Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2014/0037

 

2014 оны 01 сарын 16 өдөр                    Дугаар 37                        Улаанбаатар хот

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Мөнхтуяа шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, Ч.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 461 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т, Д.Ц нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т, Д.Ц нарын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 351841 дугаар актаас 132,000.0 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тус тус тусгаагүй, татвар ногдуулан ^               төлөөгүй гэж үзэн нийт 26,400.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 10,560.0 мянган төгрөгийн торгууль, 6,600.0 мянган төгрөгийн алданги төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 0627 дугаар томилолтын дагуу “И” ХХК-д шалгалт хийх үед уг падаанаар худалдан авалт хийсэн “К” ХХК-ийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс шалгаж 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 242534 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын актаар уг худалдан авалтыг шалгаж баталгаажуулсан байсан тул “К” ХХК-ийг хуурамчаар ашигласан гэж үзэх боломжгүй мөн томилолтгүйгээр өөр дүүргийн татвар төлөгчийг шалгах үндэслэлгүй юм.

Мөн Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах үүрэгтэй” гэж заасны дагуу “И” ХХК нь өөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хадгалалт, хамгаалалтыг хариуцах бөгөөд өөрөө падаанаа алдсан гэх үндэслэлээр татварын байцаагчийн актыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй“ гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 461 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр захиргааны байгууллага, албан тушаалтнаас шинэ акт гарах хүртэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т, Д.Ц нарын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 351841 дугаар актаас 132,000.0 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тус тус тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй гэж үзэн нийт 26,400.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 10,560.0 мянган төгрөгийн торгууль, 6,600.0 мянган төгрөгийн алданги төлүүлэхээр тогтоосон хэсгийг түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т, Д.Ц нар давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 461 дүгээр шийдвэрээр тухайн үед Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Ц.Т, Д.Ц бидний 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 351841 дугаартай актын “132,000.0 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тус тус тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй гэж үзэн нийт 26,400.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 10,560.0 мянган төгрөгийн торгууль, 6,600.0 мянган төгрөгийн алданги төлүүлэхээр тогтоосон хэсгийг” түдгэлзүүлсэн нь шүүх дараах баримт, нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, зохих хууль журмыг хэрэглээгүй, нэг талыг барин шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:

  1. “И” ХХК-ийн хулгайд алдсан гэх 132,000.0 мянган төгрөгийн борлуулалтын дүнтэй

242534 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хулгайлагдсан нь батлагдахгүй байгааг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас тогтоосон байна.

  1. Татварын албаны Татварын хяналт шалгалт хийх дүрмийн 1.5-д “Татвар төлөгч урьд

нь шалгагдсан бол түүнээс хойших, шалгагдаагүй бол анх байгуулагдсанаас хойших хугацааг хамруулан хяналт шалгалт хийх боловч нэг удаагийн хяналт шалгалтад хамруулах хугацаа Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд байна”, 2.4.1 .Татварын ерөнхий газрын хяналт шалгалт эрхэлсэн нэгж нь хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий хууль, энэхүү дүрэмд заасны дагуу татварын албаны хэмжээнд зохион байгуулан, татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай үндэслэлтэй гомдол, мэдээллийг үндэслэн, эсхүл хувь хүн, хуулийн этгээдийн хүсэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэр, үүрэг даалгаврын дагуу татварын нягтлах хяналт шалгалтыг хийж болно гэж заасан тул дүүргийн татварын хэлтсүүд нь дахин шалгалт хийх боломжгүй юм.

  1. “ИБЧ” ХХК-ийн гомдолд дурдсан “К” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын

падааныг нь хулгайлан авч худалдан авалт хийснээр бүртгэн хасалт хийснээр манай компани татварын төлбөр тавигдаж хохирол учраад байна гэж тайлбарласан байхад “К” ХХК нь гэм хор учруулсан эсэх, мөн улсад төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг дээрх хоёр компани үгсэн хуйвалдаж, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд зориуд хуурамч бичилт хийж хоорондоо шилжүүлсэн эсэхийг тогтоогоогүй.

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т

“хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах” гэж заасан үйл ажиллагааны дагуу шинжээч томилон “К” болон “И” ХХК-ийн санхүүгийн баримтад 242534 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой шинжилгээ хийлгэн гэм хор учруулсан этгээдийг тогтоох боломжтой байхад уг ажиллагааг хэрэгжүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2-т “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж заасны дагуу гэм хорыг учруулсан этгээд хариуцахаар байхад гэм хор учруулсан этгээдийг тогтоолгүйгээр татварын улсын байцаагчийн актыг түдгэлзүүлснээр уг маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1- д ‘‘Захиргааны актын биелэлтийг дараах тохиолдолд түдгэлзүүлж болохгүй 46.1.2-т “иргэн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай акт бол" гэж зааснаар уг актыг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна“ гэжээ.

ХЯНАВАЛ:

“” ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 351841 дугаар актаас “132,000.0 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тус тус тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй гэж үзэн нийт 26,400.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 10,560.0 мянган төгрөгийн торгууль, 6,600.0 мянган төгрөгийн алданги төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх актын маргаантай хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “И” ХХК нь өөрийн компанийн санхүүгийн тэмдэг, 003828354 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хулгайд алдсан талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж улмаар тус дүүргийн прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч нар “И” ХХК-д хийсэн хяналт шалгалт хийх үед тус компани нь “К” ХХК-тай 2008 онд 132,000.0 мянган төгрөгийн борлуулалт хийсэн “И” ХХК-ийн бүртгэлтэй, 003828354 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан Баянзүрх дүүргийн татварын хэлтэст байгааг тогтоож, 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 351841 дугаар актаар нэхэмжлэгч “И” ХХК-д 132,000.0 мянган төгрөгийн борлуулалт “К” ХХК- д хийсэн гэж үзэж, нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр хариуцлага ногдуулжээ.

Нэхэмжлэгчийн алдсан гэх нэмэгдсэн өртгийн албан падаан нь “К” ХХК-ийн 2008 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа 132,000.0 мянган төгрөгийн борлуулалт хийснээр тайлагнагдсан байх хэдий ч, уг падаанд борлуулалт хийгдсэн гэх барааны нэр, төрөл, хэмжээ тодорхойгүй байна.

Түүнчлэн, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ““К” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “И” ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 3828354 тоот падаан бичигдээгүй” гэсэн албан бичиг хэрэгт авагдсан байх бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийн харилцагч байгууллага “К” ХХК-ийн санхүүгийн баримтад хяналт шалгалт явуулаагүй, тус компаниас асууж тодруулах, нэмэлт материал, бусад баримтуудыг гаргуулан авах зэргээр 132,000.0 мянган төгрөгийн борлуулалт хийгдсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх татварын улсын байцаагч нарын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 351841 дугаар актаар зөвхөн нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон “К” ХХК-ийн 2008 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, худалдан авалтын жагсаалт[1] зэрэгт үндэслэн төлбөр тогтоосон гэж дүгнэн актын холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Үндэсний татварын албаны Татварын албаны хяналт шалгалтын ажлын дүрмийн 2.4.1-д ... Хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгж нь хяналт шалгалтыг ... хууль хяналтын байгууллагын шийдвэр, үүрэг даалгаврын дагуу татварын нягтлах шалгалтыг хийж болно гэж заасан ба Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар нэгэнт татвар ногдуулах хугацаанд тогтоосон "татварын өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” байх тул хариуцагчийн шүүхэд гаргасан “дээрх дүрмийн 1.5-д ... нэг удаагийн хяналт шалгалтад хамруулах хугацаа Татварын ерөнхий хууль заасан хөөн хэлэлцэх хугацаанд байна, мөн дүүргийн татварын хэлтсүүд дахин шалгалт хийх боломжгүй” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж дүгнэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсгийг баримтлан дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл буюу мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалттай андуурч тайлбарласан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг алдаж үрэгдүүлсэн зөрчил гаргасан татвар төлөгч этгээд болон “И” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бусаар ашиглагдсан эсэхийг шалгаж тогтоосны дараа хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулах эрх нь нээлттэй.

Шүүх актын маргаантай хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ баримталсан хуулийн заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн “70.2.6-д” гэж ташаа бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүх маргааныг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн 461 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.