Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2017/00561

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төрийн байгууллага- ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К.Ө-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Төрийн байгууллага-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Орон нутгийн өмчийн орлогоос эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан зээл 2000000 төгрөг, хүү 1080000 төгрөг, бүгд 3080000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Төрийн байгууллага-ын дарга А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Аудитын газрын аудитор К.Ө- нь 2 сая төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар сарын 1.5%-ийн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэйгөөр авчээ. Зээлийг төлөх талаар албан ёсоор мэдэгдэж байсан боловч одоо хүртэл төлөөгүй, хугацаа хэтэрч байна. Иймд уг зээл хүүгийн хамт 3080000 төгрөг болж байгууллагын тайлан балансад өр төлбөртэй гэж явж байгаа тул шүүхийн журмаар төлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч Төрийн байгууллага-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.К шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Иргэн К.Ө- нь Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн албаны статустай байх хугацаанд буюу  2013 онд 2 сая төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар 1,5 хувийн хүүтэйгээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан. Одоо тухайн үед байгуулсан зээлийн гэрээг санхүүгийн баримтаас олж чадаагүй. Гэхдээ К.Ө- нь тухайн үед зээл, хүүгийн хамт төлж өгнө гэж гарын баримт өгч байсан.  Зээлийг төлөх талаар албан ёсоор удаа дараа мэдэгдэж байсан боловч одоо хүртэл төлөөгүй хугацаа хэтэрч байна.  Уг зээл нь хүүгийн хамт 3080000 төгрөг болж байгууллагад тайлан балансад авлагатай өр болж гарч байгаа тул  шүүхийн журмаар хариуцагч К.Ө-ээс гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Төрийн байгууллага-ын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч К.Ө-т гардуулсан ба хариуцагч К.Ө- нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг утсаар хариуцагч К.Ө-т мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг утсаар мэдэгдсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2013 оны хэдэн сарын хэдэнд хариуцагч К.Ө- нь ямар нөхцөлтэйгөөр нэхэмжлэгч Төрийн байгууллага-аас 2000000 төгрөгийг зээлж авсан нь нотлогдохгүй байна.

Хариуцагч К.Ө-ийн бичиж, гарын үсэг зурсан гэх тодорхойлолтод: Орон нутгийн өмчөөс авсан 2000000 төгрөг, түүний хүү 1080000 төгрөг нийтдээ 3080000 төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 18-ны хүртэл Орон нутгийн өмчийн албанд төлж барагдуулна гэсэн боловч нэхэмжлэгч талаас хариуцагч К.Ө-тэй байгуулсан гэх тухайн үеийн Зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгч чадаагүй, мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч Орон нутгийн өмчийн алба зээлийн хүү шаардсан нь хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил нь 2013 оноор тооцвол 2016 онд дууссан боловч нэхэмжлэгч 2015, 2017 онуудад хариуцагчаас зээлээ төлөхийг шаардаж байсан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй үргэлжилж байсан нь доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд: 

-Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн албаны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай албан бичигт: Иргэн К.Ө- танаа ОНӨАлбаны 2014 оны санхүүгийн аудитын шалгалтаар гарсан таны өр төлбөр болох 2 сая төгрөгийг энэ ондоо багтаан барагдуулахыг мэдэгдье.

-Мөн нэхэмжлэгч Төрийн байгууллага-ын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаартай албан бичигт: Иргэн К.Ө- танаа Төрийн байгууллага-аас олон жилийн өмнө авсан эргэн төлөх нөхцөлтэй зээл болох 2000000 /хоёр сая/ төгрөгийн зээлээ төлж барагдуулах хугацаа хэтэрсэн тул зээлээ энэ сард багтаан төлнө үү. Хэрэв зээлээ төлөөгүй нөхцөлд шүүхэд хандана. Хүүгийн хамт төлүүлэхийг сануулж байна гэсэн байна. 

Иймд хариуцагч К.Ө- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч К.Ө-ээс зээл 2000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн байгууллага-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1080000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч төсвийн байгууллага тул энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд буюу 2000000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөгийг хариуцагч К.Ө-ээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д  заасныг удирдлага болгон

                                                   

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-ийг баримтлан  хариуцагч К.Ө-ээс зээл 2000000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн байгууллага-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1080000 /нэг сая наян мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч К.Ө-ээс улсын тэмдэгтийн хураамжид 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор  Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНГИЛИК