Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/178

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ, улсын яллагч А.Энхтуяа, шүүгдэгч Б.М******, түүний өмгөөлөгч С.Сувдаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1789/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б******** овогт Б***** М********* холбогдох эрүүгийн 1902001410182 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б****** овогт Б****** М*******, Монгол улсын иргэн, 19** оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, охины хамт Сэлэнгэ аймаг, Мандал сум, 3 дугаар баг, Минжийн Хангайн ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй, РД:/М**********/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Б.М******* нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн, Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даваат” гэх газарт 4 метрийн урттай, нийт 53 ширхэг нойтон “Шинэс”, “Нарс” төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэн, улмаар 29-** УБК, 15-** СБА улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд нийт 4,704,696 /дөрвөн сая долоон зуун дөрвөн мянга зургаан зуун ерэн зургаан/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.М******* нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даваат” гэх газарт 4 метрийн урттай, нийт 53 ширхэг нойтон “Шинэс”, “Нарс” төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэн улмаар 29- ** УБК, 15-** СБА улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэж, ойн санд нийт 4,704,696 /дөрвөн сая долоон зуун дөрвөн мянга зургаан зуун ерэн зургаан/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.М******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Үүнд: 1. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэтэмдэглэл: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт орших бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс 100 километрийн зайд байх “Даваат” гэх газар байв. ...Дээрх үзлэг хийж байгаа газарт мод бэлтгэлийн үйл ажиллагааны улмаас тайрагдсан “Шинэс” моднууд байв...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

2. 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэтэмдэглэл: “хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.О******** 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогчоор өгсөн: “...мэргэжлийн байгуулага дүгнэлт гаргасан тул дүгнэлтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хууль бусаар мод бэлтгэх үед байгаль экологид учирсан 2,404,555 /хоёр сая дөрвөн зуун дөрвөн мянга таван зуун тавин таван/-н төгрөгийг хуулийн дагуу зохих иргэнээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, -хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.О********* 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хохирогчоор өгсөн: “...Б.М****** нь экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 27ш модны 2,404,555 төгрөгний хохирлыг 2019 оны 04 дүгээр сарын 08- ны өдөр, 25 ширхэг модны 2,300,141 төгрөгний хохирлыг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус нийт 4,704,696 төгрөгний хохирлыг манай сумын Төрийн сангийн дансанд 2 хуваан тушааж хохирлыг барагдуулсан байгаа нь үнэн....” гэх мэдүүлэг,

4.Гэрч Б******** 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өглөө “Түмэндалай” ХХК-ний модыг бэлтгэхээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Харганат” гэх газар уу хойд эцэг Б.М******** хамт түүний эзэмшилд нь байдаг ЗИЛ 131 маркийн, 29-80 УБК улсын дугаартай, автомашиныг жолоодоод Г******, Б*****, Б****** нарын хамт явсан. Тэгээд заалгасан мод бэлтгэх газраа очоод Б******* нойтон ургаа “хар мод” хөрөөдөж унагаагаад 4 метрийн уртаар тайрч, нийт 25 ширхэг модыг машиндаа ачицгаасан юм. Тэгээд уулын амнаас бууж явахад цагдаагийн ажилтнууд зогсоож шалгаад “Ялбаг”-ын пост руу авч явсан. ...мод бэлтгэх хяналтын хуудас байсан...” гэх мэдүүлэг,

5. Гэрч Т.Ц******* 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн: “...бэлтгэсэн модоо Б.М****** ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлд ачсан, нийт 27 билүү 25 билүү нойтон Шинэс мод ачсан. Жолооч Б.М******** ойгоос мод бэлтгэх хяналтын хуудас байсан...” гэх мэдүүлэг,

6. Гэрч М.Б********* 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өглөө Г******, Б****** нарын хамт “Түмэндалай” ХХК-нд мод бэлтгэхээр төрсөн ах Б.Б******* жолоодож явсан. Би хөрөөчнөөр ажиллаж нойтон ургаа хар мод хөрөөдөж унагаагаад 4 метрийн урттайгаар тайрч, 25 ширхэг модыг машинд ачицгаасан...” гэх мэдүүлэг,

7. Гэрч Н.Г*****2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн: “...Биднийг зөвшөөрөгдөөгүй газраас мод бэлтгэсэн байна гэж үзэж саатуулсан...” гэх мэдүүлэг,

8. Гэрч Н.Б****** 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн: “...бэлтгэх ёстой зөвшөөрөгдсөн талбай болох “Хөшөөт” гэх газарт биш “Харганат”-ын хойд “Даваатын ам” гэх газарт бэлтгэсэн байна...” гэх мэдүүлэг,

9. Гэрч М.Л******* 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн: “...Тус “Түмэндалай” ХХК мод бэлтгэж байсан. Б.М******** нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15-**СЭА улсын дугаартай, тээврийн хэрэгсэл, Б.Б********* 29- **УБК улсын дугаартай тээврийн хэрэгслүүд тэр өдөр үүрээр 06 цагийн орчимд хяналтын цэгээр нэвтэрч орохдоо хяналтын хуудсаа надад үлдээгээд орсон” гэх мэдүүлэг,

10. Гэрч Б.Э******* 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн: “...дээрх хүмүүс өөрсдөө мэдсээр байж ондоо газарт очиж мод бэлтгэчихсэн асуудал гаргачихлаа...” гэх мэдүүлэг,

11. Гэрч Б.Б****** 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “...Би М******* 2006 оноос хойш нөхөрлөж байна. 2006 оноос хойш нэг гудамжинд айл хөрш амьдарч байгаа. Б.М******өөрийн хувьдаа ЗИЛ131 загвартай 2 ширхэг тээврийн хэрэгсэлтэй, “Түмэндалай” ХХК-д жолоочоор ажилладаг...” гэх мэдүүлэг,

12. Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2019 оны 04 дүгээр 02-ны 1/53 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “...ЗИЛ 131 маркийн, 15-** СБА дугаартай автомашины тэвшин дээр нийт 53 ширхэг нойтон “Шинэс”, “Нарс” модны экологи эдийн засгийн үнэлгээ 4,704,696 төгрөг /дөрвөн сая долоон зуун дөрвөн мянга зургаан зуун ерөн зургаан/ төгрөг байна” гэх дүгнэлт,

13. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Т2019-5 тоот шинжээчийн дүгнэлтээр: “...Шинжилгээнд ирүүлсэн мод нь дундажаар 46,05%-ийн чийглэгтэй, ...хэвийн өсөлттэй Шинэс /larix sibirca/ мод байна” гэх мэдүүлэг,

13. Шүүгдэгч Б.М****** 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Манай сумын “Түмэндалай” ХХК-ний мод бэлтгэх 2 зөвшөөрлийг авч гэрээ хийсэн байсан. Тэгээд мод бэлтгэхдээ өөр амнаас бэлтгэчихсэн юм. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагаас орой 20 цагийн хооронд би өөрийн эзэмшлийн 15-** СБА, 29-** УБК дугаартай болр ногоон өнгийн Зил-131 маркийн, 2 машинтай, 1 ширхэг гар цахилгаан хөрөөтэй, наймуулаа явж нийт 12 ширхэг “Шинэс” мод унагаж 4 метрээр нь тайрч, 48 ширхэг гуалин болгон 2 машиндаа хувааж ачиж уулын амнаас уруудан явж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг,

14. Шүүгдэгч Б.М******* “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”,

15. Шүүгдэгч Б.М****** “Түмэн Далай” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 16. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

17. Гэрэл зургийн үзүүлэлт, 18. “Эд хөрөнгийн үнэлгээний бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэх тухай” 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/319 дугаартай “Шүүгчийн захирамж”

19. “Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 138 дугаартай: Оросын Холбооны Улсад 1980 онд үйлдвэрлэгдсэн, 1980 оны 02 дугаар сард Монгол Улсад орж ирсэн, 29-**УБК улсын дугаартай, Зил 131 /дизель, механик/ маркийн автомашин нь 2019 оны 09 дүгээр сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт,

20. Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 138 дугаартай: Оросын Холбооны Улсад 1980 онд үйлдвэрлэгдсэн, 1980 онд Монгол Улсад орж ирсэн, 15-**СБА улсын дугаартай, Зил 131 /дизель, механик/ маркийн автомашин нь 2019 оны 09 дүгээр сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, № Эд зүйлийн нэр Чанар байдлын тодорхойлолт Зах зээлийн дундаж үнэ /төг/ Нэмэлт тайлбар 1 БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, их бие хэсэг нь улбар шар, мотор хэсэг нь ногоон өнгийн тагтай, хар өнгийн бариултай, бензин хөдөлгүүртэй цагаан хөрөө хуучин 120,000 /нэг зуун хорин мянган төгрөг/ Хүснэгттухайн цахилгаан хөрөөний өнгө үзэмж, техникийн байдал, цаашид ашиглагдах боломж зэргийг харгалзан үзэж өнөөгийн зах зээлийн дундаж ханшийг тодорхойлон гаргав гэжээ.

21. Арвижих Эстимейт ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/020 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М******* гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б.Мөнхбатын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 4,704,696 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч Б.М***** нь хууль бусаар мод бэлтгэсний улмаас байгаль экологид 4,704,696 төгрөгийн бодит хохирол учирсныг төлж барагдуулсныг дурьдах нь зүйтэй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсан байна.

Дээрх хуульд заасны дагуу Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргаагүй, гарсан эсэх нь тодорхойгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн болно.

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Б.М******* гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.М***** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн мэдүүлсэн, учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.М********* тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.

Энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн 29- **УБЗ улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл нь Ж****** овогтой Н******** эзэмшлийн автомашин болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, 15-** СБА улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Батбаярын Мөнхбатын эзэмшлийн автомашин болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогддог.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн 29-** УБК улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг таслан зогсоож, иргэн Ж**** овогтой Н*****/Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,Бага наран 19-** тоотод оршин суух хаягтай, РД:Ч*******/ олгож, мөн шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн 15-** СБА улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг таслан зогсоож, ялтан Б**** М*****олгож, “Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 138 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 139 дугаартай тодорхойлолтоор автомашины үнэлгээгээр тогтоогдсон үнэ автомашин тус бүр 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг, нийт 7,000,000 /долоон сая/ төгрөгийг ялтан Б.М******* гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 4 метрийн урттай, 53 ширхэг нойтон “Шинэс”, “Нарс” төрлийн мод, цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Ялтан Б.М***** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2, 3, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б****** овогт Б***** М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б****** М******* 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.М******** оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар ялтан Б.М****** нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол болох 4,704,696 /дөрвөн сая долоон зуун дөрвөн мянга зургаан зуун ерэн зургаан/ төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.М***** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15,000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Ялтан Б.М****** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн 29-** УБК улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг таслан зогсоож, иргэн Ж***** овогтой Н*******/Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Бага наран 19-** тоотод оршин суух хаягтай, РД:Ч*********/ олгож, түүний үнэ 3,500,000 /гурван сая/ төгрөгийг ялтан Б.М******* гаргуулах, 15-** СБА улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг таслан зогсоож, эзэмшигч Батбаяр овогтой Мөнхбатад олгож, түүний үнэ болох 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг ялтан Б.М******* гаргуулан улсын төсөвт орлогод тус тус оруулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 4 метрийн урттай, 53 ширхэг нойтон “Шинэс”, “Нарс” төрлийн мод, Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хурааж, улсын төсөвт орлогод оруулсугай.

9. Ялтан Б.М****** урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ