| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0160/Э/208/2019/0082/ |
| Дугаар | 2019/ШЦТ/164 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/164
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ, улсын яллагч Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурор Т.Нансалмаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Зулбаяр, шүүгдэгч Б.Баяр, түүний өмгөөлөгч М.Гансүх /шүүхэд өмгөөлөх эрхийн дугаар 1695/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Сүрэнхор овогт Баярхишигийн Баярт холбогдох эрүүгийн 1831003410126 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Сүрэнхор овогт Баярхишигийн Баяр, Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, Орхон 3 дугаар хэсэг, 9-4 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, Орхон 3 дугаар хэсэг, 3-2 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлтэй, РД:/МЮ81011596/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Баяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Энт Финанс” ХХК-ний захирал Д.Зулбаяртай “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ” байгуулах нэрээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг бэлнээр авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Б.Баярын гэм буруугийн талаар.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Б.Баяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Энт Финанс” ХХК-ний захирал Д.Зулбаяртай “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ” байгуулах нэрээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг бэлнээр авч залилсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Б.Баярын сонгон авсан өмгөөлөгч М.Гансүхээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Баярын гэм буруугүйг тогтоож, цагаатгах байр суурьтай оролцоно. Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: 1.Эрүүгийн 1831003410126 дугаартай хэргийн хавтаст хэргийн 10 дугаар талд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Энт Финанс” ХХК-ныг төлөөлөн салбарын захирал Д.Зулбаяр нь Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байна. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа тус компаний салбарын захирал Д.Зулбаяр нь төлөөлөх эрх аваагүй өөрөөр хэлбэл “Энт Финанс” ХХК-ныг төлөөлөх эрх бүхий субьект биш болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцохдоо Д.Зулбаярын “Надад эрх мэдэл байхгүй ээ. Компаний захирал, удирдлагатайгаа хэлэлцэх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байснаар нотлогдоно. 2. “Энт Финанс” ХХК болон Б.Баяр нар “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ” байгуулж 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөгийг Б.Баярт өгсөн болох нь гэрээгээр нотлогддог. Энэхүү гэрээний 7.3 дугаар заалтад “Энэхүү гэрээтэй холбогдон талуудын хооронд үүсэх аливаа маргааныг эвийг эрхэмлэн харилцан зөвшилцлийн журмаар хэлэлцээрийн аргаар шийдвэрлэнэ” гэсэн заалт, 7.4 дүгээр заалтад “Энэхүү гэрээтэй холбогдон талуудын хооронд үүсэх аливаа маргааныг энэхүү гэрээний 7 дугаар зүлийн 7.3-т зааснаар шийдвэрлэх боломжгүйд хүрвэл Монгол Улсын хуулийн дагуу Иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлэнэ” гэсэн заалтуудаас харахад “Энт Финанс” ХХК болон Б.Баяр нар нь энэхүү гэрээнээс үүсэх маргааныг Иргэний журмаар шийдвэрлэх байтал эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. 3. “Энт Финанс” ХХК-ныг төлөөлөн салбарын захирал Д.Зулбаяр нь Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаараа “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ”-гээ зөрчиж өргөдөл гаргасан байна. Өргөдөл гаргаснаараа гэрээнээс татгалзах хууль зүйн үр дагавартай. 4. Яллах дүгнэлтэд: а)“Фидуциар хангагдсан зээлийн гэрээ” байгуулах нэрээр халхавчлан б) Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэсэн хоёр үндэслэл заасан байна. а) Фидуцийн харилцаа нь үүргийн харилцаанд (Монгол Улсын Иргэний хуулийн хоёрдугаар хэсэг) үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хүрээнд (19 дүгээр бүлэг буюу 235 дугаар зүйлээр) зохицуулагддаг. Зөвхөн Иргэний хуулиар зохицуулагдах, үүргийн харилцаагаар тодорхойлогдох үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга юм. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулжээ. Иргэний эрх зүйн харилцааны гэрээнээс залилангийн гэмт хэргийн ялгагдах гол шинж нь өнгөн дээрээ гэрээ хэлцэлтэй байгаа мэт харагдавч хууль бусаар дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийж, бусдаас авсан эд зүйл, мөнгийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаатай шууд идэвхитэй үйлдэл байдаг. “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ” байгуулах нэрээр халхавчлах гэдэг нь өнгөн дээрээ гэрээ хэлцэлтэй байгаа мэт харагдавч хууль бусаар дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийж, байхгүй зүйлийг бий болгож тухайн гэрээг шинээр үйлдэх санаа зорилгыг анхнаасаа илэрхийлж, итгэл үнэмшил төрүүлсэний үндсэн дээр тухайн гэрээг байгуулснаар бодит байдалд байхгүй байхад үйлдэгдэхийн бол цаашаа гэрээгээр халхавчлах буюу гэрээ хийх замаар нөхцөл байдал бий болно. Ийм гэрээгээр халхавчилсан гэмт хэргийн санаачлагч, гэрээ байгуулах саналыг гаргагч нь зээл авагч байдаг. Гэтэл Б.Баяр-т холбогдох эрүүгийн хэрэгт “Энт Финанс” ХХК буюу хуулийн этгээд гэрээ байгуулах саналыг нийтэд зар түгээх сурталчилгааны замаар зөвхөн Б.Баяр гэж онцлолгүйгээр нийтэд түгээн дэлгэрүүлснээр гэрээ байгуулах саналыг гаргаж байна. Хуульд зааснаар үүрэг хүлээгч Б.Баяр нь мөнгө төлөх үндсэн үүргигүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө буюу автомашинаа унаж явахаар барьцаалан үүрэг гүйцэтгүүлэгч “Энт Финанс” ХХК-ны өмчлөлд шилжүүлсэн. Энд зөвхөн өмчлөх эрх барьцаалагдаж байна. Энэ нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлд заасан “Барьцааны зүйлийн талаар талуудын эдлэх эрх, үүрэг” асуудлын хүрээнд яригдана. Шүүгдэгч Б.Баярын үйлдэлд бусдаас авсан мөнгийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаатай шууд идэвхитэй үйлдэл байхгүй болох нь Стима маркийн автомашин барьцаалан 3 сая төгрөг зээллэж, түүний 5 сарын хүү /1 сарын 177,000 төгрөг/ буюу 931,000 төгрөг, Альфард маркийн автомашин барьцаалан 4 сая төгрөг зээллэж, түүний 1 сарын хүү 243,500 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Нийт хүүний төлбөрт 1,174,500 төлсөн байна. Хохиролтой холбоотойгоор залилсан гэмт хэрэг байвал хэзээ ч хүү тооцохгүй. Хүү төлнө гэдэг нь өөрөө Иргэний эрх зүйн харилцаа юм. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүгдэгч Б.Баяраас “өргөдлөө татаж авчих” гэж 1,400,000 төгрөг төлсөн байна. Мөн Тоёота Стима маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашины “Энт Финанс” ХХК өмчлөлдөө авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд Д.Зулбаярын “...намайг өргөдлөө буцаагаад авчих, эхний ээлжинд 1,400,000 төгрөг өгье. Цаашдаа сар болгон тогтмол 500,000 төгрөг өгье эсвэл боломжоороо төлөлтөө хийгээд цагаан сараас өмнө дуусгана гэсэн” гэх мэдүүлгээр тогтоогддог. Гэм буруугийн асуудал шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Баяр мэдүүлэхдээ: “Анх Тоёота Стима маркийн машинаа тавьж зээл авсан. Он, сарыг нь санахгүй байна. Энэ машин маань анх мотор нь эвдэрсэн байсан тул моторыг нь солих гэтэл өндөр үнэтэй байсан болохоор засварын хүнд 1,100,000 зарсан. Дараа нь Тоёота Альфард маркийн автомашиныг би өөрөө жолоодож яваад хөдөө замд осолдон унасан, тэр чигээр нь Шаамарын өгсдөг зам дээр хучаад орхисон. Тэгээд буцаад босгох гэхээр зардал өндөр гарах байсан болохоор фэйсбүүк дээр зар тавиад маргааш нь хүмүүс дуудаж, сэлбэгэнд өгсөн. Зарсан мөнгөөрөө банк бусын зээлээ төлөх бодолтой байсан боловч өгч чадаагүй. Тухайн үед хүү төлж байсан. Миний буруу” гэх мэдүүлгээр шүүгдэгч Б.Баяр нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн мэдүүлсэн. Энэ тохиолдолд гэрээний харилцаа иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний үүргийг биелүүлээгүй зөрчсөн эсэх маргаанаа талууд “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ” гэрээний Зургаа, Долоодугаар бүлэгт заасан “Хариуцлага”, “Бусад” гэсэн заалтуудад тус тус зааснаар эвийг эрхэмлэн харилцан зөвшилцөх, хэрвээ зөвшилцөлд хүрэхгүй бол Иргэний хэргийн шүүхэд хандан асуудлыг шийдвэрлэвэл зохилтой байсныг тэмдэглэх нь зүйтэй. б) Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Банк, банк бус санхүүгийн байгууллагын хувьд урьдын харилцааны явцад бий болсон итгэл үзүүлэх гэсэн ойлголт байхгүй. Энэхүү харилцаа нь зөвхөн иргэд хооронд л үүснэ. Урьдын харилцааны явцад бий болсон итгэл үзүүлэх нь хохирогч ирээдүйд эд зүйл, өмч хөрөнгөөрөө хохирохыг үл ухааран тэдгээрийг гэмт хэрэгтэнд сайн дураараа шилжүүлдэг онцлогтой. Гэтэл талууд хоорондоо харилцан зөвшилцөж, ирээдүйд гарах эрсдлийг тооцоолон гэрээ байгуулсан байна. Гэрээний харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэсний эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг өөрөөр хэлбэл гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. 5. Иргэний хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан “Хэлцэлд төлөөлөх”, “Төлөөлөгч” талаар тодорхой хуульчилсан. Шүүхийн хуралдаанд “Энт Финанс” ХХК-наас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19/71 тоот Төлөөлөх эрх олгох тухай албан бичиг ирүүлжээ. Албан бичигт: “Тус байгууллагын нэр дээр байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой эрүүгийн хэрэгт оролцох, мэдүүлэг, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт гаргах, эвлэрлийн гэрээ байгуулах, тус байгууллагыг төлөөлөх бүрэн эрхийн итгэмжлэлийг тус байгууллагын Сэлэнгэ аймаг дахь салбарын захирал Д.Зулбаярт олгож байна” гэжээ. Сэлэнгэ аймаг дахь салбарын захирал Д.Зулбаяр нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө тус байгууллагыг төлөөлөх эрхгүй субьект байсан байна. Иймд төлөөлөх эрхгүй этгээдийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Фидуциар хангагдсан зээлийн гэрээ, техникийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, хохирогчоор болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ” байгуулах нэрээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдаас 7,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль ёсны үндэслэл бүхий нотлох баримтгүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Баяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Сүрэнхор овогт Баярхишигийн Баяр-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Сүрэнхор овогт Баярхишигийн Баярыг цагаатгасугай.
2. Сүрэнхор овогт Баярхишигийн Баяр-тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
3. Б.Баяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ цагаатгах тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд өөрөө гардаж авөдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
5. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ