Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/168

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар, улсын яллагч А.Энхтуяа, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Р.Баярхүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар № 2916/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хсэгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1931002230145 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, 5-23 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/*******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.******* нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Королла Филдер” маркийн, 97-51 УНТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Х.Отгонжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Л.Нямцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.******* нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Королла Филдер” маркийн, 97-51 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Х.Отгонжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Л.Нямцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Х.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1.Хохирогч Х.Отгонжаргалын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...Аймгийн Нэгдсэн эмнэлэгт бариа хийлгэхээр 14 цагт цаг авсан байсан учраас аймгийн төв рүү Х.*******, Л.Нямцэцэг эгчийн хамт 97- 51УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Нилээн явж байгаад ******* эгч урдаа явж байсан “Эстима” маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд баруун талруугаа өөрийн эгнээндээ орох гэхэд “Эстима” маркийн тээврийн хэрэгсэл сигналдахад Х.******* эгч сандарсан уу яасан замын зүүн талын эсрэг урсгал даваад гүүр чиглээд осолд орсон” гэх мэдүүлэг, 2. Хохирогч Л.Нямцэцэгийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “... 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нагац эгчийн хүүхэд Х.*******, Х.Отгонжаргал нарын хамт ******* аймгийн Сүхбаатар сум руу эмнэлэгт үзүүлэхээр 14 цаг болж байхад ******* сумын шатахуун түгээх станцаас бензин авсан. Сэлэмт хөшөө өнгөрөөд би гар утсаараа оролдож явсан ба нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Аваар хэрхэн болсон талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, 3. Иргэний нэхэмжлэгч Х.Ганбаатарын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн: “...Манай байгууллага “Сүхбаатар” сумаас ******* сум орох зам, гүүр, хоолойг хариуцдаг. ******* сум явах замын “Номт” амралт руу эргэх жижиг гүүрийг тээврийн хэрэгсэл мөргөж, 181,871 төгрөгний хохирол учруулсныг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, 4. Гэрч Х.Төмөрбаатарын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Миний ард явсан тээврийн хэрэгсэл гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээд мөргөх шахам ороод ирэхээр нь би машинаа баруун гар тийш дараад шороон зам руу оруулсан чинь хар өнгийн машин 2 тийшээ мурилзаад гүүрний улаан өнгийн хашлага мөргөөд чанга чимээ гаргаад унасан. Би онхолдсон машин дээр очиход дөрвөн дугуй нь дээшээ харсан жолоочийн суудалд эмэгтэй хүн сууж байсан ба ямар ч хөдөлгөөн байхгүй, бөөн цус болсон байсан. Арын суудалд эрэгтэй, эмэгтэй хүн байх шиг харагдсан. Би түргэн дуудсан” гэх мэдүүлэг, 4. Гэрч Н.Цэвэг-Очирын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Манай машиныг нэг хар өнгийн машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд урд гараад манай машиныг шахахад манай машин баруун тал руу дарж шороон зам дээр гарахад арын машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ шарваад хөндлөн явж гүүрний хашлага даваад унасан... ” гэх мэдүүлэг, 5. Гэрч Г.Түвшинжаргалын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...“Королла Филдер” маркийн, 97-51УНТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг 2019 оны 02 сарын сүүлээр эхнэрийн эгч Х.*******т 3,5 сая төгрөгөөр худалдсан. Бидний дунд ямар нэгэн өр авлага авахгүй” гэх мэдүүлэг, 6. Гэрч Т.Ганчимэгийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Урьд өмнө машин жолооддоггүй байсан. Оны өмнө өөрийн дүү Х.Мөнхсувдаасаа машин авахаар болоод машин аваад жолооны үнэмлэхтэй болсон байсан. Өмнө нь жолооч байсан үгүйг мэдэхгүй. Шинэ жолооны үнэмлэхтэй болсон, дүүгийнхээ машиныг авсан гэж хэлж байсан. Элдэв муу зуршилгүй. Төлөв даруухан, хүн чанар сайтай, хүнд туслах сэтгэлтэй. Аливаа зүйл хийсэн ч сэтгэлээсээ хийдэг. Миний хийх зүйл биш гэж орхилгүй хийдэг, тусалдаг. Нийтэч зантай бусадтай чөлөөтэй харьцаж өөрийн санаагаа илэрхийлж байдаг” гэх мэдүүлэг, 7. Гэрч Г.Гантөмөрийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Ур чадварын хувьд сайн муу гэдгийг хэлж мэдэхгүй. Жолооч болоод удаагүй энэ хавраас жолооч болоод өөрийн төрсөн дүү Түвшинжаргалаас машиныг нь худалдаж авсан гэж байсан” гэх мэдүүлэг, 8. Гэрч Ж.Баасанхүүгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Манай охин тээврийн хэрэгсэл жолоодоод 2 жил болж байгаа санагдаж байна. Би машинд суугаад явахад ямар ч байсан айж эмээж байгаагүй. Хэвийн л жолоо барьж байгаа санагдсан” гэх мэдүүлэг, 9. Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1) Х.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Зам тээврийн осол”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Нийтлэг үндэслэл 1.2.17, 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал тул зам тээврийн осол мөн гэж үзэв. 2) Х.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн. 3) 2 дугаар хариултаар хариулагдсан. 4) Жолооч Х.*******ийг жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 5) Жолооч Х.*******ийг Цагдаагийн нэгдсэн хайлт лавлагаагаар жолоочийн лавлагаа хийхэд “В” ангилалын 1271114 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байсныг хавсаргав. Тээврийн хэрэгслийг жолоодох ангилалд тохирч байна гэх дүгнэлт, 10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 7893 дугаартай дүгнэлт: 1.Х.Отгонжаргалын биед тархи доргилт, хүзүүний 2-р нугаламын баруун талын латерал масс, их бие болон зүүн талын неврал арк үений сэртэн хамарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт, 11. Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 7894 дугаартай шинжээчийн 1. Л.Нямцэцэгийн биед баруун атгаал ясны хоёрлосон далд хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн таславчийн ар дээд хэсгийн субарахнойдол зайн бага хэмжээний цус харвалт, тархи доргилт, толгойн хуйх, баруун сарвууны шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт, 12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 7892 дугаартай шинжээчийн 1. Х.*******ийн биед баруун богтос яс, зүүн шагайн дотор хавчаарын ил хугарал, судас, шөрмөс, булчингийн гэмтэл, зүүн тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, баруун, зүүн тал бөмбөлгийн таславч хоорондын субарахноидал зайн цус харвалт, хоёр талын зулай, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цус хуралт, зүүн зулай, баруун хацрын зөөлөн эд дэх олон тооны жижиг гадны биет, баруун нүдний дээд зовхины цус хуралт,баруун хацар, зүүн чамархайн хуйхны шарх, баруун чихний дотор гадаргуун зулгаралт, язарсан шарх, зүүн бугалга, тохой, шууны цус хуралт, хэвлийн зулгарсан шарх, баруун суганы язарсан шарх, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт, 13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3779 дугаартай шинжээчийн 1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “*******” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй гэсэн дүгнэлт, 14. Шүүгдэгч Х.*******ийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би болсон хэрэг явдлын талаар юу ч санахгүй байгаа. Хэрэг явдал болох өдрийн урд өдрийн зарим нэг зүйлийг хагас дутуу санаж байна. Тийм болохоор надад өөр хэлж ярих зүйл байхгүй. Хохирогч нарын эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгчийн 181,871 төгрөгийг төлж барагдуулна” гэх мэдүүлэг, 15. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 16. Гэрэл зургийн үзүүлэлт, 17. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 18. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 19. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 20. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт, 21. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 22. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Х.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Х.*******ийн гэмт үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Х.Отгонжаргалын биед тархи доргилт, хүзүүний 2-р нугаламын баруун талын латерал масс, их бие болон зүүн талын неврал арк үений сэртэн хамарсан хугарал гэмтэл бүхий гэмтлийн зэргийн амь насанд аюултай “Хүнд” гэмтэл, хохирогч Л.Нямцэцэгийн биед баруун атгаал ясны хоёрлосон далд хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн таславчийн ар дээд хэсгийн субарахнойдол зайн бага хэмжээний цус харвалт, тархи доргилт, толгойн хуйх, баруун сарвууны шарх, зулгаралт гэмтэл бүхий “Хүндэвтэр” гэмтэл тус тус тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Х.Отгонжаргал, Л.Нямцэцэг нарт шүүгдэгч Х.*******ийн зүгээс эмчилгээний зардлыг тухай бүрд нь төлж барагдуулсан, хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогч нараас уучлалт гуйж, иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн 181,170 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчдын зүгээс эмчилгээний зардлын нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Х.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг болно. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар. Шүүгдэгч Х.*******ийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүйбайдал, ашиглалтын журам зөрчсний улмаас иргэн Х.Отгонжаргалын эрүүл мэндэд хүнд, иргэн Л.Нямцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсыняллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Х.*******т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах” саналыг шүүхэд гаргасан. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүүгээс “миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй, мөн хохирол төлбөр төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацааг 1 жилээр хасч өгнө үү” гэсэн саналыг шүүхэд гаргасан. Шүүх шүүгдэгч Х.*******т ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн болон зүйлчлэлийн хувьд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Шүүгдэгч Х.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийн “В” ангиллын №1271114 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас иргэн Х.Отгонжаргалын эрүүл мэндэд хүнд, иргэн Л.Нямцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Х.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавьж ажиллахыг даалгасугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ийн “В” ангиллын №1271114 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсны хамтаар ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Ялтан Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Ялтан Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах, таслансэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4пэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.АМАРГЭРЭЛ