Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 51

 

2018 оны 01 сарын 24 өдөр      Дугаар 153/ШШ2018/00051     Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.******* , нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: Миний бие Ховд аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газрын Ховд зочид буудалд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Мөн 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын Төмөр замын 2 дугаар ангид замчин, замын бригадын даргаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас хохироход хүрээд байна. Иймд миний 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Төмөр замын Рашаант өртөөнд замчнаар, 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын 2-р ангийн 8-р хэсэгт замчин, бригадын даргаар, 1989-1991 оныг дуустал Ховд аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газрын Ховд зочид буудалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.******* нь 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Төмөр замын Рашаант өртөөнд замчнаар, 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын 2-р ангийн 8-р хэсэгт замчин, бригадын даргаар, 1989-1991 оныг дуустал Ховд аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газрын Ховд зочид буудалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 1264 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай тушаалын хуулбар,

-Улаанбаатар хотын төмөр замын төрөлжсөн архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 34/1361 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Улаанбаатар төмөр замын СХ-ийн замын 2 дугаар ангийн даргын 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/45 дугаартай “Ажилд томилох тушаал”-ын хуулбар,

-Улаанбаатар хотын төмөр замын 2 дугаар ангийн даргын 1985 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182 дугаартай “Хэсэг хооронд шилжүүлэх тухай” тушаалын хуулбар,

- Улаанбаатар хотын төмөр замын 2 дугаар ангийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 355 дугаартай “Ажилд дэвшүүлэн томилох тухай” тушаалын хуулбар,

-Улаанбаатар хотын төмөр замын төрөлжсөн архивын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.*******ийн 1984-1988 онуудын цалингийн түүвэр, цалингийн тодорхойлолт,

-******* дугаартай үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

- дугаартай мэргэжлийн боловсролын диплом,

-Улаанбаатар хотын төмөр замын замын 2 дугаар ангийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 592 дугаартай тушаалын хуулбар,

- Гэрч Г.гийн “...би 1989-1991 онуудад Ховд аймгийн Ховд зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан. Т.******* Ховд зочид буудалд бид хоёр хамт ажиллаж байсан. 1991 оны 12 сард ажлаасаа гарсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Т.ийн “...Т.******* бид хоёр Ховд аймгийн Ховд зочид буудалд хамт ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Т.******* нь 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Төмөр замын Рашаант өртөөнд замчнаар, 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын 2-р ангийн 8-р хэсэгт замчин, бригадын даргаар, 1989-1991 оныг дуустал Ховд аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газрын Ховд зочид буудалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ийг 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Төмөр замын Рашаант өртөөнд замчнаар, 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын 2-р ангийн 8-р хэсэгт замчин, бригадын даргаар, 1989-1991 оныг дуустал Ховд аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газрын Ховд зочид буудалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА