Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0379

 

Иргэн С.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хоролсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 273 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн С.*******ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сод овогтой ******* би 2004 оны 07 дугаар сард ээж Г.Хоролсүрэнгийн хамт Жигжидийн зусланд газар авах өргөдлөө өгч Чингэлтэй дүүргийн газрын алба, Байгаль орчин, дэд бүтцийн хяналтын албанаас хууль журмын дагуу зөвшөөрөл авч кадастрт оруулан, 2004 оны 08 дугаар сард тухайн үеийн ханшаар 600.000 гаруй төгрөг зарж хашаагаа барьсан. Захирамж нь 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гарна гэсэн боловч зохих байгууллагын хүмүүс нь хүнд суртал гаргаж олон дахин явуулсаар 2005 оны 4 дүгээр сарыг хүргэсэн юм. 2005 оны 04 дүгээр сард “хашааг минь буулгаж Ньюком/Мобиком групп зам тавих гэж байна” гэдэг сургаар Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн газар хариуцдаг мэргэжилтэн*******тай уулзахад “танайх хашаагаа урагшлуул” гэв. Бид энэ газартай холбогдох “газрын кадастр, хэтийн төлөв”-ийг бүгдийг үзэж хөөцөлдөж, “энэ газрыг эзэмшиж болно” гэдгийг мэргэжлийн хүмүүсээс нь лавлаж, шалгаж, кадастрт орсны дараа хашаагаа барьсан. Гэтэл манайхаас хойш ирж, биднээс сүүлд өргөдлөө өгсөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадоржийн  “эзэмшил газрынхаа хойгуур ойрхон зам гаргуулахгүй” гэсэн хүсэлтээр /тухайн үеийн газрын албаныхны хэлснээр/ Ньюком группийн шаардлагаар манай хашааны урдуур явж байсан замыг өөрчлөн, уг замыг манай хашааны хойд хэсгийг дайруулан татах болсон тул газрын албаныхан бидэнд хэлж манай хашааны газрын зургийг өөрчлөн засвар оруулж дахин кадастрт оруулсан бөгөөд бид ч хашаагаа газрын албанаас зурж өгснөөр урагш нь татаж барьсан. Ийнхүү хашаагаа урагш татан өөрчилж барьсанаас хагас жил орчмын дараа 2005 оны 10 сард******* гэдэг айл ямар ч зөвшөөрөлгүйгээр бидний хашаан дотор зуны байшин барьж эхэлсэн. Манай хашаан дотор зуны байшингийн суурь тавьж буйг ойр орчмын оршин суугчдаас сонсоод баригдах гэж буй байшингийн суурь болгон 4 мод тавьж байхад нь миний ээж Г.Хоролсурэн Жигжидийн зуслангийн оршин суугч*******ийн хамт очиход*******гийн хүү бусад 3 залуугийн хамт манай хашааг нурааж дотор нь байшингийн суурь тавьцгааж байхыг нь хараад газрын зургаа үзүүлж, уг ажлаа зогсоохыг хуссэн боловч тэд "хашаа хаагуур байх нь хамаагүй, бид барьдаг байшингаа хаана ч барина" гээд байшингийн суурь тавих ажлаа үргэлжлүүлсээр байсан. Тиймээс бид энэ тухай Чингэлтэй дүүргийн газрын албанд (өнөөдрийг хүртэл олон удаа мэдэгдсэн) мэдэгдэхэд газрын албаны мэргэжилтнүүд газар дээр нь ирж танилцсан төдийгүй мэргэжилтэн н.Болорчулуун, н.Төрбат, н.Амартайван нар "бусдын хашаанд барьж буй байшингийн суурийг зогсоох, байшин барихгүй байх, буулгах"-ыг удаа дараа /зарим байцаагч нар 2-3 удаа ирж байсан/ биечлэн шаардаж, шаардах хуудас өгсөөр байтал үргэлжлүүлэн барьсаар байшинг барьж, төр захиргааны үүрэг даалгаврыг биелүүлэхгуй өдийг хурлээ.

Түүнчлэн байцаагч*******ыг шаардлага тавьж шаардах хуудас хүргэн очиход нь Ж.Жадамбаагийн эхнэр түүн рүү чулуу нүүлгэн хөөж байсан юм. Тус дүүргийн Газрын албаны дарга Ч.Батбилэг ч мөн иргэн*******гийн үйлдлийг буруутгаж "зөвшөөрөлгүй барьсан*******гийн өвлийн байшин болон танай хашаанд барьсан зуны байшинг нь буулгана" гэж байсан юм. Ч.Батбилэг хэдхэн хоногийн өмнө "зөвшөөрөлгүй барьсан*******гийн өвлийн байшин болон танай хашаанд барьсан зуны байшинг нь буулгана" гэж байсан хүн чинь 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бидэнд газар олгох 153 дугаар захирамж гаргасан боловч "Жадамбаагийнх өргөдөл өгөхөөр хөөцөлдөж байна, танай захирамжийг хүчингүй болгож танай нэрийг захирамжаас хассан" гэж хэлсэн. Тэрээр энэхүү 153 дугаар захирамжийг бидэнд ч өгөлгүй тэр даруйд нь устгасан байсан. Ард иргэдэд шударга үйлчлэх үүрэг хүлээсэн төрийн хариуцлагатай алба хашиж байгаа хүн ийм үйлдэл хийж, бусдын эрхийг түрэмгийлэн зөрчиж олон жил бидэнд эдийн засгийн болон сэтгэл санаа, цаг хугацааны хүндрэл учруулж байна. Бид цаашид эдгээр зүйлийг тэвчиж суухад хүнд болж байна. Бид Улсын мэргэжлийн хяналтын газарт хандаж шалгуулахад холбогдох гурван байгууллагын мэргэжилтнүүд оролцон "Ж.Жадамбаа болон Ж.Гантөмөрийн зөвшөөрөлгүй барьсан байшинг буулгуулах арга хэмжээ авах нь зүйтэй" гэсэн 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/179/3549 тоот дүгнэлт хүртэл гаргасан болно. Үүнээс хойш газраа чөлөөлүүлэхээр 9 жил хөөцөлдөөд шийдвэрлүүлж чадахгүй өдийг хүрлээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газрын алба 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 238 тоотоор иргэн Ж.Гантөмөрт (Жадамбаагийн хүү) байшингаа буулган шилжүүлэх хугацаатай шаардах хуудас өгсөн тухай мэдэгдсэн. 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 367 тоотоор Чингэлтэй дүүргийн өмчийн харилцааны газраас Нийслэлийн өмчийн харилцааны газарт иргэн Жадамба Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтуудыг зөрчиж газар эзэмших миний хууль ёсны эрхийг хөндөж байгаа талаар мэдэгдсэн юм. Гэсэн ч одоо болтол ямар ч үр дүнгүй Ж.Жадамбаагийнханд хууль дүрэм үйлчилдэггүй, дархан эрх дархтай болох нь харагдаж байна. Ж.Жадамбаагийнх өнөөдрийг хүртэл ямар ч зөвшөөрөлгүй дуртай газраа 3, 4 байшин барьсаар байгаа болно.*******гийнх бидний шаардлагыг үл ойшоож уг байшинг одоо хүртэл буулгаагүй төдийгүй бид 2008 оны 6 сард газрын захирамжаа дахин гаргуулахад Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга Ч.Батбилэгтэй үгсэн хуйвалдаж манай хашаанд шударга бусаар барьсан байшингийн доорхи газрыг манай кадастрын зураг хийлгэн, хашаа барьж хуулийн дагуу эзэмших хүсэлтээ гаргасан байсан газраас хасуулж кадастрын зурагт өөрчлөлт оруулсан. Энэ нь миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн юм. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргад шударга бус уг шийдвэрээс хасагдсан газрыг шударга ёсны дагуу бидэнд олгох шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу  тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн С.*******т Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр захирамжаар Жигжидийн зусланд 660 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Иргэн Ж.Жадамбаа нь иргэн С.*******ийн хашааны баруун урд байшин барьж байх үед дүүргийн өмч, газрын харилцааны албанаас удаа дараа шаардах хуудас, мэдэгдэх хуудас өгч байсан боловч шаардлагыг үл биелүүлэн байшингаа барьж дуусгасан байна. Иргэн Ж.Жадамбаа нь зөвшөөрөлгүй байшин барьснаас үл хөдлөх хөрөнгийн маргаантай нөхцөл үүссэн тул дүүргийн өмч, газрын харилцааны албанаас албадан буулгах боломжгүй, бусдын эд хөрөнгө байгаа газрыг газрын кадастрын мэдээллийн санд оруулах боломжгүй зэргээс шалтгаалан иргэн С.*******ийн газрыг баталгаажуулахдаа Ж.Жадамбаагийн байшингийн газрыг хасч баталгаажуулсан байна. Иймд иргэн С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Жадамбаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэгдүгээрт, Жигжидийн зусланд С.*******т газар эзэмших эрхийг олгохгүй байгааг тогтоож уг газрын эзэмших эрхийг тогтоож уг газрыг эзэмших эрхийг олгох захирамж гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариу тайлбар: “Газар эзэмших эрхийг нь би хааж боож хязгаарлаагүй, Газар эзэмших захирамж гаргадаг хүн нь би биш. Энэ бол гүтгэлэг юм”

Хоёрдугаарт, Газрын алба, байгаль орчин, дэд бүтцийн хяналтын албанаас зөвшөөрөл авч кадастрт оруулан, 2004 оны 8 сард тухайн ханшаар 60.000 гаруй төгрөг зарж хашаагаа барьсан. Захирамж 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гарна гэсэн боловч зохих байгууллагын хүмүүс хүнд суртал гарган олон дахин явуулсаар 2005 оны 04 сар хүргэсэн юм. 2005 оны 4 сард хашааг минь буулгаж Ньюком/ Мобиком групп зам тавих гэж байна гэдэг сургаар Жигжидийн зуслангийн газар хариуцдаг*******тай уулзахад “Танайх хашаагаа урагшлуул” гэжээ.

Хариу тайлбар: “Хашаагаа хэдэн төгрөгөөр барьсан, албаны хүмүүс хүнд суртал гаргасан нь надад хамаагүй. Харин ганц******* хашаагаа урагшлуулж барихыг зөвшөөрсөн дээрх үйлдлүүд нь нийтийн эзэмшлийн газрыг эзэмшүүлж болохгүй гэдэг заалтыг зөрчиж энэ айл хашаагаа урагшлуулсан байна. Эндээс харахад ногоон байшин барьсан газар нь эдний эзэмшил биш гэдэг нь харагдаж байна. Эдний газар манай эзэмшил газар хоёрын дундуур нийтийн эзэмшлийн зам байсан юм. С.******* нь*******тай өөрөө үгсэн хуйвалдаж хашаагаа урагшлуулж, улмаар контэйнер тавьж зам хаасан. Бас хөрш  бас хашаагаа хойш нь сунгаж бариад манайх руу машин байтугай явган хүн орохгүйгээр зам тагласан юм”

Гуравдугаарт, Манайхаас хойш ирж биднээс сүүлд өргөдөл өгсөн Улсын Их Хурлын гишүүн асан Ж.Бямбадорж "эзэмшил газрынхаа хойгуур ойрхон зам гаргуулахгүй" гэсэн хүсэлтээр /тухайн үеийн газрын албаныхны хэлснээр/ Ньюком группын шаардлагаар манай хашааны урдуур явж байсан замыг өөрчлөн бид хашаагаа урагш татаж барьсан гэжээ.

Хариу тайлбар: “Ингэж хууль зөрчснөө бичжээ. Энэ болохгүй тэмээн жин, үхэр тэргээр нүүдэллэдэг, Жигжид ламын нэртэй төв зам байсныг олон хүн мэддэг. Энэ асуудлыг харин манай төрийн шударга шүүх энэ далиманд хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна”

Дөрөвдүгээрт,******* гэдэг айл ямар ч зөвшөөрөлгүй бидний хашаан дотор зуны байшин барьсан. Бид байшин барихаа зогсоохыг хүссэн боловч "хашаа хаагуур барих хамаагүй, бид барьдаг байшингаа хаана ч барьна гэж улмаар мэргэжилтэн н.Болорчулуун, н.Төрбат, н.Амартайван нарын 2-3 удаа ирж шаардлага тавьж шаардах хуудас өгөхөөр очиход нь*******гийн эхнэр түүн рүү чулуу нүүлгэн хөөж байсан гэжээ.

Хариу тайлбар: “Амартайван,******* нар ирээгүй харин******* нэг удаа шаардах хуудас өгсөн боловч би уншаад буруу шаардлага байна гээд гарын үсэг зуралгүй буцааж байсан. Чулуу нүүлгэх нь бүү хэл хэрүүл уруул хийх монголоо алдсан ёс суртахуун хөгшин бид хоёрт байхгүй, Энэ мэт худал өгүүлбэр хэд байгааг би тайлбарлах шаардлагагүй гэж үзэв”

Тавдугаарт, Дүүргийн газрын албаны дарга Ч.Батбилэг зөвшөөрөлгүй барьсан*******гийн өвлийн байшин болон танай хашаанд барьсан зуны байшинг нь буулгана гэж бидэнд газар олгох 153 дугаар захирамж гаргасан боловч 153 дугаар захирамжийг бидэнд өгөлгүй тэр даруйд нь устгасан байсан гэжээ.

Хариу тайлбар: “Энэ тухайгаа Ч.Батбилэг гэгчээсээ асууж ярилц! Би үүнийг мэдэхгүй болохоор хэлж, бичиж чадахгүй байна”

Зургаадугаарт, Бид Улсын мэргэжлийн хяналтын газар хандаж шалгуулахад холбогдох 3 байгууллагын мэргэжилтнүүд оролцон******* болон Ж.Гантөмөрт /Жадамбаагийн хүү/ байшингаа буулган шилжүүлэх хугацаатай шаардах хуудас өгсөн.*******гийнханд хууль бүрэн үйлчлэхгүй дархан эрх дархтай болох харагдаж байна гэжээ.

Хариу тайлбар: “Надад гурван газрын шаардах хуудас өгөөгүй худал бичжээ. Харин Ж.Гантөмөр биш Д.Гантулгын эзэмшлийн газар учир Д.Гантулгыг тайлбар бичиж С.*******тэй ярилцаж үнэн шийдвэр гаргацгаа гэж үзэв.******* зөвшөөрөлгүй дуртай газраа 3*4 байшин барьсаар байгаа болно гэдэг чинь өөрийн эзэмшил газар дээрээ хэдэн байшин барих нь С.******* чамд ямар ч хамаагүй. Цэвээндорж та хоёр нийтийн эзэмшлийн газраа чөлөөлж өгөх хэрэгтэй. Монгол хүний мөс чанар, жудаг, нөхөрсөг, ариун сэтгэл зүрхээ бид умартах ёсгүй биздээ”

Долоодугаарт, Газар албаны дарга Ч.Батбилэгтэй******* үгсэн хувилдаж миний газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэжээ.

Хариу тайлбар: “Хэрвээ би******* гэгчийг таньдаг үсэн хуйвалдаж байсан бол өөрийн газар эзэмших гэрчилгээгээ хөөцөлдөж байж 2014 онд авах байсан уу? гэж өөрөөс нь асуумаар байна”

Наймдугаарт,*******гийн хууль бусаар байшин барьсан миний эзэмших ёстой газрыг надад эзэмшүүлэхийг хүсэхэд дүүргийн Засаг дарга нар шүүхэд ханд гэсэн хариу ёсоор шүүхэд хандаж байна гэжээ.

Хариу тайлбар: “Дээрх дарга нарын чамд хандсанаар асуудлаа шийдүүлэх нь өөрийн чинь асуудал. Үүнтэй уялдаад миний ч эрх ашиг хөндөгдөж би асуудлаа шийдвэрлүүлэх болно. Дээрхи асуудлуудыг тунгаан үзэж нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн нь хуучин зам байсан газрыг нээе. Орох гарах гарц хаалгатай болох асуудлыг эцэслэн шийдвэрлүүлье. Миний оролцоогүйгээр дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Гагцхүү хашаандаа орох орц, хаалга гаргаж өгөх нь шударга үнэнд нийцэх болно. Газрын хувьд надтай холбогдох маргаангүй билээ” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Гантулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн С.*******ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад ******* газар эзэмших эрх олгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн 3-дагч этгээдээр Д.Гантулга намайг татсан байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие нь С.******* гэх хүний эзэмшлийн газар дээр байшин бариагүй тул энэ хүнтэй газрын асуудлаар маргаан үүсгэж шүүхээр маргалдаж байх шаардлагагүй юм. Бид анх байшингаа барихад барьж байсан байшингийн араар зам байсан бөгөөд энэ замын ар талд намхан модон хашаа байсан. Манай байшингийн арын энэ зам нь тухайн үедээ машин явах боломжтой тийм өргөн зам байсан. Тэр замыг хүмүүс Жигжид зуслангийн ламын морин тэрэгний зам гэж ярьдаг. Манайх энэ замын урд талд нь байшингаа барьсан, замын ар талд айлын хашаа байсан Гэтэл С.******* гэгч нь Дүүргийн Засаг даргатай маргаан үүсгэж нэхэмжлэл гаргахдаа манай байшингийн талаар бодит байдалд нийцээгүй худал зүйлийг бичиж, маргааныхаа гол асуудлыг бидэн рүү хандуулан гүтгэлгийн чанартай олон зүйлийг оруулсан байна. Бид тийм монгол ёс жудгаа гээж айлын хашаан дотор байшин барих хүмүүс бишээ, хадам аав Ж.Жадамбаа нь насаараа сургуульд багш захирлын ажил эрхэлсэн ийм хүн юмаа, хүн рүү чулуу шидэж хөөцөлдөж явах бүдүүлэг хүн биш энэ газрын асуудлыг ярилцаж эв зүйгээр шийдэх талаар олон дахин санал болгосон боловч үр дүнд хүрээгүй

Харин ч нэхэмжлэгч гэх эдгээр хүмүүс нь бүдүүлэг зан гаргаж манай энэ байшингийн цонхон доор жорлонгоо барьж, хаалга хааж хашаа татсанаас манайх гэртээ орж чадахгүй олон жил боллоо. Эдгээр хүмүүс биш бид л гомдол гаргаж явах ёстой байтал биднийг элдвээр гүтгэж янз бүрээр бичиж байгаад харамсаж байна. Бодит байдал дээр манайх байшингаа барихад байдал ямар байсныг үнэн зөвөөр тайлбарлаж байна.

1. Манайх байшингаа 2007 онд барьсан бөгөөд энэ нь зуны 2 давхар жижигхэн байшин юмаа. С.******* нь Ж.Жадамбаа гэдэг айл ямар ч зөвшөөрөлгүй бидний хашаан дотор байшин барьж эхэлсэн хашааг нураасан гэж үнэнд нийцэхгүй зүйлийг нэхэмжлэлдээ бичжээ. Тийм зүйл огтхон ч болоогүй, ******* нар нь хашаандаа байшин бариулчихаад хараад зогсож байх хүмүүс биш болох нь шүүхэд гаргаж байгаа маргаанаас та бүхэн ойлгох байхаа. Бодит үнэн юу вэ гэвэл бид байшингаа С.*******ийн эзэмшлийн газарт бариагүй, тэдний хашаан дотор оруулаагүй,хашааг буулгаагүй. Манайхыг байшингаа барихад манай байшингийн араар зам байсан, замын араар хашаа байсан юм. Байшингийн араар явсан замаар бид барилгын материалаа машинаар зөөж буулгаж байсан болно. Энд зам байсныг болон тухайн зам нь С.*******ийн өөрийнх нь хашааны урдуур байсныг С.******* өөрөө гэрчилж нотлон манай хашааны урдуур явж байсан замыг өөрчилж, энэ зам дээр хатуу хучилттай зам тавих гэтэл тухайн үеийн УИХ-ын гишүүн н.Бямбадорж дургүйцээд зөвшөөрөөгүйгээс" мон Ньюкомын шаардлагаар уг замыг манай хашааны хойд хэсгийг дайруулан манай эзэмшил газар руу орж уулын энгэрээр Мобикомын зуслан руу явах замыг тавьж байсан,энэ байдлаас шалтгаалж манай хашааны зургийг өөрчлөн засвар оруулж хашаагаа газрын албанаас зурж өгснөөр хашаагаа урагш татаж барьсан тухай тайлбарлажээ. Манайхыг байшин барихад хашаа нь байшингийн араар явсан замын ар талд байсан ба бид зун нь зусландаа гардаг, байшиндаа орохдоо хашааг тойрч гэртээ ордог байсан юм. Харин байшин барьснаас бүүр хойно буюу 2009 оны үед С.Уранчимзг гэх эдгээр хүмүүс нь манай байшингаас хойгуур байсан хашаагаа өөрчилж хаалга хааж хашаа барьснаас хойш бид гэртээ орж чадахгүй болсон юм. Дээрх байдлаас дүгнэхэд манайх хүний хашаанд оруулж байшин бариагүй, тэдний хашааны урдуур зам байсан болох нь тодорхой байна. С.*******ийн барьсан байсан хашааны урдуур зам байсныг өөрөө гэрчилжээ. Одоо ч газар дээр нь очиж харахад тухайн зам нь манай байшингийн араар байгаа болох нь харагдаж байна. Тэдний эзэмшлийн газар дээр байшин бариагүй байсан учраас ******* нарт газар олгохдоо манай байшинг тойруулж газар олгосон байна. Өөрөөр хэлбэл манайх хүний эзэмшлийн газарт байшин бариагүй, биднийг байшингаа барьснаас хойно Урамчимэг нар газраа эззмших эрхээ авчээ. Тэгэхээр хүний эзэмшилд байгаагүй газарт бид байшингаа барьсан болох нь батлагдаж С.******* нар худлаа ярьж байгааг нотолж байна гэж бодож байна.

2. С.******* гэдэг хүн нь бид нартай биш Ньюком буюу Мобикомтой газрын маргаанаа шийдвэрлэх байсан, Ньюком группэд газраа алдчихаад тэдэнтэй заргалдаж алдсан газрынхаа асуудлыг шийдүүлсэн бол үнэн байдал тогтоогдох байлаа. Учир нь С.******* гэгчийн эзэмших байсан газраар дээрх компани зам тавьж эдниих газраа урагшлуулсан талаараа олон удаа бичсэн байна. Газраа урагшлуулсан гэх асуудал нь манайх байшингаа барьснаас хойно болсон тул бидэнтэй газрын асуудлаар маргаж элдвээр хэлэх шаардлагагүй юм.

Манайх байшингаа хэний ч эзэмшлийн биш газар дээр барьж албан ёсоор газар ззэмших хүсэлтээ гаргаж, тухайн уедээ кадастрын зураг хийлгүүлж байсан. Биднийг байшингаа барьж байхад ямар нэгэн байгууллагаас шаардах хуудас өгч байгаагүй, байшин барьсан газар нь хэн нэгэн хүний эзэмшилд байгаагүй тул буулгахыг шаардах үндэслэлгүй байсан болно. Гэтэл С.******* нар нь өөрсдөө газраа Ньюком группэд алдчихаад хэл ам таталж байж манай кадастын зургаа хийлгэсэн байсан газар руу эзэмших эрх олж авчихаад эцэст нь биднийг буруутай мэтээр харагдуулахаар худал хуурмаг зүйл ярьж байгаа нь эргээд өөрсдийнх нэхэмжлэлд дурьдсан тайлбараар няцаагдаж байна.

3. Газрын маргаанаа Дүүргийнхээ газрын албатайгаа л хийх хэрэгтэй байна. Хэрвээ бид газрын албанд танил талтай бөгөөд эдгээр хүмүүс шиг арга зальтай байсан бол амьдарч байсан байрныхаа хаалгыг хаалгуулан хашаа татуулж, цонхон доороо жорлон бариулан гэртээ орж чадахгүй хэмжээнд хүрч монгол ёс жудгийг умартсан эдгээр хүмүүсээр доромжлуулан элдвээр хэлүүлэхгүй, эднийх шиг том хашаа барин дураараа дургиж байх байсан. Гэхдээ бид хууль зөрчөөгүй, Хүний эзэмшил газар дээр байшин бариагүй. Тиймээс бид барьсан байшингийнхаа газрыг чөлөөлөх үндэслэл ч байхгүй, биднээс чөлөөлөхийг шаардах эрх ч энэ хүмүүст байхгүй. Дүүргийн газрын албаны ажлын хариуцлагагүй байдал энэхүү маргаан гарахад ихээхэн нөлөөллөө. Энэ байгууллагын замбараагүй байдлаас шалтгаалж бид ямар нэгэн хууль зөрчөөгүй байж эцэст байр байшингаараа хохирч орон гэртээ орох боломжгүй байдалд хүрлээ.

4. Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Онон шүүх нэхэмжлэлтэй шаардах хуудас өгсөн гэж худлаа тайлбарлажээ. Ямар үндэслэлээр шаардлага өгөх болсон, ямар утгатай шаардлага болох иь ойлгомжгүй байгаа бөгөөд тухайн үед ийм шаардлага өгөх үндэслэл байгаагүй юм. Байшин барьснаас үд хөдлох хөрөнгийн маргаантай асуудал үүссэн гэжээ. Манай байшингийн асуудлаар ямар нэгэн хөрөнгийн маргаантай асуудал байхгүй, байх ч ундэслэлгүй, Бид *******. нарын адил иргэнийхээ хувьд газар эзэмших эрхтэй бөгөөд тухайн үед мөн л зуслангийн газар эзэмших өргөдлөө өгч материалаа бүрдүүлэн кадастрын зураг гаргуулан асуудлаа шийдвэрлүүлчхээр хөөцөлдөж байсан боловч зохих журмын дагуу шийдэж өгөхгүй удааснаас бид хохирч үлдсэн болно.Гэтэл бидний газар эзэмших эрхийгхааж хэн нэгэн иргэн дураараа дургиж энэ байшинг буулга, би газрыг нь авах ёстой гэж хууль бус шаардлага гаргаж болох юм уу. Байшингаа барьсан газраа бид яагаад өөрсдөө эзэмших эрхгүй болж, яагаад заавал ******* гэгч хүн эзэмших ёстой болоод байгааг ойлгохгүй байна. Иргэнийхээ хувьд бид тэгш эрхтэй л хүмүүс шүү дээ. Бид чинь хүний эзэмшил газарт халдаж байшин бариагүй нь тодорхой байгаа бөгөөд нэхэмжлэгч өөрөө үүнийг нотолсон байна шүү дээ.

5. Нэхэмжлэгч манайхыг байшингаа 2005 онд барьсан гэсэн байна, тэгсэн атлаа өөрөө газар эзэмших эрхээ 2008 онд авсан байна. Тэхээр яахаараа 2008 омд эрхээ авсан газар нь 2005 онд тэдний эзэмшлийнх болчихдог юм бэ? гэсэн асуулт урган гарч байгаа бөгөөд 2005 онд бид С.*******ийн эзэмшлийн биш газар дээр байшин барьсан болох нь батлагдаж байгаа юм биш үү.

Шүүгч та бүхэн дээрх байдлуудыг тунгаан дүгнэж асуудлыг бодит үнэний талд шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Би шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзлээ” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.2.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зуслангийн Жигжидийн гудамжны 39.86 м.кв газрын эзэмших эрхийг иргэн С.*******т олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, уг газрын эзэмших эрхийг олгох захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий иргэн С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хоролсүрэн давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 273 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэсэн үндэслэлүүдээр дараах гомдлыг  гаргаж байна.

  1. Анхан шатны шүүх шийдвэртээ иргэн өөрөө эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн шатны Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргах ёстой байхад нэхэмжлэгч С.*******ийн өмнөөс түүний ээж болох Г.Хоролсүрэн хүсэлт гаргасныг буруутгажээ.

Нэхэмжлэгч С.******* шүүхэд өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан байхад шүүх өөдөөс нь өөрөө хүсэлт гаргаагүйг буруутгаж, улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж буй газрыг хууль бусаар эзэмших эрх олж авсан мэтээр дүгнэж, талуудын хооронд шүүхэд маргаагүй, нэхэмжлэлийн үндэслэл болоогүй үйл баримтад хууль бус дүгнэлт өгч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлж хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Анхан шатны шүүх ийнхүү С.*******ийг 660 метр квадрат газрыг ч хууль бусаар эзэмшсэн мэтээр дүгнэн, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй болжээ.

Түүнчлэн Газрын тухай хуульд газар хүссэн иргэн өөрөө заавал биечлэн өргөдлөө гаргах хууль зүйн шаарлагыг тогтоогоогүй, мөн Газрын тухай хуульд нэг гэр бүлийн гишүүн болох нэгдмэл сонирхолтой этгээд, эсхүл хэн иргэний өмнөөс өөр иргэн өргөдөл гаргахыг хориглосон заалт байхгүй билээ.

Эрх зүйн суурь зарчим бол “иргэнд хуулиар хориглооүй бол зөвшөөрнө, албан тушаалтанд хуулиар зөвшөөрөөгүй бол хориглоно” гэдэг билээ.

Энэхүү эрх зүйн суурь зарчмыг шүүх бүрэлдэхүүн мэдэхгүй байгаа учраас хуулиас давсан тайлбар гарган, шүүн таслах ажиллагаа явуулж байна.

2. Шүүх бүрэлдэхүүн маргааныг шийдвэрлэж хоёрхон нүүр дүгнэлт хийсний бараг нэг хуудас нь дээрх дурдсан эрх зүйн үндэслэлгүй, хууль бус дүгнэлт байгаа боловч нэхэмжлэгчийн гаргасан олон үндэслэл, түүнийг нотлох баримтад огт дүгнэлт өгөөгүй байна.

Зүй нь шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндэслэл бүрт дүгнэлт өгч хэрэг маргааныг шийдвэрлэх үүрэг хүлээсэн байсан атал шүүгч нь зөвхөн өөртөө таалагдсан хэсэгт л дүгнэлт өгч байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй болгож байна.

Тухайлбал, шүүх өмнө нь уг хэргийг нэг удаа анхан шатны журмар шийдвэрлэхдээ “С.******* өөрөө л 660 метр квадрат газар эзэмшихийг хүссэн байна” гэж дүгнэсэн. Одоо ч энэ шийдвэрт уг дүгнэлтээ дахин давтан хийсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс яагаад, юуны учир 660 метр квадрат газар эзэмших хүсэлт гаргасан талаар шүүхэд удаа дараа тайлбарлан, энэ талаарх нотлох баримтыг гаргасаар байхад шүүх бүрэлдэхүүн энэхүү байдалд дүгнэлт өгөхгүй, бүүр ойлгохыг сонсохыг хүсэхгүй 2 удаа давтан ийм дүгнэлт хийлээ.

Нэхэмжлэгч С.******* нь эцэг Д.Сод, эх Г.Хоролсүрэнгийн хамт 3 гэр бүлд зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх олж авах зорилгоор 2000 оноос уг маргаан бүхий газар дээр хашаа барин, улмаар 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдөр уг газраа эзэмших хүсэлт аав Д.Содын нэрээр /өргөдлийг нэгтгэж гаргахыг ч Газрын тухай хуулиар хориглоогүй/ Чингэлтэй дүүргийн Засаг дарга, түүний газрын албанд хандан өргөдлөө гаргасан талаар шүүхэд удаа дараа тайлбарласан, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн билээ. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар няцаагаагүй, маргаагүй болно.

Нэхэмжэлгч С.*******ийн эцэг Д.Содын өргөдлийг газрын алба 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн дэвтрийн 1513 дугаарт бүртгэсэн, 2004 онд манай хашааны газар Г.Хоролсүрэнгийн нэрээр газрын кадастрын мэдээллийн санд 1401 метр квадратаар бүртгэгдсэн байсан талаар анхан шатны шүүхэд тайлбарласаар байхад тус шүүх энэ талаар нотлох баримтыг үнэлээгүй атлаа “С.*******ийг өөрөө 660 метр квадрат газрыг эзэмших хүсэлт  л гаргасан байна” гэж дүгнэж байгаа нь илт үндэслэлгүй, хууль бус юм.

Нэхэмжлэгч С.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хоролсүрэн нь 2004 он 8 сараас хойш жил бүр, удаа дараа Чингэлтэй дүүргийн газрын алба болон мэргэжлийн хяналтын байгууллагад хандан “Жадамбаа гэгч этгээд өөрийн барьсан хашааг нь эвдэн орж байшингийн суурь тавьсан тул уг барилга барихыг зогсоох, өөрсдийн хүсэлт гаргасан газрыг чөлөөлүүлэх хүсэлт гаргаж” ирсэн талаар хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт байгаа юм.

Өөрөөр хэлбэл, С.*******ийн /түүний өмнөөс ээж Г.Хоролсүрэн гомдол гаргаж явсан/ эзэмших хүсэлт гаргасан газрыг бусад этгээд булаан авч байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоолгох маргаан 2004 оноос хойш тасралтгүй явсаар байсан гэдгийг нотлох баримт хангалттай байгаа юм.

Тухайлбал, Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/179/3549 дугаар дүгнэлт, түүнд хавсаргасан Д.Содын ирүүлсэн хүсэлт, Г.Хоролсүрэнгийн эзэмшиж байгаа газрын /энэ 1401 м.кв газар болно/ кадастрын зураг зэргээр уг газрын талаар 2004 оноос Г.Хоролсүрэн /С.*******/ маргаж, маргаанаа шийдвэрлүүлэхээр зохих байгууллагад хандаж байсан нотлогдож байна.

Улмаар маргааныг Улсын байцаагч зохих ёсоор хянаж үзээд, “иргэн Г.Хоролсүрэнгийн кадастрын зурагт орсон газарт******* зуны байшин зөвшөөрөлгүй барьсан гэж үзээд буулгах” гэсэн дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх энэ нотлох баримтад дүгнэлт хийгээгүй.

2005 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч маргааныг хянаад дүгнэлтээ ийнхүү гаргасан байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга, түүний газрын алба нь*******гийн хууль бус үйлдлийг зогсоохгүй байсаар уг газар дээр барилгыг бариулж дуусгасан бөгөөд нэгэнт С.******* нь эрх бүхий этгээдэд нь хандан газрын маргааныг нэг мөр шийдвэрлүүлнэ гэж хүлээсэн учир энэ олон жил өнгөрсөн болно.

Ийнхүү явсаар маргаан дуусаагүй байх үед Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга асан Н.Батбилэг нь С.*******ийг “Жадамбаагийн байшингийн газрыг хасч газраа баталгаажуулж ав, маргаантай газраа тусад нь шийдвэрлүүлэхгүй бол ямар ч газаргүй үлдэнэ шүү” гэж дарамталж, шаардсан билээ.

Түүнээс гадна эзэмшихийг хүссэн газрынхаа кадастрын зургийг шинээр хийлгэхээр эрх бүхий этгээдэд хандахад кадастрын зураглал хийдэг “Вайлд хорс” ХХК нь манай зуслангийн газар дээр очиж хэмжилт хийхдээ “бусдын үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг танай газарт оруулан хэмжит хийж , кадастрын зураг гаргах боломжгүй” гэж тайлбарлаад*******гийн байшин байгаа газрыг хасч нийт 660 метр квадрат газрын зургийг үйлдэж өгсөн юм.

С.******* нь дээрх кадастрын зураг болон газар эзэмших хүсэлтээ 700 метр квадратаар гаргуулах өргөдлөө гаргасан байсан боловч Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Н.Батбилэг “Жадамбын байшин байгаа газрыг хасч, кадастрын зурагт орсон хэмжээг өргөдлөөбич, маргаантай газрын асуудлаа жичид нь шийдвэрлүүл” гэж шахаж миний өргөдөлд газрын хэмжээг 660 метр квадратаар бичүүлсэн.

Энэ талаар Н.Батбилэг мэдэж байгаа тухай анхан шатны шүүхэд олон удаа тайлбарласаар байхад анхан шатны шүүх С.*******ийг “өөрөө л 660 метр квадрат газар эзэмших хүсэлт гаргасан” гэсэн дүгнэлт өгч байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, эсхүл нэг талыг хэт барьж шийдвэр гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Дээрх байдлуудад шүүгч огт дүгнэлт өгөөгүй, хэт нэг талд үйлчилж хэргийг шийдвэрлэсэн байна.

Ер нь шүүгч хэргийг өмнө нь шийдвэрлэж, шийдвэр нь хүчингүй болсон байхад заавал дахин тэр шүүгчээр хэргийг шийдвэрлүүлээд байгаа нь эрх зүйн зарчимдаа нийцэж байгаа эсэхийг давж заалдах шатны шүүх нь хянаж үзэхийг хүсэж байна.

3. Шүүх шийдвэртээ “... нэгж талбарын 18633925796867 дугаартай кадастрын зургийг сансрын зургын газрын байрлалтай давхцуулан харахад ......гэжээ.

Эндээс үзвэл шүүх бүрэлдэхүүн газрын кадастрын зураг, сансраас авсан ортофото зураг гэсэн 2 өөр зарчимаар авсан зураг болох хоёр цаасыг  өөрсдөө давхцуулан ердын нүдээр хараад газрын байршил, түүний давхцлыг тогтоосон энэхүү онцгой чадварыг нь хуульд заасан арга хэрэгслээр нотлох баримт цуглуулсан байна гэж үзэх, хуулийн дагуу нотлох баримтыг үнэлээд байна гэж үзэх үү.

Тусгай мэдлэг шаардсан асуудлаар шүүх шинжээчийг томилно гэдэг ойлголт одоогийн шүүхэд байхаа больсон юм болов уу?

4. Шүүх шийдвэртээ “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэтгэлцээн алдаатай байна” гэж дүгнэжээ.

Мэтгэлцээн алдаатай байна гэж шүүхийн дүгнэлтийг хууль зүйн талаас нь огт ойлгохгүй байна. Шинээр л гаргаж ирээгүй бол ийм хууль зүйн ойлголт байхгүй.

Хэрэв шүүх нэхэмжлэгчийин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй байна гэж хэлэх гэсэн юм бол шүүхэд тайлбар дангаараа нотлох баримт болохгүй харин хэргийн оролцогчийн тайлбар нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон эсэх талаар ярих ёстой.

Гэтэл шүүх бүрэлдэхүүн нь тайлбар дангаар нотлох баримт болохгүй, шүүх нотлох баримтад үндэслэн шийдвэрээ гаргадаг гэдгийг мэдэхгүй байна.

5. Анхан шатны шүүх “Д.Содын газар эзэмших хүсэлтийг С.*******ийн хүсэлт гэж үзэх боломжгүй” гэж дүгнэжээ.

Энэ нь Д.Сод, С.*******ийн эцэг биш гэж дүгнэж байгаатай утга нэг ойлгогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-ын “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дунд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэж, мөн зүйлийн 3.1.4 “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн,дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэж тус тус засан.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид “иргэн” гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж, 28 дугаар зүйлийн 28.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээний төрөл “гэр бүлийн хамтын хэрэгцээний” гэсэн төрөлтэй байхаар тус тус хуульчилсан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл гэр бүл гишүүдийнхээ хамтын хэрэгцээндээ газар эзэмших эрхтэй байна.

Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэн газар эзэмших хүсэлтээ гаргахад тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосны дотор хүсэлт гаргагч нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргахдаа гэр бүлийн 18 насанд хүрсэн бүх гишүүд гарын үсэг зурж, нэрээ тавьсан байхыг шаардаагүй байна.

Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших хүсэлт гаргахдаа гэр бүлийн нэгдмэл сонирхол бүхий нэг гишүүн нь гарын үсэг зурсныг хуульд нийцсэн хүсэлт гэж үзэх боломжтой.

Ийм байхад шүүх бүрэлдэхүүн С.*******ийг газар эзэмших хүсэлт гаргасан гэж үзэхгүй гэж дүгнэж байгаа нь газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, илт хууль бус шийдвэр гаргасан болно.

Эсвэл анхан шатны шүүх С.*******ийг эцэг Д.Содыг нэхэмжлэл гаргах ёстой байсан гэж үзсэн юм болов уу.

6. Шүүх шийдвэртээ “нэгж талбарын 18633925796867 болон 186393257785870 дугаар бүхий кадастрын зурагт хамаарах талбай нь маргаан бүхий газарт хамаарахгүй, 39,86 метр квадрат газар нэмж эзэмших эрх үүсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэжээ.

Шүүх бүрэлдэхүүн ийнхүү өөрийн нүдээр хэмжилт хийж “нэгж талбарын 18633925796867 болон 186393257785870 дугаар бүхий кадастрын зурагт хамаарах талбай нь маргаан бүхий газарт хамаарахгүй” гэж дүгнэж байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ асуудлыг шүүх тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол шинжээч томилох шаардлагатай байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин шүүх “нүдний таамгаар асуудал шийдвэрлэж” байгааг залруулж өгнө үү.

7. Шүүх шийдвэртээ “гуравдагч этгээдийн тайлбарт нэхэмжлэгч нь хаашаагаа гуравдагч этгээдийн хашаанд тулгаж барьсан гэх тайлбар бодитой байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амартайван, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар гуравдагч этгээд*******г С.*******ийн эзэмших хүсэлтээ гаргасан газар дээр барилгаа барьсан гэдгийг нотлоод байхад шүүх бүрэлдэхүүн “гуравдагч этгээдийн дан ганц тайлбарыг бодитой” гэж дүгнэж байгааг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбарыг дангаар нь нотлох баримтаар үнэлж үзэх ёсгүй бөгөөд ялангуяа хоорондоо зөрүүтэй тайлбар гаргаж, түүгээрээ маргаж байгаа тохиолдолд нэгнийх нь тайлбарыг давхар нотлох баримтгүй байхад “бодитой тайлбар” гэж дүгнэж байгаа шүүх бүрэлдэхүүний мэдлэг, ур чадварыг хэрхэн ойлгох билээ.

Эцэст нь дүгнэж хэлэхэд нэхэмжлэгч С.*******, түүний өмгөөлөгч нар хэргийн оролцогчтой биш шүүхтэй мэтгэлцэхэд хүрээд байна.

Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальсан, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан. улмаар нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулан /шүүгч ердийн нүдээр зураг давхцуулан харж, түүнийгээ нотлох баримт гэж үзсэн/, буруу үнэлж, тусгай мэдлэг шаардсан асуудлаар шинжээч томилоогүй, хууль буруу тайлбарлан хэрэглэж дүгнэлт хийн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль бус байна.

Ийнхүү шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн байх зарчимд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй учир Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 273 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч С.*******ийн өмнөөс түүний ээж Г.Хоролсүрэн хүсэлт гаргасныг буруутгасан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан..., нэхэмжлэгч нь эцэг Д.Сод, эх Г.Хоролсүрэнгийн хамт 3 гэр бүлд зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх олж авах зорилгоор 2000 оноос маргаан бүхий газар дээр хашаа барин 2004 онд аав Д.Содын нэрээр газар эзэмших хүсэлт гаргасан..., нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч нь 2004 оны 8 сараас жил бүр удаа дараа Чингэлтэй дүүргийн газрын алба мэргэжлийн хяналтын байгууллагад хандан ...газар чөлөөлүүлэх хүсэлт гаргаж ирсэн... 2005 онд мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан..., ...шүүх шинжээчийн дүгнэлтгүйгээр газрын байршил, давхцлыг тогтоосон чадварыг хуульд заасан арга хэрэгслээр нотлох баримт цуглуулсан гэж үзэхгүй, ...хэргийн оролцогчийн тайлбар нь дангаар нотлох баримт болохгүй шүүх нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргадаг, ...газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших хүсэлт гаргахдаа нэгдмэл сонирхолтой нэг гишүүн гарын үсэг зурсныг хуульд нийцсэн гэж үзэх боломжтой, шүүх С.******* хүсэл гаргасан гэж үзэхгүй гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн,... шүүх шаардлагатай гэж үзсэн бол шижээч томилох байтал “нүдний таамгаар асуудал шийдвэрлэсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 177 дугаар тогтоолоор “...маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ түрүүлж гаргасан гэх үндэслэлд холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, газрын байршил хэзээ, ямар шалтгаанаар хэрхэн өөрчлөгдөж байсан, энэхүү өөрчлөлт ороход нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс нөлөөлсөн эсэх, шалтгаант холбоо байгаа эсэх, маргаан бүхий газарт хэн эхэлж амьдарсан, хэнд түрүүлж газар эзэмших, хууль ёсны ашиг сонирхол үүссэн тухай шалгаж тодруулаагүй, ... энэхүү маргаан нь нэхэмжлэгчий одоо эзэмшиж байгаа 660 м.кв газартай хамааралгүй, харин энэ газраас тусдаа 39,86 м.кв газарт хамааралтай буюу хэнд түрүүлж маргаан бүхий газрыг эзэмших эрх үүссэн болохыг тогтооход оршиж байгаа..., ... шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, ялангуяа нэхэмжлэгчийн “би эрх биш, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан гэх тайлбар, ... хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шалгаж холбогдох нотлох баримтыг цуглуулах шаардлагатай...” гэж дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

          Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын “...түрүүлж хүсэлт гаргасан..., ...газрын байршил өөрчлөгдсөн” гэх үндэслэлд холбогдуулан маргаан бүхий газрыг эзэмшихээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн нь түрүүлж хүсэлт гаргасан, хүсэлтэд маргаан бүхий газар хамаарч байгаа эсэх, хэн нь тус газарт эхэлж амьдарсан гэх зэрэг тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулж, баримтаар тогтоон дүгнэлт хийлгүйгээр тус маргаан нь 39,86 м.кв газарт хамааралтай байхад тухайн үед газар эзэмших хүсэлтэд газрын хэмжээг хэрхэн заасныг үндэслэл болгосны дээр шинжээчийн дүгнэлтгүйгээр нотлох баримтыг үнэлж дүгнэсний зэрэгцээ шалтгаан үндэслэлийг заалгүйгээр “2004 онд иргэн Д.Содын газрын албанд гаргасан хүсэлтийг нэхэмжлэгч С.*******ийн хүсэлт гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэж  заасантай нийцэхгүй байна.

            Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т тус тус заасны дагуу нотлох баримтыг цуглуулж, үнэлж дүгнэх учиртай.

             Гуравдагч этгээд Д.Гантулга нь маргаан бүхий 39.86 м.кв газарт үл хөдлөх эд хөрөнгө барьсан, газар эзэмших эрх үүссэн талаар баримтгүй байх боловч “...бид байшингаа *******ийн эзэмшлийн газарт бариагүй, тэдний хашаанд оруулаагүй, хашааг буулгаагүй, манайхыг байшин барихад манай байшингийн араар зам байсан ... манайх хүний эзэмшлйн газарт байшин бариагүй, биднийг байшингаа барьснаас хойно ******* нар газар эзэмших эрхээ авчээ... “ гэж, харин нэхэмжлэгчээс “...гуравдагч этгээд нь манай хашааг нурааж буулгаж байшин барьсан, 2005 оны үед Ньюком Мобиком манай газрын хойд хэсгээр зам барих гэж байгааг сонсоод газрын албаны хүмүүстэй уулзахад манайхыг хашаагаа урагшлуул гэснээр хашаагаа урагшлуулсан, гэтэл 2005 оны 10 сард*******гийн хүүхдүүд манай хашааг нурааж маргаан бүхий газарт байшин барьж эхэлсэн “...” тухайн үед 2005 оны 04 дүгээр сард Ньюком манай газрын хойд хэсгээр дээгүүр нь зам барих гэж байгааг сонсоод Чингэлтэй дүүргийн газрын албаны мэргэжилтэн н.Болорчулуунтай уулзахад манайхыг хашаагаа урагшлуул гээд кадастрын зургийг шинэчилж өгсөн...” гэж тус тус маргаж байна.

         Шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн дээрх тайлбаруудтай холбогдуулан тус газарт Ньюком Мобикомын зам хэдэн онд хэрхэн тавигдсан, зам тавигдсаны улмаас нэхэмжлэгч болон иргэн Д.Сод, Г.Хоролсүрэн нарын эзэмшил газрын байршил хэрхэн өөрчлөгдсөн, маргаан бүхий 39,86 мкв газарт нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн нь эхэлж амьдарсан, мөн хэн нь эхэлж эзэмших хүсэлт гаргасныг, түүнчлэн маргаан бүхий газарт гуравдагч этгээдийн байшин хэзээ баригдсаныг тодорхойлоход ач холбогдолтой байж болохоор байх тул нэхэмжлэгчээс 2005 онд Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсантай холбоотой баримт, Улсын байцаагчийн дүгнэлт зэргийг тодруулж, холбогдох нотлох баримтуудыг хуулийн шаардлагад нийцүүлэн цуглуулж, хэрэгт хавсарган үнэлж, дүгнэх шаардлагатай байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэгж талбарын 18633925796867 болон 186393257785870 дугаар кадастрын зурагт хамаарах талбай нь маргаан бүхий газарт хамаарахгүй, 39,86 метр квадрат газар нэмж эзэмших эрх үүсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна ... гэж шүүх бүрэлдэхүүн өөрийн нүдээр хэмжилт хийж ... дүгнэж байгааг зөвшөөрөхгүй, ... шүүх шаардлагатай гэж үзсэн бол шинжээч томилох шаардлагатай байсан... “ гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулалгүйгээр нотлох баримтыг харьцуулан дүгнэж улмаар тус дүгнэлээ гуравдагч этгээдийн тайлбарын бодитойг батлах үндэслэл үндэслэл болгосон нь дээр дурдсан  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 59 дүгээр зүйлийн 59.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасантай нийцэхгүй байна.

           Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...миний бие өөрийн анх эзэмшиж байсан 1401 м.кв газрыг 3 айлд зориулж зуслангийн зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан, тус талбайгаас охин С.*******тээ 700 м.кв газрыг тасалж өгсөн, Кадастрын зургийг газрын албаны түшмэл н.Болорчулууны хийсэн зургийн дагуу бүтнээр нь хийлгэхээр хүсэлтээ олон жил, удаа дараа зохих шатны байгууллагад гаргаж байгаа...” гэх тайлбар, гомдолтой холбогдуулан иргэн Д.Сод, Г.Хоролсүрэн нарын анх болон одоо эзэмшиж байгаа газрын хэмжээ, байршлыг тодруулж тогтоох, иргэн Д.Содоос 1401 м.кв газар эзэмших хүсэлт гаргах үед 3 айл эзэмшихээр хүсэлт гаргасан эсэх, тухайн үед нэхэмжлэгч нь өрт тусгаарлан амьдарч байсан эсэх, тус 1401 м.кв газраас нэхэмжлэгч С.*******т болон бусдад шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргасан эсэх, мөн хүсэлтийн дагуу шилжүүлэн эзэмшүүлсэн эсэхийг, түүнчлэн нэхэмжлэгчээс эзэмшихээр /шилжүүлэн эзэмших хүсэлт мөн хамаарна/ хүсэлт гаргасан газар нь маргаан бүхий газартай давхцаж байгаа эсэхийг шүүх тодруулж, үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Дээр дурдсанчлан  анхан шатны шүүх маргаан бүхий 39.86 м.кв газрын эзэмших эрх хэзээ, хэнд хэрхэн үүссэнийг тогтоохтой холбогдуулан газрын байршил хэзээ ямар шалтгаанаар хэрхэн өөрчлөгдсөн, нэхэмжлэгч гуравдагч этгээдэд нөлөөлсөн эсэх, шалтгаант холбоо байгаа эсэх, маргаан бүхий газарт хэн эхэлж амьдарсан, эзэмших хүсэлтийг ямар хэлбэрээр хэзээ гаргасан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, үнэлж дүгнээгүй байх ба шинжээчийн дүгнэлтгүйгээр нотлох баримтад дүгнэлт хийсэн, түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан эсэхийг шалгаж дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Захиргааны хэргийн шүүхийн магадлалд дурдсан заалтыг хэргийг дахин хэлэлцэж байгаа шүүх заавал биелүүлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, хариуцагчийн шийдвэр, гуравдагч этгээдийн тайлбартай холбоотой нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, нөхцөл байдлыг тодруулан тал бүрээс нь бодитой дүгнэж хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 273 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                            ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

                            ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                            ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ