| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03671/И |
| Дугаар | 102/ШШ2017/03371 |
| Огноо | 2017-12-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2017/03371
| 2017 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2017/03371 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн 33 дугаар байр, 22 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Рэнцэнхандын Цэндсүрэн /РД:ХГ58101508/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30 дугаар байр, 38 тоот хаягт оршин суух, Дарьганга овогт Ганболдын Сансарчимэг /РД:ЛЮ89042763/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 64.950.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Цэндсүрэн -н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Г.Сансарчимэг-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Цэндсүрэн нь хариуцагч Г.Сансарчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүү төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 15.000.000 төгрөг, нийт 64.950.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэлд 31.686.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 15.000.000 төгрөг, нийт 46.686.000 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ.
Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэлд 31.686.000 төгрөгийг зөвшөөрч, хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээг мөнгө зээлдүүлснээс хойш 2 сарын дараа байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, зээлийн төлөлт хийсэн баримтаар тогтоогдож байна.
Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцжээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээж, нэхэмжлэгч Р.Цэндсүрэн нь гэрээ байгуулагдахаас 2 сарын өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүү Золбоогоор дамжуулан хариуцагч Сансарчимэг, түүний заасан компанийн дансанд 60.000.000 төгрөгийг шилжүүлж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлдүүлсэн 60.000.000 төгрөгийг гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусахад зээлдэгч Г.Сансарчимэг нь төлсөн байх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь 28.214.000 төгрөгийн төлөлт хийж, үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Зохигчид Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу алданги тохирсон тул нэхэмжлэгч алданги тооцон шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгч гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 31.686.000 төгрөг, хэтэрсэн хугацааны алдангид 15.000.000 төгрөг, нийт 46.686.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дахь хэсэгт алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцох заалтыг баримтлан анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцүүлсэн байх хэдий ч хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч тооцоогүй байна.
Хариуцагч нь татгалзлынхаа үндэслэлийг зээлийн гэрээний төлбөрийг хэсэгчилэн 500.000 төгрөг төлсөн ба одоо төлбөл зохих төлбөр нь 1.640.000 төгрөг гэж маргаж, төлснөө нотолсон баримтыг гаргаж өгсөн боловч төлөлт нь 440.000 төгрөг болсон, лангуу түрээслэж байхдаа зээлийн хүүг сар бүр төлж байсан гэж тайлбарласан боловч лангуугаа 2016 оны 4 дүгээр сараас түрээслэхээ больсон гэж өөрөө мэдүүлсэн, нийт төлсөн мөнгө 500.000 төгрөг гэж зөрүүтэй тайлбарлаж байх тул хариуцагчийн 1.640.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх тайлбар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцүүлсэн боловч шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч тооцоогүй, улмаар мэтгэлцээний явцад нэхэмжлэлийн дүнгээ өөрчлөөгүй тул шүүхээс гүйцэтгээгүй үүргийг 2.400.000 төгрөг гэж дүгнэн, алдангид 1.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч нь алдангийг төлөх төлбөрийн боломжгүй гэж татгалзсан боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, зохигчид гэрээндээ тусгасан тул шүүхээс анзын хэмжээг багасгах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Иймд хариуцагч Г.Сансарчимэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 31.686.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 15.000.000 төгрөг, нийт 46.686.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Цэндсрэнд олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 391.380 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.сансарчимэгээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсэн алдангид 46.686.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Цэндсүрэнд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 391.380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ