Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/205

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Л.*******баяр нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ад холбогдох эрүүгийн ******* дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай , Хөвх овогт ******* *******,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т зааснаар Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт хатуу хучилттай асфальтан замаар 53-49 БНХ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ками маркийн автомашин жолоодож яваад улсын дугаартай мотоцикльтой мөргөлдсөний улмаас зорчигч *******гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдэснээр/ 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч С.******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан байх үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан: Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд Өлзийт сумын 2-р багийн Шинэ ус гэдэг газарлуу эхнэр *******гийн ах гэдэг айлруу хүнс авах гэж мотоциклиор явсан орой 18 цаг өнгөрөөгөөд ынхаас гараад Өлзийт сумын гүүр өнгөрөөд хайрганы үйлдвэрийн харалдаа явж байтал миний урдаас гэрэл гараад тас гээд дуугарсан. Түүнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн 50 гаран насны эрэгтэй хүн ирээд миний хүү яачихваа гээд намайг өргөөд босгосон. Би босоод ахаа намайг утсаар яриулаач гээд тэр ахын утсаар эхнэрлүүгээ залгаад хурдан хүрээд ир гэж хэлээд толгой, гар хоёроос цус гараад байхаар нь мотоциклио асааж унаад гэртээ ирсэн намайг мөргөсөн машин ямар машин байсаныг харж амжаагүй цайвар өнгийн л машин байсан. Би зорчих хэсгийн баруун талаар явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: 2017 оны 08 дугаар сарын 02-ны оройн 22 цаг өнгөрч байхад манай нөхөр танихгүй хүний утсаар надруу залгахаар нь би хүүхэддээ миний мэдэхгүй дугаар байна чи аваадах гэхэд тэр аваад ярихад манай нөхөр байсан юм. Тухайн үед би сонсож байсан юм. Өлзийт сумын хайрагны үйлдвэрийн харалдаа зам дээр хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд манай хүүхэд явах унаа хайгаад байж байхад өөрийнхөө мотоцикльтой манай нөхөр гэртээ ирсэн юм. Тэр ирэхдээ түүний зүүн гарын долоовор хурууны үзүүр хэсэг мултарсан байдалтай толгойноос нь цус гарсан байсан юм. Тэгээд би түргэний утсанд холбогдоход цагдаагийн байгууллагад мэдэгд гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Манай нөхөр машинтай мөргөлдсөн гэсэн боловч гэртээ ганцаараа ирсэн нөгөө хүн чинь хаана байна бэ гэхэд тэр мэдэхгүй байна гэхээр нь зугтсан байх гэж бодсон юм гэх мэдүүлэг /х.х-ийн 29-30-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинижилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 367 дугаартай: *******н биед зүүн сарвуунд бяцрал хугарал, баруун, зүүн, хөмсөг, зүүн гарын 2 хуруунд шарх, дух шанаа эрүү , баруун бугалга, тохой, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийг хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /х.х-ийн 37-38-р хуудас/

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 дугаар сарын 25- ны өдрийн шинжээчийн дүгнэлт: Зам тээврийн осол гарахад 53-49 БНХ тээврийн хэрэгслийн жолооч иргэн С.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т зааснаар Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог эамд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн зам тээврийн осол болох үед улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан иргэн ******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна. 53-49 БНХ тээврийн хэрэгслийн жолооч иргэн С.******* нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд В ангиллын 464472 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Мотоциклийг жолоодож явсан иргэн ******* нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд А ангиллын 825340 дугаартай мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэх дүгнэлт /х.х-ийн 43- 44-р хуудас/ -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1/ -хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 5-10/ -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-16/ -зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, ослын акт /хх-ийн 17-19/ -С.*******ын Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-54/ - С.*******ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55/ -тээврийн хэрэгслийн болон татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 60-62/ -амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 78-83/ Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тухайн үед өөрийн эзэмшлийн 53 49 БНХ улсын дугаартай суудлын авто машинаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон явж байгаад зам тээврийн осол гаргасан минь үнэн. Миний зүгээс өөрийн буруугаа ойлгож мэдсэн. Хохирогчид хохирлыг нь төлж барагдуулсан. Хохирогчид төлөх төлбөр байхгүй гэх мэдүүлэг /х.х-ийн 50-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны болон Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шийдвэрлэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч С.*******ад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Хохирогч ******* нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүх шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулалгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч С.******* нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байх ба шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1.8, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөвх овогт ******* *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан, мансуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шийдвэрлэхийг болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ад хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ