| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2017/0215/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/207 |
| Огноо | 2017-11-02 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2017/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч Д.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, Таахийхан овогт ******* *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутагт өөрийн гэртээ эхнэр *******тэй мөнгөний асуудлаас болж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах үедээ галын хайч шидсэний улмаас өөрийн хүүхэд *******ын толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 30-ны оройны 19 цагийн үед Жинст сумын Хөнөг 3 дугаар багийн "Шар сайр" гэх газарт байх гэртээ нөхөр Д.******* бид хоёр мөнгөний асуудлаас болж маргасан. Маргааш өдөр шинэ жил болох гэж байхад бялуугаа аваагүй байна гээд тэндээсээ болоод л маргасан. Урд өмнө хааяа мөнгөний асуудлаас болж маргах асуудал байдаг байсан гэхдээ бие биеэ зодож цохих хэмжээнд хүрэхгүй, маргалдаад л өнгөрдөг байсан. Тухайн өдөр нөхөр маргаж байгаад над руу галын хайч аваад шидэхэд би орноосоо босч таараад хүүхэд миний хажуугаар гүйгээд галын хайчинд оногдож цохигдсон. Хүүхдийн толгойн зүүн чамархай орчимд гэмтэл үүссэн. ******* ахынх руу явж утсаар нь дуудлага өгсөн, дуудлагын дагуу багийн эмч Энхмаа ирсэн. Энхмаа бага эмч үзээд хүүхдийг сум руу авч явна гээд би хүүхдээ аваад эмнэлгийн машинаар сум орсон. Суманд их эмчид үзүүлчихээд тэндээсээ буцаад гэр рүүгээ замын унаагаар явсан. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр аймаг орж Ганзориг эмчид үзүүлээд Улаанбаатар хот руу бид гурав явсан. Хотод очоод Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Одоо хүүхдийн биеийн байдал дажгүй байгаа. Эмчилгээнүүдийг зохих ёсоор хийлгэсэн. Охин *******ыг Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байхад тус эмнэлгийн эмч нар томографын зургийг аваад эргүүлж өгөөгүй, сурахаар хэн авсан нь мэдэгдэхгүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38-р хуудас/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 12 сарын 31-ний шөнө ажил дээр буюу Эрүүл мэндийн төвд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өглөөгүүр 06 цагийн үед дуудлага ирсэн гээд 3 дугаар багийг хариуцсан багийн эмч болох Энхмаа орж ирээд хүлээн авах өрөөнөөс түргэн тусламжийн багаж эм тариа зэргийг аваад жолооч болох Батмөнхтэй хамт дуудлаганд яваад өглөө 09 цагийн үед дуудлаганаас ирсэн. Уг хүүхдийн толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд эмч Урангоод хэлж оёдол тавиулсан тухайн үед би жижүүрээс бууж байсан юм. Энхмаа эмч Урангоо эмчийг хүүхдэд оёдол тавьж байх үед хүүхдийг аав нь галын хайчаар цохиж гэмтээсэн байна гэж хэлж байсан. Тухайн үед хүүхдийн биеийн байдал дунд зэргийн байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 40-р хуудас/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 12 сарын 31 өглөө амарч байтал миний хариуцсан багийн иргэн болох Д.******* миний гар утас руу залгаад манай хүүхэд болох Энхсувд мотоцикилиос уначихлаа, толгойноос нь цус гараад тогтохгүй байна гэсэн дуудлага өгсөн. Тэгээд би эмнэлэгийн дарга болох С.Урангоод гар утсаар залгаж манай багаас дуудлага ирлээ гээд хэлсэн эмч намайг жолоочийг аваад дуудлагандаа яв гэсэн тэгээд би анхны тусламж үзүүлэх багаж эм тариа аваад жолооч болох ийн хамт өглөө 06 цаг өнгөрч байхад 3 дугаар баг руу дуудлаганд яваад 07 цаг өнгөрч байхад дуудлага өгсөн айл болох *******н гэрт очход тэдний хүүхэд нь болох Энхсувд гэдэг хүүхдийн толгойноос цус гарсан зүсэгдсэн бололтой шархтай байхаар нь шархыг нь цэвэрлээд сум руу нөгөө хүүхдийг аваад ирсэн. Тэр үед түүний ээж нь болох Уранчимэг хамт ирсэн би сумын төвд ирээд эмчид хэлж уг хүүхдийн биеийг үзүүлэн толгойн тус газар буюу шанаанд нь оёдол тавиулсан. ******* болон эхнэр Уранчимэг нар нь хоорондоо маргаж байгаад ******* нь эхнэр болох Уранчимэг рүүгээ галын хайч шидсэн тэр үед хүүхэд нь болох Энхсувд галын хайчинд оногдсон гэж өөрсдөө надад хэлсэн гэх мэдүүлэг / хх-ийн 41-42-р хуудас/,
Шүүгдэгч Д.*******гийн хэрэг бүртгэл болон шүүх хуралдаанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой нар жаргасан байхад буюу оройн 19 цагийн үед эхнэр Уранчимэг бид хоёр мөнгөнөөс болж хэрүүл маргаан эхэлсэн. Шинэ жил болж байхад мөнгө төгрөг алга, олдохгүй одоо хүртэл бялуугаа авч чадаагүй байна гэдгээс болж маргаан эхэлсэн. Урд өмнө ч гэсэн мөнгө төгрөгний асуудлаас болж гэр бүлийн маргаан болох асуудал гардаг байсан. Манайх гурван хүүхдийн 20.000 төгрөг авахаа больсон. Хүүхдийн мөнгө авдаг байхад амьдрал ахуйдаа зарцуулаад жижиг сажиг зүйлээ авч чаддаг байсан ба хөдөөний бид нар байнгын орлого байхгүй учир мөнгөний гачаалд ордог. Үүнээс болж л эхнэр бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсч тэр үед эхнэр Уранчимэгийн хөл рүү галын хайчийг шидтэл Уранчимэг орноос босч таараад эхнэрийн цаагуур хүүхэд гүйгээд хүүхдийн толгойн тус газарт хайч очиж цохьсон юм. Үүний улмаас хүүхдийн толгойн зүүн чамархай хэсэгт гэмтэл үүссэн. Хүүхдэдээ анхны тусламж үзүүлээд багийн эмчийг ахынд очиж утсаар ярьж дуудсан. Багийн эмч Энхмаа ирж үзээд анхны тусламжийг үзүүлээд сум руу хүүхдийг авч явсан. Эхнэр бид хоёр хүүхдээ аваад 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр аймаг орж Ганзориг эмчид үзүүлээд маргааш нь Улаанбаатар хот руу явж тэндээ очоод Гэмтэл согог, судлалын үндэсний төвд очиж үзүүлээд хэвтсэн. Хүүхэд маань гэмтлийн эмнэлэгт 16-17 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо биеийн байдал сайн байгаа одоо эмчилгээ хийгдээгүй байгаа. Би архи согтууруулах ундаа уугаагүй байсан. Би эхнэр рүүгээ галын хайч авч шидсэн минь буруу, миний шидсэн хайчинд хүүхэд оногдож цохигдсон үүнд маш их харамсаж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /63-67-р хуудас/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 24- ний өдрийн № 69 дугаартай: “*******ын биед зүүн чамархай яс цөмөрсөн хугарал, зүүн чамархай хэсгийн ил шарх, тархины хүнд зэргийн няцрал, тархины эд дарагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ” гэх дүгнэлт / хх-ийн 54-55-р худас/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 13/ -Эд зүйл хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураглал /хх-ийн 29-31/ -Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 32/ -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-20/ -Хохирогчийн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн өвчний түүх /хх-н 21-42/ - Д.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 79-81/ -Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69/ -Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-72/, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 82-92/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд: Шүүгдэгч Д.******* нь *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах үедээ галын хайч шийдсэний улмаас өөрийн хүүхэд *******ын толгойн тус газар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан эд мөрийн баримт, шүүхээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгчийг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт Д.*******г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зөв байна. Иймд шүүгдэгч Д.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.*******гийн хувьд галын хайчийг ******* рүү шидсэн. Галын хайчыг шидэх үед хүүхдийг ононо гэж төсөөлөөгүйгээр хөнгөмсгөөр найдан, галын хайч шидсэнээс үүсэх үр дагаварт нь хайхрамжгүй хандаж хохирогчид хүнд гэмтэл үүссэн байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, улсын яллагч болон өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан торгох ял оногдуулаж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Уг хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болно. Хохирогч ******* нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ын рентген зураг нэг ширхэгийг буцаан олгож, галын төмөр хайч 1 ширхэгийг устгаж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйлийн 8, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.*******г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Таахийхан овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож, галын төмөр хайч 1 ширхэгийг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ