| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/93 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/93
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Хохирогч Б.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч С.Аяболот нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Молху овогт Сээтхүүгийн Аяболот-д холбогдох 2131000800079 тоот хэргийг 2021 оны 06-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт /прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизм оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, төрсөн ахын хамт, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгон, Булгийн тохой гудамжны 24 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Молху овогт Сээтхүүгийн Аяболот, РД:/МД01270517/,
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/,
Шүүгдэгч С.Аяболот нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн Бугант тосгоны “Бугант гүүрний” орчимд 66-69 СБА улсын дугаартай тоёота приус-20 маркийн авто машиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, хөдөлгөөн эхлэх үедээ аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах үүргээ биелүүлээгүйгээс автомашинаас буусан зорчигч Б.Бат-Эрдэнийн куртик хавчуулагдсаны улмаас автомашинд чирэгдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Аяболотыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Аяболотын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг баримтаа бүрдүүлж өгөх юм бол хохирлын мөнгийг төлнө. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй...” гэжээ,
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бат-Эрдэнэ нь “...Би найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байсан. Цэнхэр таван давхрын гадаа Аяболоттой тааралдсан. Аяболот өмнө нь манай дүүг зодсон байсан. Би хэд хоногийн өмнө самард явах гээд дүүгээ авч явах гэтэл “гар өвдөөд байна” гэж хэлээд яваагүй. Би тэгэхээр нь “яасан юм бэ?” гэж асуусан чинь “модонд цохисон” гэж хэлсэн. Тэгээд би самард явж ирээд байж 4 байсан чинь манай дүү надад “Аяболот ах согтуу байхдаа надаас мөнгө асуугаад намайг нэг цохисон” гэж хэлсэн. Тэр өдөр нь би Аяболоттой тааралдаад очоод “яагаад манай дүүг зодсон бэ?” гэж хэлэхэд өөдөөс “өө ах танай дүү гэж мэдсэнгүй уучлаарай” гэж хэлсэн. Би тэгэхээр нь Аяболотийг машин дотор нь сууж байхад нь хоёр удаа хацар луу нь алгадсан. Алгадсаны дараа Аяболот “ах аа намайг уучлаарай, машинд суучих хүргээд өгье” гэж хэлсэн. Тэгээд машинд суугаад явсан. Самбуу буруугаар ойлгоод Жадамба, Самбуу хоёр машины хойд талд ноцолдоод байсан. Тэгээд шууд Аяболот машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Би тэгээд Аяболотод “энэ хавьд би бууя” гэж хэлсэн. Тэгээд бууж амжаагүй байхад хөдөлсөн. Би хаврын нимгэн хар урт куртиктэй байсан. Куртикний дотор тал хавчуулагдаад хэсэг газар чирэгдээд унасан. Унаад босох гэтэл амьсгаа авч чадахгүй байсан. Хэсэг өөрийгөө сэгсрээд гайгүй болсон. Тэгээд ухаан алдсан байсан...” гэжээ
3.Шүүгдэгч С.Аяболотын 2021 оны 05 дугаар сарын 12-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “....2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед дэлгүүр орж ундаа авах зорилгоор эцэг Сээтхүүгийн эзэмшлийн Приус-20 маркийн 66-69 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явсан. Би дэлгүүр орж ундаа 1 авчхаад байж байтал Өсөх-Ирээдүй гэх дүү маань “хүрээд ир, хальт уулзъя” гэж мессеж ирэхээр нь Өсөх-Ирээдүйн гэр лүү очсон Өсөх-Ирээдүйтэй уулзчихаад сууж байтал Жадамбаа миний гар утас руу залгаад “Спорт заалны урд хүрээд ирээч” гэхээр нь “за, за” гэж хэлээд яваад очсон. Жадамбаатай уулзах үед Жадамбаа 2 лааз пиво барьчихсан байсан юм. Жадамбаа миний машины баруун урд суугаад Өсөх-Ирээдүй хойно зорчигчийн суудал дээр суусан. Би Жадамбаатай ойр зуурын юм ярьж байгаад Жадамбаад хандаж “харилаа” гэж хэлсэн чинь Жадамбаа надад хандаж “ахтайгаа хамт хэсэг байж байлдаа” гээд Бугант тосгоны төвөөр машинтайгаа 1 цаг орчим явсан. Түүний дараа Өсөх-Ирээдүйн ээж нь дуудаад гэр лүүгээ явсан бөгөөд Жадамбаа бид 2 хороолол руу хүнтэй уулзах зорилгоор явж байгаад Ууганаагийн машин 5 давхрын гадаа зогсож байхаар нь очсон. Намайг машинтайгаа очиж зогсох үед Ууганаа ах надаас “гал байна уу” гэж асуухаар нь “байна” гэж хэлээд гал гаргаж өсгөн. Ууганаа ахтай ойр зуурын юм яриад зогсож байтал Мөнх-Оргил, Норовсамбуу, Очирбат, Бат-Эрдэнэ нар цагаан өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Уг цагаан өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгслээс Бат-Эрдэнэ бууж ирээд над дээр ирсэн. Би тухайн үед машинаас буугаагүй цонхоо онгойлгочихсон байсан бөгөөд Бат-Эрдэнэ ах намайг “буугаад ир” гэж хэлсэн. Би Бат-Эрдэнэ ахад хандаж “бууж яах юм бэ? та миний машинд суучих” гэж хэлэхэд Бат-Эрдэнэ миний тээврийн хэрэгслийн ард талын зорчигчийн суудал дээр суусан юм. Би Бат-Эрдэнэ ахыг “гэр лүү чинь хүргээд өгье. Замдаа юм ярья” гэж хэлээд машинтайгаа хөдөлсөн. Бат-Эрдэнэ ах тухайн үед “ахын дүү манай дүүг яасан юм бэ” гэхэд нь “хэн билээ” гэж асуусан чинь “Туулай” гэж хэлсэн. Би өмнө нь Туулай гэх залуутай маргалдаж байсан бөгөөд Бат-Эрдэнэ ах тэр асуудлын талаар надтай ярилцсан. Хороолол явдаг салдаг замын наах нь талд Мөнх-Оргил, Норовсамбуу нар цагаан өнгийн Приус-20 машинтайгаа ирэхээр нь цонхоо буулгаад “яасан юм бэ” гэсэн чинь Норовсамбуу бид нарт хандаж “та нар яагаад зугтаад байгаа юм бэ” гэж хэлээд Жадамбаатай цонхоор зууралдаж авсан. Би Норовсамбуу, Жадамбаа хоёрыг барилцсан байх үед нь машинаа хөдөлгөж урагш явсан. Бат-Эрдэнэ араас “наад Самбуу чинь хөл гараа хавчуулчих вий дээ” гэж хэлж байсан. Би Норовсамбуу. Жадамбаа 2 барилцаж аваад Норовсамбууг 200-300 метр орчим зайд тэр чигтээ явсан. Намайг явж байх үед Мөнх-Оргил гэх залуу Приус-20 загварын машинтайгаа миний машины урд талд зогсоод Норовсамбуу, Жадамбаа 2 биеэ тавих үед нь буцаад Бугант явъя гэж бодоод машинаа эргүүлээд төв рүү явсан. Намайг Бугант тосгоны төв рүү явж байхад гүүрний наад талд Бат-Эрдэнэ намайг “наанаа зогсчих, би бууя” гэж хэлэхээр нь тухайн газарт машинаа зогсоосон. Тэгээд Бат-Эрдэнэ буугаад машины хаалга хаахаар нь би шууд явсан. Би Жадамбааг гэрийнх нь гадаа буулгачхаад шууд гэр лүүгээ харьсан. Намайг гэртээ харихад 23 цаг болж байсан. Намайг гэрт орж ирснээс хойш цаг гаруй хугацааны дараа Норовсамбуу, Мөнх-Оргил, Очирбат 3 ирээд надад хандаж "Чи Бат-Эрдэнийг яагаад хаячихсан юм бэ? дайрчихсан юм уу” гэхээр нь “та нар юу яриад байгаа юм бэ? наад Бат-Эрдэнэ чинь бууя гэж хэлэхээр нь буулгаад явсан” гэж хэлсэн. Би яагаад Норвсамбууг Жадамбаатай барилцсан байхад нь чирээд явсан юм бэ гэвэл Норовсамбуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор намайг зодчих болов уу гэж айгаад машинаа хөдөлгөөд явчихсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
4.Хохирогч Б.Бат-Эрдэнийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 03-наас 03 дугаар сарын 04-нд шөнийн 00 цагийн орчимд өөрийн найзууд болох Самбуутай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж явж байгаад Бугант суманд байрлах 5 давхар байшингийн гадаа бүтэн нэрийн мэдэхгүй байна. Аяка гэж дууддаг залуутай тааралдаад өмнө манай дүүг зодож байсан болохоор нь “чи яагаад жоохон хүүхэд зодоод байгаа юм" гэж асуухад Аяка хэлэхдээ “би согтуу явж байгаад зодсон байна лээ” гэж хэлэхээр би уурандаа Аякаг 2 удаа алгадсан. Тэгээд Аяка хамт байсан Жадамбаа гэх залуу "хөгшөөн чи одоо архи уусан байна. Дараа эрүүл дээрээ учраа ол” гэж хэлсэн. Ингээд Аяка хажуугаар нь орж ирээд “би таныг хүргээд өгье, суучих” гэж хэлсэн. Тэгээд 66-69 СБА улсын дугаартай хар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд сууж байтал тухайн үед надтай хамт явсан манай найз Самбуу Жадамбаатай муудалцаад Самбуу машины гаднаас Жадамба барихад тухайн үед машин барьж байсан Аяка гэх залуу шууд хөдлөөд явсан. Ингээд манай найз машинд чирэгдээд 500 метр орчим газар явсан. Би машин дотор суусан болохоор Аякаг “зогс” гэхэд тэр зогсохгүй цаашаа яваад байсан. Тэгээд Самбуу клонкоос гүүр хүртэл чирэгдэж явсаар байгаад мултарч үлдсэн. Ингээд намайг авч явсаар байгаад Бугантын гүүрнээс гараад явахаар “би бууя” гэхэд зогссон. Тэгээд би хаалгаа онгойлгоод бууж амжаагүй байтал Аяка машинаа хурдан хөдөлгөөд би хаалганд цохигдоод машин руу буцаад унасан. Тухай үед хөл газар хүрсэн байсан болохоор хөлдөө татагдаад машинаас унасан. Тэгээд миний куртка машины хаалганд хавчуулагдсан байсан болохоор би нэлээн хол машинд чирэгдсэн. Тэгээд куртка урагдаад би машинаас газар унаж үлдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/,
6.Хохирогч Б.Бат-Эрдэнийн 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Аяболотын машины ард талын суудал дээр суугаад явж байсан. Тэгээд Аяболотод хандаж машинаа зогсоочих би буумаар байна гэж хэлэхэд Аяболот машинаа зогсоосон. Би Аяболотын машины зүүн арын хаалгаар буух гээд хаалгыг нь онгойлгоод нэг хөлөө газарт тавиад бууж амжаагүй байтал Аяболот машинаа хүчтэй хаазалсан. Тухайн үед хаалга нь миний их биеийг цохиод би арагшаа сандал руу унах үедээ гараараа машиных нь хаалганы завсрыг барьсан чинь хөл газарт хүрсэн байсан болохоор тэр чигтээ урагшаа газар руу биеийн жингээрээ явсан. Тухайн үед би шар захтай ногоон өнгийн куртик өмсөж явсан бөгөөд яг хаана гэдгийг сайн мэдэхгүй байна ямар ч байсан куртик хавчуулагдаад хэсэг газар чирэгдэж яваад газарт их хүчтэй унасан. Газарт унах мөчид миний цээж хэсэг маш хүчтэй цохигдож амьсгаа авч чадахгүй байсан юм..”. гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/,
7.Иргэний нэхэмжлэгч А.Сээтхүүгийн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Аяболот гэртээ ирээд “хүүхдүүд намайг хүн дайрчихлаа” гээд байхаар нь хүрээд ирлээ намайг цагдаагаас дуудаж байна гэхээр нь Цагдаагийн байгууллага руу дагуулж явсан юм. ..Миний ард хүүхэд сууж явж байгаад “бууя” гэхээр нь зогссон. Тэр хүүхдийг буулгаад толиндоо харсан чинь куртканийх нь хормой чирэгдэж харагдсан. Тэгээд би шууд яваад өгсөн гэж хэлж байсан. ...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/,
8.Гэрч Д.Мөнх-Оргилын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэгээд нэг харсан чинь Аяболот Бат-Эрдэнийг машиндаа суулгаад аваад хөдөлсөн. Тэгэхээр нь бид нар араас нь хөдлөөд явж байтал Бугант гүүрний наана машинаа зогсоосон. Тэгсэн Самбуу машинаас буугаад Аяболотын машины урд 1 суудалд сууж байсан Жадамбаатай юм яриад байх шиг байсан. Тэгсэн удалгүй Аяболотын машин хөдөлж Самбуу цонхноос нь барьчихсан бололтой чирэгдээд явсан, тэгээд Бугант гүур гараад жаахан явж байгаад би машиных нь урдуур гүйцэт түрүүлж Аяболотыг зогсоосон, тэгээд манай машинд сууж явсан хүмүүс бүгд буугаад Аяболотын машин руу очоод цонхыг нь цохиод “юм асууя” гэсэн чинь Аяболот ухраад буцаад Бугант чиглэл руу явсан. Тэгээд бид нар машиндаа суугаад араас нь хөдөлсөн. Тэгээд бид нар явж байтал машин замын баруун зах хэсэгт 1 хүн хэвтэж байсан, тэгэхээр нь бид нар бүгд буугаад харсан чинь Бат-Эрдэнэ хэвтэж байсан. Тэгээд Бат-Эрдэнэ “миний хавирга хугарсан юм шиг байна аа” гэхээр нь бид нар Бат-Эрдэнийг өргөөд машинд суулгасан Бат-Эрдэнэ машинд суугаад таваас арван минутын дараа ухаан алдсан. Тэгэхээр нь бид нар эмнэлэг рүү шууд хүрч ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
9.Гэрч Н.Очирбатын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Самбуу жолооч талын цонх руу очих гээд явтал Аяболот хойш ухарч эргээд Бугант зүг рүү явсан. Тэгэхээр нь бид нар машиндаа буцаж суугаад Бугант зүг рүү явсан чинь гүүрний ойролцоо Бат-Эрдэнийг зам дээр эвхэрсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид нар машинаас буугаад “яасан, юу болсон бэ?” гэсэн чинь Бат-Эрдэнэ юм ярьж чадахгүй гадуур хувцас нь дээгүүр нь бүтээгдсэн байдалтай дотор цамц нь гарчихсан байсан. Тэгсэн Самбуу босгож ирээд нэг сэгсэрсэн чинь Бат-Эрдэнэ амьсгаа аваад “машин дээгүүр гарчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар “эмнэлэг явъя Хишгээг дууд” гээд Самбуу Хишгээ рүү залгаад Хишгээ гарч ирээд машин жолоодоод бид нар Бат-Эрдэнийг аваад эмнэлэг явсан...”. гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
10.Гэрч Б.Ууганбаатарын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би “машинаа байрлуулаад ирье” гээд машинаа байрлуулчхаад машин дотор 1 лааз пиво уучхаад хүрээд ирсэн чинь “Баагийг Аяболот машиндаа суулгаад явчихлаа. Хурдан суу араас нь очъё” гээд суулгаад араас нь хөдөлсөн. Тэгээд Аяболот явж байгаад Бугант гүүрний наана машинаа зогсоосон. Тэгсэн Самбуу машинаас буугаад Аяболотын машины жолоочийн хажуугийн цонхны хажууд юм ярьж байсан чинь машин нь хөдлөөд Самбуу чирэгдээд яваад байсан. Тэгэхээр нь тоглоод байгаа юм болов уу гэж бодсон чинь их хол чирээд гүүр даваад явчихаар нь “араас нь гүиц” гээд машинтай Аяболотын машины өмнүүр шахаж ортол Самбуу газарт унасан. Тэгээд бид нар машинаас буутал Аяболот ухарч эргээд Бугант зүг рүү явсан. Тэгэхээр нь бид нар машиндаа суугаад эргээд гүүр хүрэх гэж явтал машин зам дээр хүн хэвтэж байсан. Тэгээд буугаад харсан чинь Бат-Эрдэнэ ёолоод хэвтэж байсан. Тэгээд Самбуу, Очирбат хоёр дээш өргөөд сэгсэрсэн. Тэгсэн Бат-Эрдэнэ ёолоод байхаар нь машинд суулгасан. Тэгээд “эмнэлэг явъя” гэсэн чинь Бат-Эрдэнэ “явахгүй ээ, ээж аав мэдчихвэл бөөн юм болно” гээд явахгүй гээд хэсэг машинд сууж байгаад ухаан алдсан юм. Тэгэхээр нь бид мар эмнэлэг рүү явсан тийм л зүйл болсон....”. гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
11.Гэрч Г.Хишигтогтохын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би найз Хуягаагийн хамт явж байтал Оогийноо “Бугант голын эрэг орчимд байна. Хүрээд ирээч” гэхээр нь би яваад очсон. Тэгээд гол дээр яваад очиход Самбуу: Бат-Эрдэнэ, Оргил, Оогийноо, Ууганаа нар пиво уугаад сууж байсан. Тэгээд би тэдэнд хандаж “уугаад дуусахаараа залгаарай, би ахынд ороод байж байя” гэж хэлээд ороод байж байтал 00 цагийн орчимд байхаа Самбуу над руу залгаад “бөөн юм болоод байна, гүүрний энд хүрээд ирээч” гээд залгахаар нь гараад яваад очтол Бат-Эрдэнийг машиндаа суулгачихсан гэмтсэн байна гэхээр нь би машиныг жолоодоод эмнэлэг рүү хүргэж өгсөн миний мэдэхийн ийм л зүйл болсон юм.....”. гэх мэдүүлэг, /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
12.Гэрч А.Жадамбаагийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машинтай явж байгаад 5 давхарын гадаа зогсож байхад Ууганбаатар гэх залуу “гал байна уу” гээд хүрээд ирэхээр нь гал өгчхөөд машин дотроо сууж байтал Самбуу, Бат-Эрдэнэ, Ориго нар Аяболот бид 2-н сууж байсан машин дээр ирсэн. Бат-Эрдэнэ гэх залуу Аяболот руу “чи манай дүүг зодсон. Тэгэж болохгүй” гээд машиных нь цонхон дээр гараа тавьчихаад юм яриад зогсоод байсан. Юм ярьж зогсож байгаад “Бат-Эрдэнийг суучих машин дотор яръя” гээд Бат-Эрдэнийг ард талын зоржигчийн суудапд суулгасан. Би Бат-Эрдэнэд хандаж “Аяболот бол манай дүү байгаа юм чи эрүүлдээ ирээд уулз” гэсэн чинь Самбуу гэх залуу намайг заамдаад цохиод байсан чинь Аяболот шууд хөдлөөд явчихсан юм. Тухайн үед Бат-Эрдэнэ буугаагүй Аяболот бид 3 хамт явсан. Аяболот Бугант гүүрний наад талд буюу Бугант тосгон талдаа зогсоод байж байхад хойноос цагаан өнгийн Приус-20 загварын машин ирж зогсоод дотроос нь Самбуу бууж ирээд миний хаалганы шил онгорхой байсан тэр хэсгээр миний цамцны дээд хэсэг буюу хоолой хэсгээс заамдаад авсан. Тэр үед Аяболот машинаа жолоодоод явж байсан бөгөөд шууд урагшаагаа гүүр гараад явсан. Тэр хооронд Самбуу машины гадна талд миний цамцнаас заамдсан чигтээ явсан. Хэсэг явж байтал араас ирсэн машин урдуур ороод ирэх үед Аяболот машинаа зогсоосон. Тэгээд буцаад ухраад буцаад Бугант тосгон руу эргээд гүүр орох гээд явж байхад Бат-Эрдэнэ “би буулаа” гэж хэлсэн. Ямар ч байсан Бат-Эрдэнэ буугаад хаалгаа хаасан. Тэгээд Аяболот шууд яваад манай гэрийн урд очоод би гэртээ ороод унтаад өгсөн юм...”. гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
13.Гэрч Д.Норовсамбуугийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд Жадамба бид 2 өмнө нь таарамжгүй харилцаатай байсан учраас хоорондоо маргалдаад шууд барилцсан. Тэгтэл Аяболот шууд машинаа хаазлаад урагш явсан бөгөөд би зүүгдсэн чигээрээ нэлээн хэсэг газар явсан. Зогсохоор нь хэсэг балмагдаж байтал Аяболот Бат-Эрдэнийг суулгаад буцаж ухраад Бугант тосгоны төв рүү явсан Би Мөнх-Оргилын машинд суугаад араас нь явж байтал замын хажууд хүн уначихсан байхаар нь очоод харсан чинь Бат-Эрдэнэ байсан юм. Тэгээд яаав юу болов гэсэн чинь 'Миний цээж их өвдөж" байна гээд байсан....”. гэх мэдүүлэг, /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
14.Гэрч Ш.Алтангуль 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3 дугаар баг Бугант тосгонд өөрийн нөхөр Сээтхүү, хүү Сэркбол. хүү Аяболот нарын хамт амьдардаг юм. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр миний бага хүү Аяболот маань гэртээ байж байгаад дэлгүүр орж ундаа авчихаад ирье гэж хэлээд миний нөхөр Сээтхүүгийн Приус-20 загварын 66-69 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан. Түүнээс хойш би хүүтэйгээ 2-3 удаа гар утсаар ярихад би одоо очлоо гэж байсан. Миний хүү Аяболот шөнийн 00 цаг өнгөрч орж ирээд ‘Хүмүүс намайг хүүхэд дайрчихлаа гээд байна' гэж хэлсэн. Түүний дараа манай гэрт Мөнх-Оргил, Самбуу нэртэй залуучууд орж ирээд танай хүү Аяболот машинаараа хүн мөргөчихлөө гэж хэлээд бугдээрээ хамт эмнэлэгт очсон юм. Би яг болсон хэрэг явдлын талаар сайн мэдэхгүй байна....”. гэх мэдүүлэг, /хх-ийн 67 дугаар хуудас/,
15.Сэлэнгэ аймгийн Цахир Гүн ХХК-ний Мөнгөн Хүлэг авто сургууль замын хөдөлгөөний дүрмийн жолоодох дадлагын багш С.Оюундэлгэрийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг:
1.Жолооч С.Айболот нь Приус-20 загварын 66-69 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Б Бат-Эрдэнийг чирч гэмтэл учруулсан үйлдэл нь зам тээврийн осол мөн МУ-н ЗХД-н Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.17 \3ам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын, байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг Ю.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгуй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэж байна
2.Зорчигч Б Бат-Эрдэнэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна
3.Приус-20 66-69 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг шинжээч миний зүгээс тогтоох боломжгүй болно.
4.Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
16.Дархан Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 03 дугар сарын 17-ны өдрийн 172 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Б.Бат-Эрдэнэ-н биед цээжний битүү гэмтэл, цээжний зөөлөн эдийн няцрал уушги няцрал. тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Б.Бат-Эрдэнэ-н биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.
4.Б.Бат-Эрдэнэ-н биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
17.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-08 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 9-14 дүгээр хуудас/, мэдээлэл гаргуулан авах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 84-85 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 125-128 дугаар тал/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 141 дүгээр хуудас/, зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 171 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 166 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 173 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэл, /хх-ийн 185 дугаар хуудас/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн нөхцөл байдлын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Аяболот нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн Бугант тосгоны “Бугант гүүрний” орчимд 66-69 СБА улсын дугаартай тоёота приус-20 маркийн авто машиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана ” гэсэн заалтыг зөрчиж, хөдөлгөөн эхлэх үедээ аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах үүргээ биелүүлээгүйгээс автомашинаас зорчигч Б.Бат-Эрдэнийг буулгахдаа бүрэн бууж амжаагүй байхад нь хөдөлгөөнийг үргэлжлүүлж хохирогчийн куртик автомашины хаалганд хавчуулагдаж, автомашинд чирэгдсэний улмаас Б.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Аяболотын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг баримтаа бүрдүүлж нэхэмжилсэн хохирлын мөнгийг төлнө, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлгээр
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бат-Эрдэнэ нь “... би Аяболотод “энэ хавьд би бууя” гэж хэлсэн. Тэгээд бууж амжаагүй байхад хөдөлсөн. Би хаврын нимгэн хар урт куртиктэй байсан. Куртикний дотор тал хавчуулагдаад хэсэг газар чирэгдээд унасан. Унаад босох гэтэл амьсгаа авч чадахгүй байсан. Хэсэг өөрийгөө сэгсрээд гайгүй болсон. Тэгээд ухаан алдсан байсан...” гэх мэдүүлгээр
Хохирогч Б.Бат-Эрдэнийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... би хаалгаа онгойлгоод бууж амжаагүй байтал Аяка машинаа хурдан хөдөлгөөд би хаалганд цохигдоод машин руу буцаад унасан. Тухай үед хөл газар хүрсэн байсан болохоор хөлдөө татагдаад машинаас унасан. Миний куртка машины хаалганд хавчуулагдсан байсан болохоор би нилээн хол машинд чирэгдсэн. Тэгээд куртка урагдаад би машинаас газар унаж үлдсэн...” гэх мэдүүлгээр
Хохирогч Б.Бат-Эрдэнийн 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Аяболотын машины ард талын суудал дээр суугаад явж байсан. Аяболотод хандаж машинаа зогсоочих би буумаар байна гэж хэлэхэд Аяболот машинаа зогсоосон. Би Аяболотын машины зүүн арын хаалгаар буух гээд хаалгыг нь онгойлгоод нэг хөлөө газарт тавиад бууж амжаагүй байтал Аяболот машинаа хүчтэй хаазалсан. Тухайн үед хаалга нь миний их биеийг цохиод би арагшаа сандал руу унах үедээ гараараа машиных нь хаалганы завсрыг барьсан чинь хөл газарт хүрсэн байсан болохоор тэр чигтээ урагшаа газар руу биеийн жингээрээ явсан. Тухайн үед би шар захтай ногоон өнгийн куртик өмсөж явсан бөгөөд яг хаана гэдгийг сайн мэдэхгүй байна ямар ч байсан куртик хавчуулагдаад хэсэг газар чирэгдэж яваад газарт их хүчтэй унасан. Газарт унах мөчид миний цээж хэсэг маш хүчтэй цохигдож амьсгаа авч чадахгүй байсан юм..”. гэх мэдүүлгээр
Иргэний нэхэмжлэгч А.Сээтхүүгийн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Аяболот гэртээ ирээд “хүүхдүүд намайг хүн дайрчихлаа” гээд байхаар нь хүрээд ирлээ намайг цагдаагаас дуудаж байна гэхээр нь Цагдаагийн байгууллага руу дагуулж явсан юм. ...Миний ард хүүхэд сууж явж байгаад “бууя” гэхээр нь зогссон. Тэр хүүхдийг буулгаад толиндоо харсан чинь куртканийх нь хормой чирэгдэж харагдсан. Тэгээд би шууд яваад өгсөн гэж хэлж байсан. ...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр
Гэрч Д.Мөнх-Оргилын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аяболот ухраад буцаад Бугант чиглэл руу явсан. Тэгээд бид нар машиндаа суугаад араас нь хөдөлсөн. Бид нар явж байтал машин замын баруун зах хэсэгт 1 хүн хэвтэж байсан, тэгэхээр нь бид нар бүгд буугаад харсан чинь Бат-Эрдэнэ хэвтэж байсан. Тэгээд Бат-Эрдэнэ “миний хавирга хугарсан юм шиг байна аа” гэхээр нь бид нар Бат-Эрдэнийг өргөөд машинд суулгасан Бат-Эрдэнэ машинд суугаад таваас арван минутын дараа ухаан алдсан. Тэгэхээр нь бид нар эмнэлэг рүү шууд хүрч ирсэн...” гэх мэдүүлгээр
Гэрч Н.Очирбатын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...бид нар машинаас буугаад “яасан, юу болсон бэ?” гэсэн чинь Бат-Эрдэнэ юм ярьж чадахгүй гадуур хувцас нь дээгүүр нь бүтээгдсэн байдалтай дотор цамц нь гарчихсан байсан. Тэгсэн Самбуу босгож ирээд нэг сэгсэрсэн чинь Бат-Эрдэнэ амьсгаа аваад “машин дээгүүр гарчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар “эмнэлэг явъя Хишгээг дууд” гээд Самбуу Хишгээ рүү залгаад Хишгээ гарч ирээд машин жолоодоод бид нар Бат-Эрдэнийг аваад эмнэлэг явсан...”. гэх мэдүүлгээр
Гэрч Б.Ууганбаатарын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... бид нар машиндаа суугаад эргээд гүүр хүрэх гэж явтал машин зам дээр хүн хэвтэж байсан. Буугаад харсан чинь Бат-Эрдэнэ ёолоод хэвтэж байсан. Самбуу, Очирбат хоёр дээш өргөөд сэгсэрсэн. Тэгсэн Бат-Эрдэнэ ёолоод байхаар нь машинд суулгасан. Тэгээд “эмнэлэг явъя” гэсэн чинь Бат-Эрдэнэ “явахгүй ээ, ээж аав мэдчихвэл бөөн юм болно” гээд явахгүй гээд хэсэг машинд сууж байгаад ухаан алдсан юм. Тэгэхээр нь бид мар эмнэлэг рүү явсан тийм л зүйл болсон....” гэх мэдүүлгээр
Гэрч Г.Хишигтогтохын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Самбуу над руу залгаад “бөөн юм болоод байнаа, гүүрний энд хүрээд ирээч” гээд залгахаар нь гараад яваад очтол Бат-Эрдэнийг машиндаа суулгачихсан гэмтсэн байна гэхээр нь би машиныг жолоодоод эмнэлэг рүү хүргэж өгсөн...” гэх мэдүүлгээр
Гэрч А.Жадамбаагийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аяболот Бугант гүүрний наад талд буюу Бугант тосгон талдаа зогсоод байж байхад хойноос цагаан өнгийн Приус-20 загварын машин ирж зогсоод дотроос нь Самбуу бууж ирээд миний хаалганы шил онгорхой байсан тэр хэсгээр миний цамцны дээд хэсэг буюу хоолой хэсгээс заамдаад авсан. Тэр үед Аяболот машинаа жолоодоод явж байсан бөгөөд шууд урагшаагаа гүүр гараад явсан. Тэр хооронд Самбуу машины гадна талд миний цамцнаас заамдсан чигтээ явсан. Хэсэг явж байтал араас ирсэн машин урдуур ороод ирэх үед Аяболот машинаа зогсоосон. Тэгээд буцаад ухраад буцаад Бугант тосгон руу эргээд гүүр орох гээд явж байхад Бат-Эрдэнэ “би буулаа” гэж хэлсэн. Ямар ч байсан Бат-Эрдэнэ буугаад хаалгаа хаасан. Тэгээд Аяболот шууд яваад манай гэрийн урд очоод би гэртээ ороод унтаад өгсөн юм...” гэх мэдүүлгээр
Гэрч Д.Норовсамбуугийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд Жадамба бид 2 өмнө нь таарамжгүй харилцаатай байсан учраас хоорондоо маргалдаад шууд барилцсан. Тэгтэл Аяболот шууд машинаа хаазлаад урагш явсан бөгөөд би зүүгдсэн чигээрээ нилээн хэсэг газар явсан. Зогсохоор нь хэсэг балмагдаж байтал Аяболот Бат-Эрдэнийг суулгаад буцаж ухраад Бугант тосгоны төв рүү явсан Би Мөнх-Оргилын машинд суугаад араас нь явж байтал замын хажууд хүн уначихсан байхаар нь очоод харсан чинь Бат-Эрдэнэ байсан юм. Тэгээд яаав юу болов гэсэн чинь 'Миний цээж их өвдөж" байна гээд байсан....” гэх мэдүүлгээр,
Сэлэнгэ аймгийн Цахир Гүн ХХК-ний Мөнгөн Хүлэг авто сургууль замын хөдөлгөөний дүрмийн жолоодох дадлагын багш С.Оюундэлгэрийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн “ ...1. Жолооч С.Айболот нь Приус-20 загварын 66-69 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Б Бат-Эрдэнийг чирч гэмтэл учруулсан үйлдэл нь зам тээврийн осол мөн МУ-н ЗХД-н Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.17 \3ам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын, байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг Ю.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгуй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэж байна. 2. Зорчигч Б Бат-Эрдэнэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна. ...” гэх дүгнэлтээр,
Дархан Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 03 дугар сарын 17-ны өдрийн 172 дугаартай шинжээчийн “... 1.Б.Бат-Эрдэнэ-н биед цээжний битүү гэмтэл, цээжний зөөлөн эдийн няцрал уушги няцрал, тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.3.Б.Бат-Эрдэнэ-н биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4.Б.Бат-Эрдэнэ-н биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлтээр болон бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон, тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Аяболот нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 66-69 СБА улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа автомашинаа зогсоож буулгах зорчигч буулгах үйлдэл хийж, зорчигчийг бүрэн бууж амжаагүй байхад нь тээврийн хэрэгсэл жолоодох хөдөлгөөнийг үргэлжлүүлснээс шалтгаалж автомашины хаалганд хувцас нь хавчуулагдаж, чирэгдэж унасан зорчигч Б.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Шүүгдэгч С.Аяболот нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэл хийсний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас С.Аяболотын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай агийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Бат-Эрдэнэд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгч С.Аяболот нь 900.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасныг баримтлан хохирогч Б.Бат-Эрдэнэ нь хохирол төлбөрийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 66-69 СБА улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашины эзэмшигч А.Сээтхүү нь нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурьдлаа.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Аяболот нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Аяболот нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т засан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм бурууд маргаагүй, түүний хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай агийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Аяболотод тээврийн хэрэгсэл жолоодож эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь хэсэгт : ... 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж,
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т ... 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 –т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсвэл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэтрүүлнэ гэж ,
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт ...яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч С.Аяболот нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэстэй байна.
Мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт: Өршөөл Үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл Үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж хуульчилжээ.
Шүүгдэгч С.Аяболот нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд урьд нь Өршөөл Үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч С.Аяболотод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна
Шүүгдэгч С.Аяболот нь гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Аяболот нь гэмт үйлдлийн хохирогч Б.Бат-Эрдэнийн биед хүнд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр тогтов.
Гэмт хэргийн улмаас битүүмжлэгдэн ирсэн 02472634 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч А.Сээтхүүд олгож, эд мөрийн баримтаар хураагдсан 1313055 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч С.Аяболотод олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Молху овогт Сээтхүүгийн Аяболотыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Б.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Аяболотын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
3.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч С.Аяболотод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.
4.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 02472634 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч А.Сээтхүүд олгож, эд мөрийн баримтаар хураагдсан 1313055 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч С.Аяболот нарт тус тус олгосугай.
5.Шүүгдэгч С.Аяболот нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч Б.Бат-Эрдэнийг цаашид эмчилгээнд зарцуулагдах болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн улмаас зарцуулагдсан зардлаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9-р зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Аяболотод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ