Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/122

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч А.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Адъяахүүгийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 2131001290148 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй , эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн  хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 164 тоотод оршин суух хаягтай,  урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 215 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 70,000 төгрөгөөр торгох ял, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн. Хэрэг хариуцах чадвартай. Харчин овогт Адъяахүүгийн Мөнхбат /РД:ЧВ77013077/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

           Шүүгдэгч А.Мөнхбат нь 2021 оны 04 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Ялбаг гэх газар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбаг гэх газраас уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмаа гаргахгүй байлгах зорилгоор мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Алтансүхэд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлэн мөнгө өгөхийг санал болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Мөнхбат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч А.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Түүнээс болоод буруу зүйл хийчихсэн...” гэжээ

Шүүгдэгч А.Мөнхбатын 2021 оны 09 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Анх 2021 оны 03 дугаар сарын үед манай хамаатны хүүхэд болох Т.Гансүх нь алт угаах зориулалт бүхий тоног төхөөрөмж буюу дизель мотор, усан буу зэргийг надаас 30 сая төгрөгөөр худалдан авахаар /зээлээр/ тохироод надад байсан тоног төхөөрөмжүүдийг аваад явсан юм. Т.Гансүх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр “Ялбаг” гэх газарт ашигт малтмал буюу алт олборлох гээд явсан юм. Улмаар манай эхнэр Анхтуяа бид 2 Гансүхээс мөнгөө авах зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын эхэн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр “Ялбаг” гэх газарт очсон юм. Тэгээд Гансүх бид нар алт олборлох ажлынхаа бэлтгэл ажлыг хангаад байж байтал Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгалт очиж “хууль бусаар ашигт малтмал олборлосон” хэргээр бид нарыг шалгаж, үйл ажиллагааг зогсоосон юм. Уг асуудал дээр манай дүү Гансүх яллагдагчаар татагдсан, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгагдаад явж байгаа. Тухайн үед буюу 2021 оны 04 сарын сүүлээр 29, 30-ны өдрийн үед Экологийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Алтансүх гэх хүн “Ялбаг” -ийн пост дээр очиж үүрэг гүйцэтгэн, тэр хавьд байсан ашигт малтмалын тоног төхөөрөмжүүдийг голоос гаргах, тоног төхөөрөмж байршуулсан иргэдийг хөөж явуулах зэрэг ажил хийж байсан юм. Энэ үед буюу 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр билүү 30-ны өдөр би өөрийн эхнэр Анхтуяагаас бэлэн 300,000 төгрөг аваад, уг мөнгөн дээр нэмээд өөрийн 500,000 төгрөгийг Алтансүхэд өгөх зорилгоор түүн дээр очиж уулзсан юм. Би Алтансүхтэй уулзахаас өмнө жаахан архи уучихсан, нэлээд өндөр согтолттой байсан. Тэгээд Алтансүхтэй уулзаж, “өөрийн дүү Гансүхийг ажиллуулж байсан” ашигт малтмал олборлох зориулалт бүхий тоног төхөөрөмжүүдийг голоос гаргахгүй, тэнд нь үлдээх тухай хүсэлт тавьж өөрийн бэлдсэн 500,000 төгрөгийг баруун гартаа атгаж, Алтансүхтэй гар барихдаа уг мөнгийг гарт нь атгуулах гэтэл Алтансүх нь би ийм бохир мөнгө авахгүй гэж хэлээд миний өгсөн мөнгийг аваагүй, тэрнээс өөр ямар нэгэн асуудал болоогүй, тухайн газарт Алтансүх бид 2-оос өөр хүн байгаагүй учир би буцаад л яваад өгсөн. Тухайн үед  би өөрийн үйлдлийг гэмт хэрэг гэж мэдээгүй, одоо л мэдэж байна. Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг, /хх-ийн 159-161 дүгээр хуудас/,

Гэрч Б.Алтансүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Цагдаагийн ерөнхий газрын даргын даргын тушаалаар “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж байгаа иргэн, аж ахуйн техник хэрэгслийг тухайн бүсээс татан гаргах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн газар дээр нь шийдвэрлэх” чиглэлээр 90 хоногийн арга хэмжээ явагдаж байгаа юм. Уг арга хэмжээний хүрээнд миний бие 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 22 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Ялбагийн пост дээр очиж үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Үүрэг гүйцэтгэхэд Сэлэнгэ аймгийн Ерөө сум Ялбаг гэх газарт байрлуулсан “Ашигт малтмал олборлох зориулалттай техник хэрэгслүүдийг хамгаалалтын бүсээс татан гаргах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн газар дээр нь илрүүлж шалгах” үндсэн чиг үүрэгтэй ажилласан юм. Дээрх үүргийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш миний бие болон хамт үүрэг гүйцэтгэсэн Ж.Түмэндэмбэрэл, Сэлэнгэ аймаг дахь Байгаль орчны улсын байцаагч Ганбаяр /98946447/ бид 3 хамт явж тухайн бүс нутагт ашигт малтмал олборлуулахгүй, байршуулсан техник хэрэгслээ хамгаалалтын бүсээс татан гаргах , жижиг гэр кемпүүдийг татан буулга” гэх үндсэн шаардлагыг амаар хэлж, шаардсан юм. Ингээд тухайн бүс нутагт техник хэрэгслээ байршуулсан иргэд бидний шаардлагын дагуу техник хэрэгслээ татан гаргаж, шаардлага биелүүлж эхэлсэн юм. Улмаар 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэл, Сэлэнгэ аймаг дахь Байгаль орчны улсын байцаагч Ганбаяр нар Ганбаярын машинаар явж ажил үүргээ гүйцэтгэсэн юм. /ямар ажил хийхээр явсныг санахгүй байна/ Ингээд би ганцаараа Ялбагийн постын хойд талд байрладаг, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид амьдрах зориулалт бүхий суурин пост дээрээ байж байтал мөн өдөр буюу 04 сарын 29-ний өдрийн 14-15 цагийн үед тухайн бүс нутагт буюу Ерөө голын цаад талд нь 4 гэр, 2 ширхэг Экскаватор, 1 ширхэг ковш, 1 ширхэг урайл машин, 1 ширхэг том оврын усан буу, 1 ширхэг дизель мотор зэрэг техник хэрэгслийг байршуулсан байсан иргэн Мөнхбат гэх иргэн ганцаараа манай пост дээр ирж надтай уулзсан юм. Ингэж уулзахдаа Мөнхбат нь надад хандаж “Би 1 ширхэг Экскаватор, 1 ширхэг ковш, 1 ширхэг урайл” машинаа хамгаалалтын бүсээс гаргая, тэгээд 1 ширхэг Экскаватор, 1 усан буу, мотор зэрэг тоног төхөөрөмж үлдэнэ, чи энд ажиллах хугацаандаа намайг зүгээр л энд үлдээчих, чимээгүй орхичих, дараа нь ирж ажиллах хүмүүстэй би өөрөө учраа олчихно гэж гэж хэлсэн” Тэгэхээр нь би тэр хүнд хандаж тийм зүйл байхгүй та энд байрлуулсан тоног төхөөрөмжүүдээ яаралтай гарга, үлдсэн эвдрэлтэй тоног төхөөрөмжөө засаж янзлаад, асааж, байгаад яаралтай гаргаарай гэж хэлсэн юм. Энэ үед Мөнхбат нь надад хандаж “за” тэгвэл эхний ээлжинд асаад явж байгаа тоног төхөөрөмжөө гаргая, үлдсэн тоног төхөөрөмжийг нь дараа засна, энэ арга хэмжээ дууссаны дараа би өөрөө ажиллах болно, миний үлдээж байгаа тоног төхөөрөмжийг чи мэдэхгүй царайлаад, хэл ам хийхгүй чимээгүй үлдээчих гэж хэлээд надтай гар барьсан юм. Ингэж гар барихдаа Мөнхбат нь гартаа бэлэн мөнгө барьсан, түүнийгээ миний гар атгуулах гэсэн юм. Тэгэхээр нь би түүнд хандаж ийм зүйл байхгүй гэж хэлээд мөнгийг нь аваагүй ба Мөнхбат надад өгөх гэж оролдсон мөнгөө буцаагаад өмсөж байсан куртикнийхээ хажуугийн халаасанд хийсэн юм. Мөнгөө буцааж халаасандаа хийх үед нь харахад 20,000 төгрөгийн дэвсгэртээр боож, боодолтой мөнгийг дундуур нь нэг нугалсан байсан ба ойролцоогоор 1,000,000 орчим төгрөг харагдаж байсан. Ингээд би тухайн иргэнийг явуулсныхаа дараа  “Авлигатай тэмцэх газрын 110 дугаарт залгаж яриад болсон асуудлыг хэлж, мэдээлсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-25  дугаар хуудас/,

Гэрч Т.Гансүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “....2021 оны 04 дүгээр сарын 06, 07-ны өдрийн үед манай хүргэн ах А.Мөнхбат нь эхнэр А.Анхтуяагийн хамтаар надад зээлээр өгсөн дээрх 2 тоног төхөөрөмжийнхөө мөнгийг авах зорилгоор ирсэн юм. Тухайн үед газар хөлдүү байсан учир алт ухаж чадахгүй байсан ба бид нар Ерөө сумын ялбагийн цагаан тохой гэх газарт тоног төхөөрөмжөө хүргэж байршуулаад 2021 оны 04 сарын 20-ны өдрийн орчимд алт ухах ажлаа хийж эхлүүлж байтал Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгалт ирээд бид нарын ажлыг зогсоогоод тоног төхөөрөмжүүд лацдаад үлдээсэн юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгагдаад эхэлсэн учир уг тоног төхөөрөмжүүд одоо хүртэл Ерөө сумын Ялбагийн пост дээр байгаа. Шалгалтаар Экологийн цагдаагийн газраас Алтансүх гэж цагдаа очсон байсан нь үнэн. Би тэр Алтансүх цагдаатай нь 2 ч удаа уулзсан. Тухайн үед Алтансүх цагдаа нь манай эзэмшлийн Экскаватор машин болон тоног төхөөрөмжүүдийг зөөж голоос гарга гэдэг шаардлага тавьж байсан. Тухайн үед манай Экскаватор машин нь асахгүй байсан юм. Угаасаа тэр газарт  бид нараас өөр зөндөө олон хүмүүс очсон, алт ухаж байсан юм. Би бол Алтансүхэд мөнгө төгрөг өгөөгүй, та тэрийг Мөнхбат ахаас асуучих ....” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29  дүгээр хуудас/,

Гэрч О.Анхтуяагийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “....Ямар ч байсан 2,300,000 билүү 2,400,000 төгрөгийг нь шатахууны зардалд өгсөн. Мөн 300,000 төгрөгөөр нь мах худалдан аваад дэлгүүрээс авсан хоол хүнсний зүйл аваад 570,000 орчим төгрөг өгсөн санагдаж байна. Бусдын нарийн санахгүй байна. Тэр газарт угаасаа мөнгө шилжүүлэх тухай ойлголт байхгүй, ямар нэгэн байдлаар юм худалдаж авах үед заавал бэлэн мөнгөтэй байх шаардлагатай байдаг. Иймд хэрэглээндээ тааруулаад үлдсэн 1 сая гаруй төгрөгийг нь би бэлнээр л хадгалж байсан байх....Манай нөхөр Мөнхбат нь тэр архи ууж явсан өдрөө надаас бэлэн 300,000 орчим төгрөг аваад явсан. Буцаж ирэхдээ ус ундаа, хүүхдэд чихэр жимс аваад ирсэн шүү дээ, би Мөнхбатад иэр 300,000 төгрөгийг өгөхдөө дээрх 5 сая төгрөгөөс хэрэглээд үлдсэн байсан мөнгийг нь л өгсөн.. Тэр үед 1 сая гаруй төгрөг үлдсэн байснаас Гансүх аймгийн төв орно гээд бэлэн 800,000 төгрөгийг надаас авсан, тэгээд үлдсэн 300,000 орчим төгрөгийг манай нөхөр Мөнхбат аваад явсан юм” ....” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-42  дугаар хуудас/,

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, /хх-инй 06-р хуудас/, Б.Алтансүхийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөгч, ахлах мөрдөгчөөр томилсон тухай мэдэгдэх хуудас /хх-ийн 07-08 дугаар хуудас/, албан тушаалын тодорхойлолт, /хх-ийн 09-12-р хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын даргын Түр хяналтын пост байгуулж, алба хаагчдыг сэлгэн ажиллуулах тухай 2021.04.19-ний А/110 дугаартай тушаал, түүний хавсралтууд /хх-ийн 13-16 дугаар хуудас/  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 48-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 152-154 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 167-168-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 178 дугаар хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Мөнхбат нь 2021 оны 04 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Ялбаг” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор байршуулсан техник хэрэгслүүдийг байршуулсан газраас нь холдуулахгүй, гаргахгүй байх зорилгоор тухайн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Борчулуунд бэлэн мөнгө өгөхийг санал болгосон буюу өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор цагдаагийн ажилтны албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлэн мөнгө өгөхийг санал болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн болох нь    

Шүүгдэгч А.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Түүнээс болоод буруу зүйл хийчихсэн. ...Тухайн үед буюу 2021 оны 04 сарын сүүлээр 29, 30-ны өдрийн үед Экологийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Алтансүх гэх хүн “Ялбаг” -ийн пост дээр очиж үүрэг гүйцэтгэн, тэр хавьд байсан ашигт малтмалын тоног төхөөрөмжүүдийг голоос гаргах, тоног төхөөрөмж байршуулсан иргэдийг хөөж явуулах зэрэг ажил хийж байсан юм. Энэ үед буюу 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр билүү 30-ны өдөр би өөрийн эхнэр Анхтуяагаас бэлэн 300,000 төгрөг аваад, уг мөнгөн дээр нэмээд өөрийн 500,000 төгрөгийг Алтансүхэд өгөх зорилгоор түүн дээр очиж уулзсан юм. Би Алтансүхтэй уулзахаас өмнө жаахан архи уучихсан, нэлээд өндөр согтолттой байсан. Тэгээд Алтансүхтэй уулзаж, “өөрийн дүү Гансүхийг ажиллуулж байсан” ашигт малтмал олборлох зориулалт бүхий тоног төхөөрөмжүүдийг голоос гаргахгүй, тэнд нь үлдээх тухай хүсэлт тавьж өөрийн бэлдсэн 500,000 төгрөгийг баруун гартаа атгаж, Алтансүхтэй гар барихдаа уг мөнгийг гарт нь атгуулах гэтэл Алтансүх нь би ийм бохир мөнгө авахгүй гэж хэлээд миний өгсөн мөнгийг аваагүй, тэрнээс өөр ямар нэгэн асуудал болоогүй, тухайн газарт Алтансүх бид 2-оос өөр хүн байгаагүй учир би буцаад л яваад өгсөн. Тухайн үед  би өөрийн үйлдлийг гэмт хэрэг гэж мэдээгүй, одоо л мэдэж байна. Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ  мэдүүлсэн гэрч Т.Гансүх, Б.Алтансүх, О.Анхтуяа нарын мэдүүлэг, хх-ийн 17-р хуудсанд байх мөрдөгчийн тэмдэглэл, болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч А.Мөнхбатын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Авлигын гэмт хэргийн ангилалд хамаарах “Хахууль өгөх” гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.Мөнхбат нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч А.Мөнхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Мөнхбатын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж тус тус    шийдвэрлэв.  

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч А.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Харчин овогт Адъяахүүгийн Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлэн мөнгө өгөхийг санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбатыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  3000 /гурван мянга/-ын нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбатын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ