Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 17

 

Х-т холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0017/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Д.Энхжаргал нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэлийн эсэргүүцлээр Х-д холбогдох эрүүгийн 1839006010033 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1969 онд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг, “Ихрийн ам” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ш овогт Х /РД:/ нь

2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хар ямаатын хоолой” гэх газраас Н-н 2 тооны үхрийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Х-г бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Х нь түүнд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор заасныг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэх 90 хоногийн хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос олох боломжийг харгалзан гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хойшлуулж тогтоохоор заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн санхүүгийн байдалд дарамт учруулахгүйгээр хэсэгчлэн төлөх боломж олгож буй хуулийн зохицуулалтын зорилгод нийцэхгүй байдлаар торгох ял биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногоос богиносгон нэг сараар тогтоож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичлээ гэжээ.

Шүүгдэгч Х давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие анхан шатны шүүхээс оногдуулсан 700000 төгрөгийн торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд торгуулийн 700000 төгрөгийг зохих дансанд шилжүүлсэн. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Х нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хар ямаатын хоолой” гэх газраас Н-н 2 тооны үхрийг завшсан гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай алга болсон 5 тооны үхрээс ногоон зүсмийн үнээ, хүрэн халзан зүсмийн эр бяруу хоёрыг Х-н үхэрт байна гэх сураг хэлсэн. Х-г сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуудас/, гэрч Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н эгч сумын хэсгийн төлөөлөгч З-н хамт очоод Х гэдэг хүний өгсөн үхрийн арьсыг таньсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуудас/ болон гэрч Б, О, насанд хүрээгүй гэрч Б нарын мэдүүлгүүдээр нотлогдож, тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Х-н үйлдлийг зөв зүйлчилж, түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний торгох ял оногдуулсан нь тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т: ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ...биелүүлэх, энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болох ялтан торгуулийг төлөөгүй бол ...30 хүртэл хоногоор сунгаж торгуулийг төлж барагдуулах хувиар тогтоож болохоор хуульчилсан байх тул дээрх хугацаанд торгуулийг шүүх хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй бөгөөд, Х нь шийтгэх тогтоол гарснаас хойш 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 700000 төгрөгийн торгуулийг төлж, биелэгдсэн байх тул энэ талаар Хэнтий аймгийн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                 О.БААТАРСҮХ

                                                                                               Я.АЛТАННАВЧ