Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/220

 

 

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр                         2018/ШЦТ/220                                    Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0250/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга М.Долгоржав

Улсын яллагч Я.Сансар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эод холбогдох 1839005230273 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын "Нугаар баг” "Устай ам” гэх газар өөррийн эзэмшлийн "Соната-6” маркийн 22-51 ДОА улсын дугаартай авто машин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан иргэн Ж.Пгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын "Нугаар баг” "Устай ам” гэх газар өөррийн эзэмшлийн "Соната-6” маркийн 22-51 ДОА улсын дугаартай авто машин жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан иргэн Ж.Пгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 тал, 10-12 тал/, Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтад өгсөн: "...Миний ээж талийгаач Ж.П нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зам тээврийн осолд орж нас барсан... Зам тээврийн осол гарах үед манай хүргэн Э тээврийн хэрэгсэл жолоодож явсан би хүргэн Эод санал гомдол хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч Д.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Багануур дүүрэг өнгөрөөд явж байхад гэнэт машинд сонин чимээ гарах шиг болсон тэгээд юу болсныг мэдээгүй нэг мэдэхэд замаас гараад зогсчихсон охин Мөнхсүрэн уйлж байсан манай нөхөр машинаас гараарай гэсэн ... ээжийг машинаас гаргаад сэгсэрсэн ямар ч хөдөлгөөн байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Шинжээч эмч Ч.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...талийгаач нь өндөр настай хүн байсан шинжилгээнд ороход архаг хууч өвчтэй нь илт мэдэгдэж байсан. Ослын улмаас цочролд орж амь хохирогч Ж.П нь цочмог зүрхний дутагдалд орж нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,

Г.Эын мөрдөн байцаалтад өгсөн: "...Багануур дүүрэг өнгөрөөд Хэрлэн голын гүүр өнгөрөөд 10 гаруй км газар явж байхад гэнэт машины жолоо хоёр тийш чичрээд эхэлсэн өөдөөс машин ирж байгаа харагдаж байсан тул би тэр машиныг мөргөчих байх гэж бодоод жолоогоо баруун гар тийш дарсан машин 2 удаа дайвалзсан нэг мэдэхэд засмал замаас гараад машин зогссон байсан. ... манай хадам ээж П суудал дээрээ хөдөлгөөнгүй байсан би очоод суудлын бүсийг нь тайлаад ээжээ босоод ир гэж хэлээд машинаас гаргаж ирээд сэгсэрсэн хадам эхийн ам нь 2-3 удаа хөдөлсөн юу хэлж байгаа нь сонсогдоогүй түргэн тусламж ирэхэд манай хадам ээж нас барчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 075 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49 тал/ Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Эод холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Эын дээрх үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь насыг хохироох буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд Г.Эыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.П нь нас барсан бөгөөд уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.М нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 73 тал/ гэсэн тул шүүгдэгч Г.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Эын тээврийн хэрэгсэл жолоодох

эрхийг 1жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нь уг ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажэээ.

Шүүгдэгч Г.Э нь гэм буруугийн хувьд маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч С овогт Г-н Эыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Готовын Эыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар Г.Эын тэнссэн 01 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт хураагдсан Г.Эын №841556 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
  7. Шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Эод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.МӨНХТУЛГА