Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2015/0182

 

Б.Ггийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ггийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь 2013 онд Э.Гбтай Хувьцаа худалдан авах болон Компанийн эрх шилжүүлэн авах тухай гэрээг байгуулж Ж ХХК-ийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Дээрх гэрээнүүдийг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулж улмаар тухайн компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байхад 2014 оны хоёрдугаар улирлын тайланг тушаах үед компанийн хувьцаа болон гүйцэтгэх захирал зэрэг нь өөр хүний нэр дээр шилжсэн өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хийсэн болохыг мэдсэн болно. Энэ талаар гомдол гаргасан бөгөөд миний гомдолд 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн огноотой 8/5185 дугаар бүхий албан бичгийг 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн болно.

Уг албан бичигт Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2180 тоот шүүхийн шийдвэр, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай, 6207 дугаартай захирамж, Шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулсан тул тухайн бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг өгсөн болно.

Гэтэл дээрх улсын бүртгэлийн газрын албан бичигт дурдсан шүүхийн шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудас зэрэгт миний өмчлөх эрхийг хязгаарлах тухай ямар нэг зохицуулалт байхгүй, Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт миний шударга өмчлөгч болохыг баталсан хувьцаа худалдан авах гэрээг байсаар байтал Ж ХХК хувь нийлүүлэгчдийг хурлын тэмдэглэлгүй, баталгаажаагүй хурлын тогтоол, дүрмийг баталсан тухай заалтгүй 13/1 тоот тогтоолын хавсралт гэх дүрэм зэргийг үндэслэн хууль бус бүртгэл хийсэн байх тул түүнийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хувьцаа эзэмшигч Б.Э нь А.Ад 55%, Э.Гбт 45%-ийн хувьцааг тус тус эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна. 2013 оны 04 сарын 09-ны өдөр А.А, Э.Гб нар нь Б.Гд 100%-ийн хувьцаагаа эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна.

Гэтэл иргэн Б.Эгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол дүүргийн шүүх хянаж үзээд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2480 дугаар шийдвэрээр Э.Гбт холбогдох тус ХХК-ийн 45 хувийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Бүртгэлийн байгууллага дээрх шийдвэр болон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 6207 дугаар захирамж, Шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээллийг өөрчлөн улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан мөн дээрх маргааныг хянан шийдвэрлэсэн Иргэний хэргийн шүүх нь нэхэмжлэлд дурдсан Ж ХХК-ийнн хувьцааг шилжүүлэн авсан гуравдагч этгээд болох Б.Гг холбогдогч этгээдээр татаагүй, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тайлбар, лавлагаа гаргуулахгүйгээр хэргийгшийдвэрлэсэн байх бөгөөд бүртгэлийн байгууллагаас тухайн асуудлаар иргэнд мэдэгдэх боломжгүй юм.

Мөн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 02-ны өдрийн 2480 тоот шийдвэрт Э.Гб, А.А нараас Б.Гд тус ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус болохыг Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоол, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3021 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн бүртгэгдсэн дээрх бүртгэлийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэл байхгүй тул хүсэлтийг ханган боломжгүй байна. гэжээ.

Гуравдагч этгээд Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Э миний бие иргэн Б.Ггаас ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Баянгол дүүргийн шүүхээс иргэн Б.Г нь манай Ж ХХК-ийг авсан хэрэг нь хууль бус гэдгийг тогтоосон тул энэ хүн манай компанийн хувьцаа эзэмшигч биш юм. гэжээ.

Гуравдагч этгээд А.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...А.А нь 2011 оноос хойш Ж ХХК-ийн нийт хувьцааны 55%-ийг эзэмшдэг байсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ж ХХК-ийн 45%-ийн хувьцаа эзэмшигч Б.Э нь өөрийн бүх хувьцааг Э.Гб гэх залууд бэлэглэхээр болж үүнийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар зөвшөөрсөн төдийгүй Гүйцэтгэх Захирлаар хүртэл томилсон. Гэтэл Компанийн хувьцаа эзэмшигч болсон даруйдаа Оросын холбооны улс руу бүтээгдэхүүн гаргах ажлыг хариуцаж хийх нэрийдлээр миний иргэний үнэмлэх болоод компанийн тамга тэмдэг, гэрчилгээг аваад алга болсон. Түүнээс хойш 2013 оны 8 дугаар сарыг хүртэлЭ.Гбыг хайж уулзах гэж маш олон удаа оролдоод чадаагүй. Арга буюу хуулийн зөвлөгөө авч улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандан лавлагаа авахад Э.Гб нь намайг мэдээгүй, зөвшөөрөөгүй байхад Ж ХХК-ийн бүхий л хувьцааг \миний хувьцааг оролцуулаад\ Б.Гг гэх эмэгтэйд зарсан байсан. Энэ үйлдлийг сонссон Б.Э иргэний шүүхэд хандаж бэлэглэлийн гэрээг цуцлуулсан ба А.А нь цагдаа, прокурорын байгууллагаар шалгуулсны эцэстЭ.Гбыг хуурамч гарын үсэг ашиглан А.Агийн хувьцааг шилжүүлсэн болохыг олж мэдэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж компанийн бүртгэлд өөрчлөлт оруулсан.

Гэтэл Б.Г нь хууль бусаар компанийн хувьцаа өөрт нь шилжсэн байхад Э.Гбын эсрэг нэхэмжлэл гаргаж шалгуулах байтал хуулийн дагуу үнэн зөв бүртгэлийг сэргээж ажилласан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын эсрэг шүүхдэж байгаа нь ойлгомжгүй байна. Гуравдагч этгээд А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байгаа бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ба намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжтойг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ггийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ...Хэрэг учралын тухайд: Б.Г нь иргэн 2013 онд хувьцаа худалдах худалдан авах болон Компанийн эрх шилжүүлэн авах гэрээг байгуулж улмаар Ж ХХК-ийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байдаг бөгөөд огт үйл ажиллагаа явуулаагүй байсан компанид хөрөнгө оруулан үйл ажиллагааг хэвийн явуулж байх үед 2014 оны 2 дугаар улирлын баланс тушаах гэж очиход нь хувьцаа эзэмшигч биш болсон байсан тухайг олж мэддэг юм.

Улмаар энэ асуудлаар гомдол гарахад гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8/5185 дугаартай албан бичгээр өгсөн байдаг.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх өөрчлөлтийг хийхдээ 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2180 дугаар шийдвэр, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэсэн байдаг бөгөөд эдгээр нь нэхэмжлэгч Б.Гд огт холбогдолгүй буюу түүний байгуулсан хэлцэлд хамааралгүй асуудлаар гарсан байдаг юм.

Өөрөөр хэлбэл Гб болон Б.Г нарын хооронд байгуулсан хувьцаа худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнд хамааралгүй гэрээнд хамааралтай байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын анхааран үзэлгүй шударга өмчлөгч буюу мөнгө төлж авсан нэхэмжлэгч Б.Ггийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж түүний өмчлөх эрхийг зөрчсөн байгаа юм.

Дээрх шүүхийн шийдвэр ба гүйцэтгэх хуудас нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ямар нэг үүрэг өгөөгүй түүнд хамаагүй асуудлаар байхад түүнийг хянан үзэлгүй Ж ХХК-ийн шударга өмчлөгч Б.Ггийн эрхийг шууд зөрчсөн байдаг. Ийм учраас л Б.Г нь өөрийн хууль ёсны эрхийг хамгаалж Ж ХХК хувьцаа эзэмшигч нарын бүртгэлд өөрчлөлт оруулсан УБЕГ үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр Б.Э ба А нарыг татсан болно.

Шүүх хэргийг хянан 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Энэ заалт нь Улсын бүртгэгч түүний эрх, үүргийн зохицуулсан заалт бөгөөд 11.5.5 дахь нь Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн талаар шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийн бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх гэсэн заалт юм.

Шүүхийн энэ дүгнэлтээс үзэхэд шүүгч 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2180 дугаар шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг УБЕГ үүрэг болгох буюу даалгасан шийдвэртэй андуурсан байна.

...Иргэн Э.Гб ба Б.Э нарын хооронд хийсэн хэлцлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн үр дагавар нь зөвхөн тэр хоёр этгээдийн хооронд үүссэн харилцаанд хамаарах болохоос биш ил тодоор мөнгө төлөөд авч буй Б.Гд хамааралгүй бөгөөд үүнийг болохыг УБЕГ болон шүүх анхаарсангүй. Энэ асуудлыг Иргэний хуулийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэсэн зохицуулалт үйлчлэх болохыг шүүх анхаараагүй байна.

Мөн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2180 дугаар шийдвэр нь хэлцлийг хүчингүй болгосны үр дагавар Иргэний хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсэн үр дагаврыг бий болгож байгааг шүүх анхаараагүй байна.

Мөн дээрх шийдвэр нь тухайн компанийн хувьцааны нэг хэсэгт хамаарах асуудлыг шүүх шийдвэрлэсэн байхад бүх хувьцаанд хамааруулан хийсэн УБЕГ үйлдлийг зөв гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, Б.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч бүртгэлийн байгууллага нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2480 дугаар шийдвэр, уг шийдвэрийг албан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулж, 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Гг хасаж, Б.Эг 45 хувь, А.Аг 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-д Улсын бүртгэгч нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн талаар шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасаншийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэгээ хийж, шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж баяжилт хийх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн байна.

Учир нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2480 дугаар шийдвэр, уг шийдвэрийг албан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд Ж ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Гг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгоогүй, өөрчлөлт оруулахыг даалгаагүй, уг бүртгэлийн үндэслэл болсон тус компанийн үүсгэн байгуулагч Э.Гб, А.А нарын 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 299 дүгээр үүсгэн байгуулагчийн шийдвэр, Э.Гб, А.А болон Б.Г нарын хооронд байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэргийг хүчин төгөлдөр бусад тооцоогүй байх тул бүртгэлийн байгууллага буюу улсын бүртгэгч нь шүүхийн шийдвэрт заагаагүй асуудлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд шууд өөрчлөлт оруулах эрхгүй.

Уг хууль бус бүртгэлийн улмаас тус компанийн хувьцаа эзэмшигч /100 хувь/ нэхэмжлэгч Б.Ггийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх Баянгол дүүргийн шүүхийн шийдвэр /хуучнаар/-т заагаагүй хувьцаа эзэмшигчийн асуудлаар бүртгэлд өөрчлөлт оруулсныг хуульд нийцсэн гэж буруу дүгнэжээ.

Дээрх Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 2480 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т заасныг баримтлан 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Бэлэглэлийн гэрээний бэлэг хүлээн авагч Э.Гбт холбогдох хэсгийг буюу Ж ХХК-ийн хувьцааны 45 хувь болох 3439,25 ширхэг хувьцааг бэлэглэгч Б.Эгаас бэлэг хүлээн авагч Э.Гбт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 3439,25 ширхэг хувьцаа буюу 34.392.500 төгрөгийг хариуцагч Э.Гбаас гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгохоор шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн дагуу тэгш эрхтэй этгээдийн хооронд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээг зохих журмын дагуу цуцлаагүй, шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоогоогүй, мөн хүчин төгөлдөр тухайн гэрээ, холбогдох баримтыг үндэслэн бүртгэсэн улсын бүртгэлийг эрх бүхий этгээд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгоогүй, мөн 2480 дугаар шийдвэрээр Б.Э болон Э.Гб нарын Ж ХХК-ийн хувьцааны зөвхөн 45 хувийг бэлэглэсэн бэлэглэлийг хүчингүй болгосон, бэлэглэлийн гэрээний хувьцааны 55 хувийг А.Ад бэлэглэсэн хэсэг хүчин төгөлдөр үлдсэн, А.А нь Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний талаар нэхэмжлэл гаргаагүй байхад уг гэрээнүүд болон түүнийг үндэслэн бүртгэсэн улсын бүртгэлийг хүчинтэй байх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.2-т заасныг удирд лага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйл, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулсныг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргаж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ