| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00676/и |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 48
2018 оны 01 сарын 24 өдөр Дугаар 153/ШШ2018/00048 Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух, ПЛ59011512 регистрийн дугаартай, Молхы Гайл овогт Хадатын Хыдырбайгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Хыдырбай , нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Хыдырбай нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие1975 оны 6 дугаар сард 8-р анги төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд илгээлтээр гарч, 1977 оны 06 дугаар сар хүртэл туслах малчнаар ажиллаж байгаад 1977 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. Улмаар 1980 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтэр болон архивын лавлагаагаар миний ажилласан байдал дутуу бичигдсэн байна. Иймд намайг 1975 оны 06 дугаар сараас 1977 оны 06 дугаар сар хүртэл, 1980 оны 06 дугаар сараас 1990 он дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Хыдырбай нь 1975 оны 06 дугаар сараас 1977 оны 06 дугаар сар хүртэл, 1980 оны 06 дугаар сараас 1990 он дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 1450 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар бригадын 1977-1989 онуудын 70 дугаар дансын хуулбарууд,
-1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдөр авсан гэх Аваргын дипломын нотариатаар гарчлүүлсэн хуулбар,
-1987 оны 02 сарын 17-нд авсан гэх Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1987 оны 07 сарын 26-ны өдөр авсан гэх Сайшаалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1988 оны 09 сарын 06-ны өдөр авсан гэх Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр авсан гэх талархалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-635 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх,
- Гэрч С.Адебиетийн “...би 1972 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад малчин байсан. Х.Хыдырбай нь 1975-1977 он хүртэл эцэг эхийн хамт Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс 1980 онд халагдаж ирээд мөн нэгдлийн 2 дугаар бригадад малчин байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
- Гэрч Х.Күзенбайн “...би 1980-1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан. Х.Хыдырбай нь илгээлтээр 1975 онд гарч туслах малчин хийж байгаад цэрэгт явсан. 1980 онд цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ малчнаар ажилласан нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Х.Хыдырбай нь 1975 оны 06 дугаар сараас 1977 оны 06 дугаар сар хүртэл, 1980 оны 06 дугаар сараас 1990 он дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Молхы Гайл овогт Хадатын Хыдырбайг 1975 оны 06 дугаар сараас 1977 оны 06 дугаар сар хүртэл, 1980 оны 06 дугаар сараас 1990 он дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА