Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 81

 

2018 оны 02 сарын 12 өдөр        Дугаар 153/ШШ2018/00081  Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 04-01 тоотод оршин суух, ПЭ88092304 регистрийн дугаартай, Боржигон овогт Энхтөгсийн Энхнасангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Ховд их сургуульд холбогдох Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай тушаал, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Ховд их сургуулийн захирлын туслах, архивын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх захирлын туслах, архивын эрхлэгчийн албан тушаалын цалин 1,235,563 төгрөг гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Энхнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Энхнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/5 дугаартай Ховд их сургуулийн захирлын тушаалаар Монгол хэлний багшаар түр ажиллаж эхэлсэн. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар захирлын туслах, архивын эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/101 дугаартай захирлын тушаалаар захирлын туслах, архивын эрхлэгчээр жинхлэн ажиллаж байсан. Гэтэл Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр нь миний амралтаа авсан өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б/151 дугаартай тушаал гарган эрхэлж байсан ажлаас чөлөөлж, сургалтын албаны мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан. Уг тушаалыг гаргахдаа сургуульд бүтэц орон тооны өөрчлөлт хийн, сургалтын албаны мэргэжилтний орон тоо гаргаж ажиллуулна, амраад 8 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хүлээж авна гэж хэлж байсан.

Улмаар амралтын хугацаа дуусаж ажилдаа орох гэтэл бүтэц өөрчлөгдөж амжаагүй байна, хүлээж бай гэсэн хариу өгч ажилд авалгүй байсаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б/272 дугаартай тушаал гарган маркетинг олон нийт хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаанд ажиллуулах шийдвэр гаргасан. Миний хувьд ажил сэлгэн ажиллуулах тухай Б/151 дугаартай тушаал гаргахдаа чиний хувьд шагнал урамшуулал авч сайн ажилласан, чадварын хувьд эргэлзэхгүй байна, гэвч улс төрийн шалтгаанаар ажил сэлгэн ажиллуулах шаардлагатай боллоо, ажлын байраар хангана гэсэн амлалтад хууртагдаж өдийг хүрсэн бөгөөд тухайн үед нь бичлэг хийж баримтжуулж авсан байгаа. Мөн намайг шинээр орж байгаа ажилтан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан туршилтын хугацаа буюу 6 сараас илүүгүй хугацаагаар ажиллуулах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай тушаал, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Ховд их сургуулийн захирлын туслах, архивын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх захирлын туслах, архивын эрхлэгчийн албан тушаалын цалин 1,235,563 төгрөг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Э.Энхнасанг захирлын туслах, архивын эрхлэгчийн албан тушаалаас сургалтын албаны мэргэжилтний албан тушаалд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед боловсролын байгууллагын онцлогийн дагуу сургуулийн бүх багш ажилтнуудын ээлжийн амралт эхэлж байсан. Э.Энхнасан ч ээлжийн амралтаа тооцуулан амралтын мөнгөө авсан. Ингээд 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хичээл эхэлж, Э.Энхнасан өөрөө санал тавьж, бүтэц орон тооны асуудлыг Удирдах зөвлөл хуралдаж хэлэлцэх хүртэл цаг хугацаа орох тул өөр ажилд ажиллая гэсэн. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай тушаалаар маркетинг олон нийт хариуцсан ажилтнаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Э.Энхнасан ч өнөөдрийг хүртэл энэ ажлыг хийж байна.

Маркетинг олон нийт хариуцсан мэргэжил нь албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор мэргэжлийн сэтгүүлч, маркетингийн мэргэжилтэн мэргэжлийн хүн ажиллуулах шаардлага тавигддаг. Иймд Э.Энхнасан нь багш мэргэжилтэй тул ажлын байрандаа дадлагажих хугацааг хуулинд заасны дагуу тогтоож өгсөн. Ингэснээрээ Э.Энхнасангийн байнгын ажлын байранд ажиллах эрх нь туршилтын хугацаагаар дуусгавар болно гэсэн ойлголт биш юм.

Э.Энхнасан нь тус сургуулийн захирлын Б/151 дугаартай тушаалыг өөрөө төлөвлөсөн, тэрээр шүүх хуралдаанд тушаал гарснаас хойш 3 хоногийн дараа гардаж авсан гэдэг. Иймд шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Энэхүү тушаалыг хүчингүй болгуулахаар гомдлоо хугацаа хэтэрч гаргасан тул 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх захирлын туслах, архивын эрхлэгчийн албан тушаалын цалин 1,235,563 төгрөг гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин Ховд их сургуулийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай “Туршилтын хугацаагаар томилох тухай” тушаалд заасан туршилтын хугацаа дууссан тул 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар Э.Энхнасанг маркетинг, олон нийт хариуцсан мэргэжилтнээр жинхлэн ажиллуулах болсон. Иймд Э.Энхнасан нь одоо Ховд их сургуулийн маркетинг, олон нийт хариуцсан мэргэжилтнээр жинхлэн ажиллаж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Энхнасан нь хариуцагч Ховд их сургуульд холбогдуулан Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай тушаал, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Ховд их сургуулийн захирлын туслах, архивын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх захирлын туслах, архивын эрхлэгчийн албан тушаалын цалин 1,235,563 төгрөг гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Э.Энхнасан нь 2015 оноос эхлэн Ховд их сургуульд монгол хэлний багшаар түр ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/101 дугаартай тушаалаар Ховд их сургуулийн захирлын туслах, архивын эрхлэгчээр жинхлэн ажиллаж, тус сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай “Ажил сэлгэн ажиллуулах тухай” тушаалаар нарийн бичгийн дарга, архивын эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөж, сургалтын албаны мэргэжилтнээр түр томилогдон ажилласан байна. Улмаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай “Туршилтын хугацаагаар томилох тухай” тушаалаар Э.Энхнасан нь маркетинг, олон нийт хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаагаар томилогдож, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар маркетинг, олон нийт хариуцсан мэргэжилтнээр жинхлэн ажилласан болох нь хэрэгт авагдсан Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай “Ажил сэлгэн ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай “Туршилтын хугацаагаар томилох тухай” тушаал, түүний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-6/, Ховд их сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/101 дугаартай “Ажилтан жинхлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар /хх-7/, Ховд их сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/28 дугаартай “Ажилтан жинхлэн ажиллуулах тухай” тушаал /хх-67/, Э.Энхнасангийн 0427655 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-56/, Э.Энхнасангийн 2017 оны цалингийн карт /хх-58/ болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Эдгээр баримтуудаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, ажилтан Э.Энхнасан нь тус байгууллагад 2015 оноос хойш ажиллаж байсныг нотолж байх бөгөөд дээрх тушаалд дурдсан нарийн бичгийн дарга архивын эрхлэгч,  захирлын туслах архивын эрхлэгчийн ажлын байрууд нь нэг ажлын байр болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагыг тус тусад нь авч үзвэл:

Нэг. Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Ховд их сургуулийн захирлын туслах, архивын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх захирлын туслах, архивын эрхлэгчийн албан тушаалын цалин 1,235,563 төгрөг гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг.

Ховд их сургуулийн захирал 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай “Ажил сэлгэн ажиллуулах тухай” тушаал гаргаж, тушаалын нэг дэх заалтаар ажилтан Э.Энхнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.1, Ховд их сургуулийн дотоод журмын 4.2.7 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ.

Харин ажил олгогч нь энэхүү тушаалдаа ажилтан Э.Энхнасанг ямар үндэслэлээр эрхэлж буй ажлаас нь чөлөөлж, өөр ажилд түр томилсон болохыг дурдаагүй байна.

Дээрх тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна” гэж, 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Хөдөлмөрийн гэрээ ...талууд харилцан тохирсон үндэслэлээр дуусгавар болно” гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү заалтаас үзэхэд эдгээр заалтууд нь ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулах гэрээний хугацаа болон тус гэрээг дуусгавар болох үндэслэлтэй холбоотой харилцааг зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд “ажил сэлгэн ажиллуулах” гэсэн нэр томьёо байхгүй бөгөөд ажил олгогч “Ажил сэлгэн ажиллуулах тухай” тушаал гаргасан атлаа ажилтанг ажлаас чөлөөлж, өөр ажилд түр томилон ажиллуулсан байна. Мөн тус тушаалд дурдсанаар талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Гэвч ажилтан Э.Энхнасан нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай “Ажил сэлгэн ажиллуулах тухай” тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэхүү хугацааг хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгч Э.Энхнасангийн шүүх хуралдаанд гаргасан “...Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай “Ажил сэлгэн ажиллуулах тухай” тушаалыг би төлөвлөж гаргасан бөгөөд гарсан өдрөөс хойш 3 хоногийн дараа буюу 06 дугаар сарын 23-ны өдөр тушаалыг гардаж авсан” гэх тайлбараар нотлогдож байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д зааснаар дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд уг хугацааг сэргээн тогтоож болох бөгөөд энэхүү хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Э.Энхнасан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай “Ажил сэлгэн ажиллуулах тухай” тушаалыг 06 дугаар сарын 23-ны өдөр гардаж аваад удалгүй манай сургуулийн багш, ажилчид амарсан. Тэгээд амралтын хугацаа дуусаж ажилдаа орох гэтэл бүтэц өөрчлөгдөж амжаагүй байна, хүлээж бай гэсэн хариу өгч ажилд авалгүй байсаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б/272 дугаартай тушаал гарган намайг маркетинг олон нийт хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаанд ажиллуулах шийдвэр гаргасан” гэх боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд орохгүй юм. Өөрөөр хэлбэл энэхүү хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаанд тухайн этгээд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.

Иймд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Ховд их сургуулийн захирлын туслах, архивын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх захирлын туслах, архивын эрхлэгчийн албан тушаалын цалин 1,235,563 төгрөг гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Э.Энхнасан нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай тушаалын хоёр дахь заалтад дурдагдсан сургалтын албаны мэргэжилтнээр түр томилогдсон боловч сургалтын албаны мэргэжилтнээр ажиллаагүй, ажил олгогч ажиллуулаагүй гэж тайлбарлах боловч тэрээр Ховд их сургуулийн сургалтын албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, сургалтын албаны мэргэжилтнээр ажиллуулаагүй байсан хугацааны цалингийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлийн тайлбартаа “Э.Энхнасанг Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай тушаалд дурдсан ажлыг нь гүйцэтгүүлээгүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь тушаалд дурдсан сургалтын албаны мэргэжилтний ажлыг гүйцэтгүүлэхгүй байна гэж нэхэмжлэл гаргаагүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед ч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Харин захирлын туслах, архивын эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн, уг ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Хоёр. Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд:

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд ажилтан Э.Энхнасан нь тус байгууллагад 2015 оноос хойш ажиллаж байсныг нотолж байх бөгөөд Ховд их сургуулийн 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай тушаалаар Э.Энхнасан нь нарийн бичгийн дарга, архивын эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, сургалтын албаны мэргэжилтнээр түр томилогдсон байна. Улмаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай тушаалаар маркетинг, олон нийт хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаагаар томилогдож мөн тус сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар маркетинг, олон нийт хариуцсан мэргэжилтнээр жинхлэн томилогдсон байна.

 

Нэхэмжлэгч Э.Энхнасан нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай “Туршилтын хугацаагаар томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогч нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/28 дугаартай тушаал гаргаж, ажилтан Э.Энхнасанг  маркетинг, олон нийт хариуцсан мэргэжилтнээр жинхлэн ажиллуулах тухай тушаал гаргасан боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж “маркетинг, олон нийт хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байр манай сургуульд батлагдаагүй орон тоо тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэж мэтгэлцлээ.

Ажил олгогч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай “Туршилтын хугацаагаар томилох тухай” тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 231 дугаар зүйлийн 231.1, 231.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1, 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэг, Ховд их сургуулийн дүрмийн 3.14.2, 3.14.6 дахь хэсэг, Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1, 5.2.1 дэх хэсгийг тус тус үндэслэжээ. Харин энэхүү тушаалыг гаргахдаа ажилтан Э.Энхнасанг өмнө нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай тушаал гаргаж, тушаалын хоёр дахь заалтаар сургалтын албаны мэргэжилтнээр томилсон байх боловч үүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, мөн Э.Энхнасанг ямар үндэслэлээр туршилтын хугацаагаар маркетинг, олон нийт хариуцсан мэргэжилтнээр томилсон эсэхийг дурдаагүй байна.

Ажил олгогчийн ажилтанг туршилтын хугацаагаар томилсон тушаалын үндэслэл болгосон заалтыг авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-д “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд  ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд  тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар” гэж, мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д “ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно” гэж, 231.2-д “хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно”, 49 дүгээр зүйлийн 49.4-д “энэ хуулийн 231, 232 дугаар зүйлд заасан хугацаанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохиролцож болно” гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр заалт нь ажилтанг шинээр ажилд авахдаа ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацааг талууд харилцан тохиролцон тогтоох үйл явдлыг зохицуулсан заалт бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ажилтан Э.Энхнасанг шинээр ажилд орж буй ажилтан гэж үзэх боломжгүй байна.

Иймд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч түүний нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд их сургуулиас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхнасанд олгох нь хуульд нийцнэ.

Хэрэгт авагдсан Ховд их сургуулийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/5 дугаартай тушаалын хуулбар /хх-8/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-12/ зэрэг материалууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн нэхэмжлэгч нь ажил олгогчийн яриаг хураасан гэх “disk” нь ямар нэгэн мэдээлэл хуулагдаагүй хоосон бланк диск байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/272 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/151 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд их сургуулийн захирлын туслах, архивын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны захирлын туслах, архивын эрхлэгчийн цалин 1,235,563 төгрөг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба түүний  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд их сургуулиас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхнасанд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА