Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 106

 

Л.Нацагнямын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Л.Нацагням, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, Т.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, О.Баясгалан, гуравдагч этгээд Ч.Базарзаяа, Ц.Чинзоригт нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1056 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0051 дүгээр магадлалтай, Л.Нацагнямын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Ц.Чинзоригт, Ч.Базарзаяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1056 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 87 дугаар зүйлийн 87.1, 154 дүгээр зүйлийн 154.4, 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 24 дүгээр зүйлийн 54.1, 24.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Нацагнямын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоол, мөн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтын 21, 22 дугаарт бичигдсэн Ц.Чинзориг, Ч.Базарзаяа нарт холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойргийн санал хураалтын дүнг тус тус хүчингүй болгож, Л.Нацагнямыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, тус тойрогт дахин сонгууль явуулахыг дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0051 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1056 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 87 дугаар зүйлийн 87.1, 154 дүгээр зүйлийн 154.4, 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 24 дүгээр зүйлийн 54.1, 24.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 3” гэснийг “Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 154 дүгээр зүйлийн 154.4, 159 дүгээр зүйлийн 159.1, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2” гэж, Ц.Чинзориг гэснийг Ц.Чинзоригт гэж, “дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай” гэснийг “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээд Ц.Чинзоригт, Ч.Базарзаяа нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гэрч Б.Золбоо үйл явдал болсноос 7 сарын дараа Л.Нацагнямыг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн болохыг маш сайн санаж, тухайн үед би бүртгэхээ мартсан байна гэдэг. Гэтэл тухайн үед бүртгэхээ мартсан ч 7 сарын дараа үйл явцыг санан кофе аягалан өгснөө хүртэл санаж байгаа нь нэхэмжлэгч гэрчид илт нөлөөлж, зөвхөн өргөдлийг бүртгэхээс мартсан гэж хэлүүлж, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байх тухайн нэр дэвшигчид үүрэг болгосон заалтыг өөрт ашигтай байдлаар тайлбарлах гэсэн үйлдлийг шүүх хүлээн зөвшөөрч байна. Энэ нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Шүүх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Иргэний нисэхийн ерөнхий газрын бичиг хэрэгт үзлэг хийхэд Л.Нацагням 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл өгөөгүй болох нь нотлогдсон ба 2016 оны 07 дугаар сарын ээлжийн амралтаа авах, түр чөлөө хүссэн өргөдөл, удаа дараа ажил тасалсан учир ажлаас халах тушаал гарч байсан болох нь нотлогдсон. “Жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан нь ерөнхий шаардлага болно. Мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д тусгай шаардлага тавьсан.

Сонгуулийн тухай хуулиар хүсэлтийн хуулбарыг ирүүлэхийг шаардсан байхад нэхэмжлэгчээс ирүүлсэн гэх 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн өргөдөлд “гарын үсгийн гэрчилсэн” баримт байгаа. Энэ нотариатын тэмдгээс үзвэл ийм өргөдөл өгөөгүй гэх үндэслэл үүсэх бөгөөд хариуцагч талаас нотариатын баримтыг Нотариатын танхимаас гаргуулах шаардлагатай байна. Энэ өргөдөл гэх баримтыг гэрчилсэн этгээд өөрийн бүртгэлийн дэвтрийг хуулбар үнэн гэж ирүүлсэн байгаа нь өөрөө өөрийгөө гэрчлэх ёсгүй гэсэн үндэслэл тавьсан боловч шүүх хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, гэрчлэх гэдэг нь хөндлөнгийн этгээд тухайн зүйлийг нотлох, батлах тухай ойлголт бөгөөд өөрийгөө гэрчлэх гэсэн хууль зүйн ойлголт байхгүй болохыг шүүх анхаарсангүй.

Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлд гарын үсэг гэрчлэх гэж юу болохыг хуульчлан заасан бөгөөд 44.1-д “Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ” гэж заасан. Үйлчлүүлэгч этгээдэд нэг л хувь очих, тэр нь Сонгуулийн хороонд эх хувь байгаа тул Иргэний нисэхийн ерөнхий газар ийм өргөдөл өгөөгүй болох нь нотлогдоно. Харин Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлд баримт бичгийн хуулбар гэрчлэх үйлдлийг хуульчилсан бөгөөд энэ зүйлийн 49.1-д “Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ” гэсэн бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.6-д “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар” гэж заажээ.

Сонгуулийн хуулийн 157 дугаар зүйлд заасан энэхүү тусгай зохицуулалтаар “... албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар” гэсэн болохоос гарын үсэг үнэн зөвийг гэрчилсэн баримт гэж шаардаагүй болохыг шүүх анхаарсангүй. Шүүх, Сонгуулийн хороо ч хоёулаа хуулийг дээдлэн ажиллах ёстойг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Хуулийг чандлан сахихгүй юм бол хууль, шүүх гэж ер нь байгаад хэрэг байна уу. Тухайн хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад телевизээр Хан-уул дүүргийн Ардчилсан намын нэр дэвшүүлэх хурлын бүтэн бичлэг гарсан юм байна. Гэтэл Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хурлаас нэхэмжлэгч Л.Нацагням нь нэр дэвшээгүй болох нь тодорхой болсон, намаасаа нэр дэвшиж чадаагүй хүн сонгуульд оролцох ёсгүй нь ойлгомжтой. Энэ баримтыг шүүх цуглуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Шүүхээр сонгуулийн дүнг өөрчлөх ёсгүй, төрийн албан хэрэг хөтлөлтийн дагуу ямар ч баримтад өргөдлөө өгсөн болох нь нотлогдохгүй байгаа тул Сонгуулийн тойргийн хороо хасах шийдвэр гаргаж буйг буруутгах боломжгүй. Иймд, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэдэг үндэслэлээр шийдвэр, хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Чинзоригт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0051 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сонгуульд өрсөлдөгчдийг нэг гараанаас өрсөлдөх боломжийг хангах зорилготойгоор тусгагдсан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “Төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдугээр нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан тушаалаа гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан.

Миний бие хавтаст хэрэгт үзлэгээр авагдсан материалыг үзэж байхад Л.Нацагням нь 2016 оны 07 дугаар сарын 19, 28-ны өдөр удирдлагууддаа “өөрийн хүү Ууганбаярын хүүхэд төрсөн тул чөлөө олгоно уу”, дутуу амарсан тул “амралтын 10 хоногийг нөхөж олгоно уу” гэх зэрэг хүсэлтүүдийг өөрийн гараар, өөрийн гарын үсэгтэй бичиж, холбогдох дарга нарынх нь цохолттой баримтууд байдаг. Энэхүү баримтууд нь Л.Нацагнямыг ажлаа өгөөгүй байсан гэдгийг баталж байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үүнийг авч үзээгүй, Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх заалтын нэр дэвшигчээр бүртгүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш ажил, албан тушаалаа гүйцэтгээгүй байх гэсэн хэсгээр уг хуулийн заалтыг дутуу тайлбарласан.

Дээрх хүсэлтүүдээс харахад Л.Нацагнямын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэнд бичиж өгсөн гэх нотариатаар батлуулсан өргөдөл худлаа гэдэг нь батлагдаж байна. г өргөдлийг 2016 оны 03 дугаар сарын 31-нд бичиж нотариатаар батлуулж өгсөн гэдэг боловч уг өргөдлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баталсан нь хавтаст хэргийн материалаас харагдаж байгаа тул шүүхэд худал мэдүүлсэн. Л.Нацагням нь орон нутгийн сонгуулийн өмнө Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хурлаасаа нэр дэвшээгүй, харин 10 дугаар тойрогт н.Цэлмэг, н.Мөнхтүшиг нар батлагдсан байсан нь уг хурлын бичлэгээр тодорхой харагдаж байх тул Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүйг харуулж байна. Дээрх шалтгаан, үндэслэлүүдийг хянан үзэж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Базарзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр гаргахад нөлөөлсөн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ гэрч Г.Нямдаваа, Б.Золбоо нарын мэдүүлэгт ач холбогдол өгч шийдвэрлэсэн. Л.Нацагням ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ эхлээд Г.Нямдаваад өгсөн гэдэг бөгөөд үүний дагуу өөрийнх нь хүсэлтийг хангаж, Г.Нямдавааг гэрчээр шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөхдөө нэр дэвшинэ гээд ажлаас чөлөөлөгдөх тухай надтай уулзаж ярилцаж байсан, бичгээр өргөдөл өгсөн эсэхийг санахгүй байна гэсэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гол хуулийн үндэслэлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримталсныг давж заалдах шатны шүүх хэлэлцэн магадлал гаргахдаа “дээрх заалтыг тайлбарлаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ амаар гаргах боломжтой, ийнхүү хүсэл зоригоо илэрхийлснээр хүсэлтээ өгсөн гэж үзнэ гэж дүгнэсэн нь” буруу дүгнэн, 9.1, 12.3 дахь заалтыг Тогтоох хэсгээс хассан мөртлөө хуулийн ерөнхий заалтаар анхан шатны шийдвэрийг зөвтгөсөн нь буруу болжээ.

Миний бие анхан болон давж заалдах шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөх боломжгүй, Сонгуулийн байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагыг хууран мэхэлсэн үйлдэл байгаа эсэх үндэслэлийг шүүхээс шалгуулах хүсэлтийг удаа дараа тавьсан ч огт анхаараагүй ба иргэдээс шударга сонгогдсон миний эрх ашигт ноцтой нөлөөлж байгааг анхаараагүй. Би давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа өөрийн сонгогдсон эрх ашиг илт хөндөгдөж, шударга сонгуулийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн будлиулах сонирхол бүхий бүлэг этгээдийн үйлдлийг тогтоолгох, Захиргааны хэргийн шүүх нотариатын үйлдлийг шалгуулах хүсэлтийг удаа дараа үл тоож байсан учир уг үйлдлийг шалгуулахаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандсан.

Иймд, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг давж заалдах шатны шүүх буруутгасан, үндэслэл байхгүй магадлалаар шийдсэн, гуравдагч этгээдийн гол нотлох баримтыг шалгуулах хүсэлтийг шүүх хэрэгжүүлээгүй, сонгуулийг будлиантуулах гэж буй үндэслэлийг хянан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхүл Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа нотариатын үйлдлийг тогтоож, шийдвэр гаргах үед дахин шийдүүлэх үндэслэлээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий актын үндэслэлд зөв дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолоор “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн” гэсэн үндэслэлээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас 10 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Нацагнямыг нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэжээ.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэлийг тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “...дүүргийн сонгуулийн хороо дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана”, 158.1.2-т ”нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй бол” гэжээ.

Мөн хуулиар, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг 157 дугаар зүйлийн 157.2-т заан тодорхойлж, нэр дэвшүүлсэн нам нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах ямар баримт бичгийг Сонгуулийн хороонд ирүүлэхийг нэрлэн заасны дотор 157.2.7-д “...төрийн ...өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ...захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар” ирүүлэхийг хуульчилсан байна.

Нэхэмжлэгч Л.Нацагням “...албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг хуульд зааснаар Сонгуулийн хороонд хүргүүлсэн, ...2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө нотариатаар батлуулан ажил олгогчид өгсөн, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш тухайн ажлын байранд очиж ажиллаагүй байхад Сонгуулийн хороо үндэслэлийг шалгаж тодруулаагүй” гэж маргажээ.

Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “ ...төрийн ...өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ...дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Л.Нацагням нь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болох Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын харьяа “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлын албан тушаалыг хашиж, байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан тул орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшихдээ Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтын дагуу сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх үүрэгтэй байна.           

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Хан-Уул дүүргийн Монгол ардын намаас ИНЕГ-т 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16/133 тоот албан бичиг хүргүүлж, Л.Нацагнямыг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаар тодруулга хүссэн байх ба ИНЕГ-ын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/3442 тоот албан бичгээр “Л.Нацагням нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байна” гэсэн хариу ирүүлжээ.

Эдгээр баримтыг үндэслэн МАН-аас 10 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Базарзаяа нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд “шударга өрсөлдөх зарчим алдагдсан” гэсэн үндэслэлээр гомдлын өргөдөл гаргасны дагуу Сонгуулийн хороо нэр дэвшигч Л.Нацагнямаас тайлбар авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Л.Нацагнямд холбогдох өргөдлийг хэлэлцэн, хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн” гэсэн үндэслэлээр нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг зөрчөөгүй байна.

Мөн түүнчлэн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, ИНЕГ-ын 2016 оны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, өргөдөл гомдлын хяналтын карт, Л.Нацагнямаас ИНЕГ-ын дарга Г.Нямдаваад “10 хоногийн амралт эдлүүлэх”-ийг хүсч 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл, мөн ажлаас “7 хоногийн чөлөө” хүсч 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл, ИНЕГ-ын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 04/2754 тоот “Шаардлага хүргүүлэх тухай”, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/3706 тоот шүүхэд ирүүлсэн албан бичгүүд, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/166 дугаар тушаал зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.Нацагням нь албан ажлаа гүйцэтгэж байсан, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй болох нь тогтоогджээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан “албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт” гэдгийг “ажил олгогчтой байгуулсан гэрээ /хөдөлмөрийн, үр дүнгийн гэрээ г.м/-г цуцлахаар өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр бичгээр гаргасан хүсэлт” гэж, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д заасан “...ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар” гэсэн нь бичгээр гаргасан хүсэлтийн хуулбар гэж ойлгохоор байна.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 9, 12 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглэж, “нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ амаар болон бичгээр гаргах боломжтой, ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо эрх бүхий албан тушаалтанд илэрхийлсэнээр хүсэлтээ өгсөн гэж үзнэ” гэсэн хууль бус дүгнэлт хийжээ.

Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэр дэвшигч Л.Нацагнямын хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй, ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй болох нь тогтоогдсон тул нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 17 дугаар тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасантай нийцсэн, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх алдааг зөвтгөөгүй нь буруу байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1056 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0051 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2, 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Нацагнямын “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Л.Нацагнямыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрогт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох, 10 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар гуравдагч этгээд Ц.Чинзоригт, Ч.Базарзаяа нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

    ШҮҮГЧ                                                                           Б.МӨНХТУЯА