Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/152

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд: Прокурор Д.Нямдэлэг Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр Хохирогч Л.Оюунцэцэг Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, харъяалах шүүхэд шилжүүлсэн Алаг адуу овогтой Бямбаагийн Мөнхбатад холбогдох 1831000050042 дугаартай хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар саын 3-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто грейдерчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 2 дугаар баг, Өндөр хүр гэх газарт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Алаг адуу овогтой Бямбаагийн Мөнхбат, РД: /ЦЖ-79070313/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн төвийн байранд Л.Оюунцэцэгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Б.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2017 оны 12 дугаар сарын 27-нд МАН-ын шинэ жилийн баярын арга хэмжээ болоход би өөрийн эхнэр, хадам ах, түүний эхнэртэй нь хамт очсон. Баярын үйл ажиллагаа 22 цаг гэж дууссан. Би жолоо барьж байсан болохоор архи уугаагүй байсан. Засаг дарга малчдыг “байж байгаарай” гэж хэлээд бид хэд хүлээгээд байж байтал манай эхнэрийн ах агсан тавьсан. Батдэлгэр манай хадам ахын дээр нь гарч суугаад тэр 2 зодолдсон. Би болиулах гэж байсан чинь Л.Оюунцэцэг эгч намайг араас үсдсэн. Намайг гэнэт араас үсдсэн болохоор би арагшаа унахдаа Л.Оюунцэцэг эгчийг цохичихсон юм. Намайг эрүүл байсан болохоор Даваахүү ах надад “гарч машинаа асаа” гэж хэлэхээр нь би гарч машинаа асаасан. Ийм л зүйл болсон....гэв. 2.Хохирогч Л.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 12 дугаар сарын 27-нд МАН-ын шинэ жилийн баярт очсон. Баярын үйл ажиллагаа 21 цаг өнгөрөөж дууссан. Д.Отгонпүрэв бид нарыг “байж байгаарай” гэж хэлэхээр нь явахгүй хүлээж байтал Батгэрэл Отгонпүрэвт агсан тавиад байхаар нь би болиулах гээв очтол Батгэрэл намайг эхэлж хэл үгээр доромжилж зүүн хацарт цохисон. Дараа нь Б.Мөнхбат намайг куртикны малгайнаас татаж шал мөргүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 28-ны 2 өглөө цагдаад гомдол гаргах гэсэн боловч толгой өвдөөд босч чадаагүй. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 30-нд гэмтлийн зураг авахуулаад цагдаад мэдэх гэсэн боловч намайг 1 дүгээр сарын 2-д ир гэхээр нь би аймгийн цагдаад хандсан.... гэв. 3.Гэрч Т.Хунсайханы 2018 оны 01 дүгээр 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 12 дугаар сарын 27-ны орой Монгол ардын намын шинэ жилд оролцоод манай 2 дугаар багийн С.Батгэрэл, Мөнхбат, Л.Оюунцэцэг, Даваа, Батдэлгэр, Ариунаа, Бааска, Отгонпүрэв, Дэчин нарын нэр бүхий 12 хүн доод багийн төвийн байр руу очсон. Тэнд багийн хурлын танхимд сууж байгаад үдэшлэгээс үлдсэн архиа хувааж уугаад жаахан дуулж байгаад гарсан. Бид нарыг дуулаад авчирсан архиа тойруулж байхад Батдэлгэр /Баагий/, Батгэрэл ах нар конторын хонгилд хоорондоо маргалдаад байсан бөгөөд Батгэрэлийн ахын энхэр Цэцэгээ эгч, дүү Цогзол, хүргэн Мөнхбат нар нь гарч ирээд бид 4 тэр хоёрыг салгасан ба бусад хүмүүс цаана зааланд суугаад дуулалдаж байсан. Тэр хоёрыг муудалцаж, бид нарыг салгаж байх үед цаанаас Оюунцэцэг эгч гарч ирээд салгах гэж дундуур нь орж ирсэн бөгөөд Мөнхбат Батгэрэлийг тэвэрч эргэхдээ Оюунцэцэг эгчийг тохойгоороо түлхэх шиг болсон бөгөөд Оюунгэрэл эгч хананы ирмэг мөргөсөн. Тэгээд Мөнхбат Батгэрэлийг тэвэрсэн чигээрээ гараад араас нь Цэцэгээ эгч, Цогзол эгч гарч тэр дөрөв машиндаа суугаад явсан. Тэр дөрвийг явсны дараа Оюунцэцэг эгч бид 2 эргэж орсон. Биднийг ороход ууж байсан архи дууссан бөгөөд Ариунаа эгч Баагийг чи залуу хүн байж дандаа ингэж агсам согтуу тавьж байх юм. Өнгөрсөн жил бас агсам тавиад байсан. Энэ зангаа татаарай гээд загнаж байсан. Тэгээд бид нар тарж Дэчингийн эхнэр Даваа, Оюунцэцэг, Даваагийн зээ жижиг хүүгийн хамт тавуулаа Дэчингийн машинд суугаад Ариунаа эгч, Бааска эгч 2 Ариунаа эгчийн машинаар тус тус харихаар явцгаасан бөгөөд багийн дарга Отгонпүрэв бид 2 Баагийг гэрт нь хүргэж өгөөд харьцгаасан......гэх мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/ 4.Гэрч Л.Батдэлгэрийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би сумын соёлын төвд зохиогдсон Монгол ардын намыг шинэ жилийн баярт оролцчихоод арга хэмжээ тарсаны дараа 2 дугаар багийн засаг дарга Отгонпүрэв болон, 2 дугаар багийн малчин нэр бүхий иргэдийн хамт багийн төвийн байр руу очсон. Би шинэ жилийн арга хэмжээн дээр нилээд ууж согтсон байсан тул салхинд гараад илүү их согтсон байсан. Багийн төвийн байранд юу болсон талаар юу болсон талаар тодорхой зүйл санахгүй байна. Миний санаж байгаагаар Батгэрэл ах л жаахан агсрах гээд байсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/ 5.Гэрч Г.Отгонпүрэвийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би сумын соёлын төвд зохиогдсон Монгол ардын намыг шинэ жилийн баярт оролцчихоод арга хэмжээ тарсаны дараа 2 дугаар багийн /өөрийн багийн/ багийнхаа малчин бүхий иргэд болох Дэнчинравдан, С.Батгэрэл, Цэцэгсүрэн, Хунсайхан, Батдэлгэр, Ариунаа, Баасансүрэн, Мөнхбат, Цогзолмаа, Даарий, Даваахүү, Оюунцэцэг нарын нэр бүхий иргэдийн дагуулан очсон. Бид нар багийн багийн төв дээр очоод би иргэдтэйгээ уулзан санал сэтгэгдэлийг нь сонсон ярилцаж байсан бөгөөд манай багийн иргэн Батгэрэл согтчихсон агсам тавиад дэвээд байсан ба Хунсайхан тэврээд ярилцаад байсан. Дараа нь Батдэлгэр, Мөнхбат нар оччихсон тэр 3 кордорт ноцолдоод байсан. Оюунцэцэг эгч хүүхдээ жижиг өрөөнд оруулаад унтуулчихсан байсан ба, хүүхдээ харчихаад ирье гээд гарчихаад орж ирэхдээ Мөнхбат намайг зодчихлоо гээд духаа заачихсан орж ирсэн. Тэгээд Мөнхбат, Батгэрэл нарыг эхнэрүүд нь аваад явсан бөгөөд бид нар удалгүй тараад явсан.....гэх мэдүүлэг /ХХийн 21 дүгээр хуудас/ 6. Гэрч С.Цогзолмаагийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 12 дугаар сарын 27-ны орой би өөрийн нөхөр Мөнхбат, ах Батгэрэл, бэр эгч Цэцэгсүрэн нарын хамт сумын төв орсон. Бид Монгол ардын намыг шинэ жилд оролцохоор орсон ба, шинэ жилд оролцоод бид нар багийн төвийн байранд очсон. Миний ах Батгэрэл баяр дээр байхдаа жаахан согтсон байсан бөгөөд өндөр Баагий /Батдэлгэр/ гэх залуутай багийн төв дээр очсон хойноо маргалдаад 3 зууралдаад байсан. Энэ үед манай нөхөр очиж салган Батгэрэл ахын дээрээс Батдэлгэрийг татаж авсан бөгөөд энэ үед Оюунаа эгч Мөнхбатын араас чангаасан. Мөнхбат Оюунаа эгчийг эргэж хараад түлхсан ба Оюунаа эгч түлхэгдэж унахдаа хананы булан мөргөсөн. Тэгээд Цэцэгээ эгч бид нар Мөнхбат, Батгэрэл хоёрыг Батдэлгэрээс салгаж аваад явсан бөгөөд бусад хүмүүс тэндээ үлдсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ 7.Гэрч С.Дэчинравдангийн 2018 оны 01 дүгээр сарын 24-нд мөрдөн байцаалтын шатанл өгсөн... Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол ардын намын шинэ жилд оролцохоор өөрийн эхнэр Даарий, саахалт айлын хүмүүс болон Даваахүү, Оюунцэцэг нартай өөрийн машинаар сумын төв явсан. Бид нар шинэ жилийн баярт оролцоод дараа нь багийн төвийн байранд ирсэн бөгөөд бид нар тэнд хэсэг сууж байгаад тарсан. Би дотор сууж байсан ба кордорт юу болсон талаар мэдээгүй. Тараад Даваахүү, Оюунцэцэг нар надтай хамт ирсэн бөгөөд Оюунцэцэгийн дух жижиг хавдсан байсан ба Мөнхбат намайг зодсон, би шүүхэд өгнө гээд байсан....гэх мэдүүлэг /ХХ-ийн 26 дугаар хуудас/ 8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №А-39 тоот актын дүгнэлт хэсэгт: 1. Л.Оюунцэцэгийн биед тархи, доргилт, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, баруун, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, шанаа, хамрын нуруунд зөөлөнд эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/ 9.Шүүгдэгч Б.Мөнхбатын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2011 оны 12 дугаар сарын 27-ны орой Монгол ардын намын шинэ жилд өөрийн эхнэр Цогзолмаа, хадам ах Батгэрэл, бэр эгч Цэцэгсүрэн нартай хамт сумын төв орж шинэ жилийн арга хэмжээнд оролцоод арга хэмжээний дараа нэр бүхий малчин иргэд болон багийн засаг дарга Отгонпүрэв нартай хамт багийн төвийн байранд очсон. Тэгээд тэнд ганц нэг шил архи тойруулаад юм яриад сууж байтал манай хадам ах агсам тавиад байсан бөгөөд Батгэрэл ахыг болиулах гэж Баагий /Батдэлгэр/ гэх залуу зууралдаж байгаад кордорт хоёулаа унаж ноцолдоод байсан Батдэлгэр, Батгэрэл ахын дээр гараад суучихсан зууралдаад байхаар нь би тэр хоёрыг болиулах гээд очиж Батдэлгэрийн араас чангаагаад зууралдаж байтал Оюунцэцэг эгч ирээд миний араас үсдээд Оюунцэцэг эгчийг татахад би тэнцвэр алдаад хойшоо савж унахдаа тохойгоороо Оюунцэцэг эгчийг санамсаргүй савж цохисон. Тэр үед цаад өрөөнөөс хүмүүс гарч ирээд Батдэлгэр, Батгэрэл хоёрыг салгаад намайг машин асаа гэхээр нь би машин асааж хамт ирсэн 3 хүнээ аваад гэртээ харьсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137 дугаар хуудас/ зэрэг болно. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын талаар шүүхээс өгөх дүгнэлт: Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Алаг адуу овогтой Бямбаагийн Мөнхбатыг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн төвд байрлах Монгол ардын намын төв байранд Л.Оюунцэцэгийг цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн төвийн байранд Л.Оюунцэцэгийг тодорхой шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдаж биед нь тархи, доргилт, дух, баруун, зүүн нүдний 4 дээд, доод зовхинд цус хуралт, дух, баруун, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, шанаа, хамрын нуруунд зөөлөнд эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн “...би жижиг өрөөнд хүүхдээ оруулж унтуулчихаад гарч ирэхэд Батгэрэлийг газар унагаачихсан Батдэлгэр дээр нь гараад суучихсан зодож байхад хажуугаар гарахдаа “та нар дандаа зодолдож байх юм болиоч” гэхэд Б.Мөнхбат “дуугүй бай гичий минь” гээд намайг барьж аваад толгойгоор шал мөргүүлсэн. Мөн гараараа хэд хэдэн удаа цохисон. Батдэлгэрийг Батгэрэл, Мөнхбат 2 нийлээд зодож байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Хунсайханы “...Мөнхбат Батгэрэлийг тэвэрч эргэхдээ цаанаас гарч ирсэн Оюунцэцэг эгчийг тохойгоороо түлхэх шиг болсон бөгөөд Л.Оюунцэцэг эгч хананы ирмэг мөргөж унасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхбатын “...Би Батдэлгэр, Батгэрэл хоёрыг зууралдаад байх үед нь салгах гэж барилцаж авахдаа Л.Оюунцэцэг эгчийг тохойгоороо цохих шиг болсон бөгөөд Л.Оюунцэцэг эгч кордорийн ханыг мөргөх шиг болсон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Отгонпүрэвийн “...Л.Оюунцэцэг эгч “Мөнхбат намайг зодчихлоо” гээд духаа барьчихсан орж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Цогзолмаагийн “...Мөнхбат Оюунаа эгчийг эргэж хараад түлхсэн ба Оюунаа эгч унахдаа хананы булан мөргөж унасан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна. Иймээс Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь: Шүүгдэгч Б.Мөнхбат нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийг зориуд тохойгоороо цохисон нь гэмт хэргийн шууд санаатай, хохирогчийн зүг чиглэж довтолсон санаа зорилго агуулсан нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг тодорхойлж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд санаатай гэмт хэрэгт тооцно. Шүүх гэм буруугийн талаархи нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, шинжээчийн дүгнэлтээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх дүгнэлтийг зөв гэж үзсэн тул нотолгооны эх сурвалжаа болгов. Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт хэрэг үйлдсэн өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн Бямбаагийн Мөнхбатын гэм буруу нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирогч Л.Оюунцэцэг нь шүүгдэгч Б.Мөнхбатаас Сэлэнгэ аймагт мөрдөн байцаалтанд ирж очсоны зардал, шүүхэд дуудагдаж ирж явсаны зардал нийт 12 удаагийн явалтын зардал 240.000 төгрөг, өмгөөлөгчид үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлсөн 320.000 төгрөгийн зардал нийт 600.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн 560.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулан олгож, өмгөөлөгчийн хөлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан олгох нь зүйтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 40.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Мөнхбатын тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүхээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Алаг адуу овогт Бямбаагийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 5.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Мөнхбатыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

4.Ялтан Б.Мөнхбат нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан Б.Мөнхбатаас 240.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Оюунцэцэгт, хохирогчоос өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 320.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар байцаан шийтгэх ажиллагааны зардалд оруулан тооцож шүүгдэгч Б.Мөнхбатаас гаргуулж хохирогч Л.Оюунцэцэгт олгохоор тогтоож, илүү нэхэмжилсэн 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ