Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/990

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Ц.Ариунтуяа, хохирогч И.Одгэрэл, гэрч Ч.Насанжаргал, Ж.Энхчимэг,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт С Б холбогдох 1808015460391 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны ** дугаар сарын **-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Нуурын хулан” ХХК-д туслах мужаан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 45-23 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шийтгэлгүй, С овогт С Б, РД:ИЭ*******,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин хотхоны 83 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "хамт хөзөр тоглож байгаад маргалдсаны” улмаас иргэн И.О цээжин тус газар нь зэвсэг буюу хутгаар /хүйтэн зэвсэг/ 1 удаа хутгалж "цээжний хөндийд нэвтэрч, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, баруун гарын алган дахь шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-10/
  • Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, дэслэгч Н.Бямбадоржийн бичсэн Илтгэх хуудас /хх-11/
  • эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14/,
  • хохирогч И.Он мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 03 дугаар сарын 28-ны орой 20-21 цахгийн үед эхнэр Энхчимэгийг тосож аваад харих замд хажуу айлын хүн эхнэртэйгээ таарсан. Тэр 2 дэлгүүрээс 0.33 литрийн архи аваад нийтийн байрандаа очсон. Гэртээ байхад ороод ир, танилцмаар байна гэхээр нь би эхнэр Энхчимэгийн хамт орсон. 0.33 архи задлаад шилэн цайны аягаар хийж өгөхөд би уусан, хөзөр тоглосон. Манай эхнэр хөзөр тоглохгүй гээд уурлаад гарсан. Бид 2 тоглож дуусаад гэрлүүгээ орсон. Араас хөзөр шидээд хараал хэлээд байх шиг байсан. Би гэртээ орсон. 10-20 минутын дараа хажуугийн залуу "ороод ир” гэхээр нь "за” гэж хэлээд ороход шууд миний зүүн талын мөр лүү хутгалсан. Намайг түлхэхэд намайг хавсарч унагаагаад миний дээрээс намайг цээж рүү зүрхэн талд нэг нэг удаа хутгалсан. Тэгээд миний дээрээс дараад чамайг нэг мөсөн гүйцээчий гэж байсан, тэр үед манай эхнэр гаднаас орж ирээд хүн аллаа гээд татаад байх шиг байсан...Гэртээ орж чадалгүй ухаан алдсан...гэх мэдүүлэг /хх-17-18/
  • хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...тэр үед Болдбаярынд архи уусан...хөзөр тоглосон, 1 шил архины бооцоотой. Бид хоёр байсан. Болдбаяр хожигдсон тэгээд "эргэж орж ирэхээр чинь бооцоогоо авч өгье” гэсэн...Болдбаярыг архиа авч өг гэхэд мөнгө байхгүй гэсэн. Тэгээд Болдбаяр хоолоо хийх гээд хутга авсан, тэгэхээр нь би хутгийг нь булааж аваад ноцолдсон. Би Болдбаярыг хутга аваад цааш эргэхээр нь орны хөлд тавьсан ууттай төмсийг анзааралгүй ардаас нь очоод бариад авсан. Тухайн үед би өөрөө архи уугаад орж агсан тавьсан, урьд ч гэрт нь орж 2-3 удаа агсан тавьж байсан. Гар, мөрний шарх энэ хэрэгтэй холбоогүй, урьд байсан шарх. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Хохиролд цувуулаад нийт 4.000.000 төгрөг авсан, гуяны шархыг 7-8 жилийн өмнө авсан, гар, мөрний шарх нь 3 сарын өмнөх шарх, гэмтлийн эмнэлэгт оёулсан баримт нь байгаа...хутгалуулснаа мэдэхгүй...гэв.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/
  • гэрч Ю.Өвгөнхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20-21 цагийн үед гэртээ амраад байж байхад манай найз Одгэрэлийн авгай Чимгээ над руу утсаар яриад "ахаа, манай нөхөр хүнд хутгалуулчихлаа, та хүрээд ирээч” гэхээр нь би очсон...манай найз гэртээ доошоо хараад хэвтэж байсан. Би замдаа гэрийн хаяг хайгаад байсан түргэн тусламжийн машин, цагдаагийн машиныг дагуулж гэрт нь хүргэж өгсөн...Эмч намайг "цаашаа гар, энэ хүн зүрхэн тус газраа хутгалуулсан байна” гээд намайг гаргасан. Дараа нь цагдаагийн ажилтнууд үзлэг хийгээд эмч манай найзыг аваад эмнэлэг рүү явсан. Хэн хутгалсан талаар надад хэн нэгэн хүн юу ч хэлээгүй. Би "хэн хутгалсан юм бэ” гэхэд манай найзын эхнэр Чимгээ хажууд зогсож байсан танихгүй хүнийг хутгалчихлаа гэж хэлж байсан. Би тэр хүнээс чи "яагаад хүн хутгалж байгаа юм бэ” гэхэд "би хутгалчихлаа” гээд л зогсож байсан...гэх мэдүүлэг /хх- 24-25/,
  • гэрч Ж.Энхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 03 дугаар сарын 28- ны орой нөхөр бид хоёр гэр лүүгээ явж байгаад хажуу айлын залуутай таарч бид 3 замаараа дэлгүүрээс 0,5 литрийн хараа архи аваад харьсан. Тэгээд хөрш айлындаа орж авсан архиа ууцгаасан. Бид нар хөрш айлууд бие биенийхээрээ орж гарч байгаагүй болохоор анх удаа л уулзаж тэднийд архи уусан юм. Авсан архийг тэдний эхнэр бид 2
 

уугаагүй, манай нөхөр тэр залуу хоёр уусан. Тэгээд юм ярьж сууцгааж байгаад эхнэр нь хүнд юм өгнө гээд гараад явсан. Би жоохон сууж байгаад гэртээ орж пелеткэн дээр тавьсан юмаа салгачихаад буцаад орж ирэхэд тэр хоёр хоорондоо маргаж хоорондоо зууралдсан байсан. Тэгсэн нөгөө залуу гал тогооны шургуулганаасаа хутга аван Одгэрэлийн дээрээс дарж хэвтэн хутгатай гараараа цээжин хэсэгт нь далайн хатгасан. Одгэрэл "намайг хутгалчихлаа” гээд босож ирэн гадаа гараад унаад өгсөн. Тухайн үед би хальт хатгасан байх гэж бодтол цээжний зүүн дээд хэсгээс маш их цус гарсан. Ингээд би түргэн тусламж дуудаад нөгөө залуу хүн хутгалаад алчих шиг боллоо гээд Одгэрэлийн хажууд суугаад байсан. Тэгээд түргэн тусламж ирээд удалгүй цагдаа ирсэн юм...гэх мэдүүлэг /хх--29-30/

  • гэрч Ж.Энхчимэгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-28/
  • гэрч Ч.Насанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...Би Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны 83 тоотын нийтийн байранд нөхөр С.Б хамт байр түрээсэлж амьдардаг юм. 2018 оны 03 сарын 28 ны өдөр ажлаа тараад 17 цагийн үед ...гэртээ харих гээд явж байсан чинь манай нийтийн байрны хажуу өрөөний залуу эхнэрийн хамт тааралдаад залуу нь манай нөхрийг "ахаа дүү нь жоохон юм уугаад явж байна” гэж хэлсэн чинь манай нөхөр дэлгүүрээс 0,33 литрийн Хараа архи худалдаж аваад гэр лүүгээ яваад манай гэрт хажуу талын айлын залуу эхнэртэйгээ манайд орж ирээд ...манай нөхөр тэр залуу хоёр дэлгүүрээс авсан архиа хувааж уугаад сууж байснаа "хоёулаа хөзөр тоглох уу” гээд хөзөр тоглоод архиа ууж байснаа хоорондоо тоглоомноос болоод маргалдаад хажуу айлын залуу манай нөхрийг "та хөзөр тоглож чадахгүй байж” гээд маргалдаад байсан...Би ажил дээрээ очоод жижүүр Энхжаргалаас эрүүл мэндийн дэвтэрээ аваад буцаад гэртээ ирсэн чинь нийтийн байрны гадаа манай нөхөр хажуу айлын залуугийн цээжин хэсэгт гараараа дарцан "яана аа, энэ хүн цус алдаад байна, хурдан эмнэлэг дуудаарай” гээд хоёулахнаа байж байхаар нь би цуг үлдсэн эхнэр нь яасан юм бол гэж бодоод тэр залуугийн хаалгыг цохиход эхнэр нь гарч ирээд "юу болсон юм бэ” гэсэн чинь "танай нөхөр ингэчихлээ” гэж хэлээд утсаар яриад байсан. Тэгээд би нөхөр Болдбаярын хамт тэр залууг өргөөд гэрт нь оруулсан. Тэгээд 103-н машин ирээд эмч орж ирээд удалгүй цагдаа нар орж хажуу талын айлын залууг түргэний машин аваад явсан. Тэгээд манай нөхөр Болдбаярыг цагдаа аваад явсан...гэх мэдүүлэг /хх-31-32/,
  • гэрч Т.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн:... Би хэргийн газрын үзлэгээр хураагдсан хутгыг хэрэг учрал болсон гэх газрын өрөөнд үзлэг хифйх явцад цагаан шаргал өнгийн хоолны шүүгээнээс 23-25 см орчим урттай, үзүүр хэсэгтээ цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг илэрснийг шинжилгээнд зориулж хурааж авсан. Хэргийн газрын үзлэгийн зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад ч хутганы цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгийг харж болно. Тэр шүүгээнд хутга, заазуур, гурлын мод, тогооны хусуур зэрэг гал зууханд хэрэглэгддэг эд зүйлсүүд байсан. Шүүгээний шургуулгыг татаад үзэхэд хамгийн урд талд шаргалдуу иштэй, үзүүр хэсэгтээ улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байсан...гэх мэдүүлэг /хх-154- 155/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 10- ны өдрийн 4470 дугаартай шинжээчийн:...И.Одгэрэлийн биед гэмтэл цээжний хөндийд нэвтэрч, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, баруун гарын алган дахь шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цээжний хөндийд нэвтэрч, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд,

 

ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эцэс төгсгөл, эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /хх-38/,

  • шинжээч М.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:...Цээжний хөндийд нэвтэрсэн нь хүнд бусад нь хөнгөн зэрэгт хамаарна. Бугалга эд нар нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Шархны байдлаар 3 удаагийн хүчин зүйлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийг хүн өөрөө, эсүл гадны хүчин зүйлийн үйлчлэлээр учруулсан үгүйг тогтоох боломжгүй...гэх мэдүүлэг /хх-57-59/
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3842 дугаартай:... ягаан эрээн дэвсгэр даавуу /орны бүтээлэг/, цагаан өнгийн подволк /цамц/ дээр цус илэрсэн. Уг цус нь 0/1/ бүлгийн харъяалалтай байна...гэх дүгнэлт /хх-40/
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2426 дугаартай:... шинжилгээнд ирүүлсэн НШШГ-ын ЧДКШТ-ийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Болор-Эрдэнийн хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн "1, 3” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр, харьцуулах загвараар ирүүлсэн С.Б, Ч.Насанжаргал нарын гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. "2, 4, 5, 6” гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Харьцуулах загвараар ирүүлсэн С.Бын гарын хээний дардас урьд нь санд МЫ000510011194 дугаараар нэг удаа бүртгэгдсэн байна...гэх дүгнэлт /хх-48-49/
  • шүүгдэгч С.Бын мөрөн байцаалтад өгсөн:...Би Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны 83 тоотод нийтийн байранд эхнэр Насанжаргалын хамт өрөө хөлсөлж тэндээ амьдарч байгаа юм. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед эхнэр Насанжаргалын хамт 19-н буудал ороод гар утасны дугаараа сунгуулчихаад гэртээ харих гээд өгсөж явсан чинь манай хажуу талын айлын залуу эхнэртэйгээ цуг явж байсан. Тэгээд би дэлгүүр орсон чинь хажуу айлын залуу араас дэлгүүрт орж ирээд "сайн уу ах, би жоохон архи ууцан явна, юм байна уу” гэхээр нь би бас архи уусан байсан болохоор "за за ах нь нэг шил архи аваад өгье” гэж хэлээд дэлгүүрээс архи аваад гарсан...Тэгээд бид хоёр манайд хөзөр тоглоод дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Тэр үед би нилээн согтуу байсан хоорондоо тоглоомоос болоод маргалдсан. Бид хоёр ноцолдсон байгаад би гал тогооны шүүгээнээс хутга аваад тэр залууг хатгасан байсан. Би яг хаана нь хатгасанаа мэдэхгүй байна. Тэр залуугийн цээжин хэсгээс цус гараад ирэхээр нь би сандраад тэр залуугийн шархыг дараад "би хүн алчихлаа” эмнэлэг дуудаарай гээд орилоход тэр залуугийн эхнэр орж ирээд би тэр залууг өргөөд гэрт нь оруулсан. Тэгээд эмнэлэг ирээд тэр залууг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-67, 71/...Би тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Манай гэрээс хурааж авсан хутга хэрэг үйлдсэн хутга мөн. Би гэм буруугаа хүлээж байна... гэх мэдүүлэг /хх-163/
  • шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... тухайн өдөр Одгэрэл бид хоёр хөзөр тоглоод тоглоомноосоо болоод муудалцсан. Тэгээд Одгэрэл гаднаас орж ирээд мөнгө төгрөг яриад тоглоом хийсэн, би ширээн дээр байсан хутга авсан. Бид хоорондоо ноцолдоод унаад босоод ирэхэд тийм зүйл болсон байсан. Тухайн үед би сандраад эмнэлэг дуудсан. Бид хоёр хөзөр тоглоод хожигдсон нь архи авч өгнө гээд тоглож байсан. Тэгээд би хожигдсон. Одгэрэл архиа авч өгөхгүй юм уу гээд тоглоом хийгээд сөргөлдсөн. Би ширээн дээрээс хутга авахад Одгэрэл "та намайг хутгалах нуу” гээд бариад авсан. Тэгээд бид хоёр орон дээр унасан гэв.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Б 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин хотхоны 83

 

тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хамт хөзөр тоглож байгаад маргалдсаны” улмаас иргэн И.Одгэрэлийн цээжин тус газарт зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалан зүрхийг нь гэмтээж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • хохирогч И.Одгэрэлийн:... 2018 оны 03 дугаар сарын 28-ны орой 20-21 цахгийн үед эхнэр Энхчимэгийг тосч аваад харих замд хажуу айлын хүн эхнэртэйгээ таарсан, тэр 2 дэлгүүрээс 0.33 литрийн архи аваад нийтийн байрандаа очсон. Гэртээ байхад хаалга цохиод...танилцмаар байна гэхээр нь би эхнэр Энхчимэгийн хамт орсон. 0.33 гр архи задлаад шилэн цайны аягаар хийж өгөхөд би уусан...хөзөр тоглосон. Манай эхнэр хөзөр тоглохгүй гээд гарсан. Бид 2 тоглож дууссан...хөзөр шидээд хараал хэлээд байх шиг байсан...тэр залуу миний зүүн талын мөр лүү хутгалахад нь түлхэхэд намайг хавсарч унагаагаад миний дээрээс цээж рүү зүрхэн талд 1 удаа хутгалсан...чамайг нэг мөр гүйцээчихий гэж байсан тэр үед манай эхнэр орж ирээд хүн аллаа гээд татаад байх шиг байсан...гэртээ орж чадалгүй ухаан алдсан...гэх мэдүүлгүүд /хх-17-18/,
  • гэрч Ж.Энхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 03 дугаар сарын 28- ны орой нөхөр бид хоёр гэр лүүгээ явж байгаад хажуу айлын залуутай таарсан...Бид нар хөрш айлууд ба...анх удаа л уулзаж тэднийд архи уусан...манай нөхөр тэр залуу хоёр уусан. Тэгээд юм ярьж сууцгааж байгаад эхнэр нь хүнд юм өгнө гээд гарч явсан, би гэртээ орж плитка дээр тавьсан юмаа салгачихаад буцаад орж ирэхэд тэр 2 марган зууралдсан байсан...Тэгсэн нөгөө залуу гал тогооны шургуулганаас хутга аван Одгэрэлийн дээрээс дарж хэвтэн хутгатай гараараа цээжин хэсэгт нь далайн хатгасан. Одгэрэл "намайг хутгалчихлаа” гээд босож ирэн гадаа гараад унаад өгсөн. Тухайн үед би хальт хатгасан байх гэж бодтол цээжний зүүн дээд хэсгээс маш их цус гарсан...би түргэн тусламж дуудсан...нөгөө залуу хүн хутгалаад алчих шиг боллоо гээд Одгэрэлийн хажууд суугаад байсан...гэх мэдүүлэг /хх--29-30/,
  • шүүгдэгч С.Бын мөрөн байцаалтад өгсөн:...тэр үед бид хоёр манайд хөзөр тоглоод архи хувааж уусан...би нилээн согтуу байсан хоорондоо тоглоомоос болоод маргалдсан, бид хоёр ноцолдсон байгаад би гал тогооны шүүгээнээс хутга аваад тэр залууг хатгасан байсан...гэх мэдүүлэг /хх-67, 71/
  • гэрч Ю.Өвгөнхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20-21 цагийн үед гэртээ байхад найз Одгэрэлийн авгай Чимгээ над руу утсаар яриад "ахаа, манай нөхөр хүнд хутгалуулчихлаа, та хүрээд ирээч” гэхээр нь би яаран очсон...Би тэр хүнээс чи "яагаад хүн хутгалж байгаа юм бэ” гэхэд "би хутгалчихлаа” гээд л зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-24-25/,
  • гэрч Ч.Н мөрдөн байцаалтад өгсөн:...С.Б миний нөхөр...тэр өдөр манай гэрт хажуу талын айлын залуу эхнэртэйгээ орж ирсэн, манай нөхөр тэр залуу хоёр дэлгүүрээс авсан архиа хувааж уугаад...хөзөр тоглоод байснаа хоорондоо тоглоомноос болоод маргалдаад байсан...Би ажил дээрээ очоод буцаад гэртээ ирсэн чинь нийтийн байрны гадаа манай нөхөр хажуу айлын залуугийн цээжин хэсэгт гараараа дарцан "яана аа, энэ хүн цус алдаад байна, хурдан эмнэлэг дуудаарай” гээд байсан...би тэр залуугийн гэрийн хаалгыг цохин эхнэрээс нь асуухад..."танай нөхөр ингэчихлээ” гэж хэлээд утсаар яриад байсан...гэх мэдүүлэг /хх-31-32/,
  • шинжээчийн дүгнэлт...И.О биед гэмтэл цээжний хөндийд нэвтэрч, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, баруун гарын алган дахь шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цээжний хөндийд нэвтэрч, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.../хх-38/,
  • шинжээч М.Э мөрдөн байцаалтад өгсөн:...Цээжний хөндийд нэвтэрсэн
 

нь хүнд, бусад нь хөнгөн зэрэгт хамаарна. Бугалга эд нар нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Шархны байдлаар 3 удаагийн хүчин зүйлээр үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-57-59/,

  • хохирогч өмсөж явсан гэх цус мэт зүйлээр бохирлогдсон, цээжний зүүн хэсэгтээ 19*1.9 см хэмжээтэй урагдалтай подволкийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт болох подволкийн гэрэл зургийн үзүүлэлт /х-12-13/,
  • шинжээчийн дүгнэлт:...цагаан өнгийн подволк /цамц/ дээр цус илэрсэн /х-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч, шинжээч нар худал мэдүүлэг өгсөн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй, хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг бусад гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт болох хохирогчийн тухайн үед өмсөж явсан гэх подволкт үүссэн зүсэгдэл зэрэг нотлох баримтын бусад эх сурвалжтай зөрүүгүй, зөрчилгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолж буй баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогчид амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь шүүгдэгчийн хүч чадлаа дайчилсан хүсэл зориг, идэвхтэй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон гэж үзнэ.

Хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээс үзвэл хохирогч нь зүрхнээс гадна зүүн бугалга, баруун гарын алгандаа шарх, гэмтэл авсан, тэдгээр нь тус бүртээ ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байгаа нь шүүгдэгчийн хүч чадлаа дайчилсан хүсэл зориг ба идэвхтэй үйлдэл, тухайн гэмт аюултай халдлагын эсрэг хохирогч өөрийгөө хамгаалах оролдлого хийсэн гэж үзэх үндэслэлийг тодорхой илэрхийлж байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ өөрчлөн "би хутгыг барьж авсан, давхралдан унасан, хутгалагдсан эсэхээ мэдэхгүй” тухай мэдүүлсэн нь эх сурвалжгүй буюу шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдсэн байх тул тухайн эх сурвалжгүй мэдүүлэгт хөтлөгдөх үндэслэлгүй, харин эсрэгээр хохирогч мэдүүлгээ тийнхүү өөрчилсний болон энэ нь шүүгдэгчээс шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй давхцан нийцсэн учир шалтгааныг холбогдох хуулийн дагуу жич шалган шийдвэрлэж болохыг тэмдэглэж байна.

Хохирогч нь тухайн үед өөрийн амь насанд аюултай хүнд гэмтлийг өөрөө өөртөө учруулаагүй буюу хохирогч хутгатай гаран дээр унаснаас эсхүл хохирогч, шүүгдэгч нар хамт унах буюу унахдаа хутга булаалдах явцад хохирогчийн зүрхэнд тухайн гэмтэл учирсан гэх нотлох баримт огт байхгүй буюу бодит үндэслэлгүй, харин хохирогчийн амин чухал эрхтэнг гэмтээсэн нь хутганы ир үзүүр бүхий хэсгээр санаатайгаар чиглүүлэн хүчлэн дүрсэн идэвхтэй үйлдэлтэй шалтгаант холбоотойг нотолж буй дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрийг санаатай гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь архи бага бус хэмжээгээр хэрэглэсэн, хийсэн үйлдлээ санахгүй тухай удаа дараа мэдүүлсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр буюу зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлд хамааралгүй, мөн шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тодорхойлохгүй, харин түүний гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн арга, хэрэгсэл, үйлдлийн шинж чанар, үйлдлээ хэрэгжүүлсэн бусад нөхцөл байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүх талаас нь шалгаж, үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т "зэвсэг ба тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-ийг "цэг” хэрэглэж буюу ялгаа заагтайгаар хуульчилсан. Тодруулбал, хутга бол хүйтэй зэвсэг мөн, харин бүтэц, иж бүрдлийн хувьд тухайн "зэвсэг”-ийн шинжийг бодитой хангаагүй, зөвхөн харагдах байдлын хувьд тухайн зэвсэгтэй төсөөтэйгөөр засч тохируулсан буюу хэлбэрийн төдий дуурайлган хийсэн тухайн тохиолдолд зэвсэг биш "тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-д хамаарах тул шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ "үйлдвэрийн хутга” хэрэглэснийг зэвсэг хэрэглэсэн гэж үзсэн нь зөв болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нотлох баримтын эх сурвалж, үндэслэлийн хүрээнд шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй бөгөөд харин эсрэгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэв.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс 4.000.000 төгрөг авсан гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-79, шүүхийн хэлэлцүүлэгт/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь хохирогчтой анх удаа танилцан улмаар хөзөр тоглох явцдаа харилцан маргалдсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, өөр бусад гэмт хэрэгт шийтгэлгүй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоож, харин шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээгээр тогтоолгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Бусад асуудал

Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар С.Быг 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бт оногдуулсан 05 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар эд мөрийн баримт болох хураагдсан хутга болон подволк, орны даавуу зэргийг зохих журмын дагуу устгасугай.
  4. Уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч С.Быг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

Г.ГАНБААТАР

 

ШҮҮГЧ

 

Г.МӨНХЗУЛ

 

Б.БАТАА