Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 47

 

2018 оны 01 сарын 24 өдөр      Дугаар 153/ШШ2018/00047      Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух, ПЛ67123003 регистрийн дугаартай, Молкы гаып овогт Амейгийн Алтанханы ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Алтанхан, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Алтанхан нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 06 дугаар сард 10-р анги төгссөн. Тэгээд 7 дугаар сард Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээний цехэд ажилд ороод 1990 оны 07 дугаар сар хүртэл оёдолчноор ажилласан.

Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүй, Ховд аймгийн Архивын тасагт тухайн үеийн баримт, тушаал шилжиж ирээгүй байна. Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээнд 1985 оны 07 дугаар сараас 1990 оныг хүртэл  оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Алтанхан нь Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээнд 1985 оны 07 дугаар сараас 1990 оныг хүртэл  оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1220 дугаартай лавлагаа,

-А.Алтанханы 1987 онд авсан гэх баярын бичиг,

-А.Алтанханы ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,

-Гэрч Ч.Телеубердигийн “А.Алтанхан нь 1985-1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Би тэр үед Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээнд чанар шалгагч, эрхлэгчээр ажиллаж байсан. Бид ажлын хувцас, үндэсний хувцас, гэрийн цагаан бүрээс, цэргийн цагаан цамц зэргийг оёдог байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Х.Жупарын “А.Алтанхан нь 1985 оны 07 дугаар сараас 1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Би мөн оёдолчин байсан. Гэрчээр асуугдсан Ч.Телеуберди бид хоёр 1984 онд анх Ховд сумын Ахуй үйлчилгээнд ажилд орсон” гэх мэдүүлэг,

-Гэрч Х.Жупарын 1984 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авсан гэх талархал, 1987 оны 03 дугаар сарын 08-ны өдөр авсан гэх баярын бичиг,

-А.Алтанханы мэргэжлийн үнэмлэх зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч А.Алтанхан нь Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээнд 1985 оны 07 дугаар сараас 1990 оныг хүртэл  оёдолчноор ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1220 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч А.Алтанханы хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар А.Алтанхан нь Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээнд 1987-1990 оныг хүртэл  оёдолчноор ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Харин 1985 оны 07 дугаар сараас 1986 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.Телеуберди, Х.Жупар нарыг гэрчээр асуусан ба эдгээр гэрч нар нь А.Алтанханыг 1985 оны 07 дугаар сараас эхлэн 1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан гэдгийг нотлож, мэдүүлэг өгсөн боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдохгүй байна.

Иймд хүсэлт гаргагч А.Алтанханы 1985 оны 07 дугаар сараас 1986 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Молкы гаып овогт Амейгийн Алтанханы Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээнд 1987-1990 оныг хүртэл  оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч А.Алтанхан нь 1985 оны 07 дугаар сараас 1986 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн Ховд сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА