Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 113/ШШ2020/0005

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг би А.Дэлгэрзаяагийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 5502305 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай[1] шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №46 тогтоолоор энэхүү захиргааны хэрэгт хариуцагчаар томилогдсон.

Шивээговь сумын Тэргүүлэгчид бид нэхэмжлэгч А.Дэлгэрзаяагийн өргөдлийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар хэлэлцэн, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 37 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №01/1559 албан бичигт дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-т заасан эсэхийг нягтлах нь зүйтэй гэсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулиар ээлжийн амралт олгох тухай мэдэгдэх хуудсаа аван ажлын зайлшгүй шаардлагаар сумын Сонгуулийн хороонд ажиллан, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж дуусаад амрах гэхэд нь ажилла гэж дуудан оруулангуутаа 2 хоноод халсан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №37 тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 45 тоот Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч А.Дэлгэрзаяагийн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгож, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 5502305 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх А.Дэлгэрзаяагийн гаргасан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 113/ШЗ2020/0032 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгож, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 5502305 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах гэж өөрчилсөн.

Шүүх нэхэмжлэлийн /өөрчилсөн/ шаардлагын хувийг Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар тогтоолоор томилогдсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Амгаланд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гардуулсан ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд дээрх байдлаар бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд А.Дэлгэрзаяагийн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгож, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 5502305 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс олгосон эрхийн дагуу, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн ба уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзнэ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг урьдчилан танилцуулсан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан А.Дэлгэрзаяагийн гаргасан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгож, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 5502305 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Дэлгэрзаяад олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ


[1] Хэргийн 124-125 дугаар талд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлийн өргөдөл авагдсан.