнд:
-2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүрлэг сутайн өлзийт нэртэй аж ахуйн нэгжийн Хаан банк дахь дансанд 2,030,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн эсэх нь хэрэгт авагдсан Хаан банкны Ховд салбараас ирүүлсэн баримтуудаар /хх-157/ нотлогдоогүй тул хавтаст хэргийн 131-д авагдсан 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг,
-Хавтаст хэргийн 132-д авагдсан сангийн бүртгэлийн дансны 2016.02.01-2016.12.31-ний хуулга нь нотлох баримтын шаардлага хангаагүй,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3/158 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* сумын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж, зөвлөн туслах ажлын 2017.04.19-ний тайлангийн “танилцсан ******* сумын Засаг дарга Д.” гэх хэсэгт гарын үсэг зурагдаагүй, уг тайлангийн хариуцагч талаас гаргаж өгсөн хувийн “танилцсан ******* сумын Засаг дарга Д.” гэх хэсэгт гарын үсэг зурагдсан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй, эдгээр хоёр баримт нь гарын үсгийн зөрүүтэй, эргэлзээтэй байх тул хэрэгт эдгээр материалуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.*******ыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас Б.*******ын ажилгүй байсан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны буюу 4 сар 2 өдөрт ногдох олговорт 2,815,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Б.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай.
4.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгож, мөн 60,003 төгрөг гаргуулан сангийн дансанд оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА