| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03006/И |
| Дугаар | 102/ШШ2017/03225 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/03225
| 2017 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/03225
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 5 дугаар орц, 0 тоотод байрлах “Найдвар 29, 30” Сууц Өмчлөгчийн Холбоо /цаашид “СӨХ” гэх/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 235 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Сэр-Одын Жаргалсайхан /РД: ЧЛ53051998/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 689.030 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Найдвар 29,30” СӨХ-ны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ-ны харъяа 29 дүгээр байрны 235 тоотод оршин суугч С.Жаргалсайхан нь СӨХ-ны тавьсан шаардлагыг үл хүндэтгэн, нийт оршин суугчдын хуримтлалын мөнгөөр дээврийн, цанталтын, гэрэлтүүлэг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, жижүүр, үйлчлэгчийн цалин, подвол, сантехникийн засвар, бусад урсгал засварын төлбөрөө төлүүлж, бусад оршин суугчдын эрх ашгийг хохироож байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.Жаргалсайхан нь сүүлийн 3 жил тус хаягт амьдарч байгаа бөгөөд 2013 оны 8-12 сарын 53.150 төгрөг, 2014 оны 1-12 сарын 164.880 төгрөг, 2015 оны 1-12 сарын 162.180 төгрөг, 2016 оны 1-12 сарын 196.480 төгрөг, 2017 оны 1-6 сарын 112.340 төгрөг, нийт 689.030 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Шүүх хуралд оролцож чадахгүйг ойлгоно уу гэжээ.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Найдвар 29, 30” СӨХ нь хариуцагч С.Жаргалсайханд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 689.030 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан хэдий ч шүүхэд тайлбар, татгалзал гаргаагүй, шүүх хуралдаанын эзгүйд хийх хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч “Найдвар 29, 30” СӨХ нь оршин суугч С.Жаргалсайханаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардаж байна.
Хэрэгт авагдсан Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирсэн лавлагаа, хувийн хэргээр Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 235 тоот орон сууц нь Сэр-Одын Сайханжаргалын өмч болох нь тогтоогдлоо.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-д “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” гэж орон сууц өмчлөгчийн эрх үүргийг заасан бөгөөд хариуцагч С.Жаргалсайхан нь өмчлөгч биш байх тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй эсэх нь тодорхойгүй байна.
Иймд хариуцагч С.Жаргалсайханаас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 689.030 төгрөг гаргуулах “Найдвар 29, 30” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 21.086 төгрөг 70 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь заалтыг баримтлан хариуцагч С.Жаргалсайханаас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 689.030 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Найдвар 29, 30” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.086 төгрөг 70 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ