Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 16

 

Б-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0016/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Д.Энхжаргал,

Хохирогч Д, түүний өмгөөлөгч Л.Цогзолмаа,

Шүүгдэгч Б нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэлийн эсэргүүцлээр, мөн хохирогчийн өмгөөлөгч Л.Цогзолмаагийн давж заалдах гомдлоор Б-д холбогдох эрүүгийн 1839005740001 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1971 онд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 1 дүгээр баг, “Нарийн хөндий” гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Р овогт Д-н Б /РД/ нь

2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн нутаг “Маантын үзүүр” гэх газар иргэн Б, Д нарыг хутгалж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р овогт Д-н Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-с 282000 төгрөгийг гаргуулж хохирогч Д-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхээс Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. Шүүхийн шинэчилсэн байцаалтад хохирогч Д-г оролцуулснаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт тусгасан боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2 дахь хэсэгт хохирогч Д-н зөвхөн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг шүүгдэгч Б-г гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэл болгож тусгасан боловч хохирогчийн шүүхийн шинэчилсэн байцаалтад мэдүүлэг гаргасан эсэх, энэ нь шүүхийн шийдвэр гаргахад ач холбогдолтой байсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

2. Мөн шинжээч эмч Б-г оролцуулснаар тусгасан боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 4 дэх заалтад шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 491 дугаартай дүгнэлтийн агуулгыг, мөн 6 дахь хэсэгт шинжээч эмч А-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг дэлгэрэнгүйгээр тусгаж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэл тус тус болгосон атлаа шинжээч эмчийг шүүхийн шинэчилсэн байцаалтад ямар зорилгоор оролцуулж шүүхийн шинэчилсэн байцаалтад мэдүүлэг гаргасан эсэх, мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой байсан эсэхэд ямар дүгнэлт хийсэн тухайгаа тусгаагүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар тодорхой зааж тусгахаар хуульчилсныг зөрчиж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тусгасан боловч ямар хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн талаар тодорхой зааж тусгаагүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр заасан нь буруу байна.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заахдаа хуулийн зүйл, заалтыг удирдлага болгоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ... устгах”-аар тодорхой заасан хуулийн заалтыг баримтлаагүй, мөн хэдэн хутгыг устгах талаар ч тодорхой тусгаагүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр  нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 зүйлд заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичлээ гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цогзолмаа нь давж заалдах гомдолдоо: Хохирогч Д нь анхан шатны шүүх хуралдаанд ...миний хөл одоо болтол эдгэрээгүй, эмчилгээ хийлгэсээр байна. Мориндоо мордож малдаа явж чаддаггүй тул 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өнөөдрийг хүртэл хөлсөөр малчин авч ажиллуулж байна. Б нь надад 300000 төгрөгөөс өөр эмчилгээний зардал өгөөгүй, хохирол төлбөрөө барагдуулаагүй, миний биеийн байдлыг асуудаггүй. Миний хувьд суга таягтай, хол явж чаддаггүй байнга машинаар явдаг тул бензиний зардал их гардаг. Цаашид ч эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул гомдолтой байна гэж мэдүүлсээр байтал анхан шатны шүүхээс Батхуягт 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь нэг талыг барьж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна гэжээ.

Хохирогч Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт өгч байсан. Шүүх хүсэлтийг маань хангаж өгөөгүй. Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлтэй байна. Улаанбаатар хотын “Мөнгөн гүүр” гэх эмнэлэгт үзүүлэхэд “судас чинь гэмтсэн байна. 14-21 хоног хэвтэж фицик эмчилгээ хийлгэж эмчлүүл” гэж хэлсэн. Би хөдөө мал дээрээ байдаг болохоор эмнэлэгт хэвтэж чаддаггүй. Би эмчид үзүүлж эмчилгээний төлбөр болон хохирлоо гаргуулмаар байна. Мөн шүүхэд ирж очсон зардлаа гаргуулах саналтай байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Л.Цогзолмаагийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн нутаг “Маантын үзүүр” гэх газар иргэн Б, Д нарыг хутгалж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б ах машины хаалгыг гэнэт онгойлгоход би машинаас унаж, босоогүй байхад намайг өшиглөсөн. Тэгтэл миний зүүн гар халуу оргиод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуудас/, хохирогч Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай эхнэрийг газар унасан хойно Б ахыг өшиглөчихөв үү гэж бодсон. Тэгтэл миний зүүн хөлийн ташааны доод хэсэгт гар хүрэх шиг болсон. Харанхуй байсан болохоор гар нь юу байсныг хараагүй. Гэтэл ташаан толгой орчим нойтон оргиод, цус гарч эхэлсэн. Мөн эхнэрийн маань зүүн гарын сарвууны доод хэсэг болон эрхий хурууны салаанаас цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуудас/, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 491 дүгээр дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан бөгөөд шүүх хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, энэ талаар оролцогчдоос ямар нэгэн хүсэлтийг гаргаагүй, прокурорын эсэргүүцэлд дурдсан заалтууд нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөргүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Д-н эмчилгээнд зарцуулсан гэх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахааргүй гэж үзэн шүүх баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж өгсөн байх тул ялтны өмгөөлөгч Л.Цогзолмаагийн энэ талаарх давж заалдах гомдлыг, мөн аймгийн прокурорын шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг тус тус хүлээн авах боломжгүй, харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтын хуулийн зүйл хэсгийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 38  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “5.4 дүгээр зүйлийн 1 дэх” гэснийг “5.4 дүгээр зүйлийн 2 дахь” гэж, 4 дэх заалтын “5.4 дүгээр зүйлийн 3 дахь” гэснийг “5.4 дүгээр зүйлийн 4 дэх” гэж тус тус өөрчлөн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                О.БААТАРСҮХ

                                                                                               Я.АЛТАННАВЧ