Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 15

 

П-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0015/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Г.Мөнхболд /онлайнаар/

Шүүгдэгч П, өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П-н давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1940000300010 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1994 онд төрсөн, эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг, Цацын 1-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт П /РД: / нь

2010 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг, Цацын 1-5 тоотод оршин суух иргэн Э-н гэрт хууль бусаар нэвтрэн ”Самсунг С-6 плас” маркийн гар утсын хулгайлж нийт 400000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Т овогт Г-н П-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П-г 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч П нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож тус тус шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч П нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие сэтгэцийн өвчнөөр өвчилж хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан. Тус өвчнөөр хүүхэд байхдаа өвчилсөн бөгөөд эдгэрээгүй олон жил болж байна. Эмч зан үйлийн эмгэгт орсон гэж оношилдог. Надад энэ байдал маань нөлөөлдөг юм уу, хааяа хийж байгаа үйлдэлдээ дүгнэлт хийж чадахаа больж, мартаж, санах, аймхай, өөртөө итгэлгүй болох, хүний үгээр болж, өөрийгөө бусдад ойлгуулах чадваргүй болдог.

Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөн би Э-н гэрт хулгай хийх зорилгоор очоогүй. Манайх Э эгчийнхтэй намайг бага байхаас эхлэн нэг хоёр хашааны наана цаана, хөршүүд байсан бөгөөд нэг нэгнээ сайн мэддэг хүмүүс юм. Тийм ч учраас би тухайн өдөр Э эгчийнд очсон. Намайг очиход гэр нь цоожгүй байсан болохоор нь ойрхон гарсан байх гэж бодоод гэр нь ороод хүлээж байсан юм. Тэгээд хүн ирэхгүй болохоор нь цэнэглэж байсан утсыг нь аваад гарсан. Тухайн үед би хулгай хийх зорилготой Э эгчийнд очоогүй. Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Ялтан П нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлээд, шүүхээс түүнийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял халдаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. П нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн учир зүйлчлэлийн хувьд маргадаггүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт “гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж заасан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 170107 дугаартай актад ердийн өвчний жагсаалтаар хөдөлмөр чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэсэн.  Энэ нь хэрэг хариуцахад нөлөөлөхгүй учир хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг болон прокурорт гаргасан хүсэлтийг үндэслэн оногдуулж болох хамгийн хөнгөн ял болох 1 жилийн хорих ялыг оногдуулах санал гаргасан. Шүүх эдгээрийн үндэслэж хамгийн бага хэмжээний ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нь сэтгэцийн өвчнөөр өвчилж хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон.  Мөн багийн Засаг даргын дүгнэлтээр сэтгэцийн өвчтэй болох нь батлагддаг. П эхнэртээ өгөх гэж утсыг авсан гэдэг боловч эхнэр нь жилийн өмнө салаад явчихсан байдаг. Шүүгдэгч нь сэтгэцийн өвчний улмаас унаж татдаг бөгөөд байнгын эм уудаг. Яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан баримт болон өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтэд зурсан гарын үсэг зөрүүтэй байсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн өөрийгөө  илэрхийлэх чадвар муу хүнийг өмгөөлөх эрхээр хангахгүй байх явдалд нь эрхийг нь зөрчсөн гэж үзэж байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө хөрөнгийг хулгайлсан байна гэх зүйл ангиар яллагдагчаар татаж тогтоол үйлдсэн. Өмгөөлөгч миний хувьд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхгүй байна. Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг дээд шүүхийн тайлбар болон хууль хэрэглээний тайлбарт “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно” гэж заасан байдаг. Тэгэхэд шүүгдэгч нь эвдэж гэмтээж бусдын орон байранд ороогүй. Айл хэсэх гэж анх очсоноо хэлдэг. Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гэрээ онгорхой орхиж явсан, мөн шүүгдэгчийг ойрхон байдаг. Гэрээр нь орж гардаг тухай хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт гэмт хэргийн сэдэл зорилгыг тогтооно гэж заасан байдаг. Ямар зорилгоор Э гэдэг айлд очсон, хүнгүй байна гэдгийг мэдээд хэр удаан хүлээсэн, тухайн хэрэг хийх сэдэл санаа хэзээ үүссэн зэрэг асуудлыг тодруулаагүй, уг ажиллагааг орхигдуулсан. Иймд уг ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд дахин шалгах шаардлагатай байна.

Сэтгэцийн байдал эргэлзээтэй байх юм бол шинжээч томилно гэж хуульд заасан байдаг. Энэ хэрэгт шинжээч томилох нөхцөл байдал үүссэн. Ухаан санаа нь орж гарч хэвийн бус байдаг гэдгийг багийн Засаг дарга нотолдог. Хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэгт гэм буруугийн сэдэлт зорилго нь тодорхой харагдаж байна гэж үзэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлчлэхээр бол зүйл ангийг хөнгөрүүлж, хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү.

Мөн хөрөнгийн үнэлгээний тухай хуульд эрх бүхий албан тушаалтнаар үнэлгээ гаргуулах шаардлагатай гэж заасан байдаг. Хөрөнгийн үнэлгээг хуульд заасан шаардлагын үнэлгээний газраар үнэлүүлээгүй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар П-д холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

П-н хэрэг хариуцах чадвартай эсэхийг мэргэжлийн эмч нарын дүгнэлт гаргуулаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өмгөөлөгч оролцуулаагүй, мөн хулгайд алдагдсан гэх гар утасны үнэлгээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар үнэлүүлээгүй, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоолгүйгээр эцэслэн шийдвэрлэж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болсон байх тул шийтгэх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П-д холбогдох эрүүгийн 1940000300010 дугаартай хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                О.БААТАРСҮХ

                                                             Я.АЛТАННАВЧ