Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/110

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Г.Энхмаа Нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууч овогт Сүрэнжавын Төмөрбаатарт холбогдох 1931001220082 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 4 дүгээр хэсгийн 222 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Бууч овогтой Сүрэнжавын Төмөрбаатар, РД:/ОС-80032218/,

Шүүгдэгч С.Төмөрбаатар нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах уулын энгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, 50-78 СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч С.Төмөрбаатар нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10-н цагийн үед хадам ээж Тэрбишийн эзэмшлийн 50-78 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Алтанбулаг сумын модны рамнаас зах банз буюу хаягдал банз ачих санаатай явсан. Тэгтэл Алтанбулаг сумын модны рамуудад хаягдал банз байхгүй болохоор нь яаж хоосон буцах вэ гэж бодоод цаашаагаа нилээн хол явж байгаад уулын энгэрээс унасан унианги, шатсан мод, зэргийг ачиж ирсэн. Тэгээд ирэх замдаа байгаль орчны байцаагчид баригдсан. Надад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, эрхийн бичиг авах талаар хэн нэгэнд хандаагүй. Би ганцаараа явж мод бэлтгэсэн. Намайг мод бэлтгэж тээвэрлэсэн талаар манай эхнэр, хадам ээж нар мэднэ. Өөр хүн мэдэхгүй. Би төмөр модон бариултай богино хөрөө ашигласан. Тээвэрлэхдээ 50-78 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан. Жижигхэн моднууд учир тэврээд өргөөд ачсан. Харин ганц хоёр бүдүүн модыг дэр хийж байгаад түлхэж ачсан. Хуурай мод учир хөнгөхөн байсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэртээ түлэх түлээгүй болсон учраас л галын түлээтэй болох санаатай мод бэлтгэсэн. Тэрнээс би урьд өмнө нь мод бэлтгэж тээвэрлэж байгаагүй. Энэ удаа галын түлээгүй болсон, ямар ч аргагүй байсан болохоор би үмхэрч унасан унианги авахад зөвшөөрлийн бичиг хэрэггүй байх гэж бодсон. Би “В” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2010 онд АМО авто курсыг төгсөж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 68-69-р ху/, 2.Шүүгдэгч С.Төмөрбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... : 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Алтанбулаг сумын раамнаас хаягдал зах банз ачих гэж явсан. Тэгээд очтол зах банз байхгүй гэхээр нь цаашаа нэлээд явж байгаад гол гараад уулын энгэрээс гишүү ачиж аваад, буцаж явах замдаа Сэлэнгэ аймгийн байгаль орчны байцагчид баригдсан. Түлшинд хэрэглэх гэж зах банз авах гэж байсан. Хаягдал зах банзыг 90.000 төгрөгөөр авдаг байсан. Байгалиас мод түүхэд зохих ёсны зөвшөөрөл авч авдаг гэдгийг мэднэ. Тухайн үед байгальд хаягдсан байгаа юм чинь гайгүй байх гээд гишүү түүгээд авчихсан юм. Одоо өөр үйлдэл байхгүй. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх зүйл ангиар намайг прокуророос зүйлчилсэн байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Дахиад ийм зүйл хийхгүй. Би хадам ээжээс машиных нь нум нь хугарчихсан байхад нь янзлаад хэд хоног унъя гээд гэртээ авчраад янзалсан. Хадам ээж надад сайн дураараа өөрөө зөвшөөрч машинаа өгсөн. Би гэм буруугаа ойлгож байгаа. Зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн. Дандаа зарж байгаа модыг авдаг байсан болохоор ойгоос мод зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, 3. Хохирогч Х.Отгонжаргалын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын орлогчийн үүргийг гүйцэтгэж байна. С.Төмөрбаатар гэх хүнийг таньж мэдэхгүй. Тухайн хүн нь мод, модон материал бэлдэх тээвэрлэх зөвшөөрлийн бичиг авах талаар надад болон манай сумын байгаль орчины байцаагчид хандсан асуудал байхгүй. Би байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна, надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/, 4.Иргэний нэхэмжлэгч Ч.Тэрбишийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мардөн байцаалтын шатанд өгсөн: ...С.Төмөрбаатар нь миний 6 дахь охин Мягмаржаргалын нөхөр нь юм. С.Төмөрбаатар миний хүргэн байгаа юм. С.Төмөрбаатар нь бүтэн өнчин хүүхэд эрхэлсэн тодорхой ажилгүй. 50-78 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би анх Улаанбаатар хотоос 2.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн тээврийн хэрэгслийг аваад бараг 8-9 жил болж байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь дан кабинтай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би өөрийн тээврийн хэрэгслийг хүргэн С.Төмөрбаатараар засуулж янзлуулах санаатай өгсөн. С.Төмөрбаатарыг мод бэлтгэж тээвэрлэх гэж байгаа болон тээвэрлэсэн талаар мэдээгүй. Сүүлд байгаль орчны байцаагчид баригдсаны дараа надад хэлсэн. Би өөрийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/, 5.Гэрч Ц.Мягмаржаргалын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Төмөрбаатартай 2003 онд танилцаж гэр бүл болж байсан. Бид хоёр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2003 онд ирж суурьшин амьдрах болсон. Миний нөхөр С.Төмөрбаатар нь бүтэн өнчин хүн. Төмөрбаатар нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэртээ өглөө үхэр мал гахай нохойгоо хооллоод байж байсан. “Миний бөөр өвдөөд эмнэлэг явлаа” гээд гараад явсан. Тэгээд тухайн өдрийн 10 цагийн үед Төмөрбаатар нь “банзанд явдаг юм билүү” гэж ярихаар нь манайх түлэх түлээгүй модгүй учраас раман дээрээс хаягдал зах банз авчирч гал түлэх байх гэж бодоод “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд Төмөрбаатарын гар утас холбогдохгүй байсан. Төмөрбаатар нь 17 цагийн үед гэртээ ирсэн гэртээ ирэхдээ явган ороод ирсэн. Тэгэхээр нь би “машинаа яасан юм бэ” гэхэд “зах банз олдохгүй болохоор нь хэдэн унасан унианга мод авчирч байгаад баригдаад машинаа журамлуулчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед гадаа их хүйтэн бас манай гэр бүл гал түлэх модгүй болсон байсан. С.Төмөрбаатар нь модонд 50-78 СЭҮ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явсан. Төмөрбаатар нь урьд өмнө тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрлийн бичиггүйгээр мод модон материал бэлтгэж тээвэрлэж байгаагүй. Тухайн 50-78 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай ээж Ч.Тэрбишийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ талаар манай төрсөн ээж л мэднэ. Төмөрбаатар нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Алтанбулаг сумаас зах банз авчирна” гэж хэлээд явсан. Урьд өмнө 2018 онд Алтанбулаг сумаас модны рамаас хаягдал мод банз авчирч байсан. Тухайн хаягдал мод банзыг гэртээ гал түлэх зорилгоор ашигладаг байсан. Төмөрбаатар нь 1980 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. Би нөхрийгөө хүүхэд байхаас мэднэ. Манай нөхөр төлөв даруу хэл ам хийдэггүй хүнтэй эвтэйхэн харьцдаг архи тамхи хэрэглэдэггүй. Ховд аймгийн Үегч суманд цэргийн алба хаасан гэж ярьдаг. Гэхдээ хэдэн он гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Би Төмөрбаатартай 2003 онд гэр бүл болж 2003 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд суурьшин амьдарч одоо бид хоёр 4 хүүхэдтэй болж хамт амьдарч байна. Төмөрбаатар нь дуулах дуртай сийлбэр хийдэг байсан. Гэр бүлдээ хайртай 3 хүү 1 охиндоо маш их хайртай. Урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж ял эдэлж байгаагүй. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 43-44-р ху/, 6.Гэрч Ц.Энхтүвшингийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:...Би Төмөрбаатар гэх хүнийг таньж мэднэ. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Төмөрбаатартай би 2014 онд хашаа байшинг нь худалдаж авч байхдаа танилцаж байсан. Одоо манай багийн иргэн манай багт оршин суудаг Төмөрбаатар нь эхнэр 4 хүүхэдтэй эхнэр болон өөрөө эрхэлсэн ажилгүй. Гэхдээ Төмөрбаатар нь их хөдөлмөрч ажилсаг залуу архи дарс уудаггүй гэр бүлийн байдал харилцаа нь дажгүй янзан бүрийн асуудал гаргадаггүй. Хоёул эрхэлсэн тодорхой ажилгүй, 4 хүүхэдтэй, хар бор ажил энд тэндхийн ажил хийж мөнгө олдог. Төмөрбаатар нь гахай үхэр тэжээж тэрүүгээрээ амьдралаа болгодог хүмүүс. Багийн нэгдсэн арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцдог үүрэг даалгаврыг түргэн шуурхай гүйцэтгэдэг. Мод бэлтгэх үедээ багийн засаг нийгмийн ажилтанд мэдэгдэж хандаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху/, 7.Гэрч А.Алтанчимэгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Би Төмөрбаатартай ер нь гэр бүлийн найзууд байгаа юм. Найзалж нөхөрлөөд бараг 10 гаруй жил болж байна. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Төмөрбаатар нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажил байхгүй төлөв даруу дуу цөөтэй хүнтэй эвтэйхэн харьцдаг үр хүүхдүүддээ хайртай гэр бүлээ гэсэн сэтгэлтэй. Эхнэр Мягмаржаргал нь бас эрхэлсэн тодорхой ажилгүй энэ хоёр маань хэдэн гахай тэжээж амьдарлаа болгодог. С.Төмөрбаатар нь энд тэнд хар бор ажил хийж мөнгө олж гэр бүлээ тэжээдэг. Төмөрбаатар нь архи хэрэглэдэггүй тамхи татахгүй, элдэв муу зуршил байхгүй. Архи дарс ууж гэр бүлээ зовоодоггүй гэр бүлийнхээ төлөө л гэж байдаг. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх. Манай гэр бүл болон Төмөрбаатарын гэр бүлтэй маш сайн найзуудын харилцаатай байдаг ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху/, 8.Гэрч О.Алтанжаргалын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Төмөрбаатартай найз нөхдийн харилцаа холбоотой 2008 оноос эхэлж найзалж нөхөрлөж гэр бүлийн найзууд болсон. Ямар нэгэн элдэв зан ааш гаргаад байдаггүй төлөв дауухан хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй. Архи дарс тамхи хэрэглэдэггүй. Элдэв муу зуршилгүй хүнтэй эвтэйхэн харьцдаг эрхэлсэн ажилгүй ч гэсэн энд тэнд халтуур хар бор ажил хийж мөнгө олдог эхнэр Мягмаржаргал нь тодорхой ажилгүй энэ хоёр 4 хүүхэдтэй хүүхдүүд нь бага насны хүүхдүүд байдаг. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож гэр бүлээ зовоож байгаагүй. Энэ удаа харин яагаад ийм зүйл болсон талаар мэдэхгүй байна. Өвчин яриад байдаггүй гэр бүлээ гэсэн сэтгэлтэй залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг /хх-ийн 47-р ху/ 9.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны ойн ашиглалт, хяналт шалгалт, мэдээллийн сангийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Иргэн Төмөрбаатарын бэлтгэсэн модонд үзлэг хийхэд 2,7м-ийн урттай 54 ширхэг нарс, 2 ширхэг хус нийт 56 ширхэг мод байсан. Тус “56” ширхэг мод нь харагдах шинж байдлын хувьд түймэрт өртсөн, цаашид ургах чадваргүй, хуурай, өмх, хагарал ихтэй байгаа тул түлээний зориулалтаар ойн цэвэрлэгээний огтлолт болон ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэгдэх боломжтой мод” гэж дүгнэж байна. Модны хэмжээг бөөрөнхий мод, модон материалын эзэлхүүний хүрд “MNS 2379-2010” стандартын дагуу тооцоход 1.74м3 болж байна. Монгол Улсын стандарт Түлшний мод. Техникийн шаардлага “MNS 5413:2011” түлшний модыг тодорхойлоход дараах байдлаар тодорхойлно гэж заасан байна. Үүнд “өөрийн хэмжээ ба шинж чанараараа хэрэгцээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрдэх боломжгүй, бөөрөнхий буюу цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг түлшний мод” гэж заасан. Техникийн шаардлагын дагуу “түлшний мод”-ны нарийн үзүүр голч 6см болон түүнээс дээш бол уртыг 2.2м хүртэл “Тус 56 ширхэг мод нь техникийн шаардлагыг зөрчиж 2,7м-ийн урттайгаар” түлээний буюу түлшний мод бэлтгэсэн байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын “Ойн экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” 2009 оны 394 дугаар тушаалын 1-р хавсралтын дагуу дээрхи 1.74м3 модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож үзвэл 48.450 төгрөг болж байна. 2.Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3-т ...хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна гэж заасан тул Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Д.Энхтулга миний бие нөхөн төлбөр болон хохирлын хэмжээг тогтоох боломжгүй. 3.Иргэн С.Төмөрбаатарын мод бэлтгэсэн газар нь 3-р мужид хамаардаг, тусгай хамгаалалттай газар нутаг биш. 4.Бэлтгэсэн модны шинж байдлаар хаанаас, хэзээ бэлтгэснийг нарийвчлан тогтоох боломжгүй. 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бэлтгэсэн мод байж болно. 5.Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйлгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 53- 54-р ху/, 10.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №СЭА-66 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Золжаргалын ирүүлсэн тогтоолын дагуу 50-78 СЭҮ улсын дугаартай 1996 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 20112 онд Монгол улсад орж ирсэн “Hyundai porter” маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 05 дугаар сарын байдлаар 1.000.000 төгрөг болохыг тодорхойлов. гэх дүгнэлт, /хх-ийн 56-р ху/, 11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокуроын тогтоол, /хх-ийн 01-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-18-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 20-21-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 22-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 27-28-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 29-31-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 52, 55-р ху/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54, 56-р ху/, иргэний нэхэмжлэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 61-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 62-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай /хх-ийн 72-р ху шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 63-р ху/, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн акт, /хх-ийн 65-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх 70-71-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 68-69-р ху/, /, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 73-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх-ийн 74-84-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 89-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 90-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 91-р ху/, хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 93-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч С.Төмөрбаатар нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах уулын энгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 2,7м-ийн урттай, 1.74 м3 буюу 54 ширхэг нарс, 2 ширхэг хус нийт 56 ширхэг мод бэлтгэж, 50-78 СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 145.350 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримт болох гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хууль сануулан асуугдсан гэрч хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар нэг ширхэг модон иштэй төмөр хөрөө хураагдсан, 2,7м-ийн урттай, 1.74 м3 буюу 54 ширхэг нарс, 2 ширхэг хус нийт 56 ширхэг мод, 50-78 СЭҮ улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл тус тус битүүмжлэгдэн ирсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бууч овогтой Сүрэнжавын Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бууч овогтой Сүрэнжавын Төмөрбаатарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Төмөрбаатарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Төмөрбаатарт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч С.Төмөрбаатар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгуулийн ялаас нь хасч тооцсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар хавтаст хэргийн 20-р хуудсанд эд хөрөнгө битүүмжлэх Прокурорын тогтоолыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 50-78 СЭҮ улсын дугаартай “Hyundai” porter маркийн тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигч Чулууны Тэрбишэд олгож, шүүгдэгч С.Төмөрбаатараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан, мөн Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын журмын хашаанд битүүмжилсэн 2,7м-ийн урттай, 1.74 м3 буюу 54 ширхэг нарс, 2 ширхэг хус нийт 56 ширхэг мод зэргийг тус тус улсын орлого болгохыг /битүүмжилсэн тогтоолыг улсын орлого болгох хүртэл хэвээр байлгаж/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгосугай.

8. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон бариултай морин хөрөөг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Төмөрбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.НОЛХООСҮРЭН