Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 14

 

Б холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0014/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Д.Энхжаргал,

Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,

Хохирогч Э, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЗ/119 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэлийн эсэргүүцлээр Б-д холбогдох эрүүгийн 1939000010018 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1988 онд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг, Моддын 1-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Б нь

2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг, Моддын 1-6 тоотод иргэн Э-тэй хэрүүл маргаан үүсгэж цээж болон баруун шуунд нь хутгалж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б-д холбогдох 11939000010018 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.  

1. Шүүгчийн захирамжид шинжээч томилсон тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмаар яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулаагүй байна гэжээ. Дээрх хуулийн заалт нь ерөнхий заалт бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон тохиолдолд танилцуулахаар хуульчилсан байна. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг зөвхөн хохирогчид танилцуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Батболдод эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байсан. Иймд яллагдагч болон түүний өмгөөлөгчид шинжээч томилсон тогтоолыг танилцуулах үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

            2. Мөн захирамжид энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь цусаар бохирлогдсон эсэх, цус мөн бол хэний цус болохыг тогтоо гэсэн нь үндэслэлгүй юм. Хохирогч, яллагдагч хэн хэн нь Б-н гэрт байсан ясан бариултай хутгаар хутгалсан талаар мэдүүлсэн, мөрдөгч 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийх явцдаа Б-н гэрт байсан аргалын авдраас хохирогч, яллагдагч нарын хэлсэн, Б-н шууд зааж өгсөн ясан бариултай хутгыг эд мөрийн баримтаар хурааж хэрэгт хавсаргасан зэрэг нь Б нь хохирогчийг уг хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсныг хангалттай нотолж байна гэж үзэж байгаа тул шинжилгээ хийлгэх шаардлагагүй юм.

            3. Шүүгчийн захирамжид хохирогчийн биед учирсан гэмтэл нь уг хутгаар үүсгэгдэх боломжтой эсэхийг тогтоохоор заажээ. Хохирогч Э биед учирсан гэмтэл нь тухайн үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлт гарсан, хутгаар хутгалсан талаар хохирогч, яллагдагч нар мэдүүлсэн нь хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шинжээч дүгнэлт гаргахдаа ямар багаж, зэвсгийн үйлчлэлээр хүний биед гэмтэл учирсныг тогтоохоос бус эд мөрийн баримтаар хэрэгт хураагдсан хутгаар хутгалсан гэж дүгнэлт гаргахгүй тул хууль бус шийдвэр гаргуулахаар заасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            4. Шүүгчийн захирамжийн “хохирогч Э нь гэрээс гарч явсан эсэх, хэрэг болсон гэх газрын ойр орчмын айлуудаас мэдэх гэрч нарыг асуух” гэсэн заалтыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хохирогч Э Б-ын гэрээс гарч яваагүй, гэрийн баруун талын орон дээр сууж байсан талаар мэдүүлдэг. Яллагдагч Б нь хохирогчийг маргалдаж байгаад гэрээс гарч яваад 7-8 минутын дараа орж ирсэн талаар 1 удаа мэдүүлдэг бөгөөд Б нь тус мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байхад тодорхой бус мэдүүлэгт үндэслэн хохирогчийг Б-ын гэрээс гарч явсан талаар шалгуулахаар заан хэргийг буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг зөрчиж байна гэж үзэж байна.

            5. Хавтаст хэрэгт яллагдагч Б, хохирогч Э нарын хувийн байдлыг шалгасан талаарх баримтууд буюу Б-н зан байдлын талаар гэр бүлийн гишүүд, найз, нөхдөөс нь мэдүүлэг авсан, мөн хохирогчийн зан байдлын талаар гэр бүлийн гишүүд, найз, нөхдөөс нь мэдүүлэг авсан байх тул шалгах шаардлагагүй, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Б шинжээч томилсон тогтоолыг танилцуулах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ. Хуулийг ингэж буруу тайлбарлаж, хууль зөрчиж болохгүй юм. Хууль тогтоогч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй л бол хэрэгт холбогдож буруутгагдаж байгаа этгээд гэрчийн эрх үүрэг эдэлнэ, яллагдагчийн эрх үүрэг эдлэхгүй гэж тайлбарлаагүй юм. Гэрчийг гэмт хэрэгт буруутгаж, гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар мэдүүлэг авсан тохиолдолд тухайн гэрч өмгөөлөгч авах, мэдүүлэг өгөх эсэх нь яллагдагчийн эрх юм. Шинжээч томилсон тогтоолыг зөвхөн хохирогчид танилцуулж, санал хүсэлтийг нь сонсож шийдвэрлэж эрхийг нь ханган хэргийг холбогдогчид танилцуулаагүй нь хэргийг шалгаж байгаа байцаагч, прокурор зөвхөн хохирогч талд үйлчилж байна гэж үзэхэд хүргэж байна. Тухайн шатанд хэргийн оролцогчдод шинжээч томилсон тогтоол танилцуулж, санал хүсэлтийг авч шийдвэрлэдэг хуулийн заалтыг хангаж ажиллагаагүй бөгөөд тус ажиллагаанд прокурорын шатанд хяналт тавих ёстой байсан. Гэтэл хууль зөрчсөн хэвээр нь хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Мөн хутганд бохирлогдсон цусыг шинжлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан хутгаар гэмтэл үүссэн эсэхийг тогтоох шаардлагагүй, учир нь хохирогч, яллагдагч нар энэ талаар тодорхой мэдүүлсэн гэж няцаасан байна. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хохирогчийн мэдүүлэгт “эд мөрийн баримтаар хураагдсан хутгаар Б Э-н цээжин тус газарт хутгалсан” гэсэн мэдүүлэг байдаггүй.

Хохирогч Э хоёр удаа мэдүүлэг өгдөг. Нэг дэх мэдүүлэгтээ “...ясан бариултай хутга нааш цааш нь эргүүлж байгаад намайг хутгалсан байх, нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн, Б хутгаа эргүүлж байгаад хатгасан юм шиг байсан...” гэж мэдүүлдэг, хоёр дахь мэдүүлэгтээ “...би баруун талын орон дээр гутлаа өмсөн гээд сууж байхад Б ясан бариултай хутганы бөгсөөр 2-3 удаа цохисон. Намайг цааш түлхэхэд дахиад хутганы ар хэсгээр цохиод байсан. Тэгээд би нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Хутганы ар хэсгээр цохиж байгаад үзүүр хэсгээр цээжин тус хэсэгт хатгасан юм шиг байна лээ, би энэ талаар санахгүй байна” гэж мэдүүлдэг. Прокурорын эсэргүүцэлд дурдсан “Б намайг хутгалсан” гэсэн мэдүүлгийг огт өгөөгүй юм. Б мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгөхдөө “би Э-г хутгалсан”, “бид хоёр хутга булаацалдсан, хутгыг нь булааж авсан, Э гараад явчихсан, эргээд орж ирэхдээ хутгалуулсан байсан” гэж хоёр өөрөөр мэдүүлдэг. Прокурор Б-н “би хутгалсан” гэх мэдүүлгийг үндэслэн хэргийг нотлогдсон гэж үзээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй юм. Хэрэг болох үед гэрт байсан Б, Э, Д нар байсан бөгөөд гэрч Д нь тасарсан байсан учир хэргийн талаар мэдэхгүй гэдэг. Гэрч Э “тухайн үед юу болсон талаар санахгүй байна, Б ясан бариултай хутга бариад байж байсан. Тэр хутгаар намайг хатгасан байх гэж бодож байна” гэж мэдүүлдэг. Б миний цээжинд хутгалсан гэж мэдүүлдэггүй.

Прокурор 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цус мэт зүйлээр бохирлогдсон хутгыг шүүхэд шилжүүлэв гэж бичсэн байдаг бөгөөд хутган дээрх хүрэн зүйл юу болох, цус мөн эсэх, цус мөн бол Э-нх мөн эсэхийг тогтоох ёстой байсан. Мөн хутганы ир буюу ажлын хэсэг нь хохирогч Э-н биед учирсан гэмтэлтэй тохирч байгаа эсэхийг заавал тогтоох ёстой байсан. Гэтэл эдгээр ажиллагаа хийгдээгүй. Зөвхөн Б-н “би хутгалсан” гэсэн мэдүүлгийг үндэслэдэг. Э-г Батболд хутгалсанг нотлох хангалттай баримт хавтаст хэрэгт байдаггүй.

Э-г гэрээс гарч явсан эсэх, маршрутыг шалгах ажиллагааны хувьд Э “гэрээс гарч явсан эсэхээ санахгүй байна” гэж мэдүүлдэг бөгөөд гэрээс огт гараагүй гэж мэдүүлдэггүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хохирогч Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурортой нэг саналтай байна. Тухайн үед би гэрээс гарч яваагүй. Б-г агсраад байхаар нь гарах гээд гутлаа өмсөж байх үед Б намайг хутгаар хатгасан. Түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б өөрийн гэртээ  Э-г хутгалсан, тухайн үед Э Б-н гэрээс гарч яваагүй болох нь тогтоогддог. Шүүгдэгч Б “би Э-г хутгалчихлаа, эмнэлэгт хүргээд өгчихсөн, хамт эмнэлэг явъя” гэж хэлсэн талаар гэрч Даваа мэдүүлдэг. Мөн Э “Б агсраад гэрт байсан эд хогшлоо авч чулуудаад байсан. Хутга аваад над дээр ирээд хутганы араар цохиж байгаад санамсаргүйгээр хутгалсан” гэж мэдүүлдэг. Хутгалах шиг болсон гэдэг нь үгээ зөөлрүүлж хэлсэн нэг хэлбэр бөгөөд хутгалсан гэдгийг мэдээгүй гэсэн үг биш юм. Э “би Б-н гэрээс гараагүй. Б-г агсраад байхаар нь гарч зугтах гээд гутлаа өмсөж байх хооронд Б намайг хутгаар хатгасан” гэж хэлдэг. Э Б-н гэрээс гарч яваад 5-7 минутын хугацаа өнгөрсний дараа орж ирсэн асуудал байгаагүй тул шалгуулах шаардлагагүй байсан. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан нь тогтоогддог. Б Э-г хутгаар хэр гүнзгий хатгагдсан талаар шинжээчийн дүгнэлт гаргасан эмчийг байцааж тогтоох боломжтой, шууд тогтоох боломжгүй гэж прокурор эсэргүүцэлдээ дурдсан байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдох боломжгүй асуултуудыг шүүгдэгчийн өмгөөлөгч тавьдаг учир прокурорын эсэргүүцэлд дурдагдсан нь зүйтэй юм. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэжээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Гэрч Б 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд түүнээс өмнө хэрэг бүртгэлтийн шатанд мөрдөгч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай  тогтоол гаргасан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарахгүй юм.

Яллагдагч Б болон хохирогч Эн мэдүүлгүүд болон гэмт хэргийн гомдол мэдээллийг шалгах явцдаа хэргийн газрын үзлэгээр Б болон Э нарын шууд зааж өгсөн ясан бариултай хутгыг Б-н гэрт байсан аргалын авдраас эд мөрийн баримтаар хураан авсан нь хуульд нийцсэн байх тул мөрдөн байцаалтад хутга цусаар бохирлогдсон эсэх, хэний цус болохыг тогтоох шаардлагагүй юм.

Шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдал болон бусад нотлогдвол зохих байдлууд хангалттай тогтоогдсон учраас яллагдагч Б-н “...Э надтай ноцолдож байгаад гэрээс гарч яваад буцаж орж ирсэн болохоор гадаа хүнд хутгалуулсан гэж бодсон...” гэх мэдүүлгийг шалгах шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЗ/119 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд Б холбогдох 1939000010018 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                О.БААТАРСҮХ

                                                             Я.АЛТАННАВЧ