Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/03070

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/03070

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 3 дугаар байр, 5 тоот хаягт оршин суух, Эзэн овогт Гунгаагийн Сүхбаатар /РД:ЧП42050210/,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 3 дугаар байр, 5 тоот хаягт оршин суух, Элжигэн овогт Нямдоржийн Бадамгарав /РД:ЧП48082507/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 18-3 дугаар гудамж, 7 тоот хаягт оршин суух, Эзэн овогт Сүхбаатарын Ариунтуяа /РД:ЧП83101702/ нарын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 3 дугаар байр, 5 тоот хаягт оршин суух, Эзэн овогт Сүхбаатарын Баттөгс /РД:УП89021518/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Бадамгарав, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч С.Баттөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Бадамгарав шүүхэд гаргасан нэхэмжлэл,  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаан сарын дараа нөхөр бид хоёр хоёулаа өндөр настай болсон учраас отгон хүүд С.Баттөгсдөө бэлэг болгож орон байраа өгсөн. Түүнээс хойш зан ааш нь хувираад намайг та нутаг руугаа яв. Аавыгаа болохоор цохиж зоддог болсон. Иймэрхүү байдалтай байсан. Уг нь миний хүү бол сурлага сайтай сайн хүн байгаа юм. Хүүгийн ирээдүйг бодоод цагдаад өгөхгүйгээр шийдсэн юм. Манай байр 30 гаруй жил болсон огт хөдөлгөөгүй. Нөхөр бид хоёр оюутан байхдаа хүүхэдтэй болоод тэр хүүхдээ 4 сартай байхад нь хүнд өргүүлсэн юм. Тэгээд сүүлд өргөсөн ээж аав нь өнгөрсөн учир 2013 онд хүрч ирж уулзаж, эмчилгээ хийлгээд явсан юм. Сайхан орон гэртэй болмоор байна гэхээр нь орон гэртээ болгосон. Бид нарыг ийм байдалтай болгоно гэж санасангүй. Дүү нь эгчийнхээ үгэнд ороод байраа барьцаанд тавьчихсан. Банк бус санхүүгийн байгууллагаас 25.000.000 төгрөг зээлж аваад нөгөө хүн нь алга болчихсон. Байраа алдахыг хүсэхгүй байна. Яахаа мэдэхгүй байна. Хүний санаанд орохооргүй төрсөн хүүхдээ муулаад байж байдаг над шиг хүн байдаггүй байх. Муулахаас өөр аргагүй ч байдалд байна. Нулимс хүртэл гарахгүй байна гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ яагаад ийм шаардлага гаргах болсон бэ гэвэл энэ бэлэглэсэн байр нь 1987 онд Нэгдүгээр клиникээс нэхэмжлэгч Г.Сүхбаатарт олгогдсон. Орон сууц хувьчлалын тухай хуулийн дагуу гэр бүлийн бүх гишүүд өмчилж авсан. Энэ өмчлөлд Н.Бадамгарав, Т.Сүхбаатар, С.Ариунтуяа, С.Баттөгс гэдэг хүмүүс байдаг. Яагаад хариуцагч С.Баттөгсөд шилжүүлэх болсон бэ? гэвэл хариуцагч С.Баттөгс нь айлын отгон хүү юм. Эцэг эх нь нас дээр гарч хэдэн хүүхдүүдийнхээ хооронд эд хөрөнгийн маргаан гаргахгүй гэж шилжүүлсэн. Шилжүүлсний дараа 2017 оны 6 сард Банк Бус Санхүүгийн Байгууллагаас  байрыг хураана гэж ирсэн. Тэгэхэд байрыг барьцаанд тавьж зээл авсныг мэдсэн. Яагаад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг 7 хоноогүй байхад барьцаанд тавьсныг ойлгохгүй байна. Хариуцагч С.Баттөгсөөс яагаад зээл авсан юм. Юунд хэрэглэсэн юм гэж асуухаар би авч хэрэглээгүй, 4 сартай байхад нь хүнд өргүүлчихсэн төрсөн эгч н.Батцэцэг аваад алга болчихсон гэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд Г.Сүхбаатар, Н.Бадамдорж нарыг 2 удаа зодсон. Ээжийгээ элдэв үгээр хараадаг. Үүнээс гадна 2017 оны 8 дугаар сарын 20-нөөс 21-нд шилжих шөнө н.Батцэцэгийг хаанаас ч юм дагуулж ирээд ээж аавынхаа нүдэн дээр зодсон. Үүнээс болж Г.Сүхбаатар, Н.Бадамгарав хоёрын даралт нь ихсэж эмнэлэгт хандсан. Надтай олон юм ярих юм бол энэ хүнийг зодно шүү гэж сүрдүүлж байгаа хэрэг гэж үзэж байна. Тэгээд энэ байдлаараа удах юм бол удахгүй гудамжинд гарах юм байна гэсэн сэтгэл зүйн байдлаасаа болоод Г.Сүхбаатар, Н.Бадамгарав нар нь дээрх нэхэмжлэлийг гаргасан юм. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэж байна. Хариуцагч С.Баттөгс нь архи ууж эцэг, эхийгээ зоддог. Элдэв муухай үгээр хараадаг. Бас төрөл садангийн н.Батцэцэг гэдэг хүнийг зодож байгаа үйлдэл нь төрөл төрөгсдийн хүмүүсдээ хүч хэрэглэж байгаа нэг илрэл юм. Энэ зүйлүүдийг үндэслээд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож тус байрын өмчлөгчөөр С.Ариунтуяа, Г.Сүхбаатар, Н.Бадамгарав нарыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч С.Баттөгс шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Яахав өөртөө гэмшиж байна. Авах ёсгүй гэж бодоод нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн. 1 сард эгч н.Батцэцэг зээл авах хэрэгтэй байна гэж хэлээд Банк бус санхүүгийн байгууллагаас миний нэр дээр хамтран зээлдэгчээр зээл авсан. Уг нь эгчийн ажил нь бүтсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан юм. Мөнгө төгрөгөө идээд дууссан гэсэн. Банк бус санхүүгийн байгууллагаас 25.000.000 төгрөгийн 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн төлөлтөнд 10.000.000 гаруй төгрөгийг төлсөн байгаа гэв.

 

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Сүхбаатар, Н.Бадамгарав, С.Ариунтуяа нар нь хариуцагч С.Баттөгст холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010042 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 3 дугаар байр, 5 тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны хамтран өмчлөх эрхээ шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь бэлэглэлийг гэрээг хүчингүйд тооцуулж, өмчлөх эрхийг сэргээхийг зөвшөөрч байна.

            Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэв.

            Ү-2205010042 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо , 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 3 дугаар байр, 5 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууц нь 1999 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг баталгаажуулснаар Н.Бадамгарав, Г.Сүхбаатар, С.Ариунтуяа, С.Баттөгс нарын өмчлөлд бүртгэгдсэн байна.

            Нэхэмжлэгч Н.Бадамгарав, Г.Сүхбаатар, С.Ариунтуяа нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр -2205010042 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо , 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 3 дугаар байр, 5 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг хариуцагч С.Баттөгст бэлэглэжээ.

            Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж зааснаар бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, эсхүл бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардаж болохоор заасны дагуу хариуцагч С.Баттөгс нь нэхэмжлэгч нарыг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан гэж нэхэмжлэгч нар шаардаж байна.       

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10961 тоот шинжээчийн дүгнэлтээр С.Баттөгс нь Г.Батцэцэгийг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны 5 тоотод зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна. Хохирогч Г.Батцэцэг нь нэхэмжлэгч нарын том охин бөгөөд  бусдад үрчлэгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдлоо. 

            Иймд нэхэмжлэгч нар  нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэлийг хүчингүй болгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, бэлэглэлийг хүчингүй болгуулах шаардах эрх нь нэхэмжлэгчид 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үүсэж, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 280 дугаар зүйлийн 280.1-д заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй байх тул хариуцагч нэхэмжлэгч нарыг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн үндэслэлээр шүүх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т “Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид... буцаан олгоно.” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид бэлэглэсэн бэлэглэлийн зүйл болох Ү-2205010042 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо , 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 3 дугаар байр, 5 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй юм.

            Дээрх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Ү-2205010042 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо , 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 3 дугаар байр, 5 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Сүхбаатар, Н.Бадамгарав, С.Ариунтуяа нарыг нэмж бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиййн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баттөгсөөс 420.450 төгрөг гаргуулан 350.250 төгрөгийг улсын орлогод оруулж, 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь заалтыг баримтлан Ү-2205010042 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо , 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 3 дугаар байр, 5 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг сэргээж, дээрх орон сууцны өмчлөгчөөр Г.Сүхбаатар, Н.Бадамгарав, С.Ариунтуяа нарыг нэмж бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх  заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баттөгсөөс 420.450 төгрөг гаргуулан 350.250 төгрөгийг улсын орлогод, 70.200 төгрөгийг нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ