Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00824

 

О.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр магадлалтай,

О.Д-гийн нэхэмжлэлтэй,

“Д” ХК-д холбогдох,

 Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс Дархан Зочид буудлын ерөнхий менежерээр ажилд ороод 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс тус буудлын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байтал 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ямар нэгэн үндэслэлгүйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед ажлаас халсан учир гомдолтой байна.

Щ:.₮”-№“Д” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалинг “Д” ХХК-иас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д Дархан зочид буудлын гүйцэтгэх захирлаар нэг жилийн хугацаанд ажиллаж байхдаа дараах зөрчлүүдийн улмаас ажлаас халагдсан.

Гол шалтгаан нь: Санхүүгийн зөрчил болон ёс суртахууны удаа дараагийн зөрчил гаргаж ажлаас халагдсан. Ёс суртахууны хувьд “Д” ХК-ийн ТУЗ-ийн дарга болон ажилчдаас авсан саналаар ТУЗ-тэй байгуулсан гэрээний 3.1.2-т үйлчлүүлэгч болон ажилчидтай зөв боловсон харьцах гэсэн үүргээ удаа дараа зөрчин ажилчидтай байнга ёс суртахуунгүй харьцдаг, хамт олныг нэгтгэн багаар ажиллах үүргээ нэг жилийн хугацаанд биелүүлээгүй.

Дархан зочид буудлын бүх ажилчдаас буюу 21 хүнээс авсан санал асуулгын дүнгээр 70 хувь нь удирдлагатайгаа хамт ажиллахад хүндрэлтэй, 66 хувь нь харилцааны соёлгүй гэж хариулсан. Энэхүү асуудлаар удаа дараа ТУЗ-ийн дарга сануулга, даалгавар бичгээр болон утсаар өгч байсан. Мөн удирдах төвшний ажилтнууд гүйцэтгэх захиралтайгаа хамт ажиллах боломжгүй тул өөрсдөө ажлаас халагдах хүсэлтийг ТУЗ-ийн даргад хүргүүлж байсан. Зочид буудал ресторанаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчидтэй харилцааны соёлгүй харьцсан гэсэн гомдлууд ТУЗ-ийн дарга болон ТУЗ-ийн гишүүдэд ирж байсан.

Санхүүгийн зөрчил ТУЗ-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний 3.3-т заасан үүргээ удаа дараа зөрчсөн. Үүнд: О.Д нь өөрийн нэр дээр хувийн данс нээж “Д” ХК-ийн орлогыг өөрийн дансанд байршуулж, орлого зарлагын гүйлгээг дур мэдэн хийж байсан. Компанийн ТУЗ-ийн дарга санхүүгийн алба, нягтлан бодогч, кассын нярвын зөвшөөрөлгүйгээр орлого зарлагын гүйлгээ хийж дур мэдэн худалдан авалт хийдэг байсан нь санхүүгийн баримтууд болон дансны хуулгуудаар тогтоогдсон.

Мөн О.Д нь ээлжийн амралтын тушаалгүйгээр, өөрөөр хэлбэл ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн амарсан. Үүнд: ээлжийн амралттай байх хугацаандаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан гэх боловч тухайн үед бичгээр баримт ирүүлээгүй гэсэн дээрх зөрчлийн улмаас ажлаас халагдсан байгаа. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Дг “Д” ХК-ийн       гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Д” ХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 4 421 085 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Дд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Д” ХК-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Д нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 155 887 /85 687+70 200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 155 887 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ:

     О.Д   нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа ёс суртахууны болон санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж, ТУЗ-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Компанийн хөдөлмөрийн дотоод журмыг тус тус зөрчсөний улмаас ажлаас халагдсан бөгөөд дээрх зөрчлүүд нь санхүүгийн баримт болон дансны хуулгуудаар нотлогддог.

     О.Д нь ээлжийн амралт авах тухай хүсэлтээ ТУЗ-ийн даргад ирүүлээгүй, дур мэдэн амарч ээлжийн амралтын олговроо шилжүүлэн авсан байдаг. Ээлжийн амралттай байсан хугацаандаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж лист авчирч өвчтэй байсан хугацааны олговроо нийгмийн даатгалын сангаас авсан байдаг.

О.Д нь байгууллагын орлого зарлагын гүйлгээг өөрийн нэр дээр хувь данс нээн нягтлан бодогч, тооцооны нярав, ТУЗ-ийн зөвшөөрөлгүй, баримтгүйгээр худалдан авалт хийж, бэлтгэн нийлүүлэгчтэй үгсэн хуйвалдаж, барааны үнийг дундаас нь нэмж ашиг унаган, албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө завшсан ноцтой зөрчил гаргасан нь санхүүгийн баримтуудаар тогтоогдсон тул Компанийн тухай хуулийн 76.1.8 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, ТУЗ-ийн гишүүдээс санал авсан хуудасны дүнг үндэслэн “Д” ХК-ийн ТУЗ-ийн 2019.09.30-ны өдрийн №01 тоот тогтоолоор гүйцэтгэх захирал О.Дгийн гаргасан сахилгын болон санхүүгийн зөрчлүүдийг дурдаж ажлаас халах тогтоолыг хүргүүлсэн.

Компанийн тухай хуулийн 80.4 , 76.1.8 дахь заалтуудыг үндэслэн “Д” ХК-ийн ТУЗ-ийн 2019.09.30-ны өдрийн №02 тоот тогтоолоор “гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, түр томилох тухай тогтоолоор Отгон овогтой Дугармааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Компанийн гүйцэтгэх захирлаар Лхагважав овогтон Ариунзаяаг түр орлон гүйцэтгэгчээр 2019.10.01-ны өдрөөс эхлэн томилсон тогтоолуудыг хүргүүлэн Отгон овогтой Дугармаад гардуулан өгч гарын үсэг зуруулсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх тус тогтоолуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. ТУЗ-ийн дарга ТУЗ-ийн гишүүдэд санал хүргүүлэн гишүүд саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд ТУЗ-ийн дарга гишүүдийн саналын хуудасны дүнг үндэслэн ажлаас халах №01 тоот тогтоол дээр гарын үсэг зурсан бөгөөд ТУЗ-ийн №02 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчийг томилсон тухай тогтоолууд гарсныг хоёр тогтоолоор ажлаас халсан гэсэн үндэслэлээр О.Дг ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг олгох тухай шүүхийн шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан, мөн ажлаас халах тухай тогтоол хэр үндэслэлтэй байна гэдгийг нотлох баримттай хамтатган шинжлэн судлахгүйгээр зөвхөн ТУЗ-ийн тогтоолын дугаар буюу №01, №02 тоот хоёр тогтоол гарснаар ажлаас хоёр тогтоолоор халсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Компанийн тухай хууль, Хувьцаат компанийн тухай хуулиудыг илт зөрчиж шийдвэр гаргасан. Ажлаас халах шалтгаан зөрчлийг тусгасан тогтоол, гүйцэтгэх захирлыг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилсон тухай тогтоолуудыг О.Дд гардуулан өгч гарын үсэг зуруулсан байтал зөвхөн нэхэмжлэгчийн өөрийнх нь амаар хэлсэн үгийг үндэслэн ямар ч нотлох баримтгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. О.Д нь ээлжийн амралттай байсан бол амарсан тушаал, өвчтэй байсан бол өвчтөний чөлөөний хуудас, ажиллаж байсан бол ажиллаж байсан цагийн бүртгэл байх байтал аль аль нь нотлогдохгүй байтал нэхэмжлэгчийн талд илт шийдвэр гаргасан.

Хариуцагч ИХШХШТХуулийн 38.7-д зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж заасны дагуу тухайн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгснийг шүүгч нотлох баримтаар үнэлээгүй нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл шийдвэр гаргасан нь хэргийн бусад оролцогчдын эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ:                            

О.Дгийн ажлаас халагдах гол шалтгаан болсон санхүүгийн зөрчлийг шалгаж тогтоосон дотоод хяналт шалгалт хийсэн комиссын дүгнэлт болон хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын ТУЗ-тай байгуулсан гэрээний үүргүүдийг зөрчсөн зөрчлүүд, ТУЗ-ийн зөвшөөрөлгүй ээлжийн амралт авсан гэх мэт холбогдох нотлох баримт, зөрчлүүдийг шинжлэн судлаагүй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах замаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн магадлал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “Ажилтан ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийн талаар гомдол гаргасан тохиолдолд ажил олгогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн татгалзлыг, өөрөөр хэлбэл тогтоол шийдвэрийнхээ бодит болон хууль зүйн үндэслэлийг шүүхэд нотлох үүрэгтэй. Тухайлбал ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ямар зөрчлийг хэзээ хэрхэн гаргасныг шалган тогтоосон, эд хөрөнгө хариуцсан этгээдийн хувьд түүний мэдэлд олгосон эд хөрөнгөтэй холбоотой ажил олгогчийн итгэл алдсан ямар буруутай үйлдэл хэзээ хийсэн нь хэрхэн яаж тогтоогдсон гэх зэрэг үйл баримтыг хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө шалгаж тогтоосон байх бөгөөд шүүхэд маргаан үүссэн тохиолдолд түүнийгээ шүүхэд ирүүлж татгалзлаа нотлох ёстой” гэж хянасан нь илт үндэслэл муутай, улмаар хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтыг шинжлэн судлаагүй.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 88 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 09- ний өдрийн 24 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Д нь “Д” ХК-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс алдааг засч, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

О.Д нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс “Д” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан, Компанийн ТУЗ-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №01, №02 дугаартай тогтоолуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.1.5.-д заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажлаас халжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн “Д” ХК-ийн ТУЗ-ийн №01 дугаартай тогтоолд ““Д” ХК-ийн бүх ажилчдаас ТУЗ-ийн даргад ирсэн гомдлын дагуу тус зочид буудалд ажиллаж байгаа бүх ажилчдаас авсан санал асуулгын дүн болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д заасныг үндэслэн О.Д нь сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон, ...ажилчидтай цаашид хамтран ажиллах боломжгүй...” гэх үндэслэл зааж, №02 дугаартай тогтоолд  “...мөн өдрийн ТУЗ-ийн гишүүдийн эчнээ санал хураалтын дүнг үндэслэсэн...” гэх үндэслэл зааж О.Дг “Д” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол, 40.1.5.-д  мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  цуцалж болно гэж заасан тул энэ тохиолдолд тушаалд заасан ажилтны гаргасан сахилгын болон ноцтой зөрчил, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нотлогдсон байхыг шаардана.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр ажил олгогч ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан, ажилтны гаргасан зөрчлийг үндэслэл бүхий баримтаар нотлоогүй тул ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй гэх дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5 дахь заалтад нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Иймд ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.

Ажил олгогч ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь тогтоогдсон тул түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох боловч нэгэнт зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон байхад ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй.

Хариуцагч “Д” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, нэхэмжлэгч О.Д нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох шаардлагыг хангах боломжгүй.

Иймд ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр гарсан үеэс гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг “Д” ХК-ийн ТУЗ-ын тогтоол гарсан 2019 оны 9 дүгээр сарын 30-наас гэрээний хугацаа дуусан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 1 сараар тооцож, хэрэгт цугларсан баримтад үндэслэн энэ хугацааны олговорт 1 500 000 төгрөгийг, тус олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасныг үндэслэн “Д” ХК-ийн ТУЗ нь гүйцэтгэх захирал О.Дг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “4 421 085 төгрөг” гэснийг “1 500 000 төгрөг” гэж, 4 дэх заалтын “155 887 /85.687+70 200/ төгрөг” гэснийг “109 150 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаагийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155 887 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                            ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД