| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02589/И |
| Дугаар | 2320 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2320
| 2017 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/02320 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 9-360 тоотод оршин суух, Мангууд овогт Өлзийтийн Пүрэвмаа /РД:жэ79031461/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, горький 5 гудамжны 104 тоотод оршин суух, Дэлгэрхаан овогт Батцэнгэлийн Дэлгэрмөнх /РД:чн86062471/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт зохигчдоос ирүүлсэн хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Пүрэвмаа миний бие Б.Дэлгэрмөнхийн хүсэлтээр 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 4 хоногийн хугацаатай 100,000 төгрөгийн хүүтэй 300 долларыг зээлдүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дууссан тул мөнгөө нэхэхэд Б.Дэлгэрмөнх өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлсээр одоо хүртэл нэг ч төгрөг өгөлгүй намайг хохироож байна. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Б.Дэлгэрмөнх гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд зээлдэгч Б.Дэлгэрмөнхөөс 800,000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Дэлгэрмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.Пүрэвмаагийн нэхэмжлэлтэй, Б.Дэлгэрмөнхөд холбогдох иргэний хэрэгт Б.Дэлгэрмөнх миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ө.Пүрэвмаагийн нэхэмжилсэн 800,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, үлдэх 400,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Пүрэвмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.Пүрэвмаа миний бие Б.Дэлгэрмөнхийн хариу тайлбартай танилцлаа. Б.Дэлгэрмөнх нэхэмжлэлийн шаардлага болох 800,000 төгрөгнөөс 400,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, үлдэх 400,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Пүрэвмаа нь хариуцагч Б.Дэлгэрмөнхөд холбогдуулж 800,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Дэлгэрмөнх нь “нэхэмжлэлийн шаардлага болох 800,000 төгрөгийн 400,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, үлдэх 400,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулна” гэснийг нэхэмжлэгч Ө.Пүрэвмаа хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хүсэлтээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Дэлгэрмөнх нь “нэхэмжлэлийн шаардлага болох 800,000 төгрөгийн 400,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, үлдэх 400,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулна” гэснийг нэхэмжлэгч Ө.Пүрэвмаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 19,675 төгрөгийг улсын орлогоос, 19,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ