| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0158/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/165 |
| Огноо | 2021-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
улсын яллагч О.Эрхэмбаяр
шүүгдэгч Б.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасангийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 2131000000159 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,
Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг, 2-03 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Баасангийн Мөнхбат /РД:МП67092170/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,
Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Батдэлгэртэй маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.Шүүгдэгч Б.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 29-ны өдөр архи ууссан. Тэгээд архины халуунд маргалдсан. Би Батдэлгэрийг хутгалсан. Хүн хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тэгээд надаас 850,000 төгрөг нэхэмжилсэн. Тэгэхээр би бага багаар өгий гэж хэлсэн. Тэгсэн бөөнөөрөө төл гэж хэлсэн...” гэжээ
2.Шүүгдэгч Б.Мөнхбатын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед архи уусан байсан тэгээд л Батдэлгэртэй хэрүүл маргаан хийж хутга авч хутгалсан байсан. Би Батдэлгэрийг алах санаа зорилго огт байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 60-р хуудас/,
3.Хохирогч Ж.Батдэлгэрийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би Мөнхбат, Пүрэв ах нартай уулзсан. Үхэр саачхаад худгаас ус авахаар худаг дээр ирсэн байхад. Мөнхболд гэдэг залуу гэрээсээ гарч ирээд надаас нэг “тамхи байна уу” гэж асуусан. Тэгээд бид 2 тамхилж байхад Мөнхболд “хөгшөөн нэг 100 татах уу” гэхээр нь би Мөнхболдын гэрт ороод 0.5 литрийн “Хараа” нэртэй архи бид 2 хувааж уугаад талд оруулж байхад Мөнхболдын ах Мөнхбат ах гэрт нь орж ирсэн. Тэгээд бид 3 тал шил архиа хуваагаад ууж дуусгаад би усаа аваад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирсэн хойно дахиж ганц юм уух гээд бас хүний архи уусан болохоор хариу юм авч өгөх гээд гэрээсээ гараад гудамжинд Мөнхболдтой уулзахад Мөнхболд “Одоо би архи уухаа зогсооно, өглөө охин ирж магадгүй" гэх зүйлс ярихаар нь Мөнхболд надтай цуг архи уухгүй юм байна гэж бодоод, цаашаа ганцаараа явж дэлгүүр ороод 0.5 литрийн “Хараа” нэртэй архи аваад гараад явж байхдаа аавын найз Пүрэв ахтай таарсан. Тэгээд бид 2 гудамжинд сууж байгаад архиа хуваагаад уусан юм. Тэгээд Пүрэв ах бид 2 гэр гэр лүүгээ харьсан. Тэгээд гэртээ ирээд нэг цаг гарангийн дараа гадагшаа гарсан. Тэгээд би дэлгүүрт ороод карт уншуулаад 9000 төгрөг бэлнээр аваад Дэлгүүрээс гараад явж байхад Пүрэв, Мөнхбат хоёртой таарсан. Тэгтэл Пүрэв ах ханцуйдаа нэг шил архи хийсэн байдалтай надаас жаахан зайгаа бариад зугтаад байсан. Мөнхбат намайг “манай гэрт очиж нэг шил архи ууя” гээд Мөнхбат, Пүрэв бид 3 Мөнхбатын гэрлүү явсан. Тэгээд Мөнхбатын гэрт ирээд хашаанд нь байдаг зуны амбаарт нь суугаад архиа уусан. Тэгээд архиа ууж байхдаа би Пүрэв ахад “та өдөр хүний архи хувааж уучхаад Мөнхбатын авсан архийг, надаас харамлаад яахав дээ” гэж хэлэхэд Мөнхбат жаахан дургүйцэж байсан юм. Тэгээд Мөнхбат бид хоёр архи ууж байхдаа маргалдаж байгаад архи ууж дуусгахад Мөнхбат намайг “гадагшаа гарья” гээд бид гурав гурвуулаа гарсан юм. Тэгээд Мөнхбат бид 2 барьцалдаж авахад Мөнхбат намайг мөргөсөн. Тэгэхээр нь зөрүүлээд 2 удаа нүүрэнд нь мөргөхөд хамар амнаас цус гараад амбаар луу гүйж ороод хутга аваад гараад ирэхээр нь зайгаа авч хашааны хаалганы тэнд зогсоод ариа ч хутгалчихгүй байх гэж бодож байтал миний цээжний зүүн доод хэсэгт хутгалсан юм. Тэгэхээр нь би хашаанаас гараад зугтаад гадаа гудамжинд хашаа налаад сууж байхад Мөнхбат хүүхдийн эвдэрхий машинаар цохиод байж байхад цагдаа, эмнэлэг.манай дүү Одгэрэл, ээж Оюунбат нар ирсэн. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/,
4.Гэрч П.Пүрэвийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр Мөнхбат, Батдэлгэр нартай уулзсан. Тэр өдөр би 10 цаг өнгөрч байхад Батдэлгэртэй хорооллын гудамжинд тааралдаад Батдэлгэр бид хоёр, хоёр шил 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд би Батдэлгэрээс салаад сумын төв ороход Мөнхбаттай таарсан. Тэгээд бид хоёр Бибаа гэдэг хүний дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архи нэг ширхгийг аваад. Мөнхбатын гэр лүү явж байхад замдаа Батдэлгэртэй таарсан юм. Тэгээд Бид 3 Мөнхбатын гэрт ирээд зуны амбаарт авчирсан нэг шил архиа хуваагаад ууж байхад. Батдэлгэр Мөнхбат 2 архи ууж байхдаа “архи их бага уулаа” гээд бие биетэйгээ үг сөрөөд маргалдаад байсан. Тэгээд зуны амбаарын гадна үүдэнд барилцаж авахад Батдэлгэр нь Мөнхбатын нүүрэнд мөргөөд унагаасан юм. Тэгтэл Мөнхбатын ам хамраас нь цус гараад байсан. Мөнхбат амбаар луугаа гүйж ороод хутга бариад гарч ирээд Мөнхбат нь Батдэлгэрийг хөөгөөд гүйсэн. Тэгээд хашааны хаалганы наахан талд Мөнхбат нь Батдэлгэрийн цээжний доод хэсэгт нэг удаа хутгалаад хутгаа хажуу тийш шидсэн. Тэгээд Батдэлгэр хашаанаас гараад зугтсан, араас нь Мөнхбат хөөгөөд энэ 2 гудамжны төгсгөл хүртэл яваад байж байсан. Тэгээд Батдэлгэр Мөнхбатаас зайтай зогсоод хэрэлдээд байсан. Тэр 2 бие биеэ “ална” л гээд байсан. Тэгээд байж байхад Сумын цагдаа Мөнхбат ирээд түүний араас Батдэлгэрийн дүү охин ирсэн. Тэгээд Батдэлгэрийн дүү охин нь явж эмч авчирсан бас Батдэлгэрийн ээж нь ирсэн. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/
5.Гэрч Д.Оюунбатын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн орчим манай охин Одгэрэл над руу утасдаад манай ах Батдэлгэрийг Монхоодой гээд найз нь зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очтол манай хүү Батдэлгэрийн цээжнээс цус гарчихсан байдалтай гудамжинд сууж байсан. Хэсгийн байцаагч Мөнхбат, манай охин Одгэрэл, Монхоодой, Пүрэв наг танихгүй залуу бас байсан. Тэгээд манай хүүг эмнэлэг аваад явсан. Батдэлгэр өөрөө над руу утасдаад Монхоодой намайг хутгалчихлаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
6.Гэрч Ж.Одгэрэлийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 29-ний 12:40 цагт би байшингийнхаа тагтан дээр зогсож байхад Монхоодой ахын арын хашаанд Монхоодой ах орилоод байсан. Зодож байгаад зуураад Монхоодой ах гэр лүүгээ ороод нөгөө хүн нь босоод ирсэн чинь манай төрсөн ах Батдэлгэр байсан. Тэгээд би гэр рүү ороод гар тусаа аваад, яваад очтол манай төрсөн ах Батдэлгэр гудамжинд хутгалуулсан сууж байсан.. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33 дугаар хуудас/
7.Гэрч Г.Батбаярын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчим Балдорж гэдэг айлынд унтаж байгаад Баатар гэдэг айлынд очих гээд гарч явтал гудамжинд нэг залуу хутга барьчихсан нэгнийгээ хөөгөөд “алнаа” гээд явж байсан. Тэгэхээр нь би нөгөө залууг “ахаа та ингэж болохгүй шүү дээ” гэхэд хоорондоо юм ярьж зогсож байгаад салаад явах шиг болсон чинь нөгөө зугтаж явсан залуу нь баруун талын суга хавиас нь цус гараад газар суучихсан. Тэгээд би өөрийнхөө утаснаас 102 залгаж мэдэгдсэн. Удалгүй сумын цагдаа ирээд тэд нарыг аваад явсан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
8.Гэрч М.Дүүрэнбаярын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав ер нь архи их уудаг, урд нь хөрөө раман дээр ажилладаг байсан. Одоо ажилгүй гэртээ байгаа. Намайг байхад бол гайгүй л байдаг. Архи уухаараа агсам согтуу зантай...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
9.Гэрч Ж.Бүрэнбаярын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогчийн цээжний зүүн урд талд 10-12 см урттай хөндлөн зүсэгдсэн шарх байсан. Түүний дотор доод талд 2-З см-ийн урттай цээжний хөндийд нэвтэрсэн мэт шархтай мөн их хэмжээний цус алдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би тухайн шарханд дээр 12 ширхэг оёдол тавьсан. Тэгээд аймгийн эмнэлэг дээр ирээд мэс заслын эмч Бямбацогт хараад тухайн 2-3 см урттай шархыг цээжний хөндийд нэвтрээгүй байна гэсэн. Тийм учраас миний хийсэн оёдлыг задлаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дугаар хуудас/,
10.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
11.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 335 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Б.Мөнхбатын биед дээд уруул зулгаралт, зүүн хөх, зүүн ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хх-ийн 53 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-13 дугаар хуудас/, эм мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 14 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 47-48, 54-55 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-ийн 64-79 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 81-82 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, /хх-ийн 65-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 90-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Мөнхбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн 2 дугаар гудамжны 03 тоот хашаанд Ж.Батдэлгэртэй маргалдан, улмаар цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед архи уусан байсан тэгээд л Батдэлгэртээ хэрүүл маргаан хийж хутга авч хутгалсан байсан. Би Батдэлгэрийг алах санаа зорилго огт байгаагүй...” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Батдэлгэрийн: “...би Мөнхбатыг зөрүүлээд 2 удаа нүүрэнд нь мөргөхөд хамар амнаас цус гараад амбаар луу гүйж ороод хутга аваад гараад ирэхээр нь зайгаа авч хашааны хаалганы тэнд зогсоод ариа ч хутгалчихгүй байх гэж бодож байтал миний цээжний зүүн доод хэсэгт хутгалсан юм...” гэрч Пүрэвийн өгсөн: “....Батдэлгэр Мөнхбат 2 архи ууж байхдаа “архи их бага уулаа” гээд бие биетэйгээ үг сөрөөд маргалдаад байсан. Тэгээд зуны амбаарын гадна үүдэнд барилцаж авахад Батдэлгэр нь Мөнхбатын нүүрэнд мөргөөд унагаасан юм. Тэгтэл Мөнхбатын ам хамраас нь цус гараад байсан. Мөнхбат амбаар луугаа гүйж ороод хутга бариад гарч ирээд Мөнхбат нь Батдэлгэрийг хөөгөөд гүйсэн. Тэгээд хашааны хаалганы наахан талд Мөнхбат нь Батдэлгэрийн цээжний доод хэсэгт нэг удаа хутгалаад хутгаа хажуу тийш шидсэн...” гэх мэдүүлэг, болон бусад болсон үйл явдлын талаар харсан зүйлээ ярьж мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүд,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн“..Ж.Батдэлгэрийн биед цээжний зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн гэрч Д.Оюунбат, Ж.Одгэрэл, Г.Батбаяр нарын мэдүүлэг зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Мөнхбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Батдэлгэр нь шүүгдэгч Б.Мөнхбатаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 850.000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдсон 352.300 төгрөгийг Б.Мөнхбатаас гаргуулан хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Мөнхбат нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Мөнхбатад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг шар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж,
Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мөнхбат цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Баасангийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг шар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
5. Энэхүү хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатаас 352.300 төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон овогт Жамбалын Батдэлгэр РД:УЕ69042713-т олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ