Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 53

 

2018 оны 01 сарын 24 өдөр        Дугаар 153/ШШ2018/00053      Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, ПЮ59021931 регистрийн дугаартай, Мөөнө Нямбуугийн Бямба-Очирын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Бямба-Очир , нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Бямба-Очир нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан талбартаа: Миний бие 1975 оны 06 дугаар сард 7-р анги төгсөөд Ховд аймгийн Мянгад суманд 1975-1978, 1978-1990 он хүртэл мал маллаж байсан. 1978-1981 оны хооронд цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1975-1978 оны хооронд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас хохироход хүрээд байна. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэн намайг 1975 оны 06 дугаар сараас 1978 оныг дуустал Ховд аймгийн  Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.          

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Бямба-Очир нь 1975 оны 06 дугаар сараас 1978 оныг дуустал Ховд аймгийн  Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж  байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 1484 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг,

-1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Гэрч Д.Пүрэвдоржийн “...Н.Бямба-Очир нь 1975-1978 оны хооронд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1978 оны 6 сараас 1981 оны 6 сар хүртэл цэргийн албанд явсан юм. Цэргээс халагдаж ирээд эхнэр авч нэгдэлдээ 1990 он хүртэл ажилласан нь үнэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Г.Нямсүрэнгийн “...Н.Бямба-Очир нь 1975-1978 оны хооронд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1978 оны 6 сараас 1981 оны 6 сар хүртэл цэргийн албанд явсан юм. Тэрээр 1990 он хүртэл ажилласан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Н.Бямба-Очир нь 1975 оны 06 дугаар сараас 1978 оныг дуустал Ховд аймгийн  Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж  байсан нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мөөнө овогт Нямбуугийн Бямба-Очирыг 1975 оны 06 дугаар сараас 1978 оныг дуустал Ховд аймгийн  Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж  байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА