| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00471/И |
| Дугаар | 130/ШШ2017/00562 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2017/00562
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М. А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төрийн байгууллага-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А-ын өмгөөлөгч Х.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 1.Ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 2017 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны 9 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох сард үндсэн цалин 649960 төгрөгөөр тооцож нийт 5849640 төгрөгийг гаргуулах тухай.
2.Ажилгүй байсан хугацааны Нийгэм, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт шилжүүлж, нийгэм, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг аймгийн Эрүүл мэндийн газарт даалгах тухай.
Нэхэмжлэгч М.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Баян-Өлгий аймгийн ЭМГ-ын даргын Б/10 тоот тушаалаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хотгор Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон бөгөөд Төрийн байгууллага-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “М.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б\54 тоот тушаалаар чөлөөлөгдсөн билээ. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 70, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 212\МА2017\00020 тоот магадлал, УДШ-ийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 31-ний 001\ТТ2017\00686 тоот тогтоолын дагуу тус тус урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Хотгор ЭМТөвийн эрхлэгчийн үүрэгт ажилд ЭМГ-ын даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б\20 тоот тушаалаар эгүүлэн тогтоосон болно. Төрийн байгууллага-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б\54 тоот хууль бус шийдвэрийн улмаас 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 2017 оны 6 дугаар сарыг дуустал 9 сарын цалин хөлсөөр хохирсон тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох сарын үндсэн цалин болох 649960 төгрөгийг 9 сараар тооцож нийт 5849640 төгрөгийг ажил олгогч байгууллага болох Төрийн байгууллага-аас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэл гаргаж шүүхээс ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 2017 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны 9 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох сард үндсэн цалин 649960 төгрөгөөр тооцож нийт 5849640 төгрөгийг гаргуулан, ажилгүй байсан хугацааны Нийгэм, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт шилжүүлж, нийгэм, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг аймгийн Эрүүл мэндийн газарт даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.А-ын өмгөөлөгч Х.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан мэдүүлэгтээ: Хавтаст хэргээс хариуцагчийн тайлбарыг уншиж танилцсан. Хариуцагч тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа хоёр үндэслэлийг дурдсан. Нэгэнт А-ыг ажлаас чөлөөлсөн субъект бол Төрийн байгууллага-ын дарга байгаа. Энэ бол шат шатны шүүхийн шийдвэрээр Эрүүл мэндийн газрын даргын А-ыг ажлаас чөлөөлсөн асуудал нь хууль зөрчсөн болох нь тогтоогдож шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Төрийн байгууллага-ын даргын буруутай үйл ажиллагаанаас болж ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд ажилгүй байсан. Энэ хугацаанд цалин хөлсөөр хохирсон. Энэ тооцоог ня-богийн гаргаж өгсөн тооцоо судалгааг үндэслэж нэхэмжилсэн. Тийм учраас нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдэж өгөхийг хүсэж байна. Хоёрдугаарт хариуцагч байгууллага бол тухайн цаг мөчид А- нь жирэмсний болон амаржсаны амралт эдэлсэн учраас 120 хоног хасагдах учиртай гэсэн тайлбар гаргасан. Энэ талаар өмгөөлөгчөөс нэмэлт тайлбарыг гаргаж өгсөн. Энд тусгаснаар А- бол 2016 оны 10 дугаар сарын 01-нээс эхэлж жирэмсний болон амаржсаны амралт эдэлсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дугаар зүйлийн 104.1-т зааснаар энэ хүнд тэтгэмж олгохгүй гээд хариуцагч маргаж байгаа. Гэтэл аливаа этгээд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхээ эдлэхэд тушаал гарсан байх ёстой. Гэтэл энэ талаар Төрийн байгууллага-ын удирдлагаас эрхийн акт гараагүй байна. Өөрөөр хэлбэл жирэмсний болон амаржсаны амралт эдлүүлээгүй байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан. Гэтэл А-ын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг 9 сар төлж ажилласан. Энэ бол нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байгаа. Урьд нь төрийн байгууллагад ажиллаж байгаагүй. Харин хоёр сараа өөрөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажилгүй байсан үед төлсөн. Энэ бүгдийг тооцохдоо тасралтгүй 12 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д зааснаар жирэмсний тэтгэмж авах эрх нээгдээгүй. Ийм учраас тухайн үед ажил олгогч ажлаас А-ыг чөлөөлөөгүй байсан бол А- тухайн үед ажиллаж байгаад 12 сараа гүйцээж тэтгэмжээ авах, эсвэл жирэмсний амралт эдлэхгүйгээр ажиллах боломжтой байсан. Нөгөө талаар тушаал гаргаагүй байхад жирэмсний амралтаа эдэлсэн гэж үзээд байгаа хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй. Дараагийн асуудал бол мөнгө төгрөг гарвал Хотгорын эрүүл мэндийн төвөөс гарах ёстой гэсэн асуудлыг хөндөж байгаа. Нэгэнт А-ыг ажлаас чөлөөлөхдөө Төрийн байгууллага-ын дарга чөлөөлсөн. А-ын цалин хөлс Хотгор Эрүүл мэндийн төвийн төсөвт суусан боловч Төрийн байгууллага-ын даргын буруутай үйл ажиллагаанаас болж А-ын оронд өөр нэг хүн томилогдон ажилласан. Өөр гэхээр тухайн үед хоёр эмч ажиллачихсан. Үүнийг хариуцагч тал сайн мэдэж байгаа. Тухайн онд төсөвт суусан цалинг тэр хүмүүс авчихсан. А-ын орон тоо сул байсан бол Хотгор Эрүүл мэндийн төвөөс тухайн цалингаа авах боломжтой байсан. Тийм учраас Хотгор Эрүүл мэндийн төвөөс А-ын олговрыг олгох боломжгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэв.
Хариуцагч Төрийн байгууллага-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Хотгор эрүүл мэндийн төвийн даргыг ажилд томилж чөлөөлдөг. Харин тухайн эрүүл мэндийн байгууллагын дарга нь өөрийнхөө ажилладаг эрүүл мэндийн байгууллагаас цалинждаг учир түүний цалингийн сан нь аймгийн Эрүүл мэндийн газрын төсөвт суудаггүй. Ийм учраас М.А-ын цалин хөлсний олговрыг аймгийн Эрүүл мэндийн газраас биш түүний ажиллаж цалинждаг байгууллага болох Хотгор эрүүл мэндийн төвийн санхүүгээс гаргуулж өгнө үү. Мөн М.А- нь 9 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, М.А- нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авч Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасны дагуу 120 хоногийн амралт биечлэн эдэлсэн. Дээрх 120 хоног нь түүний нэхэмжилсэн 9 сар дотор орж байгаа тул 120 хоногийг хасаж тооцохыг хүсье гэжээ.
Хариуцагч Төрийн байгууллага-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.А- нь Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны мөнгөө аваагүй гэхэд Халамжийн тухай хуулийн дагуу тэтгэмжээ авах ёстой. Тэгэхээр байгууллагаас нь олгох хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт Хотгор эрүүл мэндийн төвийн санхүүжилт нь аймгийн Эрүүл мэндийн газрын төсвөө тусдаа байдаг. аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх эрх нь байгаа. Түүнээс биш санхүүжилт нь манайд байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч М.А-д мэдэгдсэн боловч нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдаанд хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд түүний өмгөөлөгч Х.З-г оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Х.А-ыг Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож түүнийг Хотгор өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 700 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2017/00020 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 31-ний 001/ТТ2017/00686 дугаар тогтоол тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Эдгээр шүүхийн хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн хариуцагч Төрийн байгууллага-ын даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/20 тоот тушаалаар нэхэмжлэгч М.А-ыг Баян-Өлгий аймгийн Хотгор Эрүүл Мэндийн Төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн томилсон байна.
Иймд нэхэмжлэгч М.А-ын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.А-ын сарын үндсэн цалин нь ТҮЭМ-6-1, 649960 төгрөг гэсэн Эрүүл Мэндийн Төвийн ня-бо А.Х гарын үсэгтэй, тамга дарж баталгаажуулсан тодорхойлолт нь огноогүй, хэзээ бичигдсэн нь тодорхой бус эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нуржайнар нэхэмжлэгч М.А- нь жирэмсний болон амаржсаны 120 хоногийн тэтгэмж авсан гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар “дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно” гэж заасан байх тул нэхэмжлэгч М.А-ын нэхэмжлэлийн шаардлагын дагуу тухайн үеийн нэг сарын дундаж цалин хөлс 844885 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна. /Хавтаст хэрэгт авагдсан НДД№А0987127 дугаартай Х.А-ын Нийгмийн даатгалын дэвтрийн 2016 онд төлсөн шимтгэлийн бичилтээр тооцоог гаргав (2016 оны 9 сард 779952 төгрөг +8 сард 779952 төгрөг + 7 дугаар сард 974752 төгрөг) : 3 сар = 844885 төгрөг нэг сарын дундаж цалин/.
Иймд нэхэмжлэгч Х.А-ын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 9 сарын ажилгүй байсан хугацааны олговор бүгд 7603965 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч Х.А-ын нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд ажилгүй байсан хугацааны олговор бүгд 5849640 төгрөгийг хариуцагч Төрийн байгууллага-ын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгох нь зүйтэй байна.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-ийг баримтлан нэхэмжлэгч М. А-ын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн дэвтэрт тус тус бичилт хийхийг хариуцагч Төрийн байгууллага-ын даргад даалгаж, нэхэмжлэгч Х.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн байгууллага-ын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 198544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Төрийн байгууллага-ын санхүүгээс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5849640 /таван сая найман зуун дөчин өсөн мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгосугай.
2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-ийг баримтлан нэхэмжлэгч Керей овогт Махметийн А-ын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт шилжүүлж, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн дэвтэрт тус тус бичилт хийхийг хариуцагч Төрийн байгууллагад даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108544 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Төрийн байгууллага-ын санхүүгээс 108544 /нэг зуун найман мянга таван зуун дөчин дөрвөн / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгосугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК