| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01898/И |
| Дугаар | 102/ШШ2017/02501 |
| Огноо | 2017-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2017/02501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оддын хотхон, 43 дугаар байр, 16 тоот хаягт оршин суух, Эрхид овогт Гомбосүрэнгийн Тэмүүлэн /РД:УК71022201/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 74 дүгээр байр, 20 тоот хаягт оршин суух, Хурдан овогт Басмаагийн Түмэнцэцэг /РД:ПЮ72051903/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар /ШТҮД: 0082/, гэрч А.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Байгальмаатай хамтран 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б.Түмэнцэцэгээс 100.000.000 төгрөг зээлж, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 43 дугаар байр, 1б тоот хаягт байрлах, 128.58 м2 талбайтай, Ү-2206006926 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000141712 дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд бид төлбөрөө бүрэн барагдуулж дууссан. Б.Түмэнцэцэг нь өнөөдрийг хүртэл дээрх үл хөдлөхийн гэрчилгээг өмгөөлөгчөөсөө асууж байж өгнө гээд өгөхгүй байна. Иймд дээрх гэрчилгээг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, ниййтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй гэж заагаад өгчихсөн байдаг. Шүүхэд нотлох баримтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн шийдвэрийг өгсөн байгаа. Энэ шийдвэр дээр дурьдагдсан зүйлүүд бол нэхэмжлэгч хариуцагчийн хооронд 100.000.000 төгрөгийг зээлүүлсэн, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, /хавтас хэргийн 5/ барьцааны гэрээ, /хавтас хэргийн 6,7/ зээлийн гэрээний нэмэлт /хавтаст хэргийн 8/ гэж талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, бодит байдлыг тогтоочихсон. Энэ шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэдгийг эцэслэн шийдсэн. Хариуцагч гэрчилгээ өгөхгүй байгаа үндэслэл юу гэвэл сая гэрчийн хэлсэн өөрсдөө төлбөр тооцоо нийлдэггүй, буруу нийлсэнтэй холбоотой. Мөнгөө шилжүүлээд аваад яваад л байсан тэгээд эцэст нь ийм байдалд хүрсэн. Зээлийг гэрч авсан, барьцааг Г.Тэмүүлэн тавьсан. Үүргийн гүйцэтгэлийг хангахдаа гэрч А.Байгалмаа нь байнга хариуцагч нартай тооцоо нийлдэг байсан. Г.Тэмүүлэн нь төлбөр тооцооноос үүдэлтэй асуудалд гарын үсэг зурсан. Хэрэг дотор байрны гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангасан байдлаар байхгүй гэж байна. Нөгөө талаар хариуцагч тал гэрчилгээний эх хувь надад байхгүй гэж маргаагүй. Гэрчилгээ байгааг хариуцагч тал өөрөө хүлээн зөвшөөрч байна. Иргэний 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар бол барьцаагаар хангах үүрэг ингээд дуусгавар болчихсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалын дараа хариуцагчтай удаа дараа холбогдож нэгэнт шүүх шийдчихсэн гэрчилгээг нь өгчих гэдэг байсан. Эхэндээ за ойлголоо тэгье гэдэг байсан. Дараа нь өмгөөлөгчөөс асууя болсон. Тэгж худлаа юм ярьсаар байгаад сүүлдээ утсаа таслаад алга болсон. Тийм учир Г.Тэмүүлэнгийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагч Б.Түмэнцэцэгээс гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Басмаагийн Түмэнцэцэг би тус шүүхэд Г.Тэмүүлэнгээс гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Учир нь Г.Тэмүүлэн, А.Байгалмаа нар нь 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 43 дугаар байрны 1б тоот 128.58 м.кв талбай бүхий байрыг барьцаалж, 100.000.000 төгрөгийн зээл авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг бүрэн төлж барагдуулаагүй, үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байгаа тул зээлийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх хөрөнгийн барьцааг чөлөөлүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Тэмүүлэн нь хариуцагч Б.Түмэнцэцэгт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхгүй гэж татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болсон тул үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргуулна гэж, хариуцагч нь барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шаардлага, татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.
Дараах үйл баримт тогтоогдлоо.
Зохигчид 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б.Түмэнцэцэгээс 100.000.000 төгрөгийг зээлэх, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар Г.Тэмүүлэн, Т.Биндэръяа нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 43 дугаар байрны 1б тоот хаягт байрлах 128.58 м.кв талбайтай, Ү-2206006929 эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулан мөн өдрөө Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ.
Энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Б.Түмэнцэцэг нь Г.Тэмүүлэн, А.Байгалмаа нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 811 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг хариуцагч нар биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн Б.Түмэнцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1995 дугаар Магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Гэтэл хариуцагч Б.Түмэнцэцэг нь 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасантай нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлд барьцааны эрх дуусгавар болох тохиолдлыг дурдсан ба 160.1.1-д “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол” барьцааны эрх дуусгавар болох, мөн зүйлийн 160.3-т “Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад тохиолдолд барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Б.Түмэнцэцэг нь барьцааны зүйлийг буцаан өгөх үүрэгтэй.
Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн Ү-2206006929 эрхийн бүртгэлийн дугаартай гэрчилгээг буцааж өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгохоор хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Түмэнцэцэгээс Г.Тэмүүлэн, Т.Биндэръяа нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 43 дугаар байрны 1б тоот хаягт байрлах 128.58 м.кв талбайтай, Ү-2206006929 эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч Г.Тэмүүлэнд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Түмэнцэцэгээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Тэмүүлэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ