Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2470

 

    “Н” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02738 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-д холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал төлбөрт 1 023 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 22 дугаар байрны 39 тоот орон сууцны оршин суугч Д.А нь 2011 оны 4 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар сууц өмчлөгчдийн холбооны төлбөр буюу цэвэрлэгээ, харуул, лифт ашиглалт, цэвэр, бохир ус, хог, цахилгаан холбооны төлбөрт 1 023 100 төгрөгийг төлөөгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны 1 сарын төлбөр 12 000 төгрөг байдаг бөгөөд халаалт засвар үйлчилгээний төлбөр 5 400 төгрөг, жижүүр 3 000 төгрөг, цэвэрлэгээ 3 000 төгрөг,  гэрэлтүүлэг 500 төгрөг, баримтын мөнгө 100 төгрөг, нийт 12 000 төгрөг болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйлд заасны дагуу сууц өмчлөгч хуульд заасан үүргийг биелүүлэх ёстой. Хариуцагч дээрх үүргүүдээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчээс удаа дараа бичиг өгч, утсаар мэдэгдэж байсан. Иймд хариуцагчаас 1 023 100 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2007 онд Англи улс руу сургуульд яваад 2017 оны 6 дугаар сард Монголд ирсэн. Үүнээс өмнөх асуудлыг би мэдэхгүй. Манай ээж энэ байранд амьдардаг. Надад ирсэн бичиг дээр цахилгаан, жижүүр, бохир усны мөнгө нэхэмжилсэн байсан. Жижүүр гэж байхгүй, лифт нь ажилладаггүй, 2015 онд манай ээж сууц өмчлөгчдийн холбоонд ямар хүмүүс ажилладаг эсэхийг мэдэх гэж оролдоход, ямар ч эзэнгүй, хэн ажилладаг нь мэдэгдэхгүй, уулзаж чадаагүй байдаг. Орцны хаалга эвдэрхий, харуул, лифт байхгүй. Би энэ талаарх баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-аас 876 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 147 100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 29 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25 574 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч тал тус сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг тухай биш харин тухайн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн чадамжгүй болох талаар тайлбар болон баримтаар хангалттай тайлбарласан. Нэхэмжлэгч "Н" СӨХ-ны 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2 тоот ТУЗ-ын шийдвэрээр Г.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсон байна. Гүйцэтгэх захирал Г.Б 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-д шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосноор нэхэмжлэл гаргасан.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4, 7.2.5, 9 дүгээр зүйлийн 9.2, 10 дугаар зүйлийн 10.2, 40.4, 10.8.2, 10.10, 10.10.8-д тус тус зааснаар сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байдаг ба холбооны гишүүдийн тоо, орон сууцны байшингийн онцлогийг харгалзан давхар, орц, байшингийн оршин суугчдыг төлөөлөх удирдах зөвлөлийн гишүүд тэдгээрийн тоог бүх гишүүдийн 50-иас дээш хувь нь оролцож гарын үсэг зурсан баримтаар сонгож холбоог өөрчлөн байгуулдаг. Удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн дотроос олонхийн саналаар сонгодог. Удирдах зөвлөл холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх эрхтэй, Удирдах зөвлөлийн дарга бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийг хөтлөх, шийдвэрийн бүртгэл хөтлөх үүрэгтэй. Үүнээс үзэхэд удирдах зөвлөлийг сонгосон, хэдэн гишүүнтэй байхаар шийдвэрлэсэн оршин суугчидын 50-иас дээш хувийн гарын үсэгтэй шийдвэр, удирдах зөвлөлийн даргыг сонгосон удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэр зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтууд авагдаагүй. Иймд нэхэмжлэгчийн тушаал, шийдвэр, итгэмжлэл зэрэг хуульд нийцээгүй байх ба сууц өмчлөгчдийн холбоо эрх зүйн чадамжгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гарсан байна.

Шүүх нэхэмжлэлийн үнийн дүнд задаргаа хийхдээ жилийн турш cap бүр халаалт, засвар үйлчилгээний төлбөр 5 400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир  нь: халаалт жил бүрийн 5 дугаар сарын 15-нд зогсож 9 дүгээр сарын 15-нд ирдэг байхад энэ хугацааны халаалтын мөнгө гаргуулсан нь үндэслэлгүй. Сууц өмчлөгчдийн холбоотой, жижүүр, үйлчлэгчтэй байсан бол засвар үйлчилгээ хийгдэж орон сууцны дундын эд хөрөнгө эвдрэлгүй бүрэн бүтэн, цэвэр орчинтой, хариуцах эзэнтэй байх байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 65 дугаар зүйлийн 65.1.4, 65.1.5, 76 дугаар зүйлийн 76.1.1, 116 дугаар зүйлийн 116.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг шүүх зөв хэрэглээгүй байх тул гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Н” СӨХ нь хариуцагч Д.А-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал төлбөрт 1 023 100 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх талаар, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэйг тус тус зохицуулсан байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д “Сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам”-ыг сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заавал тусгана, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналааар шийдвэрлэнэ” гэж заажээ.

        Хариуцагч нь нэхэмжлэлд хавсаргасан санхүүгийн баримтын дүнгийн задаргаа тодорхойгүй гэж маргаж байх ба дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэр хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зардлын хэмжээний талаар хариуцагч маргасан байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

       Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг нотолсон баримтыг нэхэмжлэгч “Нөхөрлөл” СӨХ-оос гаргаагүй байхад хэргийн 6 дугаар талд авагдсан “Төрийн банк” ХХК-ийн ажилтаны гаргасан тооцоог үндэслэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг тооцон тогтоох боломжгүй юм.

      Иймд нэхэмжлэгч “Н” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, сууц өмчлөгчдийн холбооны зардал төлбөр төлөх үүрэг хариуцагч Д.А-д үүссэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

     Анхан шатны шүүх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг 2011 оны 4 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 73 сараар тооцон нийт 876 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “Н” СӨХ-д олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар анхаарч, дүгнээгүй нь буруу байна.

    Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч “Нөхөрлөл” СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02738 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.А-д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал төлбөрт 1 023 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н” СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 104 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА