Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/0556

 

М.Б*******ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө*******, гуравдагч этгээд Н.М*******, гуравдагч этгээд А.Б******* түүний өмгөөлөгч Ц.Г******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 521 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд А.Б******* түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Б*******ы нэхэмжлэлтэй, С*******ийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие газрын төлбөрөө бүрэн төлж ирсэн бөгөөд жил бүр гэр бүлээрэээ зусландаа гардаг юм. Ингээд 2014 оны 06 дугаар сард зуслангийн газар дээрээ очтол миний хууль ёсны зөвшөөрөлтэй газар дээр үл таних хүмүүс дур мэдэн гэр барьж буугаад 4x4 хэмжээтэй байшин барьж байхад нь газар чөлөөлж өгөхийг шаардахад биднийг үл тоож байшингийн ажлаа үргэлжлүүлээд байхаар нь Дүүргийн өмч газрын харилцааны албанд х*******ад А.Б******* гэж хүн болохыг олж тогтоож, түүнийг зөвшөөрөлгүй болохыг бидэнд хэлсэн ба тэр даруйдаа буюу 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А.Б*******т шаардах хуудсыг өгсөн байдаг.

С*******ийн газрын албанд газар эзэмших өргөдлөө албан ёсоор өгсний дагуу 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр С*******ийн Засаг даргын 221 тоот шийдвэр гарч 523 м.кв газар 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон. Үүний дагуу 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийн 0067474 дугаартай гэрчилгээ авсан нь Газрын тухай хуулийн 29, 30, 31, 32, 33 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл журмын дагуу хуулийн хүрээнд тухайн газрыг эзэмших эрхтэй болсонТодруулбал А.Б******* нь маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг гэдгийг нотлох эрхийн гэрчилгээ байхгүй, харин хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх хугацаанд хэрэгт хавсаргасан нотлох баримтаар 2005 онд 400 м.кв газарэрхийн гэрчилгээтэй байх боловч тухайн 400 м.кв газар нь хаана гэдэг нь тодорхойгүй, кадастрын зураггүй, нэгж талбарын дугааргүй хоосон гэрчилгээтэй болох нь харагдаж байна. Гуравдагч этгээд А.Б*******ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн С*******ийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У******* шүүхэд гаргасан тайлбартаа: С*******ийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжаар А.Б*******т газар эзэмших эрх үүсч 0065697 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, 18644327361695 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

Гэвч тус газарт Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар М Б*******, М.А*******, Н.М******* нарт газар эзэмших эрх нь үүсч, М.Б*******ы нэр дээр 18644327353686 нэгж талбарын дугаар бүхий 523 м.кв, Н.М*******ын нэр дээр 18644327371690 нэгж талбарын дугаар бүхий 581 м.кв, М.А*******ы нэр дээр 18644327358710 нэгж талбарын дугаар бүхий 543 м.кв газар тус тус манай албаны мэдээллийн санд бүртгэгдсэн байна гэжээ.

Гуравдагч этгээд А.Б******* шүүхэд гаргасан тайлбар болон бие даасан шаардлагадаа: 2004 онд анх кадастрын зураглал ба газрын бүртгэл явагдаж эхэлж байхад тэнд бүртгүүлж нийслэлийн газрын бүртгэл ба мэдээллийн санд А.Б******* би өөрийн нэр дээр хийлгэсэн бөгөөд газрын хэмжээ 2993 м.кв болж байсан. Ингээд С*******ийн газрын албанд 2005 онд өргөдөл гаргаж уг газрыг 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжаар эзэмшихээр болсон.

Би анх 2004 онд кадастрын зураглал хийлгэж газрын бүртгэл мэдээллийн санд А.Б*******ын нэрээр оруулсан бөгөөд 2007 онд нийслэлийн газрын кадастрын санд орсон байна. 2008 онд харин миний эзэмшиж ашиглаж буй газраас хасагдаж 1811 м.кв болгон өөрчилсөн байна. Мөн С*******ийн газрын албаны ажилтан н.Мөнгөнцэцэг миний эзэмшиж ашиглаж буй газрыг хуйвалдан дур мэдэн өөрчлөлт оруулж Н.М******* түүний 2 хүүхэд М.Б*******, М.А******* нартай хамт 3 хувааж өөрчлөлт оруулсан байна.

Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж миний эзэмшиж ашиглаж байсан газартаа анх хүсэлт гаргаж мэдээллийн санд А.Б******* гэсэн нэрээр оруулж бүртгэл хийлгэсэн газарт Н.М*******, М.Б*******, М.А******* нарт давхцуулж олгосон байх тул С*******ийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний 221 дүгээр захирамжтай М.Б*******ы 0067474 газар эзэмших гэрчилгээ, мөн Н.М*******, М.А******* нарын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 521 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасныгтус тус баримтлан С*******ийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож С*******ийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн М.Б******* М.А*******. Н.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гуравдагч этгээд А.Б*******ын бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, С*******ийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр эахирамжийн М.Б*******, М.А******* Н.М******* нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал хугацаагаар түдгэлзүүлж, энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ маргаан бүхий газарт очиж нэхэмжлэгч М.Б*******, гуравдагч этгээд А.Б*******. М.А*******, Н.М******* нарын газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж; координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын кадастрын зураглалын мэдээллийн улсын бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр С*******ийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн М.Б*******, М.А*******. Н.М******* нарт холбогдох хэсгийн эзэмшил газрын хэмжээндхолбогдох өөрчлөлт оруулахыг С*******ийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд А.Б******* түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 521 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Гуравдагч этгээд А.Б******* түүний өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн.

С*******ийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн газар эзэмшүүлж ашиглуулах эрх баталгаажуулах, газар эзэмших ашиглах эрхийг бусдын нэр дээр шилжүүлэх тухай 221 дүгээр захирамж, түүний хавсралтын 423-д бичсэнээс үзэхэд нэхэмжлэгч М.Б*******ы 523 м.кв газрыг баталгаажуулах хэлбэрээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл М.Б******* өмнө нь уг 523 м.кв газар дээр амьдарч байсан гэсэн үг. Түүний С*******ийн газрын албанд хандаж гаргасан өргөдөл дээр ч эзэмшиж буй газраа авах талаар дурдсан. Харин бодит байдал дээрээ маргаж буй газрыг 2007 он түүнээс өмнө хойно иргэн М.Б******* эзэмшиж байсан гэх ямар ч нотлох баримт байхгүй.

Шүүхийн практикаас харахад газрын байршилд нь google-ийн зургаар он оноороо гардаг, түүнээс нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн нь хэзээ уг газрыг эзэмшиж эхэлснийг харж тодорхойлох бүрэн боломжтой байсан ч анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй нэхэмжлэгч хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй захиргааны актад үнэлэлт дүгнэлт өгсөн.

Онолын болон хууль зүйн хувьд авч үзвэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ёстой, тэгээгүй бол ноцтой алдаанд тооцогдоно.

Нэхэмжлэгч 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлдээ С*******ийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Б*******т холбогдох хэсгийг хүнингүй болгох шаардлага гаргасан. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, М.Б*******ы эзэмшиж буй гэх газартай давхцал байхгүй иргэн М.А*******, Н.М******* нарын эзэмшил газартай холбоотой захиргааны актад үнэлэлт дүгнэлт өгсөн.

Өөрөөр хэлбэл С*******ийн Засаг даргын 2007 оны 221 дүгээр захирамжийн иргэн М.А*******, Н.М******* нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал хугацаагаар түдгэлзүүлсэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй, захиргааны хэргийг шийдвэрлэсэн.

Маргаж буй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч М.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Н.М******* гэдэг хүн итгэмжлэлээр оролцсон болох нь харагддаг. Анхан шатны шүүх Н.М*******ад нэхэмжлэгчийн эрх, үүрэг тайлбарлан өгч улмаар хэргийн материалтай танилцуулжээ. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдааны товыг мэдэгдэж шүүх хуралдаанд хүртэл оролцуулсан.

Хэрэгт авагдсан М.Б*******аас Н.М*******ад олгосон гэх итгэмжлэл нь маргаж буй захиргааны хэрэгт хамааралгүй байхад шүүх Н.М*******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэж үзэж байна. Үүнд: итгэмжлэл 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн, нэхэмжлэлээ үүнээс 5 
сарын дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан, цаг хугацааны хувьд авч үзвэл М.Б*******аас Н.М*******ад өөр хэрэг маргаанд олгосон итгэмжлэл гэж үзэх үндэслэлтэй.

М.Б*******аас Н.М*******ад олгосон гэх итгэмжлэлд эрүү, иргэн, захиргааны хэргийн аль шүүхэд төлөөлөх талаар бичигдээгүй, мөн хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох хэрэг гэдгийг дурдаагүй байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Н.М*******ыг маргаж буй захиргааны хэрэгт шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татсан байдаг.

Мөн гуравдагч этгээд М.А******* 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээрН.М*******ыг өөрийн төлөөлөгчөөр томилсон болох нь харагдана.

Өөрөөр хэлбэл иргэн Н.М******* энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээд, мөн гуравдагч этгээд М.А*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч М.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн статустай оролцсон гэсэн үг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтаас харахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгчийг нэг хүн төлөөлөх, 2 буюу түүнээс дээш хариуцагч харилцан тохиролцоод нэгийгээ шүүх хуралдаанд оролцуулах, эсхүл гуравдагч этгээд нар бие биедээ итгэмжлэл өгөх хэлбэрээр ганц этгээд нь төлөөлөх зохицуулалт байж болохоор байна. Харин гуравдагч этгээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр давхар оролцох ньхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад нэхэмжлэгч М.Б*******д эрх, үүргийг нь тайлбарлан өгөөгүй, хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, мөн шүүх хуралдаанд хүртэл оролцуулаагүй нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эс үйлдэхүй болно.

Эдгээрийг харгалзан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүхээс М.Б*******ы С*******ийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар тус дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн гуравдагч этгээдийн С*******ийн Засаг даргын 2007 оны 221 дүгээр захирамжийн М.Б*******, Н.М*******, М.А******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, уг захирамжийн М.Б*******, Н.М*******, М.А******* нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал хугацаагаар түдгэлзүүлж тус тус шийдвэрлэжээ.

Шүүх хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцсэн байх бөгөөд тус шүүх хуралдааны 521 дүгээр тэмдэглэлд тухайн хэргийн үйл баримт, маргаан бүхий захиргааны актуудтай огт хамааралгүй Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 356 тоот захирамж, 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 тоот захирамжуудын Ар Монгол тревел ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн талаар тусгасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д ...захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн агуулга... бичнэ гэж заасныг зөрчсөн байна.

Шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар тухайн хэргийг нотлох баримт болдог бөгөөд хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдол бүхий нотлох баримт юм.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтууд нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байх бөгөөд тогтоох хэсгийн агуулга нь хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйгээс гадна үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг бий болгожээ.

Хэрвээ шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.5-д зааснаар тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн засвар хийж болох ба харин давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар хуульд нийцүүлэн зөвтгөх үндэслэлгүй байна.

Харин энэ шүүх хуралдаанаар гуравдагч этгээд А.Б*******, түүний өмгөөлөгч Ц.Г******* нарын гаргасан хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, иймд нэхэмжлэгчид эрх үүргийн танилцуулж, хавтаст хэрэгтэй танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, түүнчлэн анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэрт дурьдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй гэсэн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Иймээс давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр энэхүү хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 521 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН