Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 66

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Иргэдийн төлөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч П.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүн нарийн овогт Пүрэвсүрэнгийн Даваадоржид холбогдох эрүүгийн 201615000145 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-5, ээж дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр баг "Өлзийт хошуу" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Гүн нарийн овогтой Пүрэвсүрэнгийн Даваадорж, /РД: ЙД87120119/

Шүүгдэгч П.Даваадорж нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үл ялих зүйлээр шалтаглан Н.Ариунбатыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө олон нийтийг илтэд үл хүндэтгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Өсөхжаргалын нүүрэн хэсэгт заазуураар 3 удаа зүсч, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Даваадорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын төв орсон. Суманд тоглолт ирнэ гээд тоглолт үзэх гэж орсон юм. Сумын төв ороод Баттулга, Өлзийжаргал хоёртой  таарсан. Тэгээд тоглолт үзэх гээд явж байсан чинь Н.Ариунбаттай таарсан. Н.Ариунбат нь манай хүргэн тухайн үед архи уусан согтуу явж байсан. Тэгээд би миний мотоциклийг унаад яв, харьж унт гээд мотоциклио өгөөд явуулсан. Тоглолт үзчихээд бид нар 2 пиво уусан. Тэгээд ирсэн чинь Н.Ариунбат хаалган дээр байсан. Тэгээд би мотоцикль яасан гэсэн чинь цагдаад хураалгасан гэсэн. Тэгээд би мотоцикль авч ир гэсэн чинь чадахгүй гээд байхаар нь нэг цохисон чинь газар унасан. Тэгэхээр нь би нэг өшиглөсөн. Тэгээд Ариунбат гэр рүү орсон. Б.Өсөхжаргал, Чинзориг хоёр маргалдаад байхаар нь хэдэн үг хэлсэн чинь чамд хамаагүй та нар амжихгүй шүү дээ гээд байсан. Тэгээд үүнээс болоод Б.Өсөхжаргал эхлээд намайг тонгорч унагаад босгохгүй хоолой боогоод байхаар нь тавьчих гэсэн чинь тавихгүй чихнээс хазаад байсан. Тэгээд би гэр рүү гүйж ороод заазуур авч гарч ирсэн. Тэгсэн Б.Өсөхжаргал намайг шууд унагаасан. Тэгээд нэг мэдсэн эмнэлэг оръё та намайг яаж байгаа юм гээд байсан. Тэгээд бид нар Өсөхжаргалыг эмнэлэгт хүргэж өгсөн. Хохиролд Н.Ариунбатад 700000 төгрөг, Б.Өсөхжаргалд 3091000 төгрөг тус тус төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Хохирогч Б.Өсөхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр би Батжаргалын мотоциклийг унаад Батжаргал миний араар сундлаад бид хоёр сумын төв орсон. Богд сумын төв орчихоод би ээжийнхээрээ орсон. Тэгээд тэндээс гараад Батжаргал бид хоёр Жанцадмид гэдэг айлынд хашааны гадаа 11 цагийн орчимд мотоцикльтойгоо очсон. Тэдний гадаа очихдоо Өлзийжаргал, Баттулга хоёртой таарсан. Манай айлын Өлзийжаргал надаас өмнө сумын төвд ирсэн байсан юм байна лээ. Тэгээд Өлзийжаргал, Баттулга, Батжаргал бид нар Жанцадмидын гадаа 2 мотоцикльтой яваад очсон чинь араас П.Даваадорж, Чинзориг хоёр мотоцикльтой хүрээд ирсэн. Тэгээд П.Даваадорж бид нар дээр ирэнгүүт ямар ч үгийн зөрөөгүй миний нүүрэн тус газарт гараараа цохиод авсан. Би тэгэхээр нь уурлаад Даваадоржийг яагаад байгаа юм бэ гэж хэлээд, барьж аваад хавсарч унагаагаад дээр нь гараад суусан. Гэтэл Даваадорж хөлөөрөө миний нүүр лүү тийрсэн чинь миний хамраас цус гарсан. Би тэгэхээр нь зөрүүлээд Даваадоржийн чихийг нь хазаад авсан. Тэгээд бид хоёр салсан чинь Даваадорж Жанцадмид гэж айл руу гүйгээд орчихсон юм. Тэгэхээр нь би хамт явсан хүмүүстэйгээ хамраас гоожсон цусаа арилгах гээд хашааных нь гадаа сууж байсан чинь, Даваадорж тэр айлаас заазуур барьж ирээд миний араас дагз руу барьж явсан заазуураараа цохиод авсан, гэтэл би сөхрөөд унасан чинь мөрөн дээрээс барьж аваад татаж байгаад нүүр лүү заазуураараа цохиод авсан тэгээд би ухаан алдсан. Тэгээд юу болсон талаар мэдээгүй, нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Намайг сэрэхэд шөнө 03 цаг болж байгаа болтой байсан. Өөр зүйл болоогүй. Сүүлд нь салчихсан байхад айлаас заазуур авч ирээд намайг цохиж авч биед гэмтэл учруулсан. Бид хоёр урьд нь маргаж байгаагүй, өс хонзонтой зүйл байхгүй. Даваадорж бол биедээ гэмтэл аваагүй. Би Даваадоржид зодуулснаасаа болж толгойн ар болон дагз, шилэн хүзүүндээ 2 газарт зүсэгдсэн шарх авч олон оёо тавиулсан. Мөн зүүн нүднийхээ зүүн талд дээрээс доошоо уруудсан 8 см орчим зүсэгдсэн шарх авч оёо тавиулсан. Хамрын баруун хэсэг, баруун талынхаа хацарны доод хэсэгт хөндлөн 6 см орчим зүсэгдсэн шарх авч оёо тавиулсан зэрэг гэмтлүүд авсан. Тэгээд Богд сумын эмнэлэгт 2 хоног, аймгийн эмнэлэгт 6 хоног тус тус хэвтэж эмчлүүлсэн. Намайг Даваадоржоос өөр хүн зодоогүй, бид нар согтууруулах ундаа бүгдээрээ л хэрэглэсэн байсан. Батжаргал бид хоёр пиво уусан болохоор эрүүл шахуу байсан, харин Даваадорж, Чинзориг, Өлзийжаргал, Баттулга нар нилээн согтуу байсан. Би зүгээр байж байгаад биедээ гэмтэл авсандаа гомдолтой байна, эмчилгээний болон бусад зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна...” /хх-ийн 25 хуудас/,

Хохирогч Б.Өсөхжаргалын мөрдөн байцаалтанд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ, Даваадоржийг Батжаргал, Өлзийжаргал хоёрыг цохиж авсан талаар яриагүй байна лээ. Даваадорж мотоцикльтой ирээд эхлээд Батжаргалыг цохиод авсан. Тэгэхээр нь би салгасан чинь намайг цохиод авсан. Тэгэхээр нь бид хоёр барилцаад авсан чинь хажуугаас Өлзийжаргал бид хоёрыг салгах гээд ороод ирсэн чинь Даваадорж Өлзийжаргалыг цохиж аваад, барилцаад авсан. Тэгээд тэр хоёрыг маргаад байхаар нь би Чинзоригтой хашааны үзүүрт очоод тамхи татчихаад буцаад ирсэн чинь Өлзийжаргалтай Даваадорж дахиад барилцаад авах гээд байхаар нь би очоод салгасан чинь өөдөөс дайраад байсан. Тэгээд бид хоёр барилцаад авсан юм. Би Даваадоржийг тонгорч унагаасан чинь өөдөөс тийрээд хамраас цус гаргасан. Тэгэхээр нь чихнээс нь хазсан юм. Тэгээд би цусаа арилгах гээд Даваадоржоос салаад тонгойгоод зогсож байсан чинь араас Даваадорж заазуураар хэд хэдэн удаа цохисон. Би Даваадоржид цохиулаад газар унасан. Тэгээд босож ирээд Даваадоржийг барьж аваад дээр нь гараад сууж байсан чинь Өлзийжаргал, Баттулга хоёр салгаад намайг эмнэлэгт авчирсан. Тэр үед би Даваадоржид цохиулснаасаа хойш болсон юмыг сайн санахгүй байгаа юм. Орж гараад байгаа юм. Ухаан алдсан байсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

Хохирогч Н.Ариунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2016 оны 04 дүгээр сарын 21-нд 20 цагийн орчимд тоглолт үзэх гээд явж байсан чинь сумын төвийн гол гудамжинд Даваадорж, Чинзориг хоёртой таараад Даваадорж надад мотоциклио орхиод Чинзоригтой сундлаад явсан. Би Даваадоржийн мотоциклийг унаад Соёлын төвийн авто зогсоол дээр ирсэн чинь хэсгийн төлөөлөгч намайг согтуу байна гээд мотоцикль журамлачихсан. Тэгээд би тоглолт үзчихээд гараад Батмөнх ахтай сундлаад гэртээ хүргүүлсэн чинь Даваадорж хашааны гадаа байснаа надаас мотоцикль яав гэж асуухаар нь цагдаад хураалгачихлаа гэсэн чинь намайг шууд татаж унагаагаад толгой руу нэг удаа өшиглөөд дэвссэн. Батмөнх ах Даваадоржийг надаас салгахаар нь би гэртээ ороод нүүр гараа угаачихаад хашаа даваад зугтаад айлд очиж хоноод өглөө боссон чинь нүүр битүү хавдчихсан байсан. Хамар хугарсан. Гэмтэл аваагүй, Одоо биеийн байдал гайгүй байгаа. Өвөрхангай аймаг руу явж эмнэлэгт 5 хоног үзүүлээд ирсэн. Зохих эмчилгээний зардал 609.000 төгрөг өгвөл гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,

Гэрч С.Батмягмарын мөрдөн байцаалтанд өгсөн: "... Богд сумын иргэн Бадамхандын Өсөхжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шөнө 0024 цагт Богд сумаас БОЭТөв-ийн гэмтлийн тасагт ирж хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тэгээд 2016 оны 04 сарын 29-ны өдөр эмнэлгээс гарсан. Тухайн хүний биед нүүрэн хэсэгт нилэнхүйдээ зүсэгдсэн шархтай байсныг оёдол тавьсан байсан. Ясандаа бол хүрээгүй байсан. Би 4 хоног хэвтэхэд эмчлэгч эмч нь байсан юм. Өсөхжаргалын биед нүүр хэсэг зүсэгдсэн шархтай, толгойн ар хэсэгт зүсэгдсэн шархтай байсан ба толгой нь доргилттой байсан өөр ямар нэгэн гэмтэлгүй байсан. Иргэн Өсөхжаргалын биед учирсан гэмтэл шарх нь шинэ гэмтэл шарх байсан. Тухайн маргааны үед заазуурдуулсан гэх шарх байсан. Хуучин шарх бол байгаагүй. Иртэй зүйлээр зүсэгдсэн шарх байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 хуудас/,

Гэрч Б.Ганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 04 сарын 22-ны шөнийн 01 цагийн орчимд эмнэлгээс хүнд зодуулчихсан хүн ирлээ гэсэн дуудлагын дагуу эмнэлэг дээр ирэхэд Өсөхжаргал гэгч нь зүүн гар талын хөмсөгнөөс доош 7см орчимд иртэй зүйлээр зүсэгдсэн. Мөн хамрын самалдагнаас дээд уруул хамтдаа 6 см орчим иртэй зүйлээр зүсэгдсэн. Мөн арын дагзны хэсэгт икс хэлбэрийн тус бүрийн 6 см орчим иртэй зүйлээр зүсэгдсэн. Цус их алдсан биеийн байдал хүнд шоконд орчихсон ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76 хуудас/,

Гэрч А.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай гэр Богд суманд хөдөө байдаг юм. Би сумын төвд эмнэлэгт үзүүлэх гээд айлд байж байхад манай нөхөр хөдөөнөөс Баттулгатай хамт сумын төвд тоглолт үзэх гээд ирсэн.  Тэгээд Баттулга, Өлзийжаргал хоёр тоглолт үзчихээд гэрт орж ирээд хөдөө явна гээд гарсан. Тэр үед хашааны гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гарсан чинь Батжаргал, Даваадорж, Өлзийжаргал, Өсөхжаргал, Баттулга нар байсан. Маргаад байгаа бололтой байхаар нь би гэртээ буцаад орсон. Юу болсон талаар огт мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/,

Гэрч А.Өлзийжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 04 дүгээр сарын 21-ний орой нар жаргах үед хөдөөнөөс Баттулгатай хамт сумын төвд ирээд Даваадоржтой төв дээр таараад Даваадорж, Баттулга бид хоёрыг пиво аваад өг гэхээр нь бид хоёр 1.6 литрийн пиво тус бүр нэгийг авч өгчихөөд сумын соёлын төв орж тоглолт үзчихээд гараад сумын төвийн гол гудамж өгсөөд явж байсан чинь Батжаргал, Өсөхжаргал хоёртой таарсан чинь тэр хоёр хөдөө явах гэж байгаа гэхээр нь бид хоёр хамт явахаар болоод хойшоо Даваадоржийн эмээгийн хашаанд очсон чинь араас Даваадорж ганцаараа мотоцикльтой ирж зогсоод Өсөхжаргал, Батжаргал хоёрыг цохихоор нь би боль яах гээд байгаа юм гээд дундуур нь ортол намайг шанаа хэсэгт 1 удаа гараараа цохихоор нь салгахаа больчихсон чинь Даваадорж Өсөхжаргалтай барилцаж аваад дээр доороо ороод ноцолдож байгаад Даваадорж хашаа руу орсон. Чинзориг Өсөхжаргалтай уулзаад зогсож байсан чинь Даваадорж хашаанаас гарч ирээд Өсөхжаргалын толгой руу цохих шиг болсон. Тэгсэн чинь Өсөхжаргал толгойгоо бариад доошоо суучихаар нь би наанаас нь явсан чинь Чинзориг миний өмнөөс ирээд намайг бариад авахаар нь би дугтарчихаад Өсөхжаргал дээр очсон чинь нүүр ам нь нил цус болчихсон байсан. Тэнд Баттулга, Батжаргал, Даваадорж, Чинзориг бид хэд байсан Өсөхжаргал, Даваадорж хоёр хэрэлдэж муудалцсан зүйл болоогүй. Даваадорж шууд ирээд Өсөхжаргалыг цохисон. Эхлээд Даваадорж ирээд Өсөхжаргал Батжаргал 2-ыг цохихоор нь боль гээд дундуур нь ортол намайг цохисон. Өсөхжаргал Даваадоржийг цохиогүй. Даваадорж хашаанаас гарч ирээд Өсөхжаргалын толгой руу нэг удаа цохисон чинь Өсөхжаргал доошоо суусан чинь дахиад 2 удаа цохьчих шиг болсон. Тэгээд би очсон чинь араас Баттулга ирээд Даваадоржийн гараас заазуурыг нь салгаад хашаа давуулаад чулуудсан гэсэн. Өсөхжаргалын биенээс цус их гарсан ёолоод хэвтэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-80 хуудас/,

Гэрч Г.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2016 оны 04 дүгээр сарын 21-ний орой нар жаргахаас өмнөхөн Өлзийжаргалын хамт сумын төв орж тоглолт үзчихээд гараад сумын гол гудамжинд Батжаргал, Өсөхжаргал хоёртой таарсан чинь тэр хоёр хамт явъя гэхээр нь Өлзийжаргал, Өсөхжаргал, Батжаргал бид дөрөв Даваадоржийн эмээгийн хашааны гадаа очтол, араас Чинзориг, Даваадорж 2 мотоцикльтой ирэхээр нь Өлзийжаргал бид хоёр гэрт орчихоод гараад ирсэн чинь гадаа Батжаргал, Даваадорж хоёр хоорондоо барилцаад авчихсан зогсож байсан. Хажууд нь Өсөхжаргал, Чинзориг, Өлзийжаргал нар байсан. Тэгээд гадаа орилолдоод байхаар нь гарсан чинь Даваадорж Өсөхжаргалыг заазуурдсан байдалтай байсан. Өсөхжаргалын гарт заазуур байхаар нь аваад хашаа давуулаад шидсэн. Өсөхжаргал үхэхнээ гээд газар сөхрөөд суучихсан байхаар нь очсон чинь нүүр нь нэл цус болчихсон байхаар нь Өлзийжаргалын хамт дундаа тавиад эмнэлэг орсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 хуудас/,

Гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2016 оны 04 дүгээр сарын 21-ний орой хурга, ишгээ тавьчихаад саахалт айлын Өсөхжаргалын хамт сумын төв орж тоглолт үзчихээд гараад сумын гол гудамжинд Баттулга, Өлзийжаргал хоёртой таарсан чинь хамт явъя гэхээр нь Өсөхжаргал бид хоёр Даваадоржийн эмээгийн хашааны гадаа очтол араас Баттулга, Өлзийжаргал хоёр ирээд хөдлөх гэтэл Даваадорж мотоцикльтой ганцаараа ирээд намайг заамдаад авахаар нь би цааш нь түлхсэн чинь намайг түлхдэг хэн бэ гээд дахиад намайг барьж авах гэсэн чинь Өсөхжаргал дундуур ороод боль гэж хэлсэн чинь Даваадорж Өсөхжаргалд хандан чи миний дундуур ордог хэн бэ гээд барилцаад авахаар нь би мотоциклио орхиж яваад төвийн гэрээсээ илүү түлхүүрээ аваад мотоциклио асаагаад төвийн гэртээ хоносон. Өсөхжаргал намайг өмөөрснөөс болж тэр хоёр маргасан. Тэгээд барилцаад авсан. Би яваад өгсөн юм. Намайг Даваадорж нэг удаа шанаан тус газар цохиж авсан. Гэхдээ надад гэмтэл учраагүй. Өлзийжаргалыг Даваадорж цохиж авсан талаар мэдэхгүй. Даваадорж миний шанаанд цохиж авсан. Миний биед гэмтэл учраагүй гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84 хуудас/,

Гэрч М.Чинзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Даваадорж хүний мотоцикль гуйж унаад би өөрийнхөө мотоциклийг унаад Даваадоржийн эмээгийн хашааны гадаа очсон чинь тухайн хашааны гадаа Өсөхжаргал, Өлзийжаргал, Баттулга, Батжаргал дөрөв хоёр мотоцикльтой байсан. Би даваадоржоос сүүлд нь тэр хэд дээр очсон юм.Би тэнд очиход Өсөхжаргал Даваадорж хоёр барилцаад авсан байсан. Гэтэл Өлзийжаргал салгах гээд тэр хоёрын дундуур нь орж байгаа харагдсан. Тэгээд Өсөхжаргал, Даваадорж хоёрыг салангуут нь Өсөхжаргал бид хоёр хашааны буланд очиж тамхи татсан юм. Тэр үед Өлзийжаргал, Даваадорж 2 маргалдаад байсан. Өсөхжаргал бид хоёр тэгэхээр нь буцаад очсон чинь Өсөхжаргал нь Даваадорж Өлзийжаргал 2-ыг салгасан чинь Даваадорж Өсөхжаргал руу дайраад тэр 2 барилцаад авсан. Тэр үед нь би мотоциклийн хажууд байсан. Өсөхжаргал, Даваадорж хоёр жаахан ноцолдож байгаад салсан. Даваадорж Өсөхжаргалаас салчихаад хашаа руу гүйгээд орсноо буцаад удалгүй гүйгээд гарч ирээд Өсөхжаргал дээр очиж байгаа харагдсан. Гэтэл Өсөхжаргал орилоод унасан. Тэгээд тэр хоёр дээр доороо ороод ноцолдсон. Өсөхжаргалыг Даваадорж заазуураар цохиж авахыг нь би хараагүй. Тэр үед харанхуй байсан болохоор би мотоциклийн хажууд зогсож байсан юм. Тэр хоёрыг Өлзийжаргал, Баттулга хоёр салгаад Өсөхжаргалыг эмнэлэг аваад явж байгаа бололтой байсан. Би дараа нь жаахан байж байгаад эмнэлэг орж Өсөхжаргал дээр очсон чинь нүүр ам нь нил цус болсон харагдаж байсан. Би согтуу байсан болохоор Өсөхжаргал Даваадорж хоёрыг яагаад маргалдаж зодоон хийх болсон талаар  нь мэдэхгүй. Би тухайн үед Өсөхжаргалтай маргалдаагүй." гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Жинжиймаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө манай хашааны гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Би гэртээ эгчтэйгээ хамт байж байгаад унтсан. Тэгээд өглөө босоод цайгаа уучихаад жаахан байж байгаад хичээлдээ явсан. Тэр өдөр манай Даваадорж ах орж ирэх нь ирсэн. Манай гэрээс заазуур авсан талаар мэдээгүй. Би Даваадорж ахыг заазуур авч байхыг нь хараагүй. Мөн хашаан дотор заазуур байхыг хараагүй. Гэр янзалж байхдаа заазуур анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тэр шөнө хашааны гадаа болсон асуудлыг огт мэдээгүй. Шөнө унтах гэж байхдаа гэрээс гарахад Даваадорж ах согтуу байхаар нь толгой дээр нь ус хийж өгсөн юм. Өөр бол юу болсон талаар мэдэж хараагүй. Харанхуй байсан болохоор Даваадорж ах ганцаараа байгаа юм шиг харагдсан. Би тэгээд унтсан. Тэр өдөр Даваадорж ах манайд орж ирсэн. Манай гэрээс заазуур авсан талаар мэдээгүй. Заазуур авч байхыг нь хараагүй. Маргааш нь манайхаас цагдаа нар болон Даваадорж ах хэдэн хүнтэй орж ирээд заазуур асуугаад байсан. Би Даваадорж ахыг заазуур авч байхыг нь хараагүй. Мөн хашаан дотор ч заазуур байхыг хараагүй. Маргааш нь и өглөө босоод шууд хичээлдээ явсан. Би хичээлдээ явахдаа заазуураа тогооны саванд байгаа эсэхий үзээгүй. Урд орой нь гурил хэрччихээд тогооны саванд хийсэн. Харин маргааш өдөр нь манай заазуур байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88 хуудас/,

Гэрч Х.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: "... 2016 оны 04 дүгээр сарын 21-ний 23 цаг өнгөрч байсан байх сумын төвийн соёлын төвд тоглолт үзчихээд гарсан чинь Ариунбат намайг төвийн гэрт хүргээд өг, харьж амармаар байна жаахан юм уучихлаа гэхээр нь би Ариунбатыг сундлаад сумын төвийн гэрийнх нь хашааны үүдэнд буулгаж өгсөн чинь Даваадорж хашааны гадаа байсан. Би явах гээд мотоцикльтой гудамжинд эргэж байсан чинь Ариунбатыг Даваадорж барьж аваад өшиглөж байхаар нь би зогсоод мотоциклио данхраадаж тавьчихаад очиж салгасан чинь Ариунбат Даваадоржийн доороос гараад хашаа руугаа орсон. Тэгээд удалгүй Даваадорж хашаа руу Ариунбатын араас орсон. Би тэгээд л хөдөлсөн өөр зүйлгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 90 хуудас/,

Гэрч З.Адъяацоодолын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай дүү Даваадорж уул нь архи, дарс хэрэглээд байдаггүй юм. Ээж хэдэн дүү нартайгаа хамт хэдээн мал маллаж гэртээ байдаг ажилсаг залуу байгаа юм. Тэгж нэг их гадуур тэнээд хэрэг зөрчилд холбогдоод байх хүн биш. Яагаад ийм зүйл болсон талаар ойлгохгүй байна. Өсөхжаргалтай бол бүр ч маргаад байх хүүхэд биш. Даруухан, ажилсаг, хүнтэй эвсэг харьцдаг, тусархуу, өрх толгойлсон хүн байгаа юм. Хүнтэй маргаад золдолдож байхыг нь хараагүй. Манай дүү хэрэг төвөг хийж шалгагдаж байсан удаагүй, нутгынхаа хүмүүсийн дунд, төрөл садангийнхандаа нэр хүнд сайтай хүн байгаа юм. Би зан байдлынх нь талаар сайн мэднэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 129 хуудас/,

Гэрч Ц.Пүрэвхорлоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нутгийн хүүхэд болох П.Даваадорж нь их даруухан хүн. Яагаад ийм асуудалд орсон талаар ойлгохгүй байна. Миний мэдэхийн гадуур тэнээд байдаггүй, архи уудаггүй, хүнтэй эвсэг, яриа хөөрөө сайтай хүн байгаа юм. Хүнтэй маргаж хэрэлдсэн л гэж сонсогдож байгаагүй. Ээж, хэдэн дүү нартайгаа мал маллаж амьдардаг, хүнд тусархуу залуу байгаа юм. Урд нь хэрэг төвөг хийж шалгагдаж байсан удаа байхгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй сайн хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130 хуудас/,

Гэрч Ю.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Даваадорж нь төлөв даруухан зантай, хүнтэй маргалдаад хэрэг зөрчил гаргаад байдаггүй. Хааяа жаахан архи дарс уудаг байх. Гэхдээ согттол уугаад хүнд агсам согтуу тавиад байдаг хүн биш. Нутгийн иргэд болох ах дүүсийнхээ дунд нэр хүнд сайтай, ажилсаг, яриа хөөрөө сайтай хүн байгаа юм. Хөдөө мал маллаж амьдардаг. Хүмүүстэй нийлээд хэрэг зөрчил гаргаад байдаггүй, хүнд тусархуу хүн. Тэгж хүн зодоод танхайраад байхааргүй хүн байгаа юм. Урд нь хэрэг зөрчил огт гаргаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131 хуудас/,

Шинжээч эмч Ц.Халтархүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би хохирогч Өсөхжаргалын биед учирсан гэмтэлд дүгнэлт гаргасан. Өсөхжаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсанд дүгнэлт гаргасан. Өсөхжаргалын биед учирсан гэмтэл нь эмчилгээнээс шалтгаална. Ердийн явцад эдгэрч бүдгэрэх сорви. Нүүрний хэлбэрийг, дүр төрхийг алдагдуулаагүй сорви байна ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148 тоот шинжээчийн: “...1.Б.Өсөхжаргалын биед тархины доргилт, хамрын ясны хугарал, зүүн шанаа, 2 хацар, ар дагзны хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтэл нь иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. б.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 96 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 171 тоот шинжээчийн: “...1.Б.Өсөхжаргалын биед баруун шанааны сорви бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтэл нь иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. б.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 100 хуудас/

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210 тоот шинжээчийн: “...Ш.Ариунбатын биед хамрын таславчийн мурийлт, элэгний капсул доорх цус хуралт, нүүрний зулгаралт, нүүр хүзүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 110 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 1 хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 хуудас/,

Б.Өсөхжаргалын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 11 хуудас/,

Н.Ариунбатын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 хуудас

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/,

Б.Өсөхжаргалын өвчний түүх /хх-ийн 31-40/,

Амбулатори поликлиникээр үйлчлүүлэгчийн карт /хх-ийн 41 хуудас/,

Н.Ариунбатын өвчний түүх /хх-ийн 46-56, 58-66 хуудас/,

Шүүгдэгч П.Даваадоржийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 123/, Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 124/, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаартай албан бичиг /хх-ийн 126/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2015 оны тооллого /хх-ийн 128/,

Хохирогч Н.Ариунбатын шүүхэд ирүүлсэн “Миний бие П.Даваадоржоос хохиролд 700000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.”, хохирогч Б.Өсөхжаргалын шүүхэд ирүүлсэн “Уг хэргийн холбогдогч П.Даваадоржоос эмчилгээний болон бусад зардалд нийт 3091000 төгрөг авч хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Даваадорж нь Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цагийн үед согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж үл ялих зүйлээр шалтаглан Н.Ариунбатыг зодож бие махбодид нь хөнгөн  гэмтэл санаатай  учруулж танхайрсан,

 Мөн Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 2016 оны 04 дүгээр сарын 22-нд шилжих шөнө бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, үл ялих зүйлээр шалтаглан Б.Өсөхжаргалын нүүрэн хэсэгт заазуураар 3 удаа зүсч, бие махбодид нь хөнгөн  гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Өсөхжаргалын “…П.Даваадорж бид нар дээр ирэнгүүт ямар ч үгийн зөрөөгүй миний нүүрэн тус газарт гараараа цохиод авсан. Би тэгэхээр нь уурлаад Даваадоржийг яагаад байгаа юм бэ гэж хэлээд, барьж аваад хавсарч унагаагаад дээр нь гараад суусан. Гэтэл Даваадорж хөлөөрөө миний нүүр лүү тийрсэн чинь миний хамраас цус гарсан. Би тэгэхээр нь зөрүүлээд Даваадоржийн чихийг нь хазаад авсан. Тэгээд бид хоёр салсан чинь Даваадорж Жанцадмид гэж айл руу гүйгээд орчихсон юм. Тэгэхээр нь би хамт явсан хүмүүстэйгээ хамраас гоожсон цусаа арилгах гээд хашааных нь гадаа сууж байсан чинь Даваадорж тэр айлаас заазуур барьж ирээд миний араас дагз руу барьж явсан заазуураараа цохиод авсан, гэтэл би сөхрөөд унасан чинь мөрөн дээрээс барьж аваад татаж байгаад нүүр лүү заазуураараа цохиод авсан тэгээд би ухаан алдсан. Тэгээд юу болсон талаар мэдээгүй, нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Намайг сэрэхэд шөнө 03 цаг болж байгаа бололтой байсан” /хх-ийн 25, 28/,  хохирогч Н.Ариунбатын “…би тоглолт үзчихээд гараад Батмөнх ахтай сундлаад гэртээ хүргүүлсэн чинь Даваадорж хашааны гадаа байснаа надаас мотоцикль яав гэж асуухаар нь цагдаад хураалгачихлаа гэсэн чинь намайг шууд татаж унагаагаад толгой руу нэг удаа өшиглөөд дэвссэн. Батмөнх ах Даваадоржийг надаас салгахаар нь би гэртээ ороод нүүр гараа угаачихаад хашаа даваад зугтаад айлд очиж хоноод өглөө боссон чинь нүүр битүү хавдчихсан байсан. Хамар хугарсан” /хх-ийн 43/, гэрч С.Батмягмарын "...Богд сумын иргэн Бадамхандын Өсөхжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шөнө 00 цагт Богд сумаас БОЭТөв-ийн гэмтлийн тасагт ирж хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тэгээд 2016 оны 04 сарын 29-ны өдөр эмнэлгээс гарсан. Тухайн хүний биед нүүрэн хэсэгт нилэнхүйдээ зүсэгдсэн шархтай байсныг оёдол тавьсан байсан. Ясандаа бол хүрээгүй байсан. Би 4 хоног хэвтэхэд эмчлэгч эмч нь байсан юм. Өсөхжаргалын биед нүүр хэсэг зүсэгдсэн шархтай, толгойн ар хэсэгт зүсэгдсэн шархтай байсан ба толгой нь доргилттой байсан. Өөр ямар нэгэн гэмтэлгүй байсан. Иргэн Өсөхжаргалын биед учирсан гэмтэл шарх нь шинэ гэмтэл шарх байсан. Тухайн маргааны үед заазуурдуулсан гэх шарх байсан. Хуучин шарх бол байгаагүй. Иртэй зүйлээр зүсэгдсэн шарх байсан..." /хх-ийн 74-75/, гэрч Б.Ганбаярын: "...Өсөхжаргал нь зүүн гар талын хөмсөгнөөс доош 7см орчимд иртэй зүйлээр зүсэгдсэн. Мөн хамрын самалдагнаас дээд уруул хамтдаа 6 см орчим иртэй зүйлээр зүсэгдсэн. Мөн арын дагзны хэсэгт икс хэлбэрийн тус бүрийн 6 см орчим иртэй зүйлээр зүсэгдсэн. Цус их алдсан биеийн байдал хүнд шоконд орчихсон ирсэн...” /хх-ийн 76/, гэрч А.Өлзийжаргалын “…Даваадорж ганцаараа мотоцикльтой ирж зогсоод Өсөхжаргал, Батжаргал хоёрыг цохихоор нь би боль яах гээд байгаа юм гээд дундуур нь ортол намайг шанаа хэсэгт 1 удаа гараараа цохихоор нь салгахаа больчихсон чинь Даваадорж Өсөхжаргалтай барилцаж аваад дээр доороо ороод ноцолдож байгаад Даваадорж хашаа руу орсон. Чинзориг Өсөхжаргалтай уулзаад зогсож байсан чинь Даваадорж хашаанаас гарч ирээд Өсөхжаргалын толгой руу цохих шиг болсон. Тэгсэн чинь Өсөхжаргал толгойгоо бариад доошоо суучихаар нь би наанаас нь явсан чинь Чинзориг миний өмнөөс ирээд намайг бариад авахаар нь би дугтарчихаад Өсөхжаргал дээр очсон чинь нүүр ам нь нил цус болчихсон байсан. …Өсөхжаргал, Даваадорж хоёр хэрэлдэж муудалцсан зүйл болоогүй. Даваадорж шууд ирээд Өсөхжаргалыг цохисон. Даваадорж хашаанаас гарч ирээд Өсөхжаргалын толгой руу нэг удаа цохисон чинь Өсөхжаргал доошоо суусан чинь дахиад 2 удаа цохьчих шиг болсон. Тэгээд би очсон чинь араас Баттулга ирээд Даваадоржийн гараас заазуурыг нь салгаад хашаа давуулаад чулуудсан гэсэн. Өсөхжаргалын биенээс цус их гарсан ёолоод хэвтэж байсан.." /хх-ийн 78-80/, гэрч Г.Баттулгын “…гадаа орилолдоод байхаар нь гарсан чинь Даваадорж Өсөхжаргалыг заазуурдсан байдалтай байсан. Өсөхжаргалын гарт заазуур байхаар нь аваад хашаа давуулаад шидсэн. Өсөхжаргал үхэхнээ гээд газар сөхрөөд суучихсан байхаар нь очсон чинь нүүр нь нэл цус болчихсон байхаар нь Өлзийжаргалын хамт дундаа тавиад эмнэлэг орсон..." /хх-ийн 81-82/,  гэрч М.Чинзоригийн: "...Тэр хоёрыг Өлзийжаргал, Баттулга хоёр салгаад Өсөхжаргалыг эмнэлэг аваад явж байгаа бололтой байсан. Би дараа нь жаахан байж байгаад эмнэлэг орж Өсөхжаргал дээр очсон чинь нүүр ам нь цус болсон харагдаж байсан. Би Өсөхжаргалтай маргалдаагүй..." /хх-ийн 85-86/, гэрч Х.Батмөнхийн: "...Ариунбатыг Даваадорж барьж аваад өшиглөж байхаар нь би зогсоод мотоциклио данхраадаж тавьчихаад очиж салгасан чинь Ариунбат Даваадоржийн доороос гараад хашаа руугаа орсон..." /хх-ийн 85-86/, насанд хүрээгүй гэрч Ж.Жинжиймаагийн “…“...2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө манай хашааны гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Би гэртээ эгчтэйгээ хамт байж байгаад унтсан. Тэгээд өглөө босоод цайгаа уучихаад жаахан байж байгаад хичээлдээ явсан. Тэр өдөр манай Даваадорж ах орж ирэх нь ирсэн. Манай гэрээс заазуур авсан талаар мэдээгүй. Би Даваадорж ахыг заазуур авч байхыг нь хараагүй” /хх-87/, насанд хүрээгүй гэрч Ж.Лхагвасүрэнгийн “…Тэр өдөр Даваадорж ах манайд орж ирсэн. Манай гэрээс заазуур авсан талаар мэдээгүй. Заазуур авч байхыг нь хараагүй. Маргааш нь манайхаас цагдаа нар болон Даваадорж ах хэдэн хүнтэй орж ирээд заазуур асуугаад байсан. Би Даваадорж ахыг заазуур авч байхыг нь хараагүй. Мөн хашаан дотор ч заазуур байхыг хараагүй. Урд орой нь гурил хэрччихээд тогооны саванд хийсэн. Харин маргааш өдөр нь манай заазуур байгаагүй.” /хх-88/, шинжээч эмч Ц.Халтархүүгийн "...Би хохирогч Өсөхжаргалын биед учирсан гэмтэлд дүгнэлт гаргасан. Өсөхжаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсанд дүгнэлт гаргасан. Өсөхжаргалын биед учирсан гэмтэл нь эмчилгээнээс шалтгаална. Ердийн явцад эдгэрч бүдгэрэх сорви. Нүүрний хэлбэрийг, дүр төрхийг алдагдуулаагүй сорви байна..." /хх-105-106/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Өсөхжаргалын биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148 тоот шинжээчийн дүгнэлт /хх-96/, хохирогч Н.Ариунбатын биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210 тоот шинжээчийн дүгнэлт /хх-110/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/, Б.Өсөхжаргалын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9, 11/, Н.Ариунбатын биед үзлэг хийсэн

тэмдэглэл /хх-10/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Даваадорж, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нар  шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн  танхайрах гэмт хэргийг үйлдээгүй, хохирогч Н.Ариунбат , Б.Өсөхжаргал нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогч нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар  няцаагдаж байна.

Шүүгдэгч П.Даваадорж нь Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн,  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан үл ялих зүйлээр шалтаглан Н.Ариунбатыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

мөн давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө олон нийтийг илтэд үл хүндэтгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Өсөхжаргалын нүүрэн хэсэгт заазуураар 3 удаа зүсч, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч П.Даваадорж нь Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 23 цагийн үед согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж хохирогч Н.Ариунбатыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн,

Мөн Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж,  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, үл ялих зүйлээр шалтаглан Б.Өсөхжаргалын нүүрэн хэсэгт заазуураар 3 удаа зүсч, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн байхад Өвөрхангай аймгийн  Прокурорын газраас шүүгдэгч П.Даваадоржийг танхайрах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн гэж үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т зааснаар зүйлчилсэн нь  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэлээ.

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т зааснаар яллах дүгнэлт ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч П.Даваадоржийг догшин авирлаж танхайрсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч П.Даваадорж нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар ял оногдуулахдаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн болон түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанар зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих

ял оногдуулж, түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Ариунбатад 700000 төгрөг, хохирогч Б.Өсөхжаргалд 3091000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт шүүгдэгч П.Даваадоржийн эзэмшлийн 1200000 төгрөгийн үнэ бүхий 20 тооны ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гүн нарийн овогт Пүрэвсүрэнгийн Даваадоржид Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Гүн нарийн овогт Пүрэвсүрэнгийн Даваадоржийг догшин авирлаж танхайрсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч П.Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хүнд ял болох 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, шүүгдэгч П.Даваадоржийн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч П.Даваадоржид оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч П.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Ариунбатад 700000 төгрөг, хохирогч Б.Өсөхжаргалд 3091000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт шүүгдэгч П.Даваадоржийн эзэмшлийн 1200000 төгрөгийн үнэ бүхий 20 тооны ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Даваадоржид

авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Даваадоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Х.ОТГОНЖАРГАЛ

                                                      ШҮҮГЧИД                               М.МАНДАХБАЯР

                                                                                                       Д.ЦЭЦЭГЭЭ