| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03522/И |
| Дугаар | 102/ШШ2017/03229 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/03229
| 2017 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/03229
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 15 дугаар байр, 6 тоот хаягт оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ХП84012908, Халбин овогт Мөнхцэцэгийн Ганчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 15 дугаар байр, 6 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дэвшил САА, 2 дугаар гудамж, 6 тоот хаягт оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УС79041937, Их Монгол овогт Норхолоожавын Батбаатарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ганчимэг, хариуцагч Н.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Мягмар бид хоёр дунд сургуулийн нэг ангид сурдаг байсан. Оюутан байхдаа үерхэж дотно болсон. Улмаар 2013 оны 7 дугаар сарын 05-нд хүү М.Жадамбааг төрүүлсэн. Хүү маань төрөхдөө л тархины хавантай төрсөн. 2013 оны 9 дүгээр сард эмнэлэгт төлбөртэй үзүүлээд эмнэлгийн хяналтад орсон. Ё.Мягмар нь 2013 оны 8 дугаар сард Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид томилогдоод явсан. Хүүгээ эмчлүүлж хотод байсан нь дээр гэсэн учраас хүү бид 2 үлдсэн. 2014 оны 1 дүгээр сараас эмчилгээний зардал өгөхөө больсон. Тэгээд ярилцаж байгаад 2014 оны 5 дугаар сараас сар бүр 150.000 төгрөг өгч байхаар тохиролцож, алдаг оног өгч яваад 2015 оны 1 дүгээр сараас бүр өгөхөө больсон. Иймд Ё.Мягмарыг миний хүү М.Жадамбын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг сарын 120.000-150.000 төгрөгөөр тогтоож гаргуулж өгнө үү. Өмнө авч байгаагүй саруудын тэтгэлгийг нөхөн гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Батбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ё.Мягмар миний бие Б.Намжилмаагийн нэхэмжилсэн хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлөх болно. Миний бие Баянхонгор аймагт амьдардаг учир шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ганчимэг нь хариуцагч Н.Батбаатарт холбогдуулан 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Тэмүүжин, 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Төгөлдөр нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Тэмүүжин нь өөрийнх нь хүүхэд биш учир хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь хүү Б.Тэмүүжинд тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хүү Б.Төгөлдөрт хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Зохигчид 2008 онд танилцаж, хамтран амьдарсан ба 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Тэмүүжин, 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүү Б.Төгөлдөр нар төрсөн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч хөвгүүдийг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
Хариуцагч 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Тэмүүжинг өөрийн хүүхэд биш гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг үндэслэн хүү Б.Тэмүүжинд тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь Б.Төгөлдөрийн төрсөн эцэг нь болохоо хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Батбаатарын Төгөлдөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Их Монгол овогт Норхолоожавын Батбаатараар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас /Үндэсний Статистикийн хорооноос 2017 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатар хотын хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 185.300:2=92.650, 92.650х12=1.111.800 төгрөг болж байна/ 1.111.800 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 32.833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүү Б.Төгөлдөрийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлгийг гаргуулж, эцэг Н.Батбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.
2. 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.тэмүүжинд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлстийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Н.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 32.833 төгрөг гаргуулан улсыын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ