Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 26

 

2018 оны 01 сарын 18 өдөр      Дугаар 153/ШШ2018/00026      Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах ******* ******* ХХК-д холбогдох 490,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 153/2017/*******/ И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, хүнсний ногоо нөөшлөх, эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зорилгоор 490,000,000 төгрөгийн зээлийг ямар ч хүүгүйгээр авсан. Уг зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу ******* ******* ХХК нь төсөвт нэг ч төгрөгийн буцаан төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр “... зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэснийг зөрчиж байна. ******* ******* ХХК нь татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгөөс 490,000,000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр авч ашигласан атлаа зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй удаашруулж, төсөвт учруулсан хохирлоо барагдуулахгүй өдийг хүрлээ. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, ******* ******* ХХК-иас 490,000,000 төгрөгийг гаргуулж, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт олгоно уу гэжээ.

Хариуцагч ******* ******* ХХК-ний захирал Т.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэгч Ховд аймгийн ХХААГ-ын нэхэмжилж буй 490,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах болно. Өөрийн хөрөнгөөр уг төлбөрийг төлөх ёстойг хүлэн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах ******* ******* ХХК-д холбогдуулан  490,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 490,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн газар нь улсын тэмдэгтийн хураамж 2,607,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 490,000,000  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 2,607,950 төгрөгийн тал хувь 1,303,975 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч ******* ******* ХХК нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд  заасныгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох 490,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч  нь нэхэмжлэлийн шаардлага болох 490,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн газар нь улсын тэмдэгтийн хураамж 2,607,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,303,975 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                        Б.МАРИНА