Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 79

 

2018 оны 02 сарын 08 өдөр          Дугаар 153/ШШ2018/00079      Ховд аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би           

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Шим усны 12 айлын орон сууцны 10 тоотод оршин суух, ПН72092004 регистрийн дугаартай, Боржигон овогт Агчинсүрэнгийн Ганчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Шим усны 12 айлын орон сууцны 05 тоотод оршин суух, ПЮ75080374 регистрийн дугаартай, Буурлынхан овогт Цагаандоржийн Бямбацогтод холбогдох 150,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Бямбацогт нь 2015 онд Шим ус ОНӨААТҮГ-т ажиллаж байхдаа 150,000 төгрөг зээлээч гэж хэлээд авсан. Тус мөнгөө өнөөдрийг хүртэл өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Ганчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжилсэн 150,000 төгрөгийг Ц.Бямбацогт бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ганчимэг нь хариуцагч Ц.Бямбацогтод холбогдуулан 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А.Ганчимэгийн нэхэмжилсэн 150,000 төгрөгийг хариуцагч Ц.Бямбацогт төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч А.Ганчимэгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дээрх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2,575 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч А.Ганчимэгт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч А.Ганчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бямбацогтод  холбогдох 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Бямбацогт биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч А.Ганчимэгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2,575 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч А.Ганчимэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      Б.МАРИНА