Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0542

 

Т өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч О*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Д.Н, гуравдагч этгээд С.Д, гуравдагч этгээд Ж.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 309 дүгээр шийдвэртэй, Т өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, О*******, У*******т тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тэнгис өргөө СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа:Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 1, 2 дугаар орцны 0 тоот өрөөг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын иргэн С.Д, Ж.Б******* нарт холбогдох хэсэг, мөн Орон сууц хувьчлах товчооноос С.Дд олгосон 0114543 тоот, Ж.Б*******д олгосон 0114544 тоот, гэрчилгээ болон орон сууц өмчлөх эрхийн Ж.Б*******ын нэр дээрх Ү-2202018398 тоот, иргэн Д.У*******ийн нэр дээрх Ү-2202018399 тоот улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын 6 дугаар байрны 1, 2 дугаар орцны 0 тоот өрөөнүүдийг Тэнгис өргөө СӨХ-ны хяналтын зөвлөлийн хүсэлт, зураг төсөл, үйлдвэрлэл, үйлчилгээний Г******* ХХК-ийн техникийн дүгнэлтийг үндэслэн 2011 онд Магадлан шинжлэх хэсэг үзлэг хийж дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас орон сууц эзэмших эрхийн бичиг олгогдож улмаар хувьчлагдсан байна. Иймд иргэн С.Д, Ж.Б******* нарт олгогдсон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах боломжгүй юм гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018399 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр С.Д бүртгэлтэй байсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай нотариатын гэрчилсэн орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн Д.У*******ийн өмчлөлд өмчлөх эрх шилжин бүртгэгдсэн байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018398 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 2 дугаар орцны 0 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр иргэн Д.Б******* бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна. Иймд дээрх хоёр орон сууцны эрхтэй холбоотой улсын бүртгэл нь хуулийн дагуу хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Б******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний авсан өрөө нь анх машины өрөөний талын хана нь нүхтэй түүгээр сэнсний салхи оруулах хэсэг нь цухуйсан, эсрэг талын хана нь торлосон дөрвөлжин нүхтэй түүгээр агаар соруулан авдаг цементэн шалтай, цахилгаан сантехникийн монтажгүй, байнга цоожтой байдаг 12 давхарын дээвэрт байрладаг 15 м.кв өрөө юм. СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн хамтарсан хурлаар хэлэлцээд 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1 тоот тогтоолоор дээрх 2 өрөөг олгосон юм.

Үүнийг СӨХ-ны ажилтануудад танилцуулахад эдгээр хүмүүсээс авах хүсэлтэй хүн гараагүй тул С.Д, дараа нь Х.Д******* нар хүсэлт гаргаж би өөрийн хөрөнгөөр монтажилж тохижуулж хүргэн Ж.Б*******ын нэр дээр ордер бичүүлсэн. Мөн Д******* ХХК зөвшөөрч, гүйцэтгэлийг шалгаад 2011 оны 09 дүгээр сарын 19-нд 01/285 тоотоор хувьчилж авахыг дэмжсэн юм. Хөндлөнгийн хяналтын Г******* ХХК шалгаад ...зөөсөн сэнс техникийн шаардлага хангаж байгаа, тохижуулсан өрөөг оффис болон орон сууцны зориулалтаар ашиглаж болно гэсэн дүгнэлт гаргасан.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгууллагддаг, холбогдох яам, газрын зохих мэргэжлийн 10 гаруй хүмүүсээс бүрддэг, орон сууц хувьчлах магадлан шинжлэх хэсгийн хүмүүс ирж шалгаад хувьчилж өгсөн гэжээ.

Гуравдагч этгээд С.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Тэнгис өргөө СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурал, хяналтын зөвлөлийн хурлаар 6 дугаар байрны техникийн өрөөнд байсан 1 ш агаар сорох сэнсийг лифтний машины өрөөнд барилга барьсан компаниар шилжүүлэн техник технологийн шаардлагыг бүрэн ханган угсарсан. Сэнс зөөсөн байгууллагын зургийг зураг төсвийн Гандирс Од ХХК-иар хийлгүүлсэн бөгөөд тус компани нь сэнс байсан өрөөг оффисын болон орон сууцны зориулалтаар ашиглаж болно гэсэн дүгнэлтийг гаргасан.

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөө нь техникийн өрөө биш 15 м2 талбай бүхий орон сууц юм. Тэнгис өргөө СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурал, хяналтын зөвлөлийн хурлын 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1 тоот тогтоолоор С.Дд олгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан Тэнгис өргөө СӨХ-ны гаргасан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 1, 2 дугаар орцны 0 тоот өрөөг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын иргэн С.Д, Ж.Б******* нарт холбогдох хэсэг, мөн Орон сууц хувьчлах товчооноос С.Дд олгосон 0114543, Ж.Б*******д олгосон 0114544 тоот гэрчилгээ болон орон сууц өмчлөх эрхийн Ж.Б*******ын нэр дээрх Ү-2202018398 тоот, иргэн Д.У*******ийн нэр дээрх Ү-2202018399 тоот улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг хангаагүй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд сууцны бус зориулалттай техникийн өрөөг хамааруулахаар заасан. Иймд энэ 2 техникийн өрөө дундын өмч бөгөөд 6 дугаар байр нь байр захиалагчдын хөрөнгөөр баригдсан хувийн өмчийн орон сууц болох нь хэрэгт бүрэн нотлогдсон бөгөөд энэ талаар талууд маргадаггүй.

Энэхүү 2 өрөө хувийн өмч учраас түүнийг Орон сууц хувьчлах тухай хууль болон Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолыг үндэслэн хувьчилсан нь хууль бус бөгөөд хувийн өмчийн халдашгүй байдалд халдсан байна. Хувьчлал гэдэг нь төрийн болон нийтийн өмчийг хувийн өмчид шилжүүлэх явдал бөгөөд хувийн өмч бусдын өмчлөлд бэлэглэл, худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжинэ.

Шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ тухайн асуудлын агуулга, гол мөн чанарыг огт хараагүй, зөвхөн хэлбэрийн байдалд үнэлэлт хийж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тухайн өмч хэний өмч байгаад хэний шийдвэрээр хэнд шилжсэн энэ нь хууль ёсны дагуу юу гэдэгт огт дүгнэлт хийгээгүй.

Тэнгис өргөө СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3-д заасны дагуу сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлдундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй. Гэтэл дээрх 2 өрөө буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувьчилснаар СӨХ-ны дундын өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх болон тухайн орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тэнгис-өргөө СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл тогтоолоороо СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор тус холбооны дарга С.Дагвыг нэг өрөөнд түр суулгах, нөгөө өрөөнд үйлчлэгч бусад ажилчдыг оруулж хөлсийг цалингаас суутган сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн байдлыг сайжруулах зорилготой шийдвэр гаргасан байхад орон сууц хувьчлах товчоо түүнийг тогтоолд нэр нь огт байгаагүй хүний өмчлөлд шилжүүл гэж яагаад ойлгосон байна вэ.

Шүүх мөн шийдвэртээ мэргэжлийн хяналтын байгууллагын бүрэлдэхүүнтэй болон дангаар гаргасан шинжээчдийн дүгнэлтүүд зөрүүтэй байх тул эдгээрээс 2015 оны 03 дугаар сарын 31 -ний өдрийн 07/104/03- А тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, тухайн 12 давхар байрны 13 давхарт байрлах техникийн өрөөний зориулалт нь юу вэ, зориулалтыг өөрчилснөөр ямар үр дагавар үүсэх магадлалтай вэ, яагаад техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглодог вэ гэдэгт ч шүүх дүгнэлт хийгээгүй. Зөвхөн одоо амьдарч байгаа энэ 2 өрөөг хэрхэн засаж янзалсан байна, энэ өрөөнүүдэд хүн амьдарч байгаа нь болох уу л гэдэг талаас харсан.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт энэхүү техникийн өрөөг орон сууц болгосонтой холбоотой мэргэжлийн байгууллагын 4 дүгнэлт байдаг. Үүнээс зөвхөн тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар л гарсан дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон.

Магадлан шинжлэх хэсэг хувьчлах орон сууцны хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах эрх хэмжээтэй учраас тухайн 2 өрөөнд хүн амьдарч болох эсэх талаар л дүгнэлт гаргасан.

Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжээч дангаар гаргасан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07/104/ОЗА тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн.

Гэтэл энэхүү дүгнэлт нь тухайн өрөөнүүдийн сэнсийг зөөж байрлуулсан
байдалд тусгай мэдлэгийн хүрээнд буюу барилгын норм, дүрмийн шаардлагад
хэрхэн нийцэж байгаа, Орон сууцны тухай хуулиар техникийн өрөөний
зориулалтын өөрчлөхийг хориглосон байхад яагаад энэхүү өөрчлөлт хийх
үндэслэлтэй талаар дүгнэлт хийгээгүй, дүгнэлтэд үндэслэл болгосон хуулийн заалтууд тухайн асуудалд холбогдолгүй байх тул шинжээчийн дүгнэлт үнэн зөв биш байна. Өөрөөр хэлбэл шинжээч дүгнэлтдээ Барилгын тухай хуулийн 16.7. Барилгын ажлын явцад анхны зураг төслөөс өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажил бүрт гүйцэтгэлийн зураг боловсруулж баталгаажуулна, 17.1.4. барилгын хөрөнгө оруулагч, захиалагч гүйцэтгэгчийн хүсэлтээр норм, дүрмийн шаардлагын хүрээнд зураг төсөлд өөрчлөлт оруулах ... эрх үүрэгтэй гэсэн заалтуудын дагуу Гандирис-Од ХХК -аар өөрчлөлтийн зураг төсөл, техникийн дүгнэлт гаргасан нь зөв байна гэжээ.

Гэтэл барилга 2008 онд ашиглалтад орсон байх тул барилгын ажлын явцад гэсэн 16.7 дахь заалт хамаарахгүй юм. Мөн Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйл нь Зураг төсөл зохиогчийн эрх үүргийг зааж зохицуулсан байх бөгөөд 6 дугаар байрны барилгын зураг төслийг зохиогч нь Конкансалтинг ХХК болох нь хавтаст хэрэгт авагдсан барилгын зураг төслөөр нотлогддог. Иймд Гандирис-Од ХХК зураг төсөлд оруулах эрхгүй байх тул шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байх бөгөөд энэхүү дүгнэлтийг үндэслэсэн шүүхийн шийдвэр ч мөн үндэслэлгүй юм. Техникийн өрөөний зориулалт өөрчлөхийг хуулиар хориглосон тул энэхүү хуулийн заалтыг зөрчсөн аливаа шийдвэр хууль бус юм.

Мөн шүүх шийдвэртээ Засгийн газрын тогтоолыг үндэслэн нэгэнт хувьчилсан байх тул хувьчилсан өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу нийтийн эзэмшлийн хэсэгт хамааруулах боломжгүй юм гэжээ.

Дээрх 2 өрөө нь барилгын зураг төслөөр тус байрны 13 давхарт цахилгаан шатны агааржуулалтын мотор байрлуулахаар төлөвлөгдөж баригдсан байдаг техникийн өрөөнүүд. Энэхүү мотор ч байрлаж байсан. Хуулиар яагаад техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглодог вэ. Энэ нь хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах хамгаалах зорилготой. Моторыг өөр өрөөнд шилжүүлснээр агааржуулалт ажиллахгүй байгааг мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид шалгаж тогтоогоод хууль зөрчигдсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүх түүнийг үнэлээгүй хэт нэг талыг барьсан. Мөн дээрх өрөөнүуд хууль бусаар хувьчлахаас өмнө дундын өмчлөлийн эд хөрөнгө байсан учраас л хувьчлал нь хууль бус юм. Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар иргэдийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл 6 дугаар байр нь төрөөс хувьчлагдаагүй болох нь төрийн өмчийн хороо болон нийслэлийн өмчийн газрын лавлагаа, С.Дагвын болон мөн хариуцагчийн тайлбар ч үүнийг нотолдог.

Мөн энэ тогтоолоор үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар ашиглаж болох боловч техникийн өрөө гэж заагаагүй. Үйлчилгээний өрөө, техникийн өрөөний зориулалт барилгын ашиглалтын хэвийн байдлыг хангах хэрэгцээ шаардлага нь ч огт өөр. Гэтэл шүүх техникийн өрөөний хувьчлалыг үйлчилгээний өрөөний хувьчлалд хамааруулан шийдвэрлэсэн нь мөн хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын 3-дЗасгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолыг үндэслэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын 6 дугаар байрны 0 тоот өрөөг хувьчлахыг зөвшөөрч, тогтоолын хавсралтад заасны дагуу иргэн С.Дд 1 дүгээр орцны 0 тоот, Ж.Б*******д 2 дугаар орцны 0 тоот өрөөг хувьчлан, мөн өдөр нь С.Дд 0114543, Ж.Б*******д 0114544 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус олгожээ.

Уг үйл баримтыг нэхэмжлэгч ...манай байрны техникийн өрөө нь оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгө байхад хууль бусаар өмчлөн авч, өмчлөгчдийн эрх ашгийг хохироосон гэж, хариуцагч ...уг 0 тоот өрөөнүүдийг Тэнгис өргөө СӨХ-ны Хяналтын зөвлөлийн хүсэлт, техникийн дүгнэлт, Магадлан шинжлэх хэсгийн үзлэг, дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас орон сууц эзэмших эрхийн бичиг олгогдож, улмаар хувьчлагдсан, үүний дагуу улсын бүртгэл нь хуулийн дагуу явагдсан тул тэдгээрт олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах боломжгүй гэж тус тус маргасан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримтыг цуглуулах үүрэг-ээ хангалтгүй биелүүлж, маргааны үйл баримтад чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, үнэлээгүй байх тул маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3, 12.4.5 дахь хэсгийн зохицуулалтаас үзвэл дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх эрх нь Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлд олгогдсон ба Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захиралд гэрээ байгуулах замаар хуульд заасан эрх, үүргээ шилжүүлж болохоор байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа Тэнгис өргөө СӨХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр тогтоол нь ...ажлын байранд ойрхон байлгах зорилгоор 1 дүгээр орцны 0 тоот өрөөг тухайн үед тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Дд эзэмшүүлэхээр, харин 2-р орцны 0 тоот өрөөг СӨХ-ны эдийн засгийг бэхжүүлэх зорилгоор түрээслэх, эсвэл гэр бүлээрээ амьдарч ажилладаг үйлчлэгчдийг байрлуулах байдлаар ашиглах нь зүйтэй...гэсэн, Орон сууц нийтийн аж ахуйн Дулаан өргөө ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/285, 01/286 дугаар албан бичгүүд нь өөрийн хөрөнгөөр тохижилт хийн амьдарч байгаа С.Дд 6 дугаар байрны 1 дүгээр орцны 13 дугаар давхрын 0-90, Ж.Б*******д 0-89 тоотыг эзэмших эрхийн бичиг олгохыг дэмжсэн...агуулгатай гарчээ.

Гэтэл шүүх ...төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлнэ... гэсэн Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоол нь төрөөс хувьчлагдаагүй 6 дугаар байрны хувьд хамааралгүй мэт боловч хэрэгт авагдсан нотлох баримт, бодит нөхцөл байдлаас үзэхэд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын 6 дугаар байрны 1, 2 дугаар орцны 0 тоот өрөө нь нь сууцны бус зориулалттай техникийн өрөө байх тул орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байна.

Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг байгууллага боловч маргаан бүхий актын улмаас тус Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсэн шүүхийн дүгнэлт ойлгомжгүй байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт орон сууц хувьчлах гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхээр заасан.

Иймд Улаанбаатар Захирагчийн ажлын албанаас 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн С.Дд олгосон 2011034 тоот, Ж.Б*******д олгосон 2011032 тоот орон сууц эзэмших эрхийн бичиг бичгүүд, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооноос 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор 6 дугаар хорооллын 6 дугаар байрны 1, 2 дугаар орцны 0 тоот өрөөнүүдийг хувьчилсан шийдвэрийг ямар үндэслэлээр гаргасан, үүнд холбогдох нотлох баримтуудыг гаргуулан авах нь зүйтэй байна.

Түүнчлэн 6 дугаар хорооллын 6 дугаар байр төрийн болон хувийн өмчийн алинд хамаарах, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо дээрх өрөөнүүдийг хувьчлах шийдвэр гаргах эрхтэй этгээд мөн эсэх, тухайн байрны 0 тоот техникийн өрөөнүүд төрийн болон нийслэлийн өмчид бүртгэлгүй байгаа тул хувьчилж болох эсэх, мөн маргаан бүхий актын үндэслэл болсон тус товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргуулан авч, мөн Улсын бүртгэлийн байгууллага ямар нотлох баримтуудыг үндэслэн тус өрөөнүүдийг улсын бүртгэлд бүртгэсэн болохыг тодруулсны эцэст эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

2. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д орон сууцны байрны техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно гэжээ.

Хэрэгт авагдсан Зураг төсөл, үйлдвэрлэл, үйлчилгээний Гандарис од ХХК-ийн захирал О.Цэдэнбаатарын 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 32/2009 тоот техникийн дүгнэлт, Магадлан шинжлэх хэсгийн 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 99 тоот дүгнэлтүүдээр, техникийн өрөөнд байсан сэнсийг шилжүүлэн байршуулсан нь хэвийн ажиллаж байгаа, уг сэнс байршуулж байсан өрөөг СӨХ-ны оффис болон орон сууцны зориулалтаар ашиглаж болох талаар дүгнэлт өгсөн байна.

Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид ...1,2 дугаар орцны 0 тоот техникийн өрөөнүүдийн зориулалтыг өөрчилж, мөн тэнд байрлаж байсан лифтний сэнсийг зөөвөрлөн шилжүүлсэн нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн учир ажлын зураг төсөлд зааснаар агаар сэлгэх төхөөрөмжүүдийг угсарч лифтний машины өрөөг чөлөөлөн засвар хийх боломжоор хангуулах талаар 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 02-07081/1935 тоот дүгнэлт гаргасныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчдийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07/104/03 тоот дүгнэлтээр үндэслэлтэй гэж, харин дээрх шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд орсон барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Санжмятав зөрүүтэй дүгнэлт гаргажээ.

Гэтэл шүүх Мэргэжлийн хяналтын байгууллагын бүрэлдэхүүнтэй болон дангаар гаргасан дүгнэлтүүдээс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гаргасан 07/104/03-А тоот буюу Д.Санжмятав шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч энэ дүгнэлтийг яагаад үндэслэлтэй гэж үзэх болсон, мөн дээрх дүгнэлтүүдийг үндэслэлгүй гэж үзсэн талаар няцаалт хийгээгүй, өөрөөр хэлбэл дүгнэлтүүдийн зөрүүг арилгаагүй нь хэргийг нэг мөр шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Мөн 0 тоот техникийн өрөөнд байршиж байсан сэнсний төхөөрөмжийг лифний засварын өрөөнд шилжүүлэн байршуулах болсон үндэслэл, энэ тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрлийг авсан эсэхийг тодруулах байжээ.

Дээр дурьдсан нөхцөл байдлын улмаас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.188 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН