| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01529/И |
| Дугаар | 2359 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2359
| 2017 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/02359 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, 5 дугаар баг 38 дугаар гудамж, 33 тоотод оршин суух, Боржигон овогт Дүгэрээгийн Одончимэг /РД:дю82071161/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 76 дугаар байр, 37 тоотод оршин суух, Хилинт овогт Балганы Баянмөнх /РД: ою79011530/-т холбогдох,
18,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагч Б.Баянмөнх, хариуцагчийн өмгөөлөгч А.Дулмаа /1935/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Одончимэг миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт төмс болон бусад хүнсний ногоо тариалах бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд өөрийн хүргэн ах Э.Батбаярын санал болгосны дагуу “Барс” худалдааны төвд хүнсний ногоо худалдаалдаг Б.Баянмөнх гэгчид нийт 50 тонн төмс нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Ингээд миний бие 2016 оны 4 сарын 20-ны өдөр нийт 50 тонн төмс Улаанбаатар хот руу ачуулж, хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч Б.Баянмөнх нь нийлүүлсэн төмсний элэгдэл хорогдлыг суутган нийт 45 тонн төмсний үнэ болох 13,700,000 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний өдөр гэхэд төлөхөөр тохирцолсон боловч уг үүргээ биелүүлээгүй болно. Худалдан авагч тал болох Б.Баянмөнх нь Улаанбаатар хотод байрладаг, төлбөр төлөх эцсийн хугацааг 2016 оны 10 сард гэж гуйсан тул миний бие тээвэрлэлтийн зардал болох 4,000,000 төгрөгийг мөн эхний ээлжинд өөрөөсөө гаргасан. Хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй байсан тул миний төлбөрөө олж авахаар өөрийн зардлаар Улаанбаатар хотод хэд хэдэн удаа ирж, олж уулзсан /нийтдээ 6 удаа/ боловч “...ах нь удахгүй төлбөрийг нь төлнө, чи буцаж бай...” гэх шалтаг хэлсээр өнөөдрийг хүрээд байна. Нэгэнт хариуцагч нь ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул уг асуудлыг шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.Баянмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд гаргасан Д.Одончимэгийн нэхэмжлэлийн дагуу тайлбар гаргаж байна. 2016 оны 4 дүгээр сарын сүүлчээр танил Э.Батбаяр над руу утсаар ярьж Ховдоос ногоо зарах гэж ачиж ирсэн чинь зарагдах нь их муу байна, чи хэдэн тонн төмс аваад зараад дараа нь мөнгийг нь өгөөч гэж гуйсны дагуу би түүнд туслах санаатай телевизэд байдаг зоорин дээрээ аваад ир үзье гэсэн. Тэгээд машинтай төмстөй ирэхээр нь үзэхэд төмс нь их жижигхэн хэмжээтэй, гологдол ихтэй байхаар нь зарж өгч чадахгүй гэж Э.Батбаярт хэлж байсан. Гэвч Э.Батбаяр өөрөө гологдол хорогдлыг сайн тооцоод зараад өгөөч гээд гуйгаад байхаар нь зарж дараа мөнгийг өгөхөөр тохирч зоориндоо буулгуулсан. Төмсийг манай ах Эрдэнэсүрэн болон ажилтан Батжаргал, Золбаяр нар буулгаж авсан, төмсний хэмжээ маш их жижигхэн, дээр нь хадгалалтаас шалтгаалсан гологдолтой хорогдол их байсныг манай ажилтнууд надад хэлж байсан, би энэ тухай Э.Батбаярт хэлсэн. Э.Батбаяр намайг чи төмсийг зарагдахаар 2016 оны 10 сар гэхэд мөнгийг өгөөрөй гээд явсан. Яг тухайн үед хичнээн төгрөг төлнө гэж тохироогүй, 45 тонн төмсийг нь би зарж борлуулаад ашгаа тооцоод мөнгийг өгөхөөр болсон. Бид 2016 оны 4 сарын сүүлчээс тэр төмсийг ялгалт хийж зарж эхэлсэн, сүүлдээ төмс муудаж хорогдол гарч зарагдахгүй болсон, ер нь 2016 оны хавар 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл хотод төмсний үнэ маш их унасан, шуудай төмс 5,000 төгрөг болтлоо үнэ унасан, үүнийг төмс зарж байсан, авч байсан хүмүүс бүгд мэдэх байх. Миний тооцоогоор Э.Батбаярын 45 тонн гэж тооцож өгсөн төмсний, 13 тонн төмсийг шуудайг нь 6,000 төгрөгөөр зарсан. 13 тонн төмс 260 шуудай гэж тооцоход нэг шуудай нь 6,000 төгрөг нийт 1,560,000 төгрөг, 15 тонн төмсийг шуудайг нь 4,500,000 төгрөг, 1 кг-ийг 300 төгрөгөөр, 12 тонн төмсийг үрийн төмсөнд зарсан, кг-ийг нь 200 төгрөгөөр 2,400,000, 5 тонн нь муудаж ялзарч хорогдол гарсан. Иймд Э.Батбаярын буулгасан төмсний тооцоо 8,460,000 төгрөгийг төлнө, нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардал гэх 4 сая төгрөгийг төлөх үндэслэл байхгүй . Би Э.Батбаяртай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж Ховд аймгаас төмс захиалж авчруулаагүй, Э.Батбаяр өөрөө төмсөө зарж чадахгүй болохоороо намайг аваад зараад өгөөч гэж гуйж авчирч өгсөн, энэ тухай манай ажилтнууд мэднэ, Э.Батбаяр ч өөрөө хэлэх байх. Би танил Э.Батбаярын гуйлтын дагуу зоориндоо төмсийг нь буулгуулж зарж өгч тус больё, дараа нь мөнгийг өгөөрэй гэхээр гэж сайн санаж төмсийг авсан. Э.Батбаяр өөрөө миний төмс гэж надад ойлгуулж бид 2 тооцоогоо дараа нь хийнэ гэж түүнтэй тохирсон, төмс сайн зарагдахгүй үнэ ханш унасан байсныг Э.Батбаяр мэдэж байсан учраас 2016 оны 10 сараас төмс зарагдахаар тооцоо хийхээр ярилцсан. Би Э.Батбаярт төмс чинь хорогдол ихтэй байна, төмсний үнэ ханш унасан, сайн зарагдахгүй байгааг хэлдэг, бид хоёр байнга холбоотой байсан, гэтэл Э.Батбаяр нэг удаа ярихдаа би /10 сарын үед / Солонгос руу явах гэж байгаа төмсний мөнгийг манай дүүгийн данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн үүнээс хойш төмсний эзэн нь би байгаа юм, манай ах төмсийг танд өгсөн гэсэн гэж Д.Одончимэг гэж хүн хэдэн удаа утсаар ярьж төмсний мөнгө шилжүүл гэж шаардах болсон. Энэ Д.Одончимэг 2016 оны 9 сараас хотод ирсэн үедээ утсаар ярьж надтай 4 удаа ирж уулзсан, 2 удаад нь Дарханд ажилтай явж байгаад ирлээ гэж хэлж байсан санагдана. Би Д.Одончимэгтэй төмс авах өгөх талаар ярьсан, гэрээ хийсэн, төмсний хэмжээ тонн, мөнгө төгрөгийн тооцооны талаар тохирсон зүйл огт байхгүй, Э.Батбаяр төмс зараад өгөөч, зоориндоо буулгуулж аваач, муудаж ялзрах гээд байна гэж гуйгаад байхаар зарж мөнгийг дараа өгөхөөр тохирч авсан. Иймд Д.Одончимэгийн замын зардлыг төлөхгүй. Төмс хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт дээр би гарын үсэг зураагүй, Э.Батбаяр төмсийг манай зооринд буулгахаар явсан байсан. Э.Батбаярын манай зооринд буулгасан төмсний үнийн тооцооноос 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг Д.Одончимэгийн данс гэж Э.Батбаярын өгсөн данс руу шилжүүлсэн, баримтыг хавсаргав. Нэхэмжлэлд хавсаргасан төмс хүлээн авсан хүлээлгэн өгсөн тухай баримт болон бусад баримттай танилцах шаардлагатай байна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,500,000 төгрөгийн 4,550,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 13,950,000 төгрөгийн 6,975,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дотор, 6,975,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тус тус хариуцагч нь нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцжээ.
Хэрэгт цугларсан баримтууд болон зохигчийн тайлбаруудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Одончимэг нь хариуцагч Б.Баянмөнхөд холбогдуулж 18,500,00 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,500,000 төгрөгийн 4,550,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч үлдэх 13,950,000 төгрөгийн 6,975,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дотор, 6,975,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрч байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Одончимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,500,000 төгрөгийн 4,550,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Б.Баянмөнх үлдэх 13,950,000 төгрөгийн 6,975,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дотор, 6,975,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баянмөнхөөс 227,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ