Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/02994

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/02994

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С.О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Г-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г, С.О хоёр 2010 онд танилцаж, дотносож 2011 оны 8 дугаар сард охинтой болсон. 2011 оны 9 дүгээр сард гэрлэлтээ батлуулж, охины хамт Ховд хотын 2 дугаар хороонд 1 жил гаруй хугацаанд хамт амьдарч байгаад С.О нь  оюутан болж хотод ирсэн. Түүнээс хойш тэдний харилцаа өдрөөс өдөрт дордож, Б.Г нь охин эхнэр хоёрыг ойшоохоо больсон. Б.Г нь өөр эмэгтэйтэй хамт амьдрах болсныг миний ээж гэрчилнэ. Үүнийг сонсоод салах өргөдлөө тус дүүрэгт гаргасан боловч Б.Г худал үнэн хэлж хариуцлагаас зайлсхийсэн. Өөрийн төрсөн охиноо эрхлүүлж, аманд нь амттай зүйл хийж үзээгүй. Энэ хүнд охиноо өрөвдөж гомдолтой явдаг. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж, охиныг эхийг асрамжид үлдээ, Б.Гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О бид хоёр 2010 оноос танилцан дотносон 2011 оны 8 дугаар сард охинтой болсон. 2011 оны 9 дүгээр сард гэрлэлтээ батлуул, охин Г.А хамт 2 талын эцэг эхийн дунд 1 жил гаруй дамжин амьдарч байгаад би Ховд аймгаас 2011 оны 11 дүгээр сард хотод ирсэн. Энэ үеэс бид хоёрын харилцаа хөндийрч өөрийн охин Г.А уулзуулж байгаагүй. Охин маань одоо 6 настай сургуульд орох болсон учраас ээжийнхээ саналаар овог солих шаардлагатай болсон болохоор зөвшөөрч байна. Миний зүгээс татгалзах зүйлгүй. Би охин Г.А тэтгэмжийг төлнө. Яагаад С.Оыг орхиж явсан бэ? гэвэл эцгийн бие муудаад заавал хот орох шалтгаан болсон. Удалгүй эцэг минь бурхан болсон. Ар гэрийн асуудлаас болсон. Ерөнхийдөө бол мартсан гэж хэлж болно. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, асрамжийг ээж С.Од үлдээхийг зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж зааснаар гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч С.О, хариуцагч Б.Г нар нь 2009 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтийн бүртгэлийн 135 дугаарт бүртгүүлсэн нь болох гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Г.Амин-Эрдэнэ нь 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн болох нь 0000696044 0597 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

   Гэрлэгчдэд  шүүхээс эвлэрэх 1 сарын хугацаа олгож, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна. 

   Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, охин Г.Амин-Эрдэнэ нь төрсөн цагаас хойш болон эцэг эх тусдаа амьдарсан үеэс эхийн асрамжид байсан зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.А эх С.Оын асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

   Зохигч хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцоогүй, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байсан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.А 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Хойдууд овогт Бямбадоржийн Ганхуягаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

   Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болохыг эцэг Б.Гт,  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар  хариуцагчийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх үүрэгтэйг нэхэмжлэгч С.Од тайлбарлаж мэдэгдэв.  

   Гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.О, хариуцагч  Б.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.А эх С.Оын асрамжид үлдээсүгэй.   

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.А 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Г-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С.Од олгосугай.

           

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.МӨНХЦЭЦЭГ