Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 50

 

2018 оны 01 сарын 24 өдөр      Дугаар 153/ШШ2018/00050      Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, ПЛ55062418 регистрийн дугаартай, Харахас назар Ягмусын Муханы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Я.Мухан , нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.Мухан нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа:  Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1971-1973 оныг дуустал адуу маллаж байгаад цэргийн албанд татагдаж 1976 оны 9 сард цэргээс халагдаж ирсэн. 1977-1989 оныг дуустал Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад адуу, тэмээ маллаж байсан. Аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас 1977 он, 1979 он, 1981-1989 он дуустал мал маллаж байсан тухай баримт олдсон юм. Иймд намайг 1971-1973 оныг дуустал, 1977 он, 1979 он, 1981-1989 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Мухан нь 1971-1973 оныг дуустал, 1977 он, 1979 он, 1981-1989 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 1267 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1971-1973 онууд, 1977, 1979, 1981-1989 онуудын 70 дугаар дансын хуулбарууд,

-Гэрч Ш.Мөнхтөрийн “...би 1980-1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчин байсан. Я.Мухан нь цэргээс халагдаж ирээд Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан. Ер нь нэгдэлд насаараа мал малласан хүн байгаа юм. Би хамт ажиллаж байсны хувьд мэдэж байна...” гэх мэдүүлэг,

- Гэрч Л.Надмидын “...би 1986-1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад тэмээчин байсан. Я.Мухан нь надтай хамт ажиллаж байсны хувьд мэдэж байна...” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Я.Мухан нь 1971-1973 оныг дуустал, 1977 он, 1979 он, 1981-1989 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харахас назар Ягмусын Муханы 1971-1973 оныг дуустал, 1977 он, 1979 он, 1981-1989 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА