| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02408/И |
| Дугаар | 2318 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2318
| 2017 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/02318 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, горькийн .... дугаар гудамж, .... тоотод оршин байрлах, “Т” ХХК /РД:5/-д холбогдох,
6,501,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч “Т” ХХК нь 2012 оны үлдэгдэл 162,611 төгрөг, 2013 оны 01 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө зохих хугацаандаа төлж барагдуулаагүйгээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл хуримтлагдан 6,501788 төгрөгийн авлага үүссэн байна. Хэрэглэгч “Т” ХХК нь КТТП-4096 дэд станцаас хэрэглэгчийн 3047250 кодоор 401307010320 дугаарын тоолуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж таслагдаж байсан. Гэвч өөрсдөө дур мэдэн залгаж эрчим хүч хэрэглэсээр байна. Хэрэглэгч “Т” ХХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргээ биелүүлээгүй ба хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 6,501,788 төгрөгийн авлага үүссэнийг нөхөн төлөхийг шаардаж төлбөр барагдуулах тухай мэдэгдэл хүлээлгэн өгч байсан. Иймд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд учруулсан 6,501,788 төгрөгийн төлбөрийн хохирлыг нөхөн төлүүлэхээр хэрэглэгч “Т” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Хариуцагч тал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохирсны үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд талуудын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нэхэмжлэлээр “Т” ХХК-ийн хуримтлагдсан 6,501,788 төгрөгийн цахилгаан төлбөрийн авлага хэсэгчлэн барагдуулах гэрээгээр төлж барагдуулах хүсэлтийн дагуу хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.
Эхний ээлжинд үндсэн төлбөр болох 6,501,788 төгрөгийн 50 хувь болох 3,250,894 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр бэлнээр төлөх, үлдэгдэл 3,250,894 төгрөгийг 4 сарын дотор хувааж төлөгдөөгүй саруудын төлбөрийн хамт төлөхөөр тохиролцов. Үүнд:
1/ 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 812,724 төгрөг,
2/ 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 812,724 төгрөг,
3/ 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 812,724 төгрөг,
4/ 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 812,724 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулж 2012 оны үлдэгдэл 162,611 төгрөг, 2013 оны 01 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрт 6,501,788 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 6,501,788 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба талууд төлбөрийг төлөх хугацаан дээрээ эвлэрч байна.
Тодруулбал, хариуцагч 6,501,788 төгрөгийн тал хувь болох 3,250,894 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, үлдэх 3,250,894 төгрөгийн 812,724 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 812,724 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 812,724 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 812,724 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч талаас зөвшөөрсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Т” ХХК нь 6,501,788 төгрөгийн тал хувь болох 3,250,894 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, үлдэх 3,250,894 төгрөгийн 812,724 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 812,724 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 812,724 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 812,724 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,979 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118,979 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ