Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/03115

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/03115

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

           

           

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 4 дүгээр баг, Ган зам гудамж, 24 дүгээр байр, 2 тоот хаягт оршин суух, Мөнх овогт Банзрагчийн Батцэнгэлийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42 хаягт байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-II-108 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батцэнгэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-II-108 тоот “Батцэнгэлд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.  Б-II-107 тоот тушаалын үндэслэх хэсэгт  Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “и”, “з” заалт, Замын ерөнхий инженер Мещеряков А.Р-ын удирдан хийсэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан.  

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тухайд: Б.Батцэнгэл нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэх хуулийн шийтгэлтэй байх хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй бөгөөд сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал байдаггүй нь Б.Батцэнгэлийг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлгүй юм.

            Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тухайд: Б.Батцэнгэл нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн даргын ажил албан тушаалд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг талууд харилцан тохиролцож тусгасан байдаг. Тус сахилгын ноцтой зөрчлүүдээс “Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ноцтой зөрчиж хүнд болон бүлэг осол гаргасан, түүний улмаас хүний амь үрэгдсэн, түүнээс урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй” гэсэн зөрчлийг буруутгах үндэслэл болгосон байж болзошгүй гэж нэхэмжлэгч тал үзсэн. Гэхдээ хариуцагч тал тус тушаалын үндэслэл болон тушаах хэсгийн агуулгын талаар бодитой хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй. Б.Батцэнгэлийг буруутгасан үндэслэл нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сайншандаас Олон-Овоо өртөө рүү засварын материал ачиж явсан 59-24 ДГА дугаартай Зил-130 самосвал машин Айраг өртөө орчимд осолдсон осолд буруутгасан. Гэтэл тус ослын талаар Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 54/06/19 тоот дүгнэлтээр “Баяраа овогтой Амарсайханы ослыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын 2.2 дугаар заалт “Согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн” гэж үзэн “Үйлдвэрлэлийн бус осол”-оор тооцов гэсэн дүгнэлт, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахмад, авто инженер, эрх зүйч, цагдаагийн байгууллагын шинжээч Б.Батцэвэрийн дүгнэлтээр “Зил-130 маркийн 59-34 ДГА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Баяраагийн Амарсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг / Жолоочийн үүрэг/-ийн 2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурал/-ын 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна” гэсэн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дугаар №30 тоот дүгнэлтийн 4-д “Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 3.4 промилл  спиртийн агууламж илэрсэн байна”, 5-д “Амь хохирогч Б.Амарсайхан нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна” гэсэн дүгнэлт, Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №17/14 тоот “59-24 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэгт 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр орсон. Техникийн хяналтын үзлэгт стандартын шаардлага хангаж, тэнцсэн” гэсэн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Б.Батцэнгэлийг тус осолтой шууд холбоотой байхын зэрэгцээ буруутай гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Б.Батцэнгэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм, журмыг биелүүлж ажилласан байтал осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэсэн ямар ч ойлгомжгүй хууль бусаар хэлмэгдүүлж буруутгасан. Осолдогч Б.Амарсайхан нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өглөө ажилдаа гарсан байдаг бөгөөд Сайншандаас Олон-Овоо өртөө орох замдаа буюу Сайншандаас 170 км хол газарт архи уусан байдаг ба үүнийг хамт явсан ажилтан гэрчилж нотлохын зэрэгцээ дээрх дүгнэлтүүдээр тогтоогдсон. Гэтэл осолдогчийн архи уусан маш хариуцлагагүй үйлдэл, тус осол болон Б.Батцэнгэл нарын үйлдлүүдийн хооронд ямар ч шалтгаант холбоо байхгүй байхад буруутгасан нь үндэслэлгүй. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д “Ажлаас халах” гэсэн заалтыг мөн үндэслэл болгосон. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 29 дүгээр зүйлд “Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй” гэж тайлбарласан байтал Б.Батцэнгэлийн гэм буруу, зөрчлийн шинж чанарыг тогтоосон дүгнэлт шийдвэр байхгүй, осолтой шууд шалтгаант холбоотой үйлдэл байхгүй байхад буруутгасан нь хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Б.Батцэнгэлийг буруутгаж буй осол нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гарсан бөгөөд тус ослын талаар Замын хэмжээнд мэдэгдэл өгч ирүүлсэн байдаг. Гэтэл Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь 1 сар 4 хоногийн дараа бөгөөд энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчсөн. Иймд тус тушаалын үндэслэх хэсгийн хамгийн чухал заалтууд нь хууль тогтоомжийн шаардлагыг хангахгүй байхын зэрэгцээ хууль бусаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Б-II-108 тоот тушаалын тушаах хэсгийн тухайд: 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр осол гарч жолоочийн амь нас эрсдсэн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгаа хангалтгүй өгч, осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, байгууллагын сахилга бат хангалтгүй ажилласан Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн дарга Б.Батцэнгэл 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэж тусгасан.

            Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилга хангалтгүй өгч, осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн тухайд: Осолдогч Б.Амарсайхан нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өглөө өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурсан бөгөөд албан томилолтоор явах удирдамжид Замын хөдөлгөөний дүрэм болон Техник ашиглалтын дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааг мөрдөж ажиллах талаар үндсэн үүрэг даалгавар өгөгдөхийн зэрэгцээ томилолтоор шугам замд ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа мөрдөх талаар үүрэг өгөгдсөн байдаг. Мөн 2017 оны 4 дүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяны хүрээнд Хөдөлмөр хамгаалалтай холбогдсон сургалт, тэмцээн, шалгалтуудыг зохион байгуулж, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийг бүрэн олгож зааварчилгааг бүрэн олгосон байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын хүрээнд Ерөнхий инженерийн үзлэгээр тус машин механизмын цех нь бага эрсдэлтэй гэж дүгнэсэн байдаг. Энэ бүгд нь Б.Батцэнгэлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдсон хүлээсэн үүргээ хангалттай хийж гүйцэтгэсэн талаар дүгнэсэн дүгнэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан материалаар тогтоогдож байгаа.

Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй тухайд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дах хэсэгт “үйлдвэрийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг” хэлнэ гэж заасан. Гэтэл тус автомашины осол нь үйлдвэрлэлийн ямар ч хүчин зүйлд өртөөгүй талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээс тодорхой харагддаг. Мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 54/06/19 тоот дүгнэлтээр “Үйлдвэрлэлийн бус осол” гэж мэргэжлийн хөндлөнгийн байгууллага дүгнэлт гаргаснаар байтал ажлаас халах тушаалд Үйлдвэрлэлийн осол гэж тусгаж байгаа нь илт хууль бус болохын зэрэгцээ Б.Батцэнгэлийг буруугүй болохыг нотолж байна.

Байгууллагын сахилга бат хангалтгүй ажилласан тухайд: Байгууллагын сахилга бат хангалтгүй байсан талаар албан ёсны дүгнэлт шийдвэр байдаггүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад байгууллагын сахилга бат хангалтгүй ажилласан тухай зохицуулалт байхгүй. Архины зөрчлийн тооцоо судалгаа нэмэгдсэн, хасагдсан эсэх тухай асуудал нь хариуцагчийн буруутгаж байгаа үндэслэл боловч хавтас хэрэгт авагдаагүй.

Б.Батцэнгэл нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд тус хугацаанаас хойш ажилгүй байсан хоног нь 112 болно. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлийн 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тооцно гэж заасан бөгөөд Б.Батцэнгэлийн цалин хөлс нь 2017 оны 3 дугаар сард 1.488.116 төгрөг, 4 дүгээр сард 1.520.069 төгрөг, 5 дугаар сард 1.560.570 буюу  1 сарын дундаж цалин 1.522.918 төгрөг болох бөгөөд 1 сарын ажлын дундаж хоног нь 21 тул 1 өдрийн цалин нь 72.519.9 төгрөг болох бөгөөд ажилгүй байсан хугацааны нийт олговор нь 8.122.128 төгрөг болно. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-II-108 тоот тушаалыг хүчингүй болгож, Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 8.122.128 төгрөгийг гаргуулж, үүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-II-108 тоот тушаал зөв гарсан байна. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг шаардаж байгаа учраас Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэг рүү орно. Үүнд урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн 2 хувилбар байна. Төмөр замын тээврийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг хэрэглэсэн. Төмөр замын тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар “Төмөр замын үйл ажиллагаа байнгын хяналттай байна” гэдэг энэ үүрэг биелэгдээгүй. Тэгэхээр ажил олгогч урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна гэж үзэн ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна. Хурал дээр Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байсан. Би хурал дээр хэлсэн зөв зүгээр явж байсан хүнээ өнөөдөр алдчихсан. Энэ хүн 2015 оны 7 сард ажилд томилогдсон. Яг үүний өмнөх дарга нь энэ километрт жолооч нь согтуу явж байгаад зам тээврийн осолд орж өөрөө нас барсан. Энэ дээр өмнөх даргыг та ерөөсөө архинаас урьдчилан сэргийлэх тухай үйл ажиллагаа, энэ ослыг давтуулахгүй байх талаар ямар ч ажил хийгээгүй байна гээд ажлаас нь чөлөөлж Б.Батцэнгэлийг томилсон. Жолооч нарыг аян замд явахдаа архидан согтууруулах ундаа хэрэглэхгүй байх талаар урьдчилан сэргийлэх ажил зохиосон байх ёстой байсан. Хурал дээр энэ асуудлыг хэлэлцсэн. Барилга ашиглалтын 3 дугаар ангийг хийсэн ажлууд дотор энэ жолооч нар зам тээвэрт явж байхдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх талаар ямар ч ажиллагаа зохион байгуулагдаагүй. Энэ цехийн автын механик нь байнга архи ууж, ажил тасалдаг. Ажил тасалдаг хүнтэйгээ Б.Батцэнгэл ямар ч ажил хийгээгүй, өмөөрч авч үлддэг. Тийм учраас Төмөр замын байгууллага дээр архи уусан хүн хамгийн түрүүнд халагддаг. Уг осол бүхэл бүтэн хүний амь золиосолж байж бид сургамж авсан. Төмөр зам дээр нэг осол давтагдсан тохиолдолд тэр дарга ахин ажиллахгүй. Осол давтагдсан, давтагдаагүй хийх ёстой ажил хийгээгүй ямар ч албан тушаалтныг ажлаас халж, сахилгын шийтгэл ногдуулна. Төмөр замын байгууллагад осол гараад ажилтан нь нас барсан байхад намайг ажлаас үндэслэлгүй халлаа гэдэг энэ анхны тохиолдол. Ямар ч Төмөр замын байгууллагын ажилтан ажиллаж байгаад ажлын байран дээр нас барсан тохиолдолд дарга нь ажлаа сайн дураараа өгдөг. Иймд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ажлаас халах сахилгын шийтгэл хууль зүйн үндэслэлтэй. Өмнөх 2015 оны ослын дараа үүнийг давтагдуулахгүй байх талаар хийсэн ямар ч баримт хавтас хэрэгт авагдаагүй. Хөдөлмөр хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгсөн гэсэн гарын үсэг байдаг. Гарын үсэг дээр өглөө зуруулах биш, ажилтанд хэвшүүлэхгүй бол урьдчилан сэргийлэх ажил үр дүнгүй байна. Зөвхөн дээрээс ирж байгаа шалгалт удирдамж, удирдлагыг хуурах зорилгоор гарын үсэг зуруулсан. Хэзээ ч шугам замд тээвэр хийж байгаа жолооч нарыг шалгаж байгаагүй. 2 жилийн хугацаанд огт шалгалт хийгдээгүй. Хурал дээр шал өөр чиг үүргийн зүйл ярьсан. Төмөр замын байгууллагад ажилтан нь тахир дутуу болсон байхад дарга нь ажлаа өгдөг л хууль үйлчилнэ. Энэ хүмүүсийг ажлын байран дээр архи уулгахгүй байх, архины хор нөлөөллийн талаар хүмүүст ямар ч үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Тиймээс Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлээгүй байна. Байнгын хяналт тавьж болох үүргээ биелүүлээгүй өмнөх ослыг давтсан. Үүнд ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Төмөр замын тээврийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь заалтыг оруулж ирсэн нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

         

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батцэнгэл нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-II-108 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгахаар нэмж шаардлаа.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Батцэнгэл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргаар 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс томилогдон ажилласан байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-II-108 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, хөдөлмөрийн гэрээний 2.3, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “и”, “з” заалт, Замын ерөнхий инженер Мещеряков А.Р.-ын удирдан хийсэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр осол гарч жолоочийн амь нас эрсдсэн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгаа хангалтгүй өгч, осол гарах нөхцлийг бүрдүүлсэн, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, байгууллагын сахилга бат хангалтгүй ажилласан Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн дарга Банзрагчийн Батцэнгэлд 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь сахилгын зөрчил гаргаагүй тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-II-108 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх буюу гаргасан зөрчлийг шалгасан материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдох ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 2.3-т “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн дүрэмд ... ажилтан нь аваарь сүйрэл, ажлын ноцтой алдаа, гологдол гаргасан, гаргах нөхцлийг бүрдүүлсэн, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ноцтой зөрчиж, хүнд болон бүлэг осол гаргасан, түүний улмаас хүний амь үрэгдсэн, түүнээс урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй ...” бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Б.Батцэнгэлийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр осол гарч жолооч /Б.Амарсайхан/-ийн амь нас эрсдэж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгаа хангалтгүй өгч, осол гарах нөхцлийг бүрдүүлсэн, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, байгууллагын сахилга бат хангалтгүй ажилласан гэж буруутгасан байна.

2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байсан Ч.Одонтуяа нь Сайншандаас Олон-Овоо зөрлөг рүү томилолтоор явсан 59-24 ДГА улсын дугаартай Зил-130 Самосвал машины жолооч Б.Амарсайханд томилолтын удирдамж, томилолтоор ажиллах үеийн зааварчилгааг өгч, гарын үсэг зуруулсан, 3 дугаар анги нь сар бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу албан хаагчдаа сургалтанд хамруулдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Жолооч Б.Амарсайхан нь томилолтоор Сайншандаас Олон-Овоо зөрлөг рүү ачаа тээвэрлэн 59-24 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Айраг өртөө орчим явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг /жолоочийн үүрэг/-ийн 2.7.а-д “жолооч согтууруулах ундаа ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/-ийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг онхолдуулсан, ослын улмаас жолооч Б.Амарсайханы амь нас хохирсон талаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар шинжээчийн дүгнэлтүүдэд тус тус дурдаж, энэхүү ослыг үйлдвэрлэлийн бус осол болохыг Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 54/06/19 дүгээр дүгнэлтээр тогтоолоо.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Батцэнгэлийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгаа хангалтгүй өгсөн, осол гарах нөхцлийг бүрдүүлсэн, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, байгууллагын сахилга бат хангалтгүй ажилласан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Иймд түүнийг хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байхад Улаанбаатар Төмөр замын дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3-т заасныг зөрчиж, ажлаас халсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-II-108 тоот тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Батцэнгэлийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулан авахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

   Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт  нэхэмжлэгч нь нэг сарын дундаж цалин 1.522.918 төгрөг, нийт 112 хоног ажилгүй байсан гэж 8.122.128 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

   Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу тооцоход 2017 оны 3 дугаар сард 1.488.116 төгрөг, 4 дүгээр сард 1.520.069 төгрөг, 5 дугаар сард 1.560.570 төгрөг, нийт гурван сарын цалин 4.568.755  төгрөг, 3 дугаар сард ажлын 22 хоног, 4 дүгээр сард ажлын 20 хоног, 5 дугаар сард ажлын 23 хоног, нийт ажлын 65 хоног, нэг өдрийн цалинг 70.288 төгрөг 50 мөнгө байна.

   Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2017 оны 6 сард ажлын 16 хоног, 7 дугаар сард ажлын 16 хоног, 8 дугаар сард ажлын 23 хоног, 9 дүгээр сард ажлын 21 хоног, 10 дугаар сард ажлын 22 хоног, 11 дүгээр сард ажлын 14 хоног, нийт ажлын 112 хоног, ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт 70.288 төг 50 мөн х 112 хоног = 7.872.312 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг гаргуулж, үлдэх 249.816 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

   Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй хугацааны цалин хөлс болох 7.872.312 төгрөгөөс тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.904 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг  баримтлан нэхэмжлэгч Б.Батцэнгэлийг  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын ажилд эгүүлэн эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7.872.312 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Монгол Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-II-108 тоот тушаалыг хүчингүй болгуулах, цалинтай тэнцэх олговорт 249.816  төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.904 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.МӨНХЦЭЦЭГ